-Хүн багын мөрөөдлөө өнөөдрийн өөртэйгөө харьцуулахаар их сонин байдаг. Таны багын мөрөөдөл юу байсан бэ?
-Би багадаа хязгаарлагдмал орчинд амьдардаг байсан болохоор нэг их тодорхой том зүйл мөрөөдөж байгаагүй. Гэхдээ дипломат албанд ажиллахыг хүсдэг байсан. Хүүхэд байхдаа Францын гадаад хэргийн сайд байсан Талейран Перигорын тухай “Бонапарт” роман, Германы канцлер Отто Бисмарк гэдэг хүний тухай уншаад тэгж боддог болсон. Улс орнуудын гадаад харилцаа гэдэг чинь ямар чухал, хүчтэй, нөлөөтэй зүйл байдаг юм бэ гээд л элдэв бодол хөврүүлж мөрөөднө. Гэхдээ бие махбодийн талаасаа боломжгүй хүсэл юм байна гэдгээ мэдсэн.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний хүүхэд нас эмнэлэг, сургууль гэсэн хоёрхон замаар өнгөрсөн гэхэд болно доо. Би 5-11 насандаа Орост байсан. Хуучнаар Ленинградад социалист орнуудын өвөрмөц өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг том институт байсан юм. Тэнд сургууль, эмнэлэг гээд одоогийнхоор бол том цогцолбор байсан. Ид юм сурдаг насаа тэнд өнгөрөөсөн болохоор монгол хэлээ “алдсан”. (инээв) Гэхдээ миний бага нас маш өнгөлөг байсан. Ангийнхаа нэг ч баярыг алгасаж байгаагүй шүү.
-Өсвөр насандаа ирээдүйгээ бодоод сэтгэлээр унах үе байсан уу?
-Сэтгэлээр унаж байсан тохиолдол цөөн. Гэхдээ мэдээж байсан. Ямар ч байсан алхах ёстой, амьдрах ёстой гэсэн хатуу бодол байсан. Хамгийн гол нь эрүүл байж байгаад ийм болоогүй, төрөлхийн ийм байсан болохоор амьдралаас буцаж няцах нь бага байж дээ. Харьцуулах зовлон байгаагүй гэх юм уу даа.
-Та чинь харин ч эх хэлний боловсрол сайтай хүн шиг харагддаг. Яаж эх хэлээ олж авав?
-Эх орондоо байхдаа Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуайн зохиолуудыг уншиж байж л гайгүй болсон. Монголынхоо сонгодогуудыг овоо уншдаг байсан. Эмнэлэгт гурван сараар хүртэл тааз ширтээд хэвтэх хүн чинь ном уншихаас өөрөөр яаж өдөр хоногийг элээхэв дээ. Миний өвчин тэгэхээр давуу талыг бий болгож байж.
-Хэцүүг давж гарахад хүний сэтгэлийн хат нөлөөлдөг. Таны давуу юу юм бэ?
-Хүн бүхэн сул болон давуу талтай. Нэгэнт сул талтай юм бол түүн шиг хэмжээтэй давуу талаа бий болгож байж л давж гарна. Үүнийг их багадаа ойлгосон шүү. Бусад хүүхдүүд шиг дураараа гүйх байтугай хэд ч алхаж чадахгүй хүн чинь найз нөхөдтэй байхыг хүснэ шүү дээ. Юуны төлөө ном уншдаг билээ, түүнийгээ л давуу тал болгосон.
Оросын адал явдлын цуврал 20 ботийг хаанаас нь л хүүхдүүдэд кино шиг л ярьж өгдөг байлаа. Үеийнхээ хүүхдүүдтэй адилхан бужигнаж хамтдаа байх “шунал” байгаад байдаг. Тэгээд л хүүхдүүдийг өөр дээрээ “авчирдаг” болсон нь уншсан номоо ярьж өгөх арга. Хүний нуруун дээр үүрүүлж явахын тулд түүнд хүрэхүйц өгөх юмтай байх. Одоо ч гэсэн би эцэг эхчүүдэд хүүхдийнхээ давуу талыг олж мэд гэж зөвлөдөг. Аав ээж маань багад надад ийм ухааныг суулгасан байх. Хоёулаа эмч улсууд ганц хүү нь ийм байхаар амьдрах аргыг нь зааж өгье гэж бодсон байлгүй.
-Хариулахад хэцүү биш бол таны өвчний онош юу юм бэ?
-Артрогрипоз буюу үе мөчний дутуу хөгжил гэдэг. Эх ургаа тээж байхдаа ханиад хүрсний улмаас сав тодорхой хэмжээгээр агшиж хүүхдийн үе мөч дутуу хөгжинө л гэсэн утгатай юм билээ. Энэ өвчин генетикийн, генетикийн биш гэсэн хоёр янз байдаг. Минийх бол удамшдаггүй төрлийнх нь юм. Энэ өвчин дотроо 36 төрөл байдаг гээд бод доо. Ханиад гэхэд л өчнөөн янз байдаг шүү дээ, түүнтэй л адил.
-Мэргэжлээ хэрхэн эзэмшсэн бэ?
-Би орос хэлэндээ л сайн байсан, бусдаар тийм сүрхий байгаагүй. Наймдугаар ангиасаа гэнэт “ухаараад” сайн болж эхэлсэн. Их сургуулиа онц төгссөн, Швейцарт Олон улсын бизнес удирдлагыг ч гэсэн давгүй сурчихсан шүү. Есдүгээр ангидаа олимпиадад түрүүлээд МУИС-ийн олон улсын харилцааны ангийн хуваарь авсан юм. Төгсөөд орчуулгын товчоонд жил ажилласан. Дараа нь аюулгүй байдлын компанид менежерээр таван жил, “Мерси Кор Монгол” олон улсын байгууллагад таван жил ажиллаад Швейцарт сурахаар явсан. Эргэж ирээд өөрийнхөө бизнесийг эхэлсэн.
-Таныг их сургуульд суралцаж байх болон ажлын гараагаа эхэлж байх үед бид хүмүүнлэг нийгэмд шилжээд удаагүй байсан. Одоогийнх шиг байгаагүй гэсэн үг. Тэр үеийн бэрхшээлийг яаж даван туулсан бэ?
-Амьдрахад арга ухаан хэрэгтэй гэдгээр “хүнд өгөх юмтай” байх л зарчмаараа туулсан даа. Бодит байдал дээр буюу гудамжинд явахад тийм ч амар байгаагүй шүү үнэнийг хэлэхэд. Манай их сургуулийн ангийнхан бараг бүгдээрээ охид байлаа. Тэгэхээр “Охидтой хэрхэн харилцах вэ?” гэдэг урлагт суралцана шүү дээ (инээв). Ангийнхан маань надад тусална би тэдэнд тусална.
-Тэгээд ангийнхаа охидтой “яаж ажиллав” даа? Таны хүнд “өгөх юм” чинь юу байв?
-Охидын хэнийх нь ч талд орохгүй байхад л болно гэдэг “нээлтийг” хийсэн (инээв). Ер нь миний хүнд өгч чадах юм бол хүнийг сонсох. Сонсож байж ойлголцож, харилцана тэгээд мэдэрнэ. Тэр хүнд би юугаар тусалж чадах вэ, тэр хүнд надад юугаар тусалж чадах вэ гэдгээр л амьдарна. Энэ гэхдээ ашиг сонирхол биш юм шүү. Итгэлцэл, ойлголцол, харилцаа, нөхөрлөл ажлын талбарт бол хамтын ажиллагаа гээд хүнд өгөх юм их байдаг.
-Таны эхнэр танай сургуулийнх байхаа. Эхнэрээ анх яаж өөртөө татсан бэ?
-Бид хоёр нэг ангийн хүүхдүүд л дээ. Би ангийнхаа охидыг шоглохыг нь шоглоод, уйлуулахыг нь уйлуулаад л явдаг байлаа. Гэтэл нэг охин намайг ер хүн чинээ тоож байгаа юм алга (инээв). Юм ярьдаггүй, их зантай ч юм шиг охин. Эрэгтэй хүн чинь “дээшээ л авирахыг” хүсдэг шүү дээ. “Интернэт салчихсан чинь манай гэрийнхэн их дажгүй хүмүүс байна лээ” гэдэг шиг л юм болсон.
Биеийн тамирын хичээлд орохгүй нэг удаа хоёулхнаа ангидаа үлдчихгүй юу. Тэгээд яриад үзсэн чинь дажгүй охин байсан (инээв). Дараа нь нөгөө охин замаараа намайг хүргэж өгч таарав. Бараг л болзоо гэж хэлэхэд болно л доо. Тэгсэн чинь говийнхоо хүчтэй салхинд би цохиулаад унаад өгсөн. Би ичээд нөгөө охин сандраад бөөн юм болсон.
-Тэр үед таныг тоохгүй байх вий гэсэн айдас байсан уу?
-Хэдэн жилийн дараа гүнзгийрээд ирэхээрээ би хариуцлагаас айж эхэлсэн. Тэр үед би өөрийгөө цаашдаа яахыгаа мэдэхгүй шүү дээ. Анхны болзоон дээрээ өнхөрч унаад өөрөө өргүүлж байгаа хүн чинь цаашдаа яах ч юм билээ эртхэн дээрээ больё гэж шийдсэн. Тэр бол амьдралдаа миний анх удаа ухарч байсан тохиолдол. “Шуналдаа” хөтлөгдөөд урагшаа л явдаг байсан хүн хайртай хүнээсээ татгалзахаар шийдсэн. Би чадахад бэлэн байсан юм. Манай хүн гэтэл “Болихгүй ээ, болно” гэж хэлсэн.
-Ухаалаг, шийдэмгий бүсгүй байна. Тэгэхэд та их баярласан уу?
-Эмэгтэй хүн надад итгээд ухрахгүй ээ гэж байхад би эр хүн байна даа яагаад “нус” царайлна гэж. Тийм биз дээ? Эхнэр маань энэ амьдралд хэчнээн зоригтойгоо өөрөө ч заримдаа мэддэггүй юм. Гэр бүл болсон цагаасаа хойш миний дэргэд байж миний хамаг муу муухайтай зууралдана гэдэг чинь хатан тэвчээр.
Хадам аав ээж маань ч гэсэн 20 жил өсгөсөн охиноо жижигхээн хорчийсон, тас хар царайтай, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шууд өгч чадах уу гэдгийг бод л доо. Тэд ч юм хэлээгүй. Хадам аав маань “Яая гэж бодож байна даа?” гэсэн утгатай юм асуухад нь “би байгаа бүхнээрээ танай охинд сайн ханданаа” л гэсэн. Надад тэр үед тийм амлалтаас өөр өгөх юм юу ч байгаагүй юм чинь.
-Танайх одоо хоёр охинтой. Аав нь охидодоо юу үлдээх вэ?
-Би хүүхдүүддээ “амьдралд хайртай байх” хайрыг л үлдээнэ. Би өөрөө амьдралд үхэн хатан хайртай хүн.
-Одоо таны хүнд “өгдөг” зүйлс чинь хэр нэмэгдсэн бэ?
-Хүүхэд байхад гадаад хэл, харилцаа, үүрүүлж очоод кинонд даах мөнгө, номоо кино шиг ярих гэх мэт л байлаа шүү дээ. Одоо би амьдралын олон талбарт туршлагажиж үзлээ. Сурсан мэдсэн, хүнд тус болохуйц тийм зүйлийг өгөхтэйгөө болсон гэж өөрийгөө хардаг. Би хүмүүст мөрөөдөл өгөхийг хүсдэг, өгч чадаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй гээд гэрийн мухар сахиад, нийгмээс тусгаарлагдаад суучихсан хүүхдэд мөрөөдөл өгөхөөс сайхан зүйл байгаа гэж үү? Эцэг эхэд нь ч гэсэн итгэл өгдөг.
Би өөрөөрөө болон ажлаараа дамжуулан хүмүүст итгэл, мөрөөдлийг өгдөг. Энэ сувилгааны хэрэгслүүдийг барагтай хүн зориглоод авчирч чадахгүй. Яагаад гэвэл бусад бизнес хурдан эргэлдэж ашгаа өгөхөд чиглэдэг. Миний бизнес ийм бүтээгдэхүүнүүд байдаг юм байнаа гэдгийг эхлээд мэдэхэд чиглэдэг. Алхаж чадахгүй хүүхэд энэ хэрэгслийн тусламжтайгаар анх удаа алхаж үзэхийг мөрөөдөг л дээ. Тэгээд мөрөөдөлдөө хүрээд алхдаг болно магадгүй цаашдаа ганцаараа алхдаг ч болох юм билүү.
Мөрөөдөл гэдэг жигүүр ургуулдаг шидтэй эд. Зарим бүтээгдэхүүн маань лангуун дээрээ хэдэн жил болох ч тохиолдол бий. Тэглээ гээд авчрахгүй байж болохгүй. Энэ байх ёстой, хэрэгтэй хүндээ хэрэгтэй эд гэдэг утгаараа авчирдаг, байлгадаг. Өвчин хэлж ирдэггүй ч гэсэн, хэрэг болсон цагт нь хэрэгтэй юм нь хэзээд байх ёстой. Түүнийг өнөөдөр авч чадахгүй, маргааш ч авч чадахгүйг нь би мэддэг. Хүн хөдөлгөөний бэрхшээлтэй ч бүрэн бүтэн байхын тулд хичээдэг болдог гэдгийг би ойлгодог. Тиймээс би үүнийг хийх ёстой. Цаашдаа ч монголчуудадаа “өгөх юм” надад зөндөө байна.
-Та Цюрихын их сургуульд суралцаж төгссөн. Тэндээ үлдээд ажиллах боломж байсан. Яагаад эх орондоо ирэхээр шийдсэн юм бэ?
-Тэнд үлдэх боломж байсан. Монголдоо амьдарвал “тэмцэлцэж”, тэнд амьдарвал амар тайван урсаж амьдарна.
-Яагаад “тэмцэлдэх”-ийг нь сонгов?
-Хүнд идеологи гэж нэг юм байдаг. Тэр л дотроос хатгадаг. Өөрчлөлт хийх хүсэл “шунал” байсан. “Барын сүүл болохоос батганы толгой болж яв” гэж үг байдаг шүү дээ. Швейцарт амьдарвал түмэн мянган азиуд дунд би хэн юм. Эх орондоо ирж өөрчлөлт хийхийг илүүд үзсэн. “Чи хийхгүй бол хэн хийх юм, одоо хийхгүй бол хэзээ хийх юм” гээд л ирсэн. Тэр үедээ ажиглахад Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс их дээд сургуульд боловсрол эзэмшээд өөрийгөө аваад явж байгаа залуус маш цөөхөн байсан. Одоо ч цөөхөн ш дээ. Арван жилийн өмнө нэг яамнаас надаар орчуулга хийлгэсэн юм. Таван жилийн дараа дахиад намайг гуйхад гадаад хэлтэй олон улсын арга хэмжээнд оролцохоор хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй л байсан. Ийм байхад би амиа бодоод Швейцарт үлдэж болохгүй шүү дээ.
-Өөрчлөлт гэж таныхаар юу юм бэ? Ямар өөрчлөлт хийхийг хүсч байна вэ?
-Замгүй байсан байшингуудын дундуур шинэ зам тавилаа гэж бодъё. Гэтэл хүмүүс түүнээс өөрөөр зам гаргаад яваад байдаг тохиолдол байдаг шүү дээ. Түүнийг дэргэдэх байшингийн дээвэр дээрээс ч юм уу олж хараад “Яагаад үүнийг эхнээсээ зөвөөр нь шийдэж болоогүй юм бэ? гэж бодогдоно шүү дээ. Энэ олж харснаа засахыг л өөрчлөлт гэж ойлгож байна.
-Таны бизнес хийхдээ юуг баримталдаг вэ?
-Хүнд л хэрэгтэй байх. Хэрэгтэй үед нь хэзээд бэлэн байх. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь бие махбодийн асуудал биш. Нийгэмд чи хэрэгтэй байх уу, хэрэггүй хорт хавдрын эс шиг амьдраад байх уу гэдгээрээ л ялгаатай.
-Гэхдээ тэр хүн чинь хувь заяагаа өөрөө сонгоогүй шүү дээ…?
-Тэр хүн хувь заяагаа сонгохгүй ч, нийгэм тэр хүний хувь заяаг шийдээд байдаг. Жишээ нь намайг харахгүйгээр миний хийж бүтээж байгаа бүхэн, наад зах нь миний CV-г хараад намайг мэдэхгүй. Энэ хувь заяа маань намайг амьдрах “шуналтай” болгосон. Амьдрал надад өгч болох сайхан бүхнийг авахыг хүсч байна.
-Энгийн хүмүүстэй эн зэрэгцэхийн тулд хэд дахин их хичээж, хэд дахин их хөдөлмөрлөх хэрэг гардаг уу?
-Мэдээж ижилхэн хөдөлмөрлөнө гэвэл хоцорч л таарна. Миний хувьд гэвэл золиос гаргасан. Бие махбодь, сэтгэл санааны хатан тэвчээрийг сурсан. Гэхдээ их сонин юм билээ. Олон жил тэвчсэн тэр тэвчээр боломжоо олж авсан цагтаа тэлдэг. Хүүхэд байх шигээ одоо намайг тэвч гэвэл би чадахгүй.
-Орчин үеийн ажил хэрэгч нийгэм хүнээс том зорилгыг шаарддаг. Та үүний хаана нь явна вэ?
-Дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсч байна. (инээв) Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг чинь үүний нэг хэсэг мөн биз дээ. Түүхэнд бичигдэхийг хүсч байна. Би түүхийн ном унших дуртай. Ер нь түүхэнд бичигдэхийг хүсдэггүй хүн байдаггүй, хэлдэггүй л болохоос.
-Сүүлийн үед хүний чанар муудлаа, хүмүүс бие биедээ “харгис” хандаж байна гэдэг. Танд тийм хандлага, харилцаа мэдрэгддэг үү?
-Үүнийг хувьслын онолоор тайлбарлая л даа. Нийгмийн нөөц баялаг хүрэлцээтэй, нэг газарт хүмүүс цөөхүүл байхдаа бие биедээ илүү сэтгэлтэй ханддаг юм байна. Нийгмийн баялгийг цөөхүүлээ тэгш зарчмаар хүртдэг байсан учраас “хоолныхоо төлөө” уралцах, толхилцох хэрэг байсангүй. Одоо 500 мянган хүнд зориулагдсан хотод сая гурван зуун мянган хүн чихцэлдэхээр бүхнээ л булаалдана.
Бидний тогоо жижигсэж, халбага олон болсон. Гараад харахад л машиныхаа зогсоолыг булаалдаад толхилцож байгаа шүү дээ. Газрынхаа төлөө үзэлцдэг байсан хүмүүс сүүлдээ цэвэр агаараа булаалддаг боллоо. Хөдөлмөрийн зах зээл нь энд юм чинь өөр яах ч билээ.
-Гэтэл манайхаас шигүү, манайхаас олон хүнтэй хотуудад ядаж бие бие рүүгээ инээмсэхлэхтэйгээ амьдарч болоод байгаа шүү дээ. Энэ хөгжлийн явц уу?
-Тэд хотод хэдэн зуун жилээр амьдарч байна, бид хотын хүн болоод хэдэн арван жил л болж байгаа. Манайхан уг нь энэ том газар нутаг дээр нэг үндэстнээрээ суурьшиж байгаа улсууд. Тэгэхээр айлын ганц хүүхдийн аяг ааш байдаг байх.
-Та бүтээгдэхүүнээ зарахаасаа илүү хүмүүст зөвлөгөө өгөх, урам зориг “зардаг” ч юм шиг санагдлаа. Бэрхшээлд өртсөн хүмүүстэй их ажилладаг уу?
-Жижигхэн компанийн захирал цэвэрлэгчээсээ бусдыг хийдэг. Цэвэрлэж чаддаг байсан бол цэвэрлэх байх. Хүмүүсийн оюун санаатай ажиллахад нэлээд цаг зарцуулдаг. Хүнийг удаан хугацаанд асарч халамжилна гэдэг чинь асар их стресс. Тиймээс бие махбодийн болоод сэтгэцийн хөдөлмөрийг нь хөнгөвчлөхийн тулд гэгээрүүлэх ажил хийнэ дээ. Орж ирсэн үйлчлүүлэгчийн “сэтгэлийг эзэмдэх” нь чухал. Энэ хүн яагаад над дээр ирэв, би юунд нь тусалж чадах вэ гэдэг чухал. Бусдаар хэрэг болохгүй юм “шахаж” болохгүй. Хүүхэд нь над шиг болчихсон аав ээжүүд олон ирдэг. Цаашид яахав вэ гэдэг арга замыг шийдэлцэж өгөхийг хичээдэг.
-Энэ ажлаа хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн байхаа?
-Гэхдээ хүнд тэргэнцэр бэлэглэлээ гэхэд тэр хүн тэрийг л авна. Харин өөрөө сонгох эрх чөлөөтэй байна гэдэг кайф шүү дээ. Арван хэдэн жил хүмүүст бэлэглээд, бэлэглэх нь хангалтгүй юм байна гэдгийг ойлгосон. Хүн өөрөө хүсээд, сонгоод авах нь амьдралд илүү шунадаг болгодог.
-Хүнд туслах гэж юуг хэлдэг юм бэ?
Хүн дараагийн шатанд дэвших гэтэл хөл нь хүрэхгүй байхад дундах шат нь болж өгөхийг л тус гэж ойлгодог. Тэр хүний дээшлэх дэвших хүсэл мөрөөдлийн шат хязгааргүй байж болно.