2024-12-22, Ням
-28 C
Ulaanbaatar

Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх үнэт цаас гаргахыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжив

НИТХ-ын ээлжит бус XIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулан, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулаад буй.

Үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх зэрэг шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.

Энэ хүрээнд үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Хэлэлцүүлсэн асуудалтай холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Ийн төлөөлөгчид олонхын саналаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг дэмжив. Ингэснээр нийслэл анх удаа үнэт цаас гаргахаар боллоо.

Эх сурвалжНЗДТГ-ЫН ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img