2024-12-20, Баасан
-19 C
Ulaanbaatar

Баяртай Маргалла-Могойн толгодын цайз: Первез Мушарраф зэргэлдээх айлд зочилсон нь

Манай нийтлэлч Д.Аззаяагийн “Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз” тэмдэглэл уншигч танд цувралаар хүрч байна. Бидний огт мэдэхгүй, соёл шашин тэс өөр, алс холын Пакистаныг гаднаас нь биш дотроос нь өнгийж бичсэн түүний нийтлэл шинэ мэдрэмж , ховор содон мэдээллээр дүүрэн болжээ.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Өдөржин шатсан халууны илч буурч, оройн сэрүүн унаж, хөнгөн агаар сэвэлзэхэд өдөржин гэртээ хоригдсон хоёр хүү маань байшингийнхаа дээвэр дээр бөмбөг өшиглөн гүйлдэхэд Миэгүл, Тара хоёр харж зогсох их дуртайсан. Сэтгэлдээ үр хүүхдээ санан бэтгэрч байгаа эцэг хүний зөөлөн харцаар хөвгүүдийн минь хөөцөлдөхийг дагуулан инээмсэглэн харж, бөмбөгөө доош алдахад газарт хүргэлгүй шүүрч аваад буцааж шиднэ, заримдаа өшиглөж инээнэ.

Унтлагын өрөөний нуман хэлбэрт том цонхнуудын цаана болц нь ханаж гүйцсэн жүрж жимс нарны гэрэлд улбартан бөнжийж байх нь харц булаам. Ийн байтал нэг өдөр, өөр нэгэн хөрш шинэ байшин барихаар бужигналаа. Элс шороо, чулуу хайрга овоорч, хүрз зээтүүтэй улс зогсоо зайгүй ажиллана. Ойртон ойртох хонхны дуу гудамжаар жингэнэхэд, данхар толгойтой үнсэн саарал зүстэй хэдэн хөөрхөн илжиг тожир тожир алхсаар цувран гарч ирэв.

Жаахан биенд нь хэдэн ч давхар туйпуу өрж ачсан юм бүү мэд. Хамгийн өрөвдмөөр нь хөөрхий илжигнүүдийн хамрын самсааг уртаас урт гэгч цуулж сэтлэн огтолсон нь нүд хальтрам. Хурц хайч хутгаар морь илжигнийхээ хамрын самсааг томсгон хайчлах аваас, хар халуунд хүнд нүсэр ачаа тээш зөөхөд бие нь халууцахгүй. Хамрын том нүхээр нь их агаар ороод биеийн дотор халууныг буулгасанаар морь, илжиг ядрахгүй хэмээн тэгдэг юмсанж. Тэгээд Афганууд хүртэл морь малныхаа хамрын нүхийг томсгож огтолдог юм билээ.

Хамрын нүхний самсааг томсгон огтлоход халууцаж хөлрөхөө больдог гэж юу байхав дээ, хөөрхий адгуусыг дэмий зовоож байгаа хэрэг. Элс шороогоо илжгээр зөөлгөж байгаа энэ улс бүтэхгүй, хэзээ дуусах билээ зайлуул хэмээн намайг ярьж байтал, уран хийцээ гайхуулсан шилтгээн мэт сайхан байшин нүдэн дээр сүндэрлэн босоод ирсэн юм даа. Амралтын өдөр үд болж байсан цаг. Бүгдээрээ гэртээ байж байтал, буу мөрлөсөн цэрэг армийн бололтой хоёр хүний хамт Тара хаалга тогших юм.

-Уучлаарай төвөг удах болсонд, танай эсрэг талын айлд өнөө орой ерөнхийлөгч Первез Мушарраф зочлох юм. Тиймээс танай гэрийг нэгжиж, шалгах шаардлагатай байна гэдэг юм байна. Нөхөр маань,

-Гэрт нэгжлэг шалгалт хийх тушаал зааврыг чинь харж болох уу гэлээ.

-Бид аман тушаал авсан тул танд үзүүлэх албан бичиг алга.

-Тэгвэл тусгай албаны ажилтны чинь батлах үнэмлэхийг үзэж болох уу?

-Аан, юу л даа, бид харин үнэмлэхээ авчраагүй.

-Бидэнд даган мөрддөг заавар гэж бас байдаг тул та нараар гэрээ шалгуулахгүй, уучлаарай гээд нөхөр маань хаалгаа хаалаа. Тара нутгийнхаа хэлээр баахан юм ярьж, гараа гозгонуулсаар тэднийг явуулж хашааны хаалгаа тас хийтэл түгжив. Үнэхээр бид аюулгүйн талаар дагах заавар журамтай, дуудах утасны дугаартай, унших гарын авлага хүртэл бий. Ямар нэгэн эвгүй нөхцөлд орвол яах ёстойг маш нарийн заана, жишээлбэл урдах замыг чинь хааж өөр машин зогсвол “олон юм ярилгүй аль болох хурдан яв” гэх мэт наад захын хүний санаанд оромгүй хэрнээ хэрэгтэй зүйлүүдийг заасан байдаг.

Нэг харсан чинь, бага хүү маань учиргүй баярлачихсан, манай гэрт жинхэнэ байлдааны цэргүүд ирлээ, төмөр ногоон малгай тортой, хувцас нь жинхэнэ, буунууд нь аймаар том байсныг гайхаж, элдвийг ярьж байдгаараа хөөрчихсөн зогсож байлаа. Нээрээ л харуй бүрий унасан хойно, манай гудамжаар нэг гэрэл гэгээ цацарч, баяр наадам болж байгаа адил хөл хөдөлгөөн ихсэв. Хэдэн ч цагдаагийн машин ирсэн юм бэ, гэрлээ эргэлдүүлнэ. Гудамжийг бүрэн хааж орхиод, орж гарахын аргагүй, харуул хамгаалалтынхан битүү зогсоно.

Би зузаан хөшигнийхөө завсраар П.Мушаррафыг олоод харчих санаатай хараачлан зогсож байтал, зэргэлдээ байрны мадам Зимал бас таягаа тулчихсан цонхныхоо цаанаас өндөлзөж байх нь тэр. П.Мушарраф яалаа гэж тийм амархан бидэнд үзэгдэх билээ, өчнөөн олон ч удаа амь насанд нь халдах оролдлого болж, бүлэглэсэн том хуйвалдаануудаас мултарч чадсан хүн юм чинь.

МушарафПервез Мушаррафын тухай үлгэр домог шиг зүйлийг хүмүүс ярина. 2000 онд П.Мушаррафыг алахыг завдсан Камран Алиф гэгчийн хэрэг шүүхээр шийдэгдэж, 2006 онд цаазын ял авч хэвлэл мэдээллээр шуугиж байлаа. Маш хатуу хамгаалалтад байсан хэрнээ л Равалпинди хэмээх газар дөнгөж гүүрээр гармагц л хүчтэй дэлбэрэлт болж Мушарраф ам мөлтөс амь үлдсэн гэдэг. 2003 онд мөн хоёр амиа золиослогч, түүний сууж явсан машиныг дэлбэлэхэд, машиныхаа урдах хагарсан шилний завсар зайгаар зугтан гарч амьд үлдэж, 16 хүн алагдсан түүхтэй.

2007 онд бас түүнийг онгоцоор яг хөөрөх үед үл мэдэгдэх бүлэгийнхэн буудаад онолгүй алдаж, амьд үлдэж чадсан азтай эр билээ. П.Мушарраф өөрийгөө хороох гэж оролдлого хийсэн бүлэглэл, хүмүүс бүхнийг хөөн мөрдөн илрүүлж дор нь олж хатуухан гараар чангахан шийтгэл оноож хайр найргүй нам дардаг аж. Өмнөд азидаа томд тооцогдох, Исламбад хотын бэлгэ тэмдэг болсон 300,000 мянган хүний багтаамжтай Файсал сүмд нөхөр бид хоёр зориуд очсон юм.

Цагаан гантигаар майхан мэт хэлбэртэй барьсан сайхан сүмийн ар талаар Маргалла уулс үнхийж, эргэн тойронд нь зүлгийг ширдэг мэт тавьж, хамгийнхаа нандин цэцэг бутыг шилэн сонгож ургуулсан харагдана. Биднийг очиход мөргөлийн бус цаг байсан тул хүн сэлүүхэн, хүүхэд шуухад тэвэрч хөтөлсөн хүмүүс, өөр хот тосгодоос ирсэн байрын улс хөлхөлдөнө.

Сүмд орохын тул өндөр шатаар өгсөнө. Шат дуусмагц цөм гутлаа тайлна. Үд дунд хэвийж байсныг хэлэх үү, гантиг чулуун шал гэдэг ямар гээч халуун гэж санана, гишгэхийн аргагүй. Хэд алхаад л оймсгүй хөлийн улнаас шатах мэт төөнөхөд, өөрийн эрхгүй хөлөө дээр дээр өргөн дэгдэн хараймаар санагдана. Над шиг тэгэж сүйд болж байгаа хүн алга, нутгийнхан ер тоож байгаа шинжгүй нүцгэн улаа гялалзуулан тайван алхана.

Нөхөр оймстой болохоор арай гайгүй, ичиж нэрэлхсэн би байдгаар тэвчин нэг хөл дээрээ зогсож, нөгөө хөлөө түр ч гэсэн халуунаас хамгаалж чимээгүй л яваад байлаа. Имам-сүмийн тэргүүн сайхан зантай хүн таарч, нөхрийг минь найрсгаар урин 10000 хүний багтаамжтай, мөргөлийн танхимаа үзүүлэхээр дагуулан оров. Сэрүүхэн сайхан сүмийн битүү зөөлөн хивсэн дээгүүр алхах тэдний ард малайзын лалын хүүхнүүдийн бажи курунг өмчихсөн, хацар ам улайж, хамаг хөлсөө дуслуулан хөл нүцгэн үлдсэн намайг өрөвдсөн болов уу, шагайгаад ч гэсэн хар л даа гэв үү, хаалгаа цэлийтэл дэлгээд орхилоо.

Эмэгтэй хүн сүмд орж болохгүй хойно, үүд хавиар шагайвчлан зогсохдоо би сүмийг зориуд анхааран сайтар ажиглан харлаа. Файсал сүм маш цэвэр цэмцгэр, гэгээ татсан саруулхан гэж жигтэйхэн, шалаа битүү хээтэй гоёмсог хивсээр битүү бүржээ.

“Чимээгүй салхи” номноос авав.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img