-Өнгөрсөн түүхэнд хачир нэмэхэд гутахаас бус ариусахгүй-
-Монголчууд таны хэлснээр зөвхөн цуст дайны ул мөрийг түүхэнд үлдээгээгүй. Таны хувьд шинжлэх, соёл, боловсролын үрийг тарьсан гэдгийг нь судалж олж тогтоосоор яваа хүмүүсийн нэг. Дэлхийн түүхээс нэрээ үнэнээр нь олж авах ажлыг юуны түрүүнд монголчууд өөрсдөө хийх ёстой. Гэхдээ монголчуудын түүхийг мушгин гуйвуулсан гадаад төдийгүй дотоод агуулгыг бид хойч үедээ үзүүлсээр л байна. Үнэн түүхийн төлөө явж буй таны үг энэ үед чухал байна…?
-Одоо зарим утга уран зохиол, орчуулгын мэдээ баримт, ном зохиолоос олон нийт байлдан дагуулал гэдгийг зөвхөн дайн тулаан гэж ойлгодог. Харин монголчууд олон дэвшилттэй зүйлд дэлхий ертөнцийг байлдан дагуулсан гэдгийг хэлмээр байна. Чингис хаан болон түүний залгамжлагч их хаадын бүтээн байгуулсан, босгон хөгжүүлсэн дэлхийн 1000 гаруй хот сууринд нэгээс илүү удаа биеэр очсон хүний хувьд ингэж хэлж чадна. Дэлхийн урлаг, соёл, уран барилга, одон орон, шинжлэх ухаан, улс төр, эдийн засгийн маш олон дэвшилтэт хөгжлийн үндэс суурийг тавьсан их хаадын үр хойч, удам угсаа бид мөн учраас бид бахархах ёстой.
Мөнх хааны өргөөнөөс харвасан сумны тусах зайд морины уяа нь байж
-Өнгөрсөн түүхээрээ бахархах нь хий хоосон зүйл юмаа гэсэн утгатай үгийг зарим хүмүүс хэлдэг. Монголчууд яагаад их түүх, эх хэл, өв соёлоороо бахархах учиртай талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Олон жилийн өмнө нэгэн сэтгүүлч надаас “Бид одоо түүхээрээ бахархах нь үнэ цэнгүй юм бишүү” гэж асууж байсан. Энэ асуулт, энэ эргэлзээ өнөөдөр ч гэсэн дахин яригдаж байгаа нь судлаачдын хувьд, түүхчдийн хувьд бид хангалттай ажиллахгүй байгааг л харуулж байна. Олон нийтэд бид чухам ийм учраас бахархах ёстой юмаа гэж баримтаар харуулах ёстой.
Өвөг дээдсээрээ, өндөр түүхээрээ бахархаж, уламжилж, залгамжилж явах үүрэгтэй хүмүүс. Залгамж бодлоготойгоор хөгжиж Монголын эзэнт гүрний бүтээж үлдээсэн тэр баримтат өвийг олон салбаруудад шингээн оруулах ёстой. Жишээ нь уран барилгадаа, хот төлөвлөлтдөө, шинжлэх ухаанд, урлаг соёлдоо өвөг дээдсийнхээ тэр гайхамшигт үнэт өвийг шингээн оруулж, тээн авч явсан бол бид Монгол гэсэн онцлогтойгоор хөгжин цэцэглэнэ. Эдгээр соёлын баримтат өвд манай улс үндэстний хөгжин дэвших утга чанар, арга зам шингээстэй байна. Нийслэл хотынхоо гудамжаар яваад үзвэл мэдээж өндөр сайхан шилэн барилгууд байна.
Харин тэдгээр байшин барилгын усны хаялга нь, гудамж талбайн зохион байгуулалт нь бүрэн утгаараа байна уу. Гэтэл 800 жилийн өмнө Мөнх хааны өргөөнөөс харвасан сум тусах зайд морины уяа нь байдаг хэмээн түүхэн сурвалжид бичигджээ. Харин бидний өнөөгийн амьдарч буй Эзэнт гүрний голомт хотод маань хүн унаа, тэргээ байршуулах харвасан сумны зайтай уужим зогсоол хэд байгаа билээ?
-Өнөөгийн машины зогсоолоо шийдсэн байдал, Мөнх хааны морины уяа байрлаж байсан газрыг харьцуулаад харахаар эзэнт гүрний ба өнөө цагийн Монгол төрийн бодлого ухааны ялгаа тэнгэр газар шиг санагдаж байна шүү. Их хаад маань байгуулсан хотдоо үер усны аюулаас сэрэмжлэх ямар шийдлийг ажил хэрэг болгож байсан юм бол?
-Монголын эзэнт гүрний дөрвөн их улсын баруун хязгаар Алтан орд улсад гэхэд л монголчууд ойролцоогоор 150 хот байгуулсан. Энэ бол бидний бахархал. Би жишээ нь Монголын их хаадын бүтээн байгуулсан, сэргээн босгосон 1000 гаруй хотод очсон. Тэдгээр хот суурингийн барилга байшингийн дээвэрт буусан хурын усыг доод давхар руугаа буулгаж, хаялга нь урссаар тариан талбай руу хүрдэг шийдэлтэй байж.
1253 онд Мөнх хааны зарлигаар Хүлэгү хаан эзэнт гүрний баруун хязгаарыг зорьж 1256 онд Ираны Мараге хотод Ил хаант улсын нийслэлийг байгуулсан. Энэ газар нутагт монголчууд одон орны хүрээлэн, шинжлэх ухааны төв, 400 мянган номтой номын сан, 32 мянган гадаад эрдэмтдийн орон сууц, 1500 дэлгүүр, үйлчилгээний газар, нийтэд зориулсан халуун усны газар, өндөр настан, өнчдийг асрах газар зэргийг байгуулж байжээ. Энэ бол бидний бахархал.
ТАСАМ-ын хувьд хилийн чанад, тухайлан дотоодын мөргөлдөөнтэй, хаалттай хоригтой бүсэд очиж ажилладаг учраас Монголдоо байгаа дурсгалын тухай ярьдаггүй. Яагаад энэ гурван бүс нутгийг зорьж байгаа вэ гэхээр 800 жилийн турш оршин байсан соёлын дурсгалууд, тархан суурьшсан элэг нэгт монголчууд маань устах, уусах эрсдэлд орчихоод байна.
Монголчуудын энэ түүхийг устахаас, уусахаас, хайлахаас, мөхөхөөс нь өмнө дуу, дүрс бичлэгийн баримтат өв болгон буулгаж ирдэг. Дандаа хилийн чанадад байгаа соёлын дурсгалыг ярихаар заримд маань бас ойлгогддоггүй байх. Энэ 1000 гаруй хотод монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй, өндөр тэнгэрийг бэлгэдсэн бөмбөгөр оройтой, нуман хэлбэрт хаалга, цонхтой уран барилгуудыг байгуулж байсан. Энэ бүхэн бидний бахархал.
2005 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын өв”-д дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж Монгол хаан Өлзийтийн ордон нэрээр өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран улсын Занжонь мужид Султание нэртэй байгууламж бий. Энэ нь 200 тонн жинтэй бөмбөгөр оройтой, нэг ч тулгуур баганагүй, гадуураа бүхэлдээ номин чулуун шигтгэмэлтэй, 3 давхар, нийт 24 талтай ийм тансаг сүр жавхлант ордныг бүтээж байжээ. Энэ бол бидний бахархал. Хожим энэ ордноос Гүр Эмир буюу Төмөр хааны бунхан, алдарт Таж Махал, Италийн Флоренц хот дахь Санта Мариа дел Фюрье сүмийг барихад загварлан авсан.
Монголчууд бид өнөөгийн байгаа нийгмийн бүтэцээ энэ түүхэндээ суурилж зураагүй учраас эзэнт гүрний голомт болох Улаанбаатар хот маань XXI зуунд нүхэн жорлонгоосоо ч салаагүй байна. Маш олон салбартаа бид хөгжлийг авчирч чадахгүй байна. Яагаад гэвэл бид бүгдээрээ түүхээ мэдэхгүй байна, бахархлаа мэдэхгүй байна.
-Ийм баялаг түүхтэй байж бид үр хойч үеийнхээ тархийг гадны сериал, тэдний зохиомол түүхүүдээр угаахаас хэтрэхгүй байх шиг санагдах юм…?
-XXI зууныг шинжлэх ухааны, соёлын буюу агуулгын зуун гэдэг. Наад захын телевизийн сувгийг нээхэд л гадны савангийн дууриуд хөвөрч байдаг. Гэтэл бидний үзэн гайхан биширч даган дуурайгаад байгаа тэр Солонгосын кинонд гарч буй хаад, ноёд, ван, гүн нэгэн зууны туршид Монголын эзэнт гүрэнд татвар төлсөн юм шүү. Тэднийг хаанчилж байсан улс түмэн бид өнөөдөр үр хойчдоо хэний, ямар түүхийг үзүүлж байна вэ.
Бид түүхэндээ тэргүүлэгч гүрэн үндэстэн байсан. Манжураас Унгарын тал нутаг хүртэл, Сибирээс Суматра арал хүртэл энэ өргөн уудам нутгийг эрхшээн захирахдаа монголчууд хэчнээн агуу их хаадтай, ямар бодлоготой байсан бэ гэдгийг агуулгын энэ зуунд үр хойчисдоо хүргэх л ёстой.
-ТАСАМ ТТБ-д л гэхэд монголчууд өөрсдөө үзэхээр асар их материал байгаа шүү дээ?
-ТАСАМ эхний 10 жилийн хугацаандаа телевизийн баримтат цуврал хийсэн. Зарим газарт бид 20-оос дээш удаа очиж байсан. Чингисийн сүүлчийн байлдан дагууллаар үлдсэн Цагаан монголчууд, Дунсиан монголчууд дээр 35 удаа очиж байж 40 минутын баримтат кино гаргадаг байсан. Энэ бол соёл судлаач хүний ажил. Энэ бол домог биш бодит түүх. Уг нь ийм бодит түүхийг үзсэн ямар ч монгол хүний зүрх сэтгэл хөдөлдөг. Түүх, үндэс угсаагаараа бахархах сэтгэл нь эрхгүй төрдөг юм билээ. Эхний энэ 10 жилийн ажил хүмүүст сайн хүрсэн. Одоо харин бид хэвлэл, номондоо гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Дэлхийн 500 гаруй хотод Монгол хаадын тамга дардастай зоосыг цутгаж байсан гээд ярихад л ямар агуу түүхтэй ард түмэн бэ гэдгээ бид ойлгоно
-Та Монголын түүхээс үлдсэн соёлын өв дурсгалыг чанаргүй цаасан дээр, муу хэвлэх эрх бидэнд байхгүй ээ гэж хэлж байсан. Тиймээс л ном бүтээлүүд тань өндөр зардлаар бүтэж басхүү үнэ цэнийг өөртөө оршоодог байх?
-Тийм шүү. Бид дэлхий дахиныг алмайруулсан тэр түүхийн эзэд нь учраас зүгээр л нэг цаасан дээр, зүгээр л нэг хямдхан өнгө будгаар, зүгээр л нэг ном бичмээргүй байна. Монголчуудын бүтээл учраас монгол хэлээр, Эзэнт гүрний түүх учраас монгол бичгээр, дэлхий дахинд хүрэх учраас англи хэлээр, НҮБ-ын хэлүүдээр бичих ёстой. Агуулгын, технологийн зуун учраас хэвлэлийн хамгийн чанартай, хамгийн шилдэг технологиор хэвлэх ёстой. Монголын түүхийг дэлхий дахин төдийгүй бид өөрсдөө ч хямдхан хувилбараар харж, хямдхан хуулбараар унших ёсгүй. Түүх бичлэг хавтаснаасаа л Монголын түүх ямар агуу, эрхэм вэ гэдгээ илтгэж байх учиртай.
Дэлхийн 500 гаруй хотод Монгол хаадын тамга дардастай зоосыг цутгаж байж гээд ярихад л ямар агуу түүхтэй ард түмэн бэ гэдгээ бид ойлгоно. Одод тэнгэрийн орчлыг судлаад тогтохгүй судалгааны тоног төхөөрөмжөө бүтээдэг байжээ. Одоогийн Иран улсад мөнөөх академи, шинжлэх ухааны хүрээлэнгийн тууриуд бий.
Хилийн чанад дахь соёлын дурсгал, хилийн чанад дахь монголчуудын мэдээлэл гээд энэ ажлыг бүхий л салбарт дэмжих ёстой байдаг. Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг бичиг баримт дээр тулгуурладаг энэ ажлыг өнөөдөр манай ТББ хийж байна.
Энэ 18 жилийн хугацаанд бид дуу, дүрс бичлэгийн баримтат өвийг хэдэн мянган цувралаар хүргэж болохоор материал архивласан. Энэ бүгдийг судалгааны эргэлтэд оруулах эдийн засгийн болоод цаг хугацааны боломж бидэнд байдаггүй. Энэ боломжоо бид устах аюулд ороод байгаа тэр соёлын дурсгалын хойноос явахад зарцуулахыг илүүд үздэг.
-Та баримтат өв, соёл судалж баринтаглах судалгаа хийх энэ 18 жилийн хугацаандаа маш хэцүү бэрхийг үзэж туулсан. Өөрийнхөө хувийн тэмдэглэлээр ном гаргах бодол байдаг уу?
-Бид соёл судлаачид учраас тухайн улсын соёлыг сайтар судалж мэдэж, дагаж явах болдог. Иракт очихын тулд халдлага хамгийн бага гардаг улиралд явдаг. Гэсэн ч сүүлийн судалгаа, зураг авалтын үеэр Монгол буцахын өмнөх өдөр дэлбэрэлтэд өртөж сонсголгүй, хэлгүй болох шахаж байлаа.
Үүнийг судалгааны явцын агуулгадаа оруулж болохгүй. Учир нь нэгдүгээрт, түүхийн агуулгын үзэл санааг хоёр хувааж болохгүй. Устаж үгүй болохын даваан дээр баримт материал судалж цуглуулж, түүхийн жимээр алхаж, цаг хугацаатай уралдаж яваа судлаач хүн агуулгадаа Санчир гэдэг хүний хувийн асуудлыг хавчуулаад байж болохгүй шүү дээ.
Энэ бол миний ажилдаа баримталдаг зарчим. Улс төр, нийгэм соёлын ангид орчинд аялан судалгаа амаргүй байдаг. Гэхдээ хүмүүс хүний хувийн асуудлыг илүүтэй сонирхдог юм шиг. Нөгөө талаар арайхийж олсон судалгааны зардлаа хувийн аялал тэмдэглэлдээ зориулах боломжгүй. Манай ТББ-д төрөөс ямар нэг төсөв, дэмжлэг байдаггүй. Бид татвар, нийгмийн даатгалаа төлдөг. Бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд л судалгааны материалаасаа дээжлэн олон нийтэд соён гэгээрлийн үйл ажиллагаагаа явуулдаг.
Дэлхийг алмайруулсан түүхийн эзэд байж номоо зүгээр л нэг цаасан дээр бичмээргүй байна
-Та номынхоо үнийг хүмүүст хэлэхээс жаахан эмээдэг гэсэн. Яагаад тэр вэ?
-Би номынхоо үнийг хүмүүст хэлэхээс санаа зовдог. Жишээ нь Төрийн Соёрхол хүртсэн
“Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” гэдэг ном дэлхийн гурван улсад, дөрвөн төрлөөр хэвлэгдсэн. Монголчууд Иранд төдийлөн зорчоод байдаггүй, Туркэд ажил хийх гэж очдог. Тэгвэл өнөөдөр Монголын эзэнт гүрний түүхийг XXI зууны стандартаар, хэвлэлийн технологиор хэвлэхийн тулд дэлхийн тэргүүлэх хэвлэлийн үйлдвэрүүдэд очих ёстой болдог. Номоо хэвлэхийн тулд бид нар Иран руу зургаан удаа явж ирсэн. Тэнд заавал бэлэн мөнгөө барьж очно.
Олон улсын карт, нийгмийн сүлжээ, gmail, youtube, кредит карт үйлчлэхгүй. Гадаад хүн явж байвал “Банк явж байна” гэж хардаг. Хэзээ ч эрсдэлд орох аюултай гэсэн үг. Ийм бүс нутагт зургаан удаа очсоныхоо хүчинд 8 улсаас олдсон 200 гаруй соёлын дурсгалуудыг олон улсын судалгааны эргэлтэд анх удаа монгол бичиг, кирилл үсэг, англи хэл бичиг, перс хэл бичгээр хэвлэж гаргаж чадсан. Маш их зардал гарсан. Гэхдээ бидний түүх тийм бардам, бахдам, үнэ цэнтэй байх ёстой гэдэгтээ итгэл төгс байдаг.
“Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” гэдэг номын хавтсан дээр байгаа тэр цагаан цэнхэр өнгийн ханын шигтгэмэл 1258 онд Хүлэгү хааны одон орны оргилын тууриас олдсон. Зөвхөн тэр шигтгэмэлийн тэнгэрийн номин өнгийг гаргахын тулд дэлхийн гурван улсын дөрвөн хэвлэлийн үйлдвэрт очсон. Яагаад гэвэл дэлхийн урлаг соёлын түүхэнд монголчууд мөнх тэнгэрийг бэлгэддэг учраас тэнгэрийн номин өнгийг тэр чигээр нь буулгаж үлдээх ёстой.
Монголчууд Дундад дорнын дүрслэх урлагт алтан хээ, чимэглэл, тухайлан өлзий, хас, алхан, түмэн насан, хөөцөлдүүр, усан хээг оруулсан. Эдгээр нь урлаг, соёлын шинэчлэлийн баримтат өв. Энэ бүгдийг бид хар цагаанаар дүрсэлж болохгүй шүү дээ. Түүхийг зөвхөн түүхчид, эрдэмтдэд зориулж бичдэггүй. Олон нийтэд, бүхий л ажил, мэргэжлийн хүмүүст зориулдаг. Өнөөдөр манай ном бүтээлүүд хэвлэгдэж ирэх тэр мөчид өндөр үнэтэй байгаад нь миний сэтгэл шимширдэг. Зөвхөн хэвлэлтийн өртөг л гэхэд их өндөр гардаг. Гэхдээ бид ном хэвлэлийнхээ үнэлгээнд 10 гаруй жилийн хугацаанд зарцуулсан аялан судалгааны зардал өртөгөө тусгадаггүй. Одоо маш олон хүмүүс манай ажлыг хүлээдэг болсон.
Энэ бол миний бидний залуу нас, амь амьдрал, хайртай хүмүүстэйгээ хамт байх байсан цаг хугацаагаа зориулсан, эрүүл мэндээ золиослон явсан он жилүүдийн ард хүмүүс ингэж хүлээдэг. ТАСАМ-ын ном ямар үнэтэй байх хамаагүй, үнэ асуудаггүй. Жишээ нь барилгын инженер мэргэжилтэй нэг хүн “Би Монголын түүхийг ийм байх ёстой гэж боддог байсан. Би явж чадаагүй. Та нар хийж байгаад баярлалаа. Энэ ажилд чинь ийм хувь оруулъя” гэж дэмжиж байлаа. Тэр дэмжиж байгаа хүмүүсийн ажил үйлс гялалзаж, дэлгэрдэг.
-Түүхэн баримтуудыг нэг бүрчлэн явж судалж, сурвалжлан баринтаглах өөрөө их ач холбогдолтой үйлс юм. Харин олон түүхэн бүтээлүүд зохиолтой хутгалдаад зааг ялгаа нь бүдгэрч түүхэн үнэн гуйвах болжээ. Энэ тухайд та ямар бодол санаатай явдаг вэ?
-Түүхэн сурвалжууд, түүхэн зохиолууд, утга зохиолууд, орчуулгууд ямар эх сурвалжаас авсан, тэнд хэтрүүлэг байна уу, үгүй юу гэдэг нь санаа зовох зүйл мөн.
-Өнгөрсөн түүхэнд хачир нэмэхэд гутахаас бус ариусахгүй. Түүх бол үнэн, гуйвшгүй байх ёстой. Үүний тулд баримт, соёлын дурсгалд тулгуурладаг. Монгол соёлыг, Монголын түүхийг, монгол үндэстний язгуур чанарыг мэдэхгүй, эх сурвалж, сурвалж бичигт суурилагдаагүй түүхийг зохион бичиж болохгүй.Нэгдүгээрт биеэр явж баримт материалыг цуглуулах маш чухал.
Манай баг мөн Араб, Перс, Итали, Францын эрдэмтэд, бичгийн хүмүүсийн бичсэн эх сурвалжийг судалдаг. Мөн архивын хэрэглэгдэхүүнийг ашиглах. Энэ эх сурвалж 800 жилийн өмнөхөөс орчуулга нь яаж өөрчлөгдсөн байна гэдгийг харгалзан үзэх гэх мэт судалгаа бол нүсэр ажил.
Монгол хүн түүхээ үнэн зөвөөр мэдэх тусам өнөөдөр ба ирээдүйгээ маш бахархалтайгаар бичнэ. Бид маш агуу эзэнт гүрний түүхтэй улс. Үүнийг мэдүүлэхгүй байхын тулд гадны маш олон хүчин зүйлүүд хэдэн зууны өмнөөс нөлөөлж ирсэн.
Чингис хаан Гансугийн цөл, Хөх нуур, Төвөдийн өндөрлөг хүртэлх газарт монголчуудаа үлдээсэн
-Та Тархан суурьшсан монголчуудтай уулзаж явдаг хүн. Тэдний тухай баримтат киног үзэхээр сэтгэл үнэхээр өвдөх юм…?
-Өнөөдөр дэлхийн 40 улсад эзэнт гүрний байлдан дагууллаас тархан суурьшсан монголчууд амьдарч байна. Тэд бол зохих хэмжээгээр хэлээ, соёлоо, бичгээ, хувцас зүүсгэлээ, идээ шүүсээ, угсаатны онцлогоо хадгалан үлдсэн монголчууд. Монгол хүний язгуур зан чанарт туйлын үнэнч байдал байдаг.
1227 оны сүүлчийн байлдан дагуулалтаараа Чингис хаан Гансугийн цөл, цаашаагаа Хөх нуур, Төвөдийн өндөрлөг хүртэл монголчуудаа үлдээсэн. Үлдээхдээ дэлхийг эрхшээн захирч дуусаад эргэж ирээд аваад явна гээд үлдээсэн. Намайг очиход тэр хүмүүс хувцсаа боогоод шууд хамт явна гэсэн. Би нэгхэн өдрийн хугацаатай очсон л доо. Би тэр хүмүүсийн хэлээр шууд нэвтрэлцэхгүй учраас маргааш шууд буцна гэж хэлэх зүрх байгаагүй. Маш хэцүү.
Тэдэнтэй Алтай язгуурын дундад эртний монгол хэлээр ярьдаг. Би нэг сарын хугацаанд хэлийг нь сурсан. Тэгээд Монголын эзэнт гүрний байлдан дагуулалт дууссан. Азийн цээжинд нэг ийм улс байгаа. Монгол руу явахын тулд бичиг баримт, пасспорттай байх ёстой гэдгийг хэлсэн. Тэд давхар хоригтой газар амьдардаг, улсынхаа хилээр гарна гэдэг ч маш хэцүү. Монголдоо буцаж ирээд нэг сар нойргүй хоносон доо. 775 жилийн дараа очсон анхны монгол хүн нь би байсан. Хэн хэзээ, хэдэн жилийн дараа очих бол гээд сэтгэл өмөрдөг.
Сарын дараа ажлаасаа гараад шууд үүргэвчээ үүрээд замдаа гарч Цагаан монгол, Шарай голын монгол, Дунсиан монголчуудаа зорьсон. Тэндээс Монголын байлдан дагууллын жимээр Хар тэнгис хүртэл явъя гэж шийдсэн. Чингис хааны байлдан дагууулал 1218 онд Отрар хотод, 1220 оны Бухара, Самарканд хотуудад хэрхэн очсон, хэдэн хүнээ үлдээсэн юм, одоо хэдэн хүн байна, ямар угсаатны онцлогтой байна тэр бүхнийг буулгах гэж явсан. Би уг нь урлаг судлаач, зураач мэргэжилтэй хүн. Би түүхч биш.
Сүүлийн 18 жил соёл судлалаар мэргэшиж байгаа ч түүхийн тасарсан судалгааг харуулахын тулд зайлшгүй орох ёстой л болдог. Жишээ нь Монголын эзэнт гүрний баруун хязгаар хаадын хаан, Газан хаан гарамгай удирдагч, Перс, Түрэг, Энэтхэг, Хятад болон бусад үндэстний түүх соёлыг ч судлах шаардлага гарсан. Ингээд судлаад үзэхэд Монголын их хаад эрдэм чадалтай хүмүүс байжээ. Монголын эзэнт гүрний дөрвөн их улсын баруун хязгаарын нэг хаан үүгээр ч зогсохгүй алт мөнгөний дархан, модны мужаан, зураг, сийлбэрт ч мастер урчуудаас дутахааргүй авьяастай байсан байна.
Газан хаан алхими, шинжлэх ухааны бусад салбаруудад гаргууд нэвтэрсэн бөгөөд одон орны шинжлэх ухааныг шимтэн сонирхож, ивээлдээ авч байсан хүн. Ийм учраас монголчууд урлаг, соёлыг төгөлдөр хэмжээнд хөгжүүлсэн. Хэрэв монголчууд араб, персүүдийг байлдан дагуулаагүй байсан бол дэлхий дахин сүйрэлд орох байсан гэж араб, персүүдийн эх сурвалжуудад байдаг.
Тэр үед өнөөгийн амиа золиослогчид, алуурчид дэлхий дахиныг донсолгож эхлэх гэж байсныг Мөнх хаан зарлиг гаргаж, тэр нутгийг засан товхинуулсан. Ийм учраас өнөөдөр дэлхийн дээвэр, тэнгэрийн хаяа, газрын мухарт монголчууд намайг, биднийг хүлээн суугаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аян замаа маш их санаж байна.
-Монголчууд бид түүхээ хэр мэддэг хүмүүс юм бэ? Бид түүхээ мэдвэл яах вэ?
-Төгөлдөр асуулт байна. Өнөөдөр цаг нийгэм, улс төрийн учир шалтгааны улмаас ард түмний амьдрал янз бүр байна. Хатуу хэлж байж магадгүй ч түүхэнд дэх хамгийн бэрх цаг үе энэ болов уу. Гэхдээ бид агуу түүхтэй, агуу дээдэстэй, агуу бүтээн байгуулалттай ард түмэн. Харин өнөөдөр түүхийн энэ баримтат өвөөс гэр бүлдээ, ажил хэрэгтээ, бизнестээ, нийгэм соёлын бүхий л салбарт, уран барилга, урлаг соёлд, дүрслэх урлагт, шинжлэх ухаанд, одон оронд, хими физик, инженерийн салбарт, утга уран зохиолын түүх бичлэгийн салбарт уламжлалаа оруулах учиртай. Тэгвэл энэ уламжлалдаа дөрөөлөн хөгжинө. Тийм учраас Монгол хүн болгон түүхэндээ эрт орой хэзээ вэ гэдгээс хамаарч хувьтай, хүчтэй, оролцоотой, сэтгэлтэй, зүтгэлтэй байхыг хичээдэг.
Монгол хүн л бол Монголын төлөө цохилох зүрхтэй байдаг. Тэр цохилох зүрх тодорхой хэмжээний хувьтай байдаг. Тиймээс түүхээ жаахан ч гэсэн танин мэдсэн ямар ч монгол хүн ажил, амьдралдаа ямар шинэчлэлийг түүхэндээ дөрөөлөн оруулах вэ гэдгийг бодож эхэлдэг. Энэ бидний хөгжлийн маш чухал голдирол. Энэ бидний бахархал. Энэ бидний залгамж чанар байх ёстой.
Перс араб эх сурвалжаас гэжээ. Гол нь өөрөө мань эр перс араб хэл алийг нь ч уншиж чадахгүй шүү дээ.
Тэнэг монгол өнөөх чингэсээ ярьсаар хөгжил нь хойшилсоор🤣