2024-12-21, Бямба
-18 C
Ulaanbaatar

Японы парламенттай танилцсан минь

Машины цонхоор харагдсан Токио

Наритагийн онгоцны буудлаас гарахад пүн хийсэн бүгчим орчин угтав. Аль хэдийнэ 21 цаг болж, харуй бүрий нөмөрсөн ч хөлс урсах халуунд “Яаж амьсгална даа” гэсэн шүү юм бодогдлоо. Монголд өдийд үдшийн сэрүүн агаар сэнхийж байгаа даа…

“Нарита” олон улсын нисэх онгоцны буудал Токио хотоос 78 км зайтай Чиба мужийн нутаг дэвсгэрт оршдог. Онгоцны буудлаас хотын төвийг зорих замд зарим хэсэгтээ ачааны машиныг ч давахаар өндөртэй хана замын хоёр хажуугаар урсах юм. Салхи, дуу тусгаарлагч юм байна, тэр нь.

“Тайфун салхи цохидог газрууддаа өндөр ханатай. Тэгсэн ч машин бариад явж байхад салганатал “авдаг”, газар хөдөлсөн үү, яасан бэ л болдог” хэмээн биднийг угтаж авсан Элчингийн ажилтан тайлбарласан.

“Зам ойрд түгжрэлтэй байгаа. Харин одоо гайгүй байна” гэж жолооч дуугарч байна. Зам нь түгжирдэг. Гэхдээ монголчууд “хүүхдийн түгжрэл” хэмээн наргиа болгодог аж. 80 км, 100 км, 120 км гэсэн гурван урсгалтай замтай. “50 км цаг хурдтай түгжрэл байна”, “Цаашаагаа 60 км цаг хурдтай түгжирч байна” гэж ярьцгаадаг гэнэ шүү.

Зам засвараа шөнийн цагаар хийдэг аж. Дажгүй сайхан харагдах замаа засч л байх юм билээ. Токио “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм шиг л энд тэндгүй модтой, ногоон хэсэг ихтэй юм. Мод ургуулахад зовлонгүй, “Дурандаа ургадаг газар” юм байна.

Томоос том “Алсыг харагч” харагдана. Токио Диснейланд Чибад байдаг. Зарим нь Чиба Диснейланд гэх ёстой гэдэг аж. Чибад монголчууд олон. Энд байрны өртөг Токиогоос 30-40 хувь хямд. Хэл ус шаардахгүй ажлууд элбэг.

Диснейландын тасалбарыг урд нь шууд очоод оочерлоод авах боломжтой байсан бол одоо урьдчилан захиалах шаардлагатай болжээ. Диснейлэндын сүрлэг зочид буудал үлгэрийн ордон шиг үзэгдэнэ. Манай паркаас зургаа, долоо дахин том газар нутагтай юм билээ.

Солонгон гүүрУдалгүй бид алдарт “Солонгон гүүр” олж харлаа. Шөнийн хотыг чимэх энэхүү аварга том гэрэлт гүүрийг давмагц хүний гараар бүтсэн хиймэл арал “Одайба” байдаг. Өмнө нь далай байсан газар өдгөө арал босчээ. Арлын “түүхий эд”-ийг хогноос гаргаж авсан гэнэ. Фүжи телевизийн төв байр үзэгдээд өнгөрөв. Энэ телевиз топ дөрөвт багтдаг, хэвлэл мэдээллийн “мангасуудын” нэг.

“Гүүрний зүүн талын гурван өндрийн нэгд манай Хакухо аварга амьдардаг” гэж дуулдав. Гүүрний баруун тал тэр чигээрээ шинэ арал аж.

Токиогийн цамхаг бас л үзэгдээд өнгөрөв. Японы парламенттай танилцах хоёр өдрийн шахуу хөтөлбөртэй болохоор Токиогийн “алдартнуудтай” алсаас танилцаад өнгөрсөн юм.

Зам, гүүрүүд сүлжилдэнэ. Зарим нь урт л болохоос биш “Нарны гүүр”-ийг санагдууллаа. Гүүрний залгаа хэсэг нь резинтэй. Энэ нь газар хөдлөлтийн үеэр уян хатан байхад нь тусалдаг аж. Солонгон гүүрэн дээр өдөр болгон мэргэжлийн хүмүүс ажиллаж, эрэг, боолтыг нь шалгадаг гэлээ. Газар хөдлөлт ихтэй газарт эрэг, боолт сулардаг юм байна.

Солонгон гүүрХотын төвд харагдах том яндан Токиогийн хамгийн том хог дахин боловсруулах үйлдвэрийнх. Хотын төвдөө хэд хэдэн ийм үйлдвэртэй гэнэ. Манайд хогон уулнууд сүндэрлэдэг бол энд том байшин дотор хамаг муугаа далд оруулдаг аж.

24 цагийн дэлгүүр, онгоцны буудалд гадаад хүмүүс цөөнгүй ажиллаж харагдсан. Япон хүний нөөцийн асуудалтай болж эхэлжээ. Гадаад ажилчдыг оруулахгүй бол ажиллах хүчний дутагдалд орох төлөвтэй гэнэ. Хар ажилчид түлхүү авч эхлэхээр гэмт хэрэг ихсэх, соёл нь эвдэгдэх асуудал үүсчээ. Цаашдаа Японд өнгө өнгийн хүмүүс үйлчилгээний салбарт ажиллах нь гайхах дүр зураг биш.

Зочид буудлын цэвэрлэгээний ажилчид нь гэхэд л филиппинчүүд байдаг юм билээ. Нутагт нь очиж, хүмүүсээ сургаж авдаг гэнэ шүү. Буудлын үйлчилгээнд монголчууд бараг байхгүй.

Монголчууд настан асрах ажилд нэр хүндтэй гэнэ. Нэг монголыг гурван жил ажиллаад, нутаг буцах болоход асрамжийн газрын хэдэн хөгшин “бослого” гаргах шахаж байж авч үлджээ. Нөгөөх нь ахиад гурван жил тэднийг асарч, энэ хугацаанд зарим нь өөд болоод, үлдсэн нэг нь супер асрагчаа үргэлжлүүлэн хувиараа хөлсөлж, өөд болохдоо өв хөрөнгөө өвлүүлсэн түүх сонслоо. Гэхдээ Японд хөрөнгө өвлөхөд өндөр татвартай гэнэ.
Монгол хүн япончуудтай ойролцоо царай төрхтэй, настанаа асарч тойлдог уламжлалтай болохоор хөгшдөд ойрхон санагддаг бололтой.

Гэсэн ч Японд амьдардаг найз маань “Настан асрах нь хүнд ажилд тооцогддог бас цалин багатай” гэсэн.

Японд эрт харанхуй болох юм. Харин нар эрт манддаг. Зочид буудлын 24 давхрын цонхоор харахад үүрээр таван цагийн үед нар дээр хөөрчихсөн байх юм. Өмнөх өндөр байшингийн цаанаас нар үүлэн цаагуур ичингүйрч үзэгдэнэ. Эндэхийнхэн байшингийн дээврүүдээ сайтар ашиглажээ. Хотын төв дэх өндөр байшингийн орой дээр ч ногоон цэцэрлэг, арчилгаа сайтай мод, зүлэг харагдана. Дээвэр дээрх спортын талбайдаа дасгал хийж байна лээ, япон хүмүүс.

Парламентын музейд

Өглөө нь Монгол Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаар ахлуулсан Япон улсад туршлага судлах багийнхан Парламентын музейд зочиллоо.

Солонгон гүүрШвейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд УИХ-ын тамгын газрын албан хаагчид эрх зүйн дүн шинжилгээ болон парламентын боловсролын туршлага судлахаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн болон Зөвлөхүүдийн танхимд ажиллаж буй нь энэ билээ. Парламентын боловсролыг түгээх чиглэлээр ажилладаг ерөнхий боловсролын сургуулийн хоёр багш Б.Баярмаа, Д.Дэлгэрмаа бас сэтгүүлч миний бие албаны төлөөлөгчид дээр нэмэгдэж, томилолтын багт багтсан юм.

Музейн дарга Кикүта Юкио Монголын төлөөлөгчдийг хүлээн авч, тавтай морилохыг урив. “Музей 1972 онд байгуулагдсан, Японы ард иргэдэд парламентын тухай таниулах зорилготой. Одоогоор их засвар хийж байгаа, таван жилийн дараа шинэ байртай болно. Түр энд байрлаж байгаа” гэж дарга тайлбарлав. Орлогч дарга эмэгтэй бидэнд музейгээ үргэлжлүүлэн танилцуулсан. Энд Японы орчин үеийн парламентын засаглалын үүслийн тухай мэдэх боломжтой.

Орлогч дарга Хаваяама “Парламентын ордонд очиход түүхэн дурсгалт гурван хөшөө та бүхнийг угтаж авах болно” гэлээ.

Парламентын музейПарламентын засаглалд гавьяа байгуулсан, Япон Улсын анхны Ерөнхий сайд Ито Хиробуми анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулжээ. Тэрбээр Үндсэн хуулийн төсөл боловсруулахаар барууны орнуудаар туршлага судалж явсан гэнэ. Ялангуяа Германы Үндсэн хуулийг судалж, хааны эрх мэдэл хүчтэй байдаг Германы хэв маяг Японд тохирно гэж үзээд, буцаж ирээд, анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулжээ.

Анхны нам байгуулсан, Японы их сургуулийг үндэслэгч Окума Шигэнобу болон ардчилал, эрх чөлөөний төлөө хөдөлгөөн өрнүүлж, ардчилсан сонгууль явуулах талаар эзэн хаандаа өргөдөл бичиж байсан Итагаки Тайсүкэ нарын хөшөөг парламентын ордондоо залжээ. Түүний эзэн хаанд бичиж байсан захидал уг музейд шилэн хоргонд үзмэр болон тавигдсан байна лээ.

XIX зууны сүүлчээр Японд шинэ засаг мандаж, хуучны самуурай нарын засаглалаас Эзэн хаан төвтэй засаглалд шилжжээ. Барууны орнуудтай эрх тэгш гадаад харилцаа явуулахын тулд Үндсэн хуульт парламентын тогтолцоо шаардлагатай болсон гэв. Парламент байгуулах, эрх чөлөө, ардчиллын хөдөлгөөн үндэсний хэмжээнд өрнөсөн. Одоогоос 130 жилийн өмнө 1889 онд Японы эзэнт гүрний анхны Үндсэн хууль батлагдаж, 1890 онд анхны парламент байгуулагдсан түүхтэй.

Анхны Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл эзэн хаанд л байсан. Дараа жил нь анхны Төлөөлөгчдийн танхимын сонгууль болж, парламентын засаглалтай ардчилсан тогтолцоо бий болжээ. Энэ бол Японы Үндсэн хуульт засаглалын эхлэл.

Тухайн үед ямар танхимд, яаж хуралдаж байсныг музейд харах боломжтой. Тухайн үед мөн хоёр танхимтай. Язгууртны буюу төлөөлөгчдийн танхимтай байсан. Язгууртны танхим нь эзэн хаан шууд томилсон язгууртнуудаас бүрддэг. Төлөөлөгчдийн танхим нь сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж байв. Музейд бас анхны 300 гишүүний зураг байна. Бүгд эрэгтэй гишүүд. 25 удаа дараалан сонгогдож, 63 жил гишүүнээр ажилласан алдартай парламентч нь Японы Үндсэн хуульт засаглалын эцэг хэмээгддэг Озаки юм.

Парламентын ордон анх модон байшинд байж. Хоёр ч удаа гал түймэрт өртөж, 1919 оноос өнөөгийн ордныг барьж байгуулах ажил эхэлж, 17 жилийн турш үргэлжилжээ. Баруун жигүүр нь Зөвлөхүүдийн танхим, зүүн тал нь Төлөөлөгчдийн танхим.

Парламентын музейЯпоны бага, дунд сургуулийн сурагчид парламентын ордонтой танилцахаар ирэхэд нь хууль тогтоох эрх мэдэл, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийг тэнцвэртэй хэрэгжүүлдэг агаад эдгээр нь ард түмнээс эх сурвалж авдаг гэдгийг тайлбарлаж өгдөг байна. Төрийн эрх мэдэл ард түмэнд байгааг илтгэсэн зургийг тайлбарлагч онцолж заав. Парламент ард түмнийг төлөөлдөг учраас төрийн дээд байгууллага гэж үздэг.
Хуулийн төсөл Төлөөлөгчдийн болон Зөвлөхүүдийн танхимыг дамжиж байж батлагддаг ажээ.

Японы парламентын танхимын загвар болох 12 суудалтай, хурдан бичээч, дарга спикерийн суудалтай өрөөнд манайхан орж, дурсгалын зураг авхуулав. Арын гурав нь жинхэнэ гишүүдийн суудал гэнэ. Ширээн дээрх хар өнгийн будагтай босоо модон пайз дээр гишүүдийн нэрийг цагаан үсгээр бичсэн байв.
Хамгийн урд талын суудал дээр бушуухан сууж, зураг авхуулахаар яарсан юм. Гэтэл Японд цөөхөн сонгогдсон шинэ гишүүд урдуур суудаг, олон удаа сонгогдсон туршлагатай гишүүд ард суудаг уламжлалтай гэнэ шүү.

Парламентын ордонд

Токио айлчлалПарламентын ордны үүдээр ормогц харуул хамгаалалтын гурван хүн ёслон өнгөрүүлэв. Ордны шал тосолчихсон аятай онцгой гялалзаж харагдана. Цахилгаан шатны төмөр хаалт хуучны өнгө аястай ч чамин харагдана. Парламентын хуралдаан завсарласан үе таарсан ч албан хаагч залуус тасалгаануудад ажиллаж байгаа нь анзаарагдсан. Музейн орлогч даргын тайлбарлаад байсан гурван эрхмийн хөшөөний дэргэдүүр ч өнгөрөв.

Парламентын чуулганы танхим нь 465 гишүүний суудалтай. Спикерын суудлын дээр Эзэн хаанд зориулсан суудал засчээ. Мөн Эзэн хааны гэр бүлийн гишүүн хунтайж, ханхүү нар суух тагт, гадаадын төр засгийн тэргүүн нар, сэтгүүлчид болон яам, төрийн албан хаагчид суух хэсэг ч байна.

Бидэнд газарчилж явсан хөтөч тайлбарлахдаа ”Ордны барилгын материалын дийлэнхийг Японд үйлдвэрлэсэн боловч гурван зүйлийг л гаднаас авсан байдаг. Ордны таазны шилэн хийцийг Англиас авчирсан. Мөн хаалганы бариулыг АНУ-аас авсан. Барилга баригдаж байх үед Японы түлхүүр цоожны технологи сайн биш байсан гэнэ. Мөн шуудангийн хайрцагны системийг гадаадаас авчээ. Одоо ч ордны коридорт мөнөөх зөөвөрлөлтийн систем нь харагдаж байна лээ.

Албан ёсны уулзалт эхэллээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Окада Норихарү ажлын өрөөндөө хүлээж авсан юм.

Том биш, энгийн өрөө байлаа. Хэн, хаана суухыг урьдчилан зурж өгсөн л дөө. Албаны эрхмүүдийн хөрөг зургийг адарт тулгах шахам эгнүүлжээ. Морины томхон “баримал” шилэн хоргон дотор хүндтэй байрт заларсан харагдана. Тавиур дээрх ваар, бас мөнөөх морийг эс тооцвол ном, бичиг баримт бүхий хоёр номын шүүгээ, сандал ширээ бүхий даруухан өрөө байв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Окада Норихарү гуай “УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирсэн тухай дурдаж, Монгол гэхээр манай япон хүмүүс Чингис хаан, уудам тал нутаг гэж ойлгодог. Миний бие Монголд очиж үзээгүй ч Токиогоос ойрхон, хоёр цаг яваад хүрэх газарт гэр жуулчны баазад очиж Монголоос ирсэн гэрт хонож, морин хуур, хөөмий сонсч үзсэн” хэмээн найрсаг хуучлан угтлаа.

Токио айлчлалНоён Окада Норихарү одоогийн албан тушаалд ирэхээсээ өмнө Төлөөлөгчдийн танхимын Тамгын газарт судлаач, ажилтнаас эхлэн хэлтэс, газрын дэд дарга, даргын алба хашиж байсан нэгэн. Л.Өлзийсайхан даргын хувьд ч төрийн албанд 21 жил ажилласан бөгөөд үүнээс найман жилд нь УИХ-ын Тамгын газарт ажилласан, тамгаасаа “төрсөн” Ерөнхий нарийн бичгийн дарга гэгддэг.

Л.Өлзийсайхан найрсаг хүлээн авч байгаад талархаад, Монгол Улсын парламентын хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан, УИХ-ын дарга Г.Занданшатар “Япон лугаа хөгжье” уриалга гаргаж, тус улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишгийг нутагшуулахад ихээхэн анхаарал хандуулж буйг, Монголын парламентын өмнө тулгарч буй сорилт болон бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгааг дурдав.

Тамгын газар хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө парламентын музей байгуулах зорилт тавьсан учраас төлөөлөгчид Японы парламентын музейтэй танилцсан нь ач холбогдолтойг ч тэмдэглэсэн.

Цаашид хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга нар харилцан тэмдэглээд, парламентат ёсны хөгжил, Тамгын газруудын туршлага, ур чадварыг харилцан солилцох, мэргэжилтнүүдийг дадлагажуулахад хамтран ажиллахаар ярилцлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ноён Окада Норихарүг тааламжтай цагтаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зочлохыг урьж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Урилгыг талархан хүлээн авсан Окада Норихарү гуай хувиараа ч болов Монголд очиж үзэхийг хүсдэг гэдгээ нуусангүй.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img