2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Сутай хайрхан ээж хоёр

Ээж…

Энд би энгийн нэгэн эмэгтэйн тухай, энгийн атлаа эгэлгүй, уул шиг нөмөртэй, ус шиг уян зөөлөн ч хад чулуу мэт сэтгэлийн хаттай ээжийнхээ тухай бичихийг хүслээ. Яагаад энгийн л нэг хүний тухай бичнэ вэ гэж үү? Яагаад гэвэл, “хамгийн сайхан ваарыг энгийн шавраар хийдэг” юм. Яагаад гэвэл, хамгийн агуу хүмүүс хамгийн энгийн байдаг юм. Тэд л амьдралыг бүтээж, бүрэлдүүлж явдаг юм даа…

…Ээжийгээ бурханы оронд үдэхэд эхлээд том ах нар маань үг хэлж, дараа нь би “Нэгэн их уул нуран уналаа…” гээд л үгээ эхэлж билээ. Цааш юу гэж үргэлжилснийг санах юм алга. Тэгэхэд би ээжийгээ яагаад уултай холбож хэлснээ ч мэдэхгүй. Уул нурна гэдэг их аймаар үзэгдэл. Хад чулуу яг л тэсэлгээ хийгдэж буй мэт нүргэлэн буухыг, бас их уулсын цасан нуранги хэчнээн аюултай, бэрх үзэгдэл болохыг би саяхан л харсан, бас мэдэрсэн. Гэвч тухайн үед бол уулын талаар өчүүхэн ч төсөөлөлгүй байсансан…

Би ээждээ эрхэлж байгаагаа ч мэдэхгүйгээр эрхэлж өсчээ. Саяхан миний багын зургийг хараад эгч маань “Өвөл болоод хар цай чанасан чинь энэ хүүхэд “Би ийм ус уухгүй ээ” гээд уйлж байлаа. Тэгээд ээж минь тавын бидонтой сүү гадаа хөлдөөчихөөд ганц энэ нөхөрт сүүтэй цай чанаж өгдөг байлаа шүү дээ” гэж дурссан юм. Үүнээс их хайр, үүнээс илүү тансаглал гэж байх уу…

Тэгтэл, ээжийнхээ цайг чанаж өгч, охин шиг нь хамт байсан ганцхан жил л надад байдаг юм. Аравдугаар анги төгссөн жил л дээ. 1996 он. Их сургуулийн хуваарь авч чадалгүй би Луус сумынхаа төв дээр ээжтэйгээ хамт нэг жил амьдарсан юм. Гоёж гоодмоор санагддаг, ид толины өмнө эргэлддэг нас. Тэгэхэд ээж маань “Энэ нэг юм сормойчихоод нүүрээ будах гээд байх юм, уг нь будаггүй байгаагаараа л хөөрхөн харагдаад байх юм” гэж хажуудах хүндээ хэлснийг тод санаж байна. Яг ингэж “будаггүйгээр” хайрлах хүн хорвоо дээр цор ганц ээж л байдгийг би тэгэхэд мэдээгүй. Сургууль авч чадаагүйдээ тухайн үед хүмүүсээс ичиж, өөртөө их уур хүрч байсан бол харин одоо, тэр нэг жилийг надад бэлэглэсэн бурханд, тэнгэрт, мэдэхгүй юм даа, ямартаа ч тэр “хэн нэгэнд” талархаж явдаг юм. Юм бүхэн учиртай байдаг юм билээ…

Сутай хайрханЭэжийг маань Дэжидийн Цэрэнлхам гэдэг. Аавыг өөд болоход хамгийн бага охин би нэгхэн настай байжээ. Надаас дээш гурав гурван насны зөрүүтэй 10 хүүхэдтэйгээ ээж минь ханиасаа үлдсэн байдаг. 1980 он шүү дээ. Тэр цагаас хойш миний ижий гэрт орж эм, гадаа гарч эр болсоор бүх хүүхдээ амьдралд хүргэж, боловсрол эзэмшүүлж, өрх тусгаарлаж, хамгийн гол нь биднийг зөв хүн болгож өсгөсөн юм. Хуруун чинээ ганц эмэгтэй арвын арван үрээ хүн болгоно гэдэг хэчнээн том зүйл болохыг өөрөө ээж болсон хойноо л ухаарч эхэлсэн, охин нь.

Ээж маань их ухаантай, ховор хүн байжээ. Орчлонгоос одох өдөр, цагаа тэр өөрөө сонгосон гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл, хэд хоногийн өмнөөс л хоол ундаа зохицуулж, биеэ цэвэрлэж эхэлснийг нь бид анзаарсан юм. Явах цаг нь иржээ гэдгийг тэр мэдэж байсан. Харин, эргэж ирэхгүйгээр одох гэж буйгаа мэдэж байгаа хүн яаж тийм амгалан уужуу байж чадсаныг л гайхдаг даа. Лав л надад тэгж харагдаж байсан. Магад, энд ЭЭЖ байж чадсан хүний хувьд “тэнд” өөрийг нь ямар ч “амьдрал” угтахад барьц алдахааргүй тийм бардам байж, тэгэх тусам сүүлчийн тэр өдрүүдэд нь дэлхий хэчнээн амгалан цэнхэр, нар хэчнээн дулаахан шаргал, дүү нар, хүүхдүүд, хүргэн бэрүүд, ач зээ гуч нар нь хэчнээн нандин сайхан харагдаж байсан бол гэж бодогддог юм…

…2005 оны долдугаар сарын 6. Тэр өдөр ээжийн минь тамир улам барагдаж, юм ч ярьж чадахаа байж, байсхийгээд л дуулдах төдий асуудаг ганц зүйл нь “Цаг хэд болж байна?”. Би орных нь толгойн дэргэд суугаад, хатаж омголтох уруулыг нь сүүгээр чийглэж, цаг хэд болж байгааг хэлж өгч байсан. Тэгээд л ээж минь хамгийн сайн өдөр, хамгийн сайн цагийг сонгон 71 насандаа бурханы оронг зорьсон доо…

Ээжийгээ өөд болоход би нулимс унагаагүй ээ. Бас ч гэж хоёр хүүхдийн ээж болчихсон үе. Гэхдээ л би чинь 10 хүүхэдтэй айлын отгон нь, ээжийнхээ өврөөс холдож шалиагүй танхил амьтан байлаа. Би чинь аавынхаа 56, ээжийнхээ 45 насанд төрсөн хэнз хүүхэд. Тиймээс ах эгч нар маань намайг л их сэтгэлээр унах байх гэж бодсон гэсэн…

Харин би, хүн яагаад хамгийн хайртай хүнээ алдаж байгаа хэрнээ нулимс огт унагахгүй байж болдгийг ойлголгүй өдий хүрсэн. Магадгүй тэгэхэд би өөрийгөө зүгээр л түгжчихсэн байх, “Уйлж болохгүй!” гээд л бодчихсон. Харанхуй буланд очоод биеэ хумин ганцаар суумаар, бүхнээс зугтмаар санагдсан ч байж мэднэ. Гэвч надад чөлөөтэй байж, ядаж л чөлөөтэй уйлах орон зай, цаг хугацаа тухайн үед олдоогүй ч юм бил үү, ерөөс дараа дараагийн он жилүүдэд ч… Эсвэл, би зүгээр л шоконд орчихсон байх. Гүн шаналал нам гүм байдаг гэх үг санаанд орж байх чинь…

Хүмүүний тавилан хойно би заяа төөргөө дагаж, оногдсон амьдралаа туулж явна. Аз жаргалтай мөчүүд мэдээж илүү олон ч уйлмаар үе, шийдвэр гаргаж чадахгүй гацах, ганцаардах үе бишгүй. Тийм үеүдэд хүнд муугаа үзүүлэхгүй гэхдээ нүдээ бүлтийлгэж байгаад л нулимсаа залгичихна. Тэгээд юу ч болоогүй мэт хараа дээгүүр алхана. Ээжээс минь өвлөгдсөн зан шиг байгаа юм. Нээрэн, эмэгтэй хүн уулсын оройг ширтэж явах учиртай гэж ээж минь хэлдэг байсансан…

Ингэж явтал, ээжийгээ бурханы оронд үдсэнээс хойш яг есөн жилийн дараа надад нэг сонин үйл явдал тохиосон юм. Одоо энэ тухай өгүүлье.

Сутай хайрхан

Монголын уулсаас Сутай хайрханыг л ганцаараа эм савдагтай гэж ярьдаг. Бусдыг нь эр савдагтай гэлцэнэ. Тиймээс Сутай хайрханд архи өргөдөггүй, сүү цагаан идээ л өргөдөг гэх. Гэхдээ энэ яриа миний доор бичсэн зүйлд нөлөөлөөгүй юм шүү.

2014 оны зургадугаар сар. Жилдээ ганц болдог Уулчдын альпинадад оролцохоор Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Сутай хайрханыг ууланд хайртай нөхдийн хамт зорилоо. Сутай хайрхан далайн түвшнээс дээш 4130 метрийн өндөртэй. Нар шингэж байх үед биднийг очиход хайрханы бэлд яг л наадам болж буй мэт, өнгө өнгийн асар майхнууд хүрээ үүсгэн буудаллажээ. Альпинад гэж юу байдгийг огт мэдэхгүй миний хувьд их л сонин сайхан санагдав. Тэнд мэргэжлийн уулчид, уулын спорт сонирхогчид гээд нийт 350 орчим хүн цугларсан байлаа.

Тухайн үед би Тэнгэр уулчдын клубт гишүүнээр элсээд удаагүй байсан юм. Манай клубээс баг бүрдээгүй учир миний хувьд сонирхогчийн авиралт хийхээр төлөвлөж байв. Тэгтэл Эрдэнэтийн уулчин ОУХМ С.Одончимэг эгч ирж уулзаад, өөрийнх нь багт хүн дутаж байгааг хэлж, намайг багтаа авахаар боллоо. Ингээд маргааш нь Эрдэнэтийн залуучуудын багт нэгдэн авиралт хийсэн юм.

Зургадугаар сарын 12. Альпинадад оролцож буй багуудыг тав таван минутын зайтай гараанаас хөдөлгөв. Эргээд бариандаа орж ирэхэд цагийг нь хараад, хамгийн богино хугацаанд бэртэл гэмтэлгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ орж ирсэн багуудыг эхний байруудад шалгаруулна. Ингээд манай баг буюу Эрдэнэтийн хоёрдугаар баг яг 6.00 цагт гараанаас гарлаа.

Уулын бэлээс алхсаар мөнх цасанд хүрч, гуталдаа мөсний тах зүүн олсондоо орцгоов. Ингээд дээш авирч, нэлээд огцом хэсэгт өгсөж явтал гэнэт л дотор огшоод, нулимс асгараад явчихсан. Миний сэтгэл зүй хийгээд физиологид чухам юу нөлөөлж, би яагаад байгаагаа өөрөө огтхон ч ойлгоогүй. Мэдээж, ядарч сульдаж л байсан. Гэхдээ энэ өөрчлөлт ядарч сульдсанаас үүдээгүй гэдгийг би мэдэж байлаа. Сутай хайрхан маш том хайрхан. Тиймээс өгсөхөд зөндөөн цаг хугацаа зарцуулагдсан. Оргил нь ойрхон юм шиг боловч яваад байхад хүрэхгүй. Тэр хооронд нулимс урссаар байсан юм.

Сутай хайрханОргилд хүрэхэд Альпинадыг зохион байгуулж буй хүмүүсийн нэг нь бидний зургийг дарж оргилд гарсныг баталгаажуулаад 10 минутын амрах хугацаа өглөө. Энэ 10 минутыг нийт авиралтын хугацаанд оруулахгүй, 10 минут болмогц цаг явж эхэлнэ гэсэн үг. Ихэнх уулын оргил шовх, олон хүн багтах зайгүй байдаг бол Сутай хайрханы оргил яг л тал шиг цэлгэр, цэвцийсэн цагаан… Бас тэнгэр хэчнээн цэлмэг байсан гэж санана. Бид олсноосоо гарч, би багийнхнаасаа 10-аад алхам холдоод сөхрөн суулаа. Яг тэр үед бурханы оронд одсон ижий минь миний магнайг илж байгаа юм шиг, хацар дээр минь үнсэж байгаа юм шиг хачин сонин мэдрэмж төрөөд явчихав. Мэдрэмж төрөх ч гэж дээ, яг л тэгж байсан юм. Би чимээгүйхэн, гэхдээ эхэр татан уйллаа…

Хэдийгээр би их л барим тавим зүйл ярьж байгаа ч хүмүүс намайг солиорчихож гэж бодох вий гэдгээс эмээхгүй байна. Учир нь, цэлмэг саруул ухаантай хүнд ч ийм зүйл тохиолддог юм байна. Би одоо ч гэсэн ээжтэйгээ уулзсан гэдэгтээ итгэхийг хүсдэг биш, харин итгэдэг юм. Ээж минь зүгээр л намайг аргадаж, хайрлаж байсан юм, тэгэхэд.
Оргил дээрх миний бүх үйлдэл надаас ер хамааралгүй байсан нь сонин. Хүмүүс намайг харж байгаа эсэх нь ч сонин биш байлаа. Тэнд л би ёстой сэтгэлээ онгойтол уйлж, есөн жил чээжиндээ тээсэн гомдол гунигаа бүгдийг нь юүлж орхих шиг болсон юм… Тэгээд л би уужирч, сэтгэл минь цэлмэж, сайхан болсон…

Арван минут нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. “Эрдэнэтийн багийнхан олсондоо ороорой. Найман минут өнгөрчихлөө” гэж зохион байгуулагчдаас сануулахад нэг олсны нөхөд минь “Баяраа, бушуухан ирж балга бүлээн юм уугаарай” гэж шавдуулав. Би ч бослоо. Цасны том шилний цаана нулимс асгардгаараа асгарч, хацар нүүрээ хамгаалахаар зүүсэн маскны цаагуур урссаар байв. Түргэхэн шиг чацарганы бүлээн шүүс балгаад олсондоо орлоо. Одоо л нэг юм тайвширч байх шиг. Оргил дээр олуулаа ганц зураг даруулж амжив. Хожим зурагаа үзэхэд МУГТ Г.Өсөхбаяр миний мөрөн дээр гараа нөхөрсгөөр тавьсан байдаг юм. Намайг нулимсаа нуун арчсаныг тэр харсан ч байж магадгүй, үгүй ч байж мэднэ. Ингээд л болоо…

Уралдаан л юм болохоор бид оргил дээрээс хар гүйхээрээ буусан. Гэхдээ мэдээж, уралдахаасаа илүүтэй гэмтэл бэртэлгүй буухыг нэн тэргүүнд тавьж байсан юм. Манай баг байр эзлээгүй л дээ. Яагаад ч юм надад, магадгүй нэг олсныхонд маань ч энэ чухал байгаагүй. Хамгийн гол нь, сайхан хайрхан минь биднийг хүлээж авлаа, бид бэртэл гэмтэлгүй сайхан авирлаа. Энэ л чухал.

Би бодсон л доо, тэгээд өөрөөсөө асуусан юм: “Ер нь чи ингэхэд ээжтэйгээ уулзлаа гэж нулимс асгаруулсан хүн үү, эсвэл өөрийгөө ялан дийлж хайрханы оргил дээр гарч чадсандаа бахархсаных уу? Эсвэл шантарсан юм уу? Үгүй бол, хүн ууланд хэд хэд яваад ирэхээр уул харахаараа л уйлдаг болчихдог юм болов уу? Арай цасан дээрээс ойсон нарны хурц гэрэлд нүд чинь гялбаж өвдөөд нулимс гоожсон юм биш биз?!” гэж. Мэдээж сүүлчийнх нь биш. Яагаад гэвэл би маш сайн хамгаалалтын шилтэй явсан. Харин бусад асуултанд нь хариулахын тулд надад хугацаа хэрэгтэй байлаа…

Сутай хайрханИнгээд би дараа дараагийн авиралтын үед өөрийгөө ажиглахаар шийдсэн юм. Түүнээс хойш ахиад хэд хэдэн удаа ууланд явлаа л даа. Илүү бэрх замаар, илүү хэцүү авиралт ч хийлээ. Өвлийн 11 дүгээр сард Өвөрхангайн Бага Богд ууланд 32 цаг авирч, шөнөжин бэхэлгээ хийсээр уулын оргил дээр өглөөг угтахад шантарвал шантрахаар, уйлбал уйлахаар л байсан. Гэвч би тэгээгүй. Дараа нь ОХУ руу Кавказын уулсыг зорьж, Европ тивийн ноён оргил Эльбруст авиралт хийхэд шуургатай, хийсгэчихмээр хүчтэй салхитай байсан, бас Увсын Хархираа Түргэний бүлэг уулсын Хархираагийн ноён оргил Хар цагаан Хархираад авиралт хийхдээ “Яах гэж, юуны төлөө ингэж яваа юм бэ?!” гэж бодогдож л байсан. Гэвч бас л уйлаагүй. Мэдээж уул болгон гайхамшигтай. Оргил болгон дээр өөр өөр мэдрэмж төрнө. Харин яг Сутай хайрханы оргил дээрх шиг асгаруулсан нь үгүй.

Аливаад итгэх итгэл үнэмшил гэж хүнд байдаг. Хэн нэгэн хүн мэргэч төлгөч, бөө, лам, хутагт хувилгаан, зөн билигтэн дээр очоод тэр хүнээр дамжуулан бурханы оронд одсон хайртай хүнтэйгээ уулзсан л гэж ярьдаг. Би ийм ярианд итгэдэг ч биш, итгэдэггүй ч биш. Харин надад тэр хүмүүс биш, уул л ийм итгэл үнэмшлийг төрүүлсэн юм. Хэн ч намайг уул руу явахыг ятгаагүй, хэн ч надад уулыг сурталчлаагүй, хэн ч надад уулан дээр гарах үед нь иймэрхүү барим тавим мэдрэмж төрсөн тухай урьд нь ярьж байгаагүй.

Гэхдээ би энэ тухайгаа дараа нь нэг нэлээд боловсролтой хүнд ярихад Хятадад Памирын нуруунд авирч явахад нь түүнд бас нэгэн сонирхолтой бөгөөд яг л ийм барим тавим гэмээр мэдрэмж төрсөн тухай ярьсан юм. Тиймээс надад тохиолдсон энэ үйл явдал байж болох зүйл юм байна гэдэгт би улам итгэсэн. Би өөрт мэдрэгдсэн зүйлд сохроор итгэдэг нэгэн биш, харин тэр мэдрэмждээ эрүүл саруул ухаанаар ажиглалт хийх ёстойг мэднэ ээ.

Магадгүй, ээжийгээ алдсанаас хойших он жилүүдэд амьдрал надад өөрийнхөөрөө амьсгалах, өөрийнхөөрөө алхах зав зай өгөөгүй, цаг хугацааны хувьд ч өөрийгөө чөлөөлж, өөрийнхөө дураар, эрх чөлөөтэй байх нөхцөл олдоогүй байж болох… Хүн хайртай хүнээ сэтгэлээсээ үдэхэд, тэр хүний орон зай байхгүй болоход их хугацаа зарцуулдаг бололтой. Хэрэв тийм бол, өнгөрсөн есөн жилд ээж минь амьд сэрүүн л юм шиг санагдаж, охиноосоо одсон гэдгийг сэтгэл минь хүлээн зөвшөөрөөгүй байж таарах нь. Харин одоо л нэг энэ бүхэнтэй эвлэрч, итгэж ойлгосон хэрэг. Тэгээд л дотор бугшсан нулимс гадагш сад тавьсан нь энэ юм болов уу.

Гэхдээ ахиад л бодохоор, яагаад энэ гэнэтийн явдал заавал Сутай хайрханы оргил дээр тохиосон юм бэ, Сутай хайрхан ээжтэй минь ямар холбоотой гэж, яагаад…? Орчлонд миний таньж мэдэхгүй, тааварлашгүй, магадгүй хариуг нь хэзээ ч олж чадахгүй асуулт хэчнээн ч олон юм бэ дээ…

…Ямартаа ч би өөртөө тавьсан дээрх хэдэн асуултад бүгдэд нь “үгүй юм байна” гэж хариулаад, гагц олон жилийн дараа ижийтэйгээ дахин уулзсандаа л улам бүр итгэх болсон юм. Ижийтэй минь уулзуулж өгсөн ижий уул-Сутай хайрхандаа мөргөмү!

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img