Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор өнгөрсөн оноос “Уул уурхайн долоо хоног”-ийг зохион байгуулах болсон. Энэ оны “Mongolian Mining week-2023” ирэх 10 дугаар сарын 9-13-нд болох талаар зохион байгуулагчид мэдээллээ.
“Уул уурхайн долоо хоног”-оор салбарын чуулга уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, нүүр тулсан уулзалтууд болдог. Тодруулбал, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйгээс эхлээд шинэчлэл, хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хөнддөг. “Mongolian Mining week-2023” чуулганыг УУХҮЯ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран зохион байгуулах аж. Чуулганаар Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хийж буй шинэчлэлүүд, хөрөнгө оруулалтын орчин зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх нь.
Өнгөрсөн жил эхэлсэн “Уул уурхайн долоо хоног”-ийг Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран зохион байгуулсан юм. Тухайн үед уг арга хэмжээ нь ковидын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг идэвхжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор өрнөсөн “Уул уурхайн долоо хоног” байлаа.
Энэ жилийн хувьд манай улсад уул уурхайн бирж ажиллаж эхэлснээр эрдэс баялгаа цахимаар арилжих болсон, уурхайнуудын борлуулалтын орлого огцом өсөж, төмөр зам, хил гаалийн болон боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж буй таатай нөхцөл байдал бүрдэж буй үе таарч байна. Гэхдээ дээрх цаг үетэй давхцаад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүй өсгөсөн нь үйлдвэр, уурхайнуудыг хүнд байдалд оруулж буй байдлыг хэлэлцэн шийдэх зэрэг хүлээлттэй байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Түүнчлэн нүүрсний нөөцийг хаягдалгүй ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд татварын зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг салбарын хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрч, төрийн бодлогод тусгалаа олохыг нь хүлээж буйг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэллээ.