2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

Г.Барсбаатар: Фэйсбүүкээ алдсан хүмүүсийн ихэнх нь phishing email-ийн хохирогчид байдаг

Mandal risk management компанийн гүйцэтгэх захирал Г.Барсбаатартай ярилцлаа.

И-мэйлээ алдчихад л маргааш нь санхүүгүй, хувийн амьдралгүй болчих өндөр эрсдэлтэй

-Зарим хүмүүс фэйсбүүкийг нууцлал муутай гээд огт хэрэглэдэггүй. Мөн энд тэндхийн үнэгүй wifi хэрэглэдэг хүмүүс нууцлалаа алдах магадлалтай гэж сонссон. Шалтгааныг нь манай уншигчдад тайлбарлаад өгөөч?

-Нэгдүгээрт, сошиал ашигладаггүй хүмүүс олон бий. Интернэтэд ямар нэгэн зүйл тавигдсан л бол өгөгдөл нь байж байдаг учраас тэр л дээ. Жишээ нь миний фэйсбүүктээ тавьсан зургийг интернэт орчинд дурын хүн харж чадна. Дурын хүн өөртөө татаад хадгалж болно. Магадгүй жаахан эвгүй гарсан зургаа интернэт орчинд тавиад арван жилийн дараа харамсахуйц зүйлтэй нүүр тулах эрсдэлтэй. Ялангуяа өсвөр насныхан ямар ч хамаагүй зургаа их цахимд оруулдаг. Ингэж оруулсныхаа төлөө харамсах өдөр ирж магад шүү дээ.

Ажилд орох гэтэл, эсвэл өөр ямар нэгэн зүйлтэй хамааралтай орчинд очиход хүнд харуулахааргүй зургаа тавьчихсан бол яах вэ. Зургаа нэг л тавьчихсан бол наад зах нь 1 сая хүн харж байгаа. Татаад авчихсан тохиолдолд устгах ямар ч боломжгүй. Хэн нэгэнтэй чатласан чат, имэйл байна уу, хамаагүй. Өөрийн мэдээллээ цахимд тавьсан л бол устгах боломжгүй.

Хоёрдугаарт, дэлхий дээр түгээмэл флатформууд болох фэйсбүүк, инстаграмм, тик ток, телеграммыг нээхдээ хүмүүс мэдээллээ үнэн зөвөөр бөглөчихдөг. Би тэдэн сарын тэдэнд төрсөн, ийм улсын тийм хотод амьдардаг, ийм газар сурсан, ийм газар ажилладаг, миний гэр энэ, би ийм машинтай гээд. Би өглөө ийм юм иддэг, ажилдаа ингэж явдаг гэх мэтээр өөрийн мэдээллээ маш их хэмжээгээр түгээдэг. Түүнийг нь өөрийнх нь эсрэг ашиглах боломжтой болоод байна л даа, одоо.

-Сошиал орчиндоо түгээсэн мэдээллийг нь өөрийнх нь эсрэг яаж ашиглах боломжтой вэ?

-Олон төрлөөр ашиглаж болно. хамгийн энгийн нь тэр хүний нууц үгийг олох боломжтой.

Фэйсбүүк

-Хүмүүс нууц үгээ байнга шинэчилдэг болоод байгаа. Ингэсэн ч нууц үгээ алдах эрсдэлтэй гэсэн үг үү?

-Монголчуудын нууц үг маш түгээмэл хэлбэртэй. Уг нь нууц үг, пасс код шинэчлэгдээд байгаа. Наймаас дээш оронтой байх ёстой. Жижиг үсэг, том үсэг, онцгой тэмдэгт орох боломжтой. Гэхдээ хүмүүст хэцүү юм шиг код хийсэн ч таахад амархан болчихсон. Жишээ нь, хүмүүсийн хамгийн түгээмэл хийдэг код нь өөрийнх нь нэр байдаг. Эхний үсэг томоор, өөрийн нэр бүтнээрээ, төрсөн он сар, араас нь цэг, үгүй бол анхаарлын тэмдэг, эсвэл чагт тавьдаг.

Нууц кодоо ингэж хийгээд ихэнх хүмүүс алддаг. За энэ биш юмаа гэхэд хайртай хүнийхээ нэр, хайртай хүндээ дургүй бол хүүхдийнх нь нэр гээд хөөхөд л баргийн хүний нууц үг олдчихоод байгаа юм. Энэ бүх мэдээлэл олон нийтэд тэртээ тэргүй ил байна шүү дээ.

Тэр бүгдийгээ өөрсдөө сошиал хуудсаараа зарлачихдаг. Сошиал мэдээллийг нь олчих юм бол имэйл рүү нь орж болно. Сошиал платформууд руу орох нэвтрэх нууц үг гээд харахаар бүгдээрээ имэйл-тэй нь холбоотой байдаг. Жишээ нь, миний и-мэйлтэй миний жи-мэйл холбоотой. Миний бүх сошиал хаягууд тэнд бүртгэлтэй. Цаашлаад миний интернэт банкууд ч холбоотой. Төрийн бүх үйлчилгээнүүд буюу и-монголиа холбогдсон. Хувийн и-мэйлээ алдчихвал, хувийн мэдээллээ алдах боломжтой болчихсон гэсэн үг.

Хүмүүс хувийн хаягаа “Би баян биш, би алдартай биш, олны танил биш” гээд тоодоггүй. Гэтэл дурын нэг хүний и-мэйлийн нууц үгийг олоод авчихлаа гээд бодъё. Энэ тохиолдолд би твиттер, фэйсбүүк ашигладагийг нь мэдэж байгаа тохиолдолд тухайн хаяг руу нь ороод forgot password гэсэн хэсэгт нь дараад л пасспортыг нь шинээр сэргээгээд авчихна. Ингээд бүх сошиалыг ашиглах боломжтой. Тэгээд тухайн хүний сошиал амьдралыг нь контролдох боломжтой.

-Сүүлийн үед тухайн хүний чатаар мөнгө гуйдаг үзэгдэл их байх шиг…?

-Хамгийн түгээмэл хэлбэр нь ойрын хүмүүсээс нь мөнгө асуудаг. Сошиал хаягаараа дотно бүхнээ зарладаг учраас ойрын хүмүүсийг нь мэдэж ядаад байх юмгүй шүү дээ.

-Ийм хэргүүд ер нь илэрч буруутай хүнд нь хариуцлага тооцох боломжтой болов уу?

-Ер нь барагтаа олддоггүй. Яагаад гэвэл авч байгаа данс нь өөрийнх нь биш өөр хүнийх байдаг. Залилсан мөнгөө АТМ дээр очоод бэлэн мөнгөөр авчихдаг.

-Олны танил хүмүүсийн хувьд сошиал мэдээллээ алдчихвал хэцүү л юм байна…?

-Энгийн хүмүүс ч ялгаагүй мэдээллээ алдвал хэцүү байдалд орно. Бусадтай хуваалцахааргүй мэдээлэл хүн болгонд л байгаа шүү дээ. Түүгээр нь өөрийг нь шантаажилна, дарамтлана. Мөнгө нэхнэ. Эсвэл өөр ямар нэгэн үйлдэл хүснэ.

-И-мэйлээ алдчихвал банкны аппууд руу нь чөлөөтэй ороод явчихна гэхээр санхүүгийн хувьд ч бусдын хараат болох нь ээ?

-Нэвтрэх нэрээ мартлаа гэхэд и-мэйлээр нь сэргээгээд авчих боломжтой. Пасспортыг ч ялгаагүй и-мэйлээр сэргээчихнэ. Тэр хүний санхүүгийн амьдралыг базчихна гэсэн үг. Ганц и-мэйлээ алдчихлаа гэсэн маргааш нь санхүүгүй, хувийн амьдралгүй болчихсон байж мэднэ. Орчин үед хүн бүр хоёр амьдралтай болчихлоо. Сошиал амьдрал, өдөр тутмын амьдрал гээд. Хоёр өөр нүүртэй гэдэг шиг тийм орчин нөхцөл үүсчихсэн. Сошиал амьдралаа алдчихаж байна гэсэн үг. Та түрүүн асуусан даа, зарим хүмүүс сошиал орчноос зай барьдаг шалтгааныг. IT болон нэр бүхий хүмүүс сошиал аккаунт нээдэггүй шалтгааны нэг нь энэ. Сошиалаа алдчихвал алдах зүйл маш их зүйл тэдэнд байгаа. Тэр нь эхний шалтгаан.

Хоёр дахь шалтгааны тухайд яг баталгаатай биш ч фэйсбүүк асуугаад би бөглөөд хаягаа нээдэг. Гэтэл фэйсбүүк цааш нь хэдэн хүнд миний мэдээллийг шэйрлэж байгаа бол? Энэ талаар хэн ч мэдэхгүй. Үнэн хэрэгтээ фэйсбүүкийг ашиглахад үнэгүй. Гэтэл фэйсбүүк дэлхийн топ флатформын хоёрдугаарт орчихсон. Үнэгүй хэрнээ яагаад хамгийн өндөр ашигтай компани байгаад байгаа юм бол. Яагаад гэвэл таны мэдээллийг баруун зүүнгүй зарж байгаа.

-Зарж байгааг нь тэгвэл яаж мэдэх вэ?

-Жишээ нь, хоёулаа уулзлаа. Фэйсбүүк хаягаа солилцоогүй уулзаад гараад явахад миний фэйсбүүк таньдаг байж болох найзуудын жагсаалтад тань ороод ирнэ. Энэ хүнийг та таньдаг уу гээд. Яагаад гэвэл фэйсбүүк та бид хоёрын байршлыг хянаж байгаа. Нэг газар хагас цаг орчим уулзаад салсан, энэ хоёр уулзсан байж магадгүй гээд л миний фэйсбүүк хаягийн мэдээлэл танд ирчихэж байгаа хэрэг. Фэйсбүүк дээр хүүхдийн живхний зар байхаар нь би сонирхоод дарчихлаа гэж бодъё. Би дараа ч үгүй, зүгээр хайж болно шүү дээ. Гэтэл дараа нь нэг хэсэгтээ л хүүхдийн живхний сурталчилгаа гарч ирээд л байдаг. Фэйсбүүк энэ мэтээр танд зориулан тусдаа нэг фрофайл үүсгээд байгаа. Энэ хүн ийм насны, ийм сонирхолтой, тэгэхээр иймэрхүү зүйлүүд сонирхоно гээд тодорхойлчихно. Дараа нь тэр чигийн бараа үйлдвэрлэдэг газруудад мэдээллийг чинь зарчихдаг байж болно.

Фэйсбүүк үнэгүйгийн гол шалтгаан нь таны мэдээллийг бүртгэж авч байгаа хэрэг. Мэдээллийг чинь цуглуулаад цааш нь зардаг болохоор үнэгүй ашиглуулдаг. Тийм учраас IT-гийн хүмүүс сошиалд итгэхгүй мэдээллээ хуваалцмааргүй байгаа учраас сошиал хаяг ашигладаггүй. IT салбарын хүмүүс төгс зүйл байдаггүй гэдэгтэй эвлэрчихсэн. Наад зах нь гар утсанд тагнуулын энгийн вирус сууж болдог.

-Хэрэгтэй мэдээлэл байна. Гэхдээ таны сая ярьсныг тодруулж асуухаасаа өмнө нэг асуулт асуугаадхая. Сошиал орчинд зориулсан, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг зохицуулсан шийдлүүдийг хийж яваа улс байна уу?

-Үүнтэй холбоотойгоор олон улсад шинэ хуулиуд гарч байгаа. Европын холбоо, зарим улс орнууд хуулиар зохицуулдаг болсон. Хүсвэл фэйсбүүкт тэр сонголтууд бий. Фэйсбүүкт өөрийнхөө ямар мэдээлэл байгаа вэ гэдгийг хүсвэл харж болно. Хүсвэл бас устгуулж болно. Settings дотор тийм шинэ сонголт ороод ирчихсэн.

Фэйсбүүк

-За одоо түрүүний хэлсэн асуудлыг чинь тодруулъя. Гар утсанд тагнуулын энгийн вирус суулгаж болно гэдгээ энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Жишээлбэл, утсаараа ямар нэгэн газрын wifi-аар орлоо гэж бодъё. Тэр wifi-д ямар нэгэн хортой код суулгасан байхад таны утсанд wifi-аар дамжаад орох боломжтой. Энд тэндэхийн wifi-аар хамаагүй орж болохгүй гэдэг нь тэр. Гар утсанд хортой код суух арга бол зөндөө. Жишээ нь, гар утас шууд флаш таньдаг болчихсон. Ямар нэгэн байдлаар жижигхэн карт уншуулсан ч миний утсан дээр 5-10 секунтын дотор хортой код суух боломжтой. Эсвэл би танд чатаар юм уу и-мэйлээр линк холбоос явуулчихна. Таны талаар ийм мэдээлэл оллоо хараарай гээд. Юу ч байж болно. Эсвэл “та үнэгүй тоос сорогч хожлоо дараах линкээр орж мэдээллээ бөглөөд аваарай” ч гэдэг юмуу.

Утга нь хамаагүй, гол нь холбоос явуулаад та дараад ороход таны компьютер, гар утсан дээр вирус суух боломжтой. Гар утсанд суухад утсан дээрх бүх аккаунтын нууц үг, мэдээлийг авчихна. Дээр нь байгаа бүх зураг, видео, файлыг хуулаад авна. Хамгийн гол нь утсан дээр байгаа камер, локэйшн, микрофон зэргийг 24 цагийн турш хянаад байж байх боломжтой. Өөрөөр хэлбэл, миний амьдрал лайв шиг л тэр хүнд харагдана гэсэн үг.

Камераар миний царайг харна. Микрофоноор миний яриаг сонсоно. Локэйшнаар миний хаана байгааг хянана. Үүнийг суулгахад маш амархан. Минут ч хүрэхгүй хугацаа шаардлагатай. Суурин компьютер дээр ч суулгах боломжтой. Хэрэв кино, нэвтрүүлгүүдээс анзаарч байсан бол хүмүүс гар утасныхаа микрофон болон камер дээрээ жижигхэн скоч шиг зүйл наачихсан байдаг. Утас руу нь ороод хэн нэгэн камерийг нь харах боломжийг хааж байна гэсэн үг.

-Тусгай наалт байдаг гэсэн үг үү?

-Заавал тусгай наалтыг нь зорьж худалдаж авах шаардлагагүй. Дурын шархны лент ч наачихаж болно. Камер, микрофон дээрээ л наачих хэрэгтэй. Та анзаарсан бол шинэ гарч байгаа нөүтбүүк, утаснууд камер дээрээ гүйлгэдэг наалттай болчихсон. Ялангуяа байгууллагын зориулалттай компьютерүүд дийлэнх нь тийм байгаа. Дэлгүүрүүдээр орж үзээд анзаарвал камер дээр жижигхэн улаан наалтууд байдаг. Хортой код суулгахад амархан болчихсон учраас ийм шийдлүүд гараад байгаа хэрэг. Үүнийг хийж буй хүн цаана нь хакердаж байдаг.

Бидний хакеруудыг их өөрөөр төсөөлдөг шүү дээ. Жижигхэн харанхуй өрөөнд суусан, IT-гийн өндөр мэдлэгтэй, супер хүн гэж төсөөлдөг. Гэтэл яг үнэндээ тийм биш л дээ. Яаж хакердах вэ гээд гүүглдэхэд л хэдэн мянган энгийн зааврууд бий. Тэр зааврууд нь бүгд үнэгүй. IT-гийн наад захын мэдлэгтэй хүн л ашиглаж болохоор зааврууд байдаг. Анхан шатны холбоос явуулахад маш амархан. Холбоосоо хүн рүү явууллаа. Хүн дараад орлоо. Мэдээллийг нь авлаа. Ийм л амархан.

-Танай пейжээр сошиал орчны аюулгүй байдлын талаар их цэгтэй хэрэгтэй мэдээлэл өгдөг. Хүмүүс хэр ханддаг вэ?

-Манай пейж рүү өдөрт л 100 гаруй хүн ханддаг. Би и-мэйлээ алдчихлаа, фэйсбүүкээ алдчихлаа, твиттерээ алдчихлаа гэх мэтээр. Одоо би яах вэ гэж хэдэн мянган хүн асуудаг. Тийм л учраас бид хувиараа контент бэлдээд байгаа юм. Манай үндсэн чиглэл бол өөр. Байгууллагуудад хандсан хамгаалалтын үндсэн шийдлүүдийг санал болгодог. Том банкууд болон бүх төрлийн байгууллагад аюулгүй байдлын үйлчилгээнүүд санал болгодог юм.

Санал болгоод ажилладаг ч гэсэн эцсийн эцэст тэр байгууллагад хүмүүс л ажиллаж байгаа. Хувь хүний суурь мэдлэг нь байхгүй болохоор компани нь мянга үнэтэй зүйл аваад нэмэргүй. Ашиглаж буй ажилтнууд нь буруу ашиглаад байвал цаг хугацаа, санхүүгийн гарз болоод байгаа юм. Тиймээс сууриас нь эхлэх нь зөв юм байна, хүмүүс мэдлэгийг нь эхлээд олгох нь зөв юм байна гэж үзээд контент бэлдэж эхэлсэн. Цахим дархлаа тогтооё гэж зориод ажиллаж яваа минь цаанаа ийм учиртай. Цахим дархлаа гэж яриад байгаа нь томуугийн вакцинтай адилхан зүйл.

-Компьютерийн ирус гэдэг ойлголт асар хурдтай өөрчлөгдөж байна. Компьютер рүү флаш шургуулаад вирустдэг гэх ойлголт ирсэн холбоосыг дарах төдийд л вирустдэг болоод хувирчихлаа. Сүүлийн үеийн вирусийн зорилго мэдээлэл хулгайлах уу?

-Өмнө нь компьютерээ форматлаад л вирусийн аюулаас холдчихдог байсан бол одоо бол таны сая хэлснээр мэдээллээ хулгайд алдах аюултай нүүр тулж байна л даа. Миний компьютерт суусан вирус холбоотой байгаа бүх компьютерт дамжаад сууна. Би түрүүн вакцинтай адилхан гэж хэлсэндээ. Ханиад хүрлээ. Ажилдаа ирлээ. Ханиалгалаа. Манай өрөөнд цуг сууж байгаа хүмүүс надаас халдвар аваад ханиад хүрнэ ээ дээ. Яг түүнтэй адил зүйл болж байгаа. Миний компьютер вирустсэн байлаа гэж төсөөлье. Би ажил руугаа ороод wifi-д нэвтрэхэд миний компьютертэй холбоотой бүх компьютерт тэр вирус тархана. Тэгээд л бүгдийх нь мэдээллийг хулгайлна. Вирусын гол аюул нь энэ болсон.

-Монголд хамгийн түгээмэл вирус нь ямар вирус бол?

-Монголд хамгийн түгээмэл хоёр төрлийн вирус бий. Нэгдүгээрт, мэдээлэл хулгайлна. Хоёрдугаарт, файл цоожлох эрсдэлтэй вирус. Үгийг нь шууд хөрвүүлбэл барьцаалах, цоожлох гэсэн утгатай л даа. Ийм вирус компьютерт суучихвал бүх файлуудыг цоожилчихдог. Тэгээд миний ворд, эксэл, поверпойнт, зураг, бичлэг бүх зүйлийг хаагаад ихэвчлэн цагтай анхааруулга гараад ирдэг. Тэгээд заасан хугацаа нь явж эхэлдэг. Данс тавьчихсан байдаг юм. Долоо хоногийн дотор энэ данс руу мөнгө хийхгүй бол би бүх файлыг чинь устгана гэсэн анхааруулгатай хамт. Энэ бол Монголд маш түгээмэл.

Фэйсбүүк

-Юунаас болж ийм эрсдэл үүсэх үү?

-Болохгүй холбоос дээр дарсан, болохгүй файл татаж авсан учраас ийм эрсдэлтэй нүүр тулдаг. Хамгийн түгээмэл нь и-мэйл дээрх ямар нэгэн хортой шинжтэй спам, фишинг төрлийн имэйл. Жишээ нь, и-мэйл рүү тань “Та манай ийм ийм тэмцээнд ороод үнэгүй бүтээгдэхүүн хожлоо. Та энэ линк рүү орж өөрийгөө баталгаажуулна уу” гэсэн мэйл ирнэ. Тэр линк дээр дарангуут компьютерт чинь вирус сууна. Үгүй бол фэйсбүүкээс илгээж байгаа мэт мэйлүүд ирнэ. Танай төхөөрөмж рүү хэн нэгэн нэвтрэхийг оролдоод байна, яаралтай change password дээр дараад пасспортоо солиорой гэсэн мэйл ирлээ гэж бодъё. Change password дарангуут яг фэйсбүүкийг дуурайлгасан лого гарч ирдэг. Ингээд л пасспорт, нэрээ өгч фэйсбүүкээ алдчихдаг.

Хамгийн аймшигтай нь тийм утгатай и-мэйлийг хэзээ ч нэг хүн рүү явуулахгүй. 10 мянга, 50 мянга, 100 мянган хүн рүү явуулдаг. Тэгэхэд ядаж нэг хүн дараад орчихно шүү дээ. Үүнийг фишинг имэйл гэж ярьдаг. Фишинг гэдэг нь загас барих гэдэг утга шүү дээ. 100 удаа уургаа шидэхэд нэг загас барина гэсэн үг. Манайд орж ирж байгаа арван хүн тутмын ес нь хортой холбоос фишинг имэйл дээр дарсан байдаг.

-Түүнээс хамгаалах арга бий юу?

-Хэд хэдэн маш энгийн арга бий. Юуны түрүүнд үнэгүй зүйл гэж энэ хорвоо дээр байхгүй. Зүв зүгээр явж байгаад үнэгүй зурагт, тоос сорогч, компвютер хожихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэгүй зүйл хожсон тэр тусмаа яаравчлуулсан, яг одоо үүнийг хийхгүй бол болохгүй гэсэн утгатай имэйл, чат, зураг юу нь хамаагүй, тийм зүйл байх юм бол битгий хууртаарай.

Фишингийн гол зорилго нь таныг тэр линкэн дээр л даруулах гээд байгаа юм. Ихэвчлэн ямар нэгэн кноп байдаг. Эсвэл дээр нь дараад орж болохоор өнгийг өөрчилсөн бичигтэй хэсэг байдаг. Тийм байвал түүн дээр сониуч зан гаргаж дарж ороод хэрэггүй. Дарахаар бол компьютер дээр бол mouse-ний гурвалжингаа холбоос дээр нь авааччих. Тэгвэл цаад хэсэг нь томроод веб сайт нь юу руу үсэрч байгааг харуулдаг. Жишээ нь, фэйсбүүкээс ирсэн бол facebook.com гэсэн линк гарч байвал фэйсбүүк мөн, аюулгүй орж болно гэсэн үг. Фэйсбүүкээс ирсэн хэрнээ цаана нь өөр хаяг байвал нээлгүй устгах хэрэгтэй. Фишинг нь юм байна гэж бодох хэрэгтэй.

Үүнд өртөөд манайд хандсан хүмүүсийн нийтлэг жишээг харахад 2022 оны тийм компанийн санхүүгийн тайланг хараарай гэх ч юм уу, үгүй бол үнэгүй тоглоом, үнэгүй зураг, үнэгүй файл, үнэгүй томчуудын бичлэг гээд хүний сонирхлыг татахаар зүйлүүд явуулсан байх жишээний. Энэ юу юм бол гээд дараад орчихмоор зүйлүүдийг илгээдэг. Имэйл дээрх attachment гэж байдаг даа, түүнд нь ирчихдэг. Тэгэхээр танихгүй, мэдэхгүй газраас тийм attachment ирвэл битгий нээ. Ямар ч холбоосон дээр дарахаас өмнө түүнийгээ шалгачихаж бай. Компьютер дээр бол mouse-аа аваачиж шалгана гэж сая хэллээ, гар утсан дээр mouse байхгүй тул хуруугаараа дээр нь удаан дарахаар цаана нь байгаа линк томроод харагддаг. Тэгээд л шалгачихна. Үүнийг хэвшил болгочих хэрэгтэй.

Хэнээс ч ирсэн эхнэр, нөхөр, захирал хэн ч байсан линк ирвэл шалгаад сурчихад гэмгүй. Хэрэв мартаад гэнэдээд дарчихдаг бол antivirus программыг гар утас компьютертээ суулгачих хэрэгтэй. Тэгвэл маш тод улаанаар анхааруулга гарч ирдэг. Та үнэхээр ийшээ орохыг хүсч байна уу, хэрэв орвол эрсдэлээ өөрөө хүлээнэ шүү гээд гараад ирнэ. Эсвэл шууд татах гэж байгаа хортой зүйлүүдийг зогсоочихдог.

-Түрүүн ярьж байсан даа, файл цоожилдог вирус гээд. Энэ вируст өртсөн тохиолдолд эргүүлж цоожийг гаргах боломжтой юу?

-Нэгэнт өртсөн бол 99.9 хувь файлаа сэргээж авч чадахгүй. Сэргээж авах нь маш бага. Тухайн хүний шаардлагыг биелүүлээд авахаас өөр аргагүй.

-Хамгаалалтын программууд л эрсдэлгүй зөв сонголт юм байна. Ингэхэд хамгаалалтын программуудын хувьд үнэ ханш хэр вэ?

-Сошиалд 10-20 мянгаар суулгаж өгнө гэсэн зарууд харагддаг. Хэт хямдхан гээд суулгуулж бас болохгүй. Асуудал гарлаа гэхэд маргааш нь эргээд холбогдох боломжтой албан ёсны байгууллагаас нь, зөвшөөрөлтэй газруудаас нь үйлчилгээ авсан нь дээр.

-Манайд ийм үйлчилгээ хийдэг газрууд элбэг үү?

-Байгаа. Албан ёсны зөвшөөрөлтэй компьютерийн дэлгүүрүүд, хамгаалалтын үйлчилгээний газрууд зөндөө байдаг болсон. Жишээ нь, албан ёсны microsoft office-оос авах юм бол оффисийн 2021 нь 180 ам.доллар гэж байсан. Түүнийг нь монгол мөнгөөр бодохоор 600-700 мянган төгрөг болчихоор үнэтэйдээ орно. Тэгэхээр хүмүүс тэртэй тэргүй үнэгүй апплейкшнүүд зөндөө байхад гээд авдаггүй. Гэхдээ түүнийг нь албан ёсны microsoft-ийн эрхтэй байгууллагууд монголд зориулсан тусгай үнээр 100 мянган төгрөг дотор зардаг дэлгүүрүүд манайд бий.

-Хортой код дээр дараад бүх мэдээллээ алдсан хүмүүсийн кейс их байдаг байх. Жишээ болгоод нэгийг ярьж өгөөч?

-Манайд нэг хүн хандаж байсан. Бараг хоёр жилийн турш нэг төсөл бичиж л дээ. Бичээд л нөтебүүктээ хадгалдаг байж. Нэг өдөр миний түрүүний хэлсэн линкийг мэдэхгүй дарж ороод бүх мэдээллээ алдчихсан. Тэгээд хакердсан хүн нь үйлдэл хийхгүй өөр линк рүү үсэргэчихэж. Нөгөө хүн түүнийг нь мэдэхгүй төслөө нэмж бичээд л хадгалаад байж. Яг дуусахын үед нь бүх зүйлийг нь цоожилчихсон. Тухайн үедээ 3500 ам.доллар нэхсэн байгаа юм. Нөгөөх нь 24 цаг тутамд дабллддаг. 3500 нь 7000, 7000 мянга нь 14 мянга гэх мэтээр өсөөд байсан гэсэн үг.

Бас нэг хүн манайд хандаж байсан. 15 жилийн турш цуглуулсан гэр бүлийн зураг, бичлэгээ зөөврийн хард дискэн дээр хадгалаад явж байж л дээ. Хуучны зураг бол скайнердаад хийчихдэг байсан юм билээ. Cloud рүү хийчихвэл алга болчихно гээд итгэдэггүй байж л дээ. Өөрт нь, биед нь байгаа болохоор найдаад явж байтал компьютер нь вирустээд, өнөөх нь дамжаад хард нь вирустээд бүх зүйл нь байхгүй болчихсон.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img