Ромын пап Францис ирэх есдүгээр сарын эхэнд католик ертөнцийн хамгийн алслагдсан газар нутгийн нэг, Орос, Хятадын дунд хавчуулагдсан 1500 гаруйхан католик шашинтантай Монгол Улсад айлчилсан анхны Ромын пап болох билээ.
Ромын пап Францисын хилийн чанадад хийх 43 дахь энэхүү айчлалыг Зөвлөлтийн эрин үед Монголыг хянаж байсан Орос, “Нэг бүс, нэг зам” гэх төслөөрөө дамжуулан тус улсад нөлөөлөхийг эрмэлзэх болсон Хятадын аль аль нь анхааралтай ажиглах нь дамжиггүй. Ийм ч учраас энэхүү айлчлал олон улсын геополитикт нэлээд ач холбогдолтой.
Урьд өмнө Ромын нэг ч пап Орост ч, Хятадад ч хөл тавьж байгаагүй юм. Монголыг зорихдоо Францис Украинтай дайтаж буй Орос бус, Хятадын дээгүүр нисэхээр төлөвлөжээ. Ази дахь католик шашны номлогч миссионеруудын “Asia News” мэдээллийн байгууллагын зохицуулагч Жоржио Бернаделлийн хэлснээр, Ромын пап Францис уламжлалт дэг жаягийг даган Хятадын агаарын хилийг нэвтрэхдээ, тус улсын эрх баригчдад тусгай онгоцны бүхээгнээсээ энхийг хүссэн цахилгаан илгээж мэндчилэх ажээ.
Энд тэмдэглэхэд, Францис дээрх хоёр аварга улстай дипломат шугамаар найрсаг харилцахыг оролдон Орос руу элчээ илгээн Украинтай энхийн хэлэлцээр байгуулахыг уриалж, ширээт лам бишопт нэр дэвшүүлэх тухай 2018 оны тохиролцоог зөрчсөн Хятадтай урьдын харилцаагаа хадгалан үлдэхийг эрмэлзэж байгаа юм.
Ватиканд энэ сарын 6-нд нийтэлсэн Ромын папын Монголд хийх айлчлалын хөтөлбөрөөс харахад, ивэрхийний эмчилгээ хийлгээд удаагүй 86 настай Францисын эрүүл мэндийг бодолцон 10 цаг тасралтгүй нисч Улаанбаатарт газардсаных нь дараа бүтэн нэг амралтын өдөр төлөвлөжээ.
Ромын пап Францисыг Монголд албан ёсоор угтаж авах ёслол хуваарийн дагуу есдүгээр сарын 2-нд тус улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын төв талбайд, Монголын урьдын сүр хүчийг илтгэсэн XIII зууны их удирдагч Чингис хааны хөшөөний өмнө болох юм байна.
Мөн өдрийн үдээс хойш тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон тус улсын бусад удирдлагатай уулзаж, айлчлалаар уншихаар төлөвлөсөн дөрвөн айлтгалынхаа эхнийхийг Монголын төр засаг, иргэний нийгэм ба гадаадын дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзахдаа, удаахийг Монгол католик санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүстэй дахь уулзахдаа тус тус хэлэх ажээ.
1500 гаруйхан католик шашинтан, 77 миссионер номлогч, ганцхан бишоп санвартантай Монголд түүнчлэн үүсгэн байгуулагдаад удаагүй Төв Азийн католик санваартнуудын чуулганы Казахстан, Киргизстан, Узбекистаны төлөөлөгчид олноор хүрэлцэн ирж болохыг Жоржио Бернаделли тэмдэглэсэн юм.
Ромын пап Францис есдүгээр сарын 2-ны ням гаригт Улаанбаатарын “Steppe Arena” олныг хамарсан талархал магтаалын мөргөл үйлдэх бөгөөд айлчлалынхаа сүүлийн өдөр буяны “Нигүүлслийн өргөө”-г нээх ба энэ үеэр дөрөв дахь айлтгалаа хэлэхээр төлөвлөжээ…
Эцэст нь дүгнэхэд, Ромын пап Францисын энэхүү айлчлалын хэд хоногт манай улс дэлхий дахины, тэр дундаа 1.3 тэрбум католик шашинтнуудын анхаарлын төвд орох нь дамжиггүй. Энэ нь авторитар дэглэмтэй хоёрхон аварга том хоёр хөрштэй ардчилсан манай улсын тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг бэхжүүлсэн маш чухал үйл явдал болох нь ч тодорхой.
Католик шашны тэргүүн, Ромын пап Францисын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хөтөлбөр:
Наймдугаар сарын 31, Пүрэв гариг.
- 18.00. Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц Италийн Ром хотын “Фиумичино” олон улсын нисэх буудлаас хөөрнө.
Есдүгээр сарын 1, Баасан гариг.
- 10.00. Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана. Хүндэт зочныг Монгол Улсын албаны зохих хүмүүс угтаж авна.
Есдүгээр сарын 2, Бямба гариг.
09.00. Ромын пап Францисыг Монгол Улсад албан ёсоор угтан авах ёслол Сүхбаатарын талбайд болно. - 09.30. Ромын пап Францис Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзана.
- 10.20. Ромын пап Францис Төрийн ордны “Их Монгол” танхимд Монголын төр засаг, иргэний нийгэм ба гадаадын дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзаж эхний айлтгалаа хэлнэ.
- 11.00. Ромын пап Францист УИХ-ын дарга Г.Занданшатар бараалхана.
- 11.10. Ромын пап Францист Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхана.
- 16.00. Ромын пап Францис Улаанбаатарын Гэгээн Петр, Паул Гэгээнтнүүдийн катедрал сүмд Ватиканы Монгол дахь төлөөлөгч, кардинал Жоржио Маренго, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүстэй уулзан хоёр дахь айлтгалаа хэлнэ.
Есдүгээр сарын 3, Ням гариг.
- 10.00. Ромын пап Францис “ХҮН” театрт экуменик болон шашин хоорондын уулзалтад оролцож гуравдахь айлтгалаа хэлнэ.
- 16.00. Ромын пап Францис “Steppe Arena” ордонд олныг хамарсан талархал магтаалын мөргөл үйлдэнэ.
Есдүгээр сарын 4, Даваа гариг.
- 09.30. Ромын пап Францис сайн үйлстүүндтэй уулзаж, одоогоор эцэслэн тогтоогүй байрлалд “Нигүүлслийн өргөө”-ний нээлтийн ёслолд оролцож дөрөв дэх буюу сүүлчийн айлтгалаа хэлнэ.
- 11:30. Ромын пап Францисыг үдэх ёслол “Чингис хаан” олон улсын нисэх буудалд болно.
- 12:00. Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрнө.
- 17.20 Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц Ром хотын “Фиумичино” олон улсын нисэх буудалд газардана.