2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Ле Буржегийн агаарын шоу бидний дасал болсон онгоц, нисдэг тэрэгний эрин үе дуусгавар болж буйг харууллаа

Хоёр жилд нэг удаа зохиогддог дэлхийд хамгийн нэр хүндтэй, бас хамгийн том Ле Буржегийн агаарын шоу үзэсгэлэн Ковид 19 цар тахлын улмаас 2021 онд өнжсөн тул маш их хүлээлт үүсгээд байсан юм. Иймээс ч өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр гурван өдөр үргэлжилсэн 54 дахь удаагийн шоу үзэсгэлэн сонирхсон үзэгчид, оролцсон улс орон, нисэхийн салбарын мэргэжилтнүүд, иргэний болон байлдааны төрөл бүрийн шинэ нисэх аппарат, байгуулсан гэрээ хэлэлцээрийн тоогоор бүх цаг үеийн дээд амжилтуудаа эвджээ.

Францын нийслэл Парисаас 12 км зайд орших Ле Буржегийн нисэх буудлын ойр орчмын 322,000 хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэгдсэн энэ удаагийн үзэсгэлэн шоугийн гол онцлог гэвэл, UVA буюу нисгэгчгүй төхөөрөмжүүд анх удаа давамгайлж, нисгэгчтэй онгоц, нисдэг тэргүүд сүүдэрт нь үлдсэн явдал ажээ.

Нисгэгчгүй төхөөрөмжүүд дундаас MALE (medium altitude, long endurance) гэх дунд зэргийн өндөрт урт хугацаанд нисэх чадвартай аппаратууд Украинд болж буй дайнаас үүдэн олны анхаарлыг ихээр татжээ. Тэдний нэг нь мэдээж Украины дайны эхнээс идэвхтэй ашиглагдаж буй Туркийн “Bayraktar TB2” дрон.

Гэхдээ ийм төрлийн дрон агаараас хамгаалах зэвсэгт нэлээд өртөмтгий тул голдуу эсрэг талын агаарын хамгаалалт сул цэргийн анги нэгтгэлүүдэд цохилт өгөхөд хэрэглэддэг байна. Иймд Украины нисэх хүчин “TB2”-гээр дайснаа довтлохоо нэлээд эрт зогсоож голдуу холын зайнаас тандах ажиллагаанд ашиглах болсон аж.

Ле БуржееЛе Буржегийн агаарын шоу нисгэгчгүй аппаратын салбарт тэргүүлж эхэлсэн АНУ, Израиль, Турк зэргээс сүүлийн үед нэлээд хоцорч буй Европт олон шинэ төсөл дээр эрчимтэй ажиллаж эхэлснийг мөн харуулжээ. Жишээ нь, төдийлөн нэрд гараагүй Францын “Turgis & Gaillard” компаниас танилцуулсан “Aarok” гэх нисгэгчгүй аппарат үзэсгэлэнгийн жинхэнэ од болсон юм.

10 гаруй метрийн урт далавчтай, 2.7 тонн ачаа тээх чадвартай энэ дрон “МиГ-29” гэх нэлээд олон сөнөөгч онгоцтой дүйцэхүйц үзүүлэлттэй аж. “Aarok” энэ оны сүүл гэхэд туршилтын анхны нислэг үйлдэх тул нарийн үзүүлэлтүүдийг нь олон нийтэд хараахан зарлаагүй гэнэ.

“Aarok”-ийг олноор үйлдвэрлэж эхэлбэл зах зээлд ихээхэн эрэлттэй болно гэж олон шинжээч дүгнэсэн юм. “Turgis & Gaillard” бол томоохон үйдвэрлэгч компаниудтай өрсөлдөж буй цөөн тооны хувийн жижиг компанийн нэг юм. Гэвч Туркийн “Baykar” компани ”Bayrakt” төслөө амжилттай хэрэгжүүлснийг санах хэрэгтэй.

Ле Буржед танилцуулсан Европын өөр нэг сонирхолтой төсөл бол “Airbus”, “Dassault Aviation”, “Leonardо” гээд онгоц үйлдвэрлэгч аваргуудыг нэгтгэсэн Герман, Итали, Испани, Францын хамтарсан консорциумын “Eurodronе” гэх нисгэгчгүй аппарат. Хоёр хөдөлгүүртэй аварга том “Eurodronе” 15 метрийн далавчтай, 2.3 тонн ачаа тээх чадвартай ба 13 км-ийн өндөрт 40 цаг хүртэл тасралтгүй нисэх үзүүлэлттэй. Энэ аппаратыг 2027 онд үйлдвэрлэлд шилжүүлэх гэнэ.

Ле Буржед эдгээрээс гадна “MALE” ангиллын нисгэгчгүй хэд хэдэн аппаратыг дэлгэжээ. Италийн “Piaggio” компани гэхэд Их Британийн “Brimstone” пуужингаар зэвсэглэсэн “Falco Xplorer” дроноо танилцуулсан нь ихээхэн сонирхол татсан юм.

нисэх шоуДашрамд тэмдэглэхэд, Украины арми Оросын зэвсэгт хүчний эсрэг “Brimstone” пуужинг хэрэглэж эхлээд буй. Иймд 2О25 оноос зах зээлд гарах “Falco Xplorer” дроныг Италиас гадна “Brimstone” пуужин бүхий Их Британи, Герман, Катар, Саудын Араб, Украин зэрэг улс орны зэвсэгт хүчин худалдан авахыг эрмэлзэх нь дамжиггүй.

Тэгвэл Ла Буржед дэлгэсэн Францын “Safran Patroller”-ыг ойрын үед тус улсын зэвсэглэлд нийлүүлэхээр шийдээд буй. Энэ нь 210 кг жинтэй тагнуулын төхөөрөмж төдийгүй зэвсэг тээх чадвартай ба дээд тал нь дөрвөн км-ийн өндөрт 15 цагийн нислэг үйлддэг дрон аж.

нисэх шоуИзраилийн “Elbit Systems” компани шигүү баригдсан хот дотор дайсныг илрүүлэн устгадаг “Lanius” бичил дроноо танилцуулсан нь мөн олны анхааралд өртөв. “Lanius” нь мини компьютерээрээ энгийн иргэдээс зэвсэглэсэн террористуудыг ялган олж тогтоогоод тэсрэх бөмбөгөөр устгадаг гэнэ. “Lanius” дрон цагт 73 км хүртэл хурдалдаг юм байна.

Агаарын шоуд түүнчлэн манай урд хөрш дор БНХАУ оролцож, дор хаяж долоон улсад экспортолдог “WL” гэх байлдааны дроны шинэчилсэн загвараа сонирхуулжээ.
Ле Буржегийн энэ удаагийн агаарын шоу бидний дасал болсон онгоц, нисдэг тэрэгний эрин дуусгавар болж буйг харууллаа.

Саяхан л бага оврын болхи дронууд энд тэнд харагддаг байсан бол өдгөө жолоочгүй тээврийн нисдэг хэрэгсэл, агаарын такси эхнээсээ ашиглагдаж эхлэв. Онгоц, нисдэг тэргээс хавьгүй хямд өртөгтэй төрөл бүрийн дронуудын үйлдвэрлэл арифметикийн бус геометрийн прогрессоор асар хурдацтай нэмэгдэж байна. Тэдгээрийн хүчин чадал ч тасралтгүй дээшилсээр. Дэлхийн урдаа барих эрдэмтэд ч энэ салбар руу хошуурсаар.
Бидний нүдэнд хараахан дасал болоогүй содон, бүр этгээд гэмээр хэлбэр хийцтэй, байгаль экологид ээлтэй, төсөв зардал багатай урьд өмнө байгаагүй цоо шинэ нисдэг хөлгүүд тун удахгүй гайхаад байхааргүй ердийн үзэгдэл болох нь.

Олон улсын нэртэй шинжээчид ердөө гуч гаруйхан жилийн дараа, 2060 он гэхэд нисгэгчгүй аппаратууд тэнгэрт бүрэн давамгайлна гэж тооцжээ.

Зуу гаруй жил үргэлжилсэн нисэх онгоцны эрин үе улиран одож, түүний эхлүүлснийг түүчээлэн үргэлжлүүлэх үйл явц хүн төрөлхтний цаашдын хөгжлийг ямар эерэг болон сөрөг үр дагаварт хүргэх бол? Энэ асуултад харин одоогийн ямар ч алдартай мэргэч төлөгч, уран зөгнөлт зохиолч алдаа мадаггүй хариулж чадахгүй нь лавтай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img