2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Н.Ариун: Үүдэл эсээс зүрх, элгийг хүртэл ургуулах боломжтой

Тэрээр үүдэл эсийг хорь гаруй жил судалсан, арьсны эсийг үүдэл эс болгон хувиргасан нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Яманакагийн шавь юм. Биохимич, үүдэл эс судлаач Н.Ариунтай хийсэн ярилцлагаа хүргэе.

-Үүдэл эс гэж яг юу юм бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Манайд stem cells буюу үүдэл эсийг сонсох төдий л мэдэж байна. Мэргэжлийн хүмүүсийнх нь ойлголт ч тийм сайн биш байгаа. Анагаахын оюутнууд хүртэл тодорхой ойлголтгүй байна. Үүдэл эсийн судалгаа бол орчин үеийн анагаах ухааны хамгийн дээд зэргийн нарийн судалгаа. Анагаах ухааны дараагийн үе үүдэл эсээс гарч ирнэ. Биеэ эсээс тогтдогийг хүн бүр мэддэг. Харин хүнийг бүрдүүлж байгаа эс хоёр төрлийнх байдгийг тэр бүр мэддэггүй.

Арьс хуулрахад цаанаас нь арьсны эс гарч ирдэг. Тодруулбал, арьсны эсээс арьсны эс үүсдэг гэсэн үг. Энэ бол бидний сайн мэдэх эс. Нөгөө төрлийн эсийг нь үүдэл эс гэдэг. Үүдэл эсээс үс, арьс, яс, мах, өөх гээд бүх юм үүсдэг.

-Судалгаа хийгдэж байгаа гэхээр үүдэл эсийг нээсэн хугацаа тийм холгүй байх нь ээ?

-1950-иад оны үед Оросын эрдэмтэн нээсэн ч яг баталж чадаагүй юм билээ. 2000 онд л байдаг гэдгийг нь баталсан. Өөрөөр хэлбэл үүдэл эсийн салбар эрчимтэй хөгжөөд арав гаруй жил болж байна. Үүдэл эс ид шидтэй гэмээр эс. Гэхдээ шинжлэх ухаанд ид шидтэй гэдэг үг хэрэглэдэггүй. Яагаад гэдэг нууцыг нь заавал тайлж явдаг. Ганцхан төрлийн эсээс хүнийг бүрдүүлдэг бүх л юм яагаад үүсээд байгаа юм бол гэдэг том асуулт гарч ирж байна л даа.

Иракт буудуулсан цэргийн эрхий хурууг үүдэл эсээс ургуулсан

-Үүдэл эс хүний хаана байдаг вэ?

-Үүдэл эс дотроо хоёр хуваагддаг. Эр эм бэлгийн эс нийлээд үр тогтсон өндгөн эс үүсдэг. Үүдэл эсийн нэг төрөл нь энэ. Үр хөврөлийн үүдэл эс гэж нэрлэдэг. Нөгөө төрлийн үүдэл эс нь бидний биенд насан туршид хадгалагдаж байдаг. Тэр үүдэл эс ихэвчлэн чөмгөнд байдаг.

Цус чөмөгнөөс үүсдэг юм. Дунд чөмөг болон шилбэний чөмгөнд үүдэл эс хамгийн их агуулагддаг. Хүүхэд төрөхдөө ээжтэйгээ хүйгээрээ холбогдсон байдаг шүү дээ. Хүй дотроо хоёр судастай. Тэр хүйн судсаар гүйж яваа цусанд үүдэл эс их хэмжээгээр байдаг. Гэтэл манайд хүүхдийг төрөнгүүт нь хүйг нь аваад хаячихдаг. Хүйн дотор байгаа үүдэл эсийг хаяж байна гэсэн үг. Өмнө нь шинжлэх ухаан үүнийг мэддэггүй байсан. Харин одоо тэр хүйнээс цусыг нь ялгаж аваад насан туршид нь хадгалдаг болсон. Гүн хөлдөөлтийн аргаар 200-300 жил хадгалаад гэсгээхэд үүдэл эс амьд хэвээр байж байна гэсэн үг.

-Үүдэл эснээс бүх эрхтэн үүсдэг гэхээр тэр хадгалсан эсээс элэг, уушиг, зүрх гээд ямар ч эрхтнийг ургуулж болно гэсэн үг үү?

–Тэгж ойлгож болно. Үүдэл эсээс янз бүрийн эсийг ургуулж болдог. Жишээ нь хүүхэд чинь том болоод элэг нь муудахад зөвхөн танай хүүхдэд таарах элгийг төрөхөд нь хүйнээс нь авч хадгалсан үүдэл эсээс ургуулж болно. Зүрх нь муудлаа гэхэд үүдэл эсээс нь зүрх ургуулах боломжтой болж байна. Үүдэл эс бол цохилж буй эс. Энэ эсийн судалгаа эхэлчихсэн, мэдлэг нь зузаараад маш хурдтай явж байна.

-Ямар улсууд илүү эрчимтэй судалж байна?

–Үүдэл эсийн судалгааны эх орон бол баруун Европ, Америк хоёр л байгаа. Япон нэлээд сайн явж байна. Хятад бас үүдэл эсийн судалгаа руу орсон.

-Эрхтэн ургуулсан амжилттай туршилт гэвэл?

–Анхны туршилтууд Иракт хийгдсэн. Хуруугаа буудуулсан цэргийн эрхий хурууг ургуулсан тохиолдол байна. Гэхдээ мэдээж тухайн хүн зөвшөөрсний дараа туршиж байгаа. Одоо цул биш эрхтнүүдийг ургуулахад асуудалгүй болсон. Арьс, давсаг, судасны хана, нимгэн булчингууд лабораторийн нөхцөлд ургах бүрэн боломжтой. Үүдэл эс гэж шинэ юм гарснаар зөвхөн анагаахын судалгаа ч биш биологи, нарийвчилсан химийн судалгаанууд хүртэл энэ эс рүү явж эхэлж байгаа.

Үүдэл эс нь байвал цусны хавдарыг ч анагаах боломжтой

-Тэгэхээр үүдэл эсээс ургуулсан цул биш эрхтнүүдийг эмнэлгүүдэд шилжүүлэн суулгаад эхэлчихсэн гэсэн үг үү?

–Шилжүүлэх суулгалтууд олон улсад эхэлж байгаа. Гэхдээ дандаа өндөр түвшний эмнэлгүүдийн хүрээнд өвчтний зөвшөөрлийн дагуу хийж байна. Зах зээлд нэвтрээгүй гэсэн үг. Хүүхдийн цусны өвчнийг эдгэдэггүй гэдэг шүү дээ. Шинэ иргэнээ төрөнгүүт хүйнээс нь үүдэл эсийг нь аваад хадгалчихсан оронд бол өөр. Хадгалсан эсийг цусны өвчтэй хүүхдэд шууд хийж болно.

Өөрийнх нь цусыг л өөрт нь хийж байгаа хэрэг. Ийм аргаар цусны хорт хавдар нь эдгэсэн, цусны янз бүрийн өвчин нь илааршсан тохиолдлын хувь маш өндөр байгаа. Одоо болтол практикт хэрэглэж байгаа. Туршлага нь хуримтлагдаж байгаа учраас шилжүүлэн суулгалт хийлгэж эдгэрч байгаа хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж байна.

-Манайд ч гэсэн цусны хорт хавдартай, цусны өвчтэй хүүхдүүд олон байдаг. Үүдэл эсийн банк байгуулчихвал ийм өвчтэй хүүхдүүдийн хувь заяа эергээр эргэх магадлал өндөр гэсэн үү?

–Үүдэл эсийг хүйнээс нь цуглуулж авч хадгалаад, хадгалсан эсээ олон болгож ургуулаад өөрийнх нь эсийг цусны өвчин туссан хүүхдэд буцаагаад хэрэглэж болох юм байна гэж бодож байгаа.

Дахин хэлэхэд үүдэл эсийг наад зах нь цусны өвчтэй хүнд хэрэглэдэг. Цусны хорт хавдартай хүнд химийн эмчилгээ хийдэг. Химийн эмчилгээний дараа хорт хавдар эдгэх магадлал 40-50 хувьтай байдаг. Эмчилгээ нь амжилтгүй болсон хүмүүст үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээг санал болгодог. Олон улсад 30 гаруй жил болсон практик л даа. Тэр тохиолдолд бүх биеэр нь хорт хавдар тархаж байгаа учраас өөрийнх нь үүдэл эсийг авч болдоггүй.

Тиймээс цус нь таарах хамаатан садан юм уу, бүх зүйл нь тохирох гадны хүний чөмөг, дунд чөмөгнөөс тариураар тодорхой хэмжээний цус соруулж аваад суулгадаг. Нэг ёсондоо цус шилжүүлэн суулгалт гэсэн үг. Гэтэл чөмөгнөөс үүдэл эсийг шилжүүлэн суулгахад донорын таарамж их доогуур байдаг. Дөнгөж аравхан хувьтай. Цусны хорт хавдрын дараагийн шат нь үүдэл эс шилжүүлэн суулгалт гэж баруунд танилцуулдаг.

-Хэрвээ хүйн цусны банк байгаад өөрийнх нь үүдэл эсээс эс ургуулж эмчилбэл яах вэ. Эдгэрэх магадлал хэчнээн хувь бол?

-Тийм бол өөр л дөө. 70 хувийн амжилттай байдаг.

Америк, Канад, Европод иргэдээ төрөнгүүт хүйн цусыг нь авч хадгалдаг

-Ямар улсууд хүүхдийг төрөнгүүт хүйнд байгаа үүдэл эсийг нь авч хадгалдаг вэ?

-Хүүхдийг төрөнгүүт нь хүйн цусыг нь авч хадгалдаг улсууд хэд хэд бий. Хүйн цусны банк Америк, Канад, Европын орнуудад байна. Хоёр төрлийн үйлчилгээгээр хадгалдаг. Нэг нь хувийн байгууллагаар, нөгөөх нь улсын байгууллагаар дамждаг юм. Улсынх нь болохоор улсын эмнэлэгт төрөнгүүт нь хүйг нь аваад улсын зардлаар насан туршид нь хадгалж өгдөг. Хувийнх ньболохоор төлбөр авч хадгалдаг гэсэн үг.

-Дэлхийд үүдэл эсээс цул эрхтэн ургуулсан туршилтууд хийгдсэн үү?

-Одоогийн байдлаар цул эрхтнийг ургуулах туршилтууд хийгдэж байна. Токиогийн их сургуулийн нэг эрдэмтэн ургуулсан элгээ видеогоор үзүүлж байсан. Ургуулсан элгээ шилжүүлэн суулгасан өвчтөнтэйгөө зургаа авахуулсан байна лээ. Өвчтнийхөө үүдэл эсээс нь аваад элэг ургуулсан гэсэн үг л дээ. Үүнийг туршилт гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Эмнэлгийн практик гэдгээр нь хүлээж авахад тодорхой хугацаа орох байх.

-Тэгэхээр үүдэл эсээс нь яг өөрт нь таарсан элэг, зүрх, бөөрийг ургуулж болох нь ээ?

-Үүдэл эсээс ургуулсан цохилж байгаа зүрхний эсийг сонирхсон хүн видеогоор харах боломжтой. Бөөрийг харахаар зүгээр л жижигхэн бөөрөнхий юм үзэгддэг ч зүсэлт хийгээд харахаар маш олон өөр төрлийн эсээс тогтсон байдаг. Бөөр олон төрлийн эсээс тогтсон учир ургуулахад төвөгтэйд тооцогддог. Гэхдээ эрдэмтэд ургуулах судалгаа хийсээр байгаа.

-Элэг, бөөр, зүрх гэдэг ондоо эрхтнүүд учраас үүдэл эсээс ургуулах орчин нь өөр байдаг байх. Эдгээр эрхтнүүд яаж бүтдэг бол?

-Ургахын тулд эхлээд тэр эс дотор өөрт нь генетикийн өөрчлөлт явагддаг. Чөмгөнд байгаа үүдэл эс, хүйн цусан дахь үүдэл эсийн орчин нь ондоо. Ясанд байгаа үүдэл эс гэхэд шингэн багатай, хүйн цусан дахь үүдэл эс болохоор шингэн орчинд байдаг учраас шингэн ихтэй.

Тэгэхээр орчинд нь бас өөрчлөлт бий гэсэн үг. Үүдэл эсийн зөвхөн орчныг нь судалдаг эрдэмтэд бий. Тэд үүдэл эсийг үс болж ургах уу, зүрх болж цохилох уу гэдэгт юу нөлөөлөөд байгааг судалдаг.Орчин, эс хоёрын харилцан үйлчлэл гэж байдаг. Орчноос нь шалтгаалаад генид нь нөлөөлж байна уу, эсвэл ген нь өөрт нь нөлөөлөөд орчноо сонгоод байна уу гэх мэтээр задлаад яривал их өргөн хүрээтэй, олон нарийн юмны нэгдэл болсон судалгаа болчихдог.

-Таныг Нью-Иоркийн Эрүүл мэндийн газрын үүдэл эсийн хүрээлэнд ажиллаж байсан гэж сонссон. Тэнд ямар судалгаа хийж байсан бэ?

-Би Нью-Иоркийн Эрүүл мэндийн газрын нөхөн төлжилт, сэргээгдэх үүдэл эсийн хүрээлэнд ажиллаж байхдаа хөгшрөлт яагаад явагддаг, хорт хавдар ямар учраас үүсдэг, хөгширсөн хүмүүс яагаад хорт хавдар илүү тусдаг талаарх холбоог судалж байсан.

-Тэгээд тэр холбоог нь олсон уу?

-Бас л эд эстэй холбоотой. Хөгшрөлт гэдгийг эд эс нь хөгшрөөд л өтөлж байгаа гэж ойлгодог. Гэтэл бид үүдэл эс байдаг гэдгийг мэдчихсэн. Үүдэл эс бол маш олон төрлийн эсийг импортолдог эс. Манай багш үүдэл эс өөрөө хөгширч байгаа учраас хүн хөгшрөөд байгаа юм биш биз гэсэн санаа дэвшүүлсэн.

Хэрвээ үүдэл эс хөгширдөггүй байсан бол мах, булчингаа байнга боловсруулаад хүн хөгшрөхгүй. Хөгширнө гэдэг бол эс хурдан үхэж байгаагийн шинж. Хорт хавдар ч эстэй холбоотой. Тухайн эс үхдэг программаа мартаад үхэхгүй үржээд байгааг хорт хавдар гэдэг. Үхэх кодоо танихгүй алгасаж давхиад үржиж томроод, өөр эрхтэнд очиж үсэрхийлээд байдаг.

Гэтэл эмч нар ингэж тайлбарлаж өгдөггүй. Тэгэхээр хөгшрөлт, хорт хавдар гэдэг нэг юмны хоёр тал болж таарч байгаа юм. Би яг энэ холбоог судалж байсан. Энэ холбоог жирийн эсэн дээр биш үүдэл эсэн дээр судалсан.

-Монгол бүсгүй үүдэл эс судалж байгаа гэхээр гадныхан яаж хүлээж авдаг вэ?

-Их гайхдаг. Монголыг тал дундах ганц гэрээр төсөөлдөг шиг байгаа юм .Үүдэл эс судлалын олон улсын холбоо гэж байдаг. Би Монголоос анхны гишүүн нь болсон. Японд үүдэл эсийн хуралд оролцож илтгэл тавихад уулзсан хүн бүр л гайхаж байсан. Дэлхийн шилдэг эрдэмтэд оролцдог хурал учраас аргагүй л дээ. Герман, АНУ-д судалгаа хийж байхад ч тэгж ханддаг байсан.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

  1. Үүдэл эс гэж байдаг тухай 10-аад жилийн өмнө уншиж, ирээдүйд түүнээс эрхтэн ургуулна гэхэд нь итгээгүй. Шинжлэх ухаан гайхалтай хурдан хөгжиж байна. Манай улс нярайг төрөхөд үүдэл эсийг нь аваад ном журмаар нь хөлдөөчихдөг болчихвол том дэвшил шүү. Энэ талаар судалдаг эрдэмтэн, судлаач нар олон байх болтугай!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img