2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

ЖҮЖИГЧИН Б.БОЛОРМАА: “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаагийн дүрээр хүмүүс намайг анддаггүй

“Шинэ үсгийн багш” киноны Дунд голын Дунжидмаагийн дүрээр түмний хайртай жүжигчин болсон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батсүхийн Болормаатай ярилцлаа. Тэрээр эдүгээ эх орноосоо алс хол АНУ-д аж төрж байгаа юм. Б.Болормаа 1987 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллах хугацаандаа тайз, дэлгэцийн 70 гаруй уран бүтээлд гол болон туслах дүрйг бүтээжээ. Тус театрт ажиллах хугацаандаа Буриад улсын найруулагч Н.Кондратев Үндэсний жүжгийн академик театрт уригдан ирж найруулсан “Галуу эргэх цагаар” гэдэг жүжгийн Ларисагийн дүрд, найруулагч Г.Доржсамбуугийн найруулсан “Цагаандарь эх” жүжигт Цагаандарь эхийн дүрд, “Ялтан” жүжгийн Эхийн дүрд, Хүүхэд, залуучуудын театрын найруулагч И.Нямгаваа театртаа урьж “Ноён Амеликар” жүжгийн Элеонарагийн дүрд, зохиолч С.Баясгалангийн “Өрлөг жанжны өчил” жүжгийг Н.Болд найруулагч Үндэсний жүжгийн академик театрт тавихад Гүндэгмаагийн дүрд, Д.Урианхайн “Хүн бүгд би” жүжгийн охины дүрд, 1998 онд Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа МУСГЗ, найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар анх тайзнаа тавихад их хатан Цэцэр, бага хатан Гүргэл гэсэн хоёр дүрд тоглосон байна. Тухайн үед театрын түүхэнд нэг жүжгээс хоёр дүр зэрэг авч байсан жүжигчин ховор байсан бөгөөд гуравдахь тоглолтын дараа зохиолч Б.Лхагвасүрэн гуай биечлэн баяр хүргэж байж. Тэрээр Б. Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Цэцэгээ, Б.Эрдынеевийн “Галуу эргэх цагаар” жүжгийн Лариса, Ж.Шагдарын “Цагаан дарь эх” жүжгийн Цагаан дарь эх, Ц.Ганболдын “Ялтан”-ы Эх, И.В.Жаммиакийн “Ноён Амликар” жүжгийн Элинора, С.Баясгалангийн “Өрлөг жанжны өчил” Гүндэгмаа, Г.Лорка “Цуст хурим”-ын эхнэр, С.Жаргалсайханы “Хаан түүх I” Их хатан, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”, Их хатан Цэцэр, бага хатан Гүргэлийн дүрд, А.П.Чехов “Хурим”-ын Зинаида, Т.Габбе “Үнсгэлжин”-гийн шидэт эх, У.Шекспир “Зуны шөнийн зүүд” гүнж Татиния, С.Жаргалсайханы “Тэмүүжин”-ий Есүхэй баатрын эхнэр Сочигэл, К.Гольдони “Садар эрийг номхотгосон нь” Гитта, Х.Андерсон “Лусын дагина” Наяада, Б.Галаарид “Эсрэг дурлал” Их хатан, Х.Наранжаргал “Улаан сарнай”-гийн Навчаа, У.Шекспир “Отелло” Бьянка, Х.Ибсен “Нора” жүжгийн Нора, Б.Лхагвасүрэн “Үр могой” жүжгийн Үр могой зэрэг маш олон гол дүрийг бүтээж үзэгч олны таашаал хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин юм.

-Та жүжигчин мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Би Нийслэлийн 6-р арван жилийн сургуулийн сурагч байлаа. Аравдугаар анги төгсөх жил театраас мундаг том жүжигчид ирээд л жүжигчний сургуульд явуулах хүүхдүүдийг шалгарууллаа.

Манай ангиас үзэгчдийн сайн таних “Харц” нэвтрүүлгийн хөтлөгч Ургамал бид хоёр сонгогдсон юм. Тэгээд Драмын театр дээр очиж шалгалт өгч тэнцээд 15-уулаа Эрхүүгийн бэлтгэлд очиж, тэндээсээ Москвагийн театр урлагийн дээд сургуульд явсан. ЗХУ-ын ардын жүжигчин А.Д.Папанов гэдэг хүний удирдлага дор бид таван жил суралцаж 1987 онд төгссөн. Одоо театрт ажиллаж байгаа нь Хасар Жагаа, Урнаа бид гурав. Бидний 15 оюутан төгсөхдөө дипломын ажлаа дөрвөн сонгодог жүжгийн гол дүрүүдэд (“Ромео Жульетта”, “Тартюф”, “Мальва”, “Хурим”) тоглож хамгаалсан. Миний хувьд Максим Горькийн “Мальва” жүжгийн Мальвагийн гол дүрээр дипломоо онц дүнтэй хамгаалсан.

Шалгалтын дараа анги удирдсан багш, ЗХУ-ын ардын жүжигчин А.Д.Папанов баяр хүргэж тэврээд “Гайхалтай, чи яг л орос хүн шиг орос ардын дууг дууллаа.Өөр ангийн багш нар бичлэг тавьсан уу гэж асуусан шүү” гэж хэлэхэд л залуу жүжигчин миний сэтгэлд итгэл зориг төрж, тэмүүллээр жигүүрлэсэн шүү. Миний хувьд багаасаа л дуу бүжгийн дугуйланд явдаг ангийнхаа урлагийн үзлэгийг авч явдаг хүүхэд байлаа. Ер нь багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан юм. ЗХУ руу сургуульд явуулах хүүхэд шалгаруулж байна гэхэд нь хүртэл бөөн баяр, бараг хамгийн түрүүнд л очоод шалгуулсан.

-Гэр бүлд тань танаас өөр урлагийн хүн байдаг уу?

-Аав минь намайг эмч болгоно гээд ээж минь харин “Өөрийнхөө хүслээр л мэргэжлээ сонго” гэдэг байсан. Манай аавын төрсөн дүү нь Батсүмбэрт клубийн эрхлэгч. Тэр ах маань намайг их хөглөж өгсөн. Ах өөрөө хөгжим тоглоно, дуулна, бүжиглэнэ. Жаахан байхдаа ахыгаа клубт очиж их харна. “Ишиг” бүжгийг бүжиглэх их дуртай. Бүжгийн хувцсыг хүртэл ах маань хийж өгдөг байсан. Тэр бүжгээрээ би алтан медаль авч байлаа. Сургуульд орохоосоо өмнө л урлагаар амьсгалчихсан байсан даа.

-Таныг “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаагийн дүрээр олон түмэн сайнмэднэ. Энэ кинонд тоглохдоо хэдэн настай байв?

-“Шинэ үсгийн багш” үнэхээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон, үргэлж гарч байдаг хөөрхөн кино болсон. Киноны зохиолыг бичсэн Жамбалдорж гуай, Урлагийн ажилтны холбооны дарга байсан Тунгалаг эгч нар анх утсаар ярьж дуулгасан. Зохиолыг нь уншаад үзтэл хөөрхөн дүр байсан. Б.Бадрууган гуай найруулагчаар ажилласан. Ерэн найман онд хийсэн кино гэхээр би гучин гуравтай байсан юм байна. Гудамжинд явж байсан ч, таксинд суусан ч тэр Дунжидмаагийн дүрээр минь хүмүүс таниад байдаг юм. Ямар ч байсан Сэлэнгээ эгч, Баатархүү ах, Хүрлээ гавьяат, Тунгаа эгч гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа одоо ч баяртай явдаг юм.

Эргээд дурсахад киноны зохиолч Жамбалдорж гуай, найруулагч Бадрууган гуай өнөөдөр бидний дунд байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Киноны зураг авалт Завханд хийгдэж байлаа. Тухайн үед Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин байдлаар бахархаж, баярлах сэтгэл маш их төрсөн. Гадаадад хэдэн жил амьдрахад “Чи зурагтаар гарч байна” гэж ярина. Юу гарч байна гэхээр “Шинэ үсгийн багш” гэдэг нь сайхан санагддаг. Ард түмэнд тоглосон дүрээрээ танигдана гэдэг жүжигчин хүнд олдошгүй сайхан хувь заяа. Дунжидмаа тийм дүр болсонд баяртай байдаг даа.

-Та дэлгэцэнд анх ямар кинонд дүр бүтээв?

-Жигжидсүрэн гуайн найруулсан “Алтан шонхор” киноны Арлунгоогийн дүр. Ангийнхаа Жаргалсайхантай хамт тоглож байлаа.

-Өөр олон кинонд тоглосон уу?

-Зохиолч Д.Маам гуайн бүтээлээр хийсэн М.Нямгаваа найруулагчийн “Газар шороо” киноны Дагдангийн эхнэр Долгорын дүр байна. Хангай Базарын дүү шүү дээ. Ер нь хорь гаруй кинонд тоглосон. Зохиолч Далхаагийн Норовын “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд цэргийн хүний гэргий болж ирдэг дээ. Бат-Өлзий ах, Сарантуяа эгч хоёр хийсэн кино шүү дээ. “Нүцгэн уулын бэлд” гэж миний тоглосон кино бий. Шаравдорж найруулагчийн “Хүслээр болдоггүй хорвоо” гэж арван жилийн хүүхдүүдийн тухай кинонд тоглож байлаа. Харамсалтай нь 32 мм-ийн хальсны аппаратаар хийгдсэн энэ киноны плёнкны хагас нь Кино үйлдвэрээс алга болчихсон гэж яригддаг юм.

Болормаа-Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” жүжигт анх удаа тоглож байсан санагдах юм?

-Энэ жүжгийг ерэн найман онд Найдандорж найруулагч тавихдаа жүжигчдийн дунд уралдаан зарлахад Цэцэр хатан, Гүргэл хатан хоёрын дүрд тэнцэж, хоёр дүрд тоглож байсан. Жүжигчин хүн сэтгэлдээ нийцсэн дүрээ аваад зүүдэлж байж хүртэл амилуулдаг л даа. Цэцэрийг бүтээхэд тэнгэрлиг сэтгэхүйд автаж байсан. Театрт тавь гаруй дүр бүтээсэн байна.

-Жүжигчин хүний залуу нас, гоо үзэсгэлэн гэдэг олон түмний хайр хүндэтгэлд умбаж байх гайхамшигтай хувь заяатай байдаг. Бүхэл бүтэн арван жил гэдэг уран бүтээлч хүний хувьд тийм ч бага биш цаг хугацаа. “Жүжигчин Болормаа хаачив” гэж үзэгчид үгүйлж байсан нь лавтай. Гадаадад ажилласан он жилүүддээ та харамсдаг уу?

-Үнэхээр тэгж үгүйлэгдэж байсан бол маш их баяртай байна. Хүний амьдралын арван жил гэдэг бага хугацаа биш. Гэхдээ би орчлонд эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд хоёр сайхан үрийн эх болсон заяандаа баярладаг. Хоёр үрийнхээ сайн сайхан ирээдүйд тус нэмэр болох гэж хүний нутагт арван жилийг өнгөрөөж. Хоёр хүүхдийнхээ төлөө ид гялалзаж, хийж бүтээх насандаа Америкийг зорьсон.

Энэ хугацаанд хамт олноо, алтан тайзаа үгүйлж, санаагүй өдөр хоног гэж надад байгаагүй. Үзэгчдийн өмнө алга ташуулан хүндэтгэлд умбаж явсан хүн хэлийг нь мэдэхгүй хүний нутагт бичиг баримтгүй, хараар янз бүрийн ажил төрөл хийж явна гэдэг бэрх л байсан. Магадгүй, дээд тэнгэр намайг тийш илгээж, ажил амьдрал сургасан байхыг үгүйсгэхгүй. Харьд өнгөрүүлсэн тэр л үе надад гэрэл гэгээ нэмж, ертөнцийг таниулан, ухаан нэмсэн гэж боддог. 2001 онд би Монгол Улсын гавьяат жүжигчинд тодорхойлогдоод “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан.

Алтан гадас одонгийнхоо мялаалгад зориулж гаргасан “Ботгон хэлхээ” шүлгийн дэвтрээ харж байхад миний амьдрал уйтгартай байсан юм билээ. Америкт очоод бичсэн шүлгүүдээ харахад үр хүүхдэдээ үлдээж хэлэх гэсэн хайрын үг, найз нөхдөө хайрласан, хүн хүнээ хүндэтгэсэн сэтгэл минь миний хувьд гэгээрэл болсон гэж бодогдоод байгаа.

-Та хүний нутгийг зорихоосоо өмнө сэтгэл чинь гунигт аястай байсан гэлээ. Хүний амьдралд гуниг, баяр мөнхөд л ээлжилж байдаг даа?

-Намайг арван естэй байхад миний ээж гучин есхөн насандаа өнгөрсөн юм. Ээжийг бурхан болсноос хойш л миний сэтгэлд шүлэг төрөх болсон. “Ээж минь яасан залуухан явчихав даа, амьдад нь баярлуулах минь яав даа” гэсэн харамсал минь шүлэг болж бууж байж. Тэр үед би нэг нялх охиноо ч алдчихаад сэтгэл их хэцүү байсан. Энэ гунигаа л цааснаа буулгаж байсан даа.

-Гунигтай зүйл асууж таныг ч, өөрийгөө ч зовоож орхилоо. Гэхдээ амьдралд гэрэл гэгээ нь илүү байдаг даа. Эх орондоо ирсээр олон ангит кинонд ч тоглоод, уран бүтээлийн хувьд олз омог сайтай л байна даа?

-Ирснээсээ хойш “Огцом эргэлт” киноны мгөөлөгч өмгөөлөгч Хатанзулын дүрийг бүтээлээ. Нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй, хувь хүний маань амьдралтай ойрхон дүр байсан. Жижиг сажиг уран бүтээлүүд бол нэлээд их байлаа. Яг одоогоор би кино зохиол, “Тэнгэрт ивээгдсэн нүүдэл” роман бичиж өнгөрөгч долоодугаар сард дуусгалаа. Романаа дуусгачихаад сэтгэл их хөөрсөн.

-Юун тухай өгүүлэх вэ?

-Хүн улс үүсэхээс өмнөх үед их нүүдэл явсаар Америк тивд очиж байгаа тухай өгүүлэмжтэй.

Болормаа-О.Намнандорж нарын түүхчид индианчууд монголчуудаас үүсэлтэй гэсэн онол дэвшүүлсэнтэй ойролцоо агуулгатай роман байх нь ээ?

-Би түүхч хүн биш л дээ. Америкт ресторанд ажиллаж байхад надтай адил царай төрхтэй хүн их орж ирнэ. Тэгэхээр нь “Чиний судсаар монгол цус урсаж байгаа шүү” гэхээр үнэн голоосоо “Тийм шүү” гэж хариулна. Өдрийн 12 цагийн турш ажиллахдаа юу эсийг бодохов. Боов боодог бор цаасан дээр романаа бичиж эхэлсэн л дээ. Би бөө удганы тухай ямар ч мэдэгдэхүүнгүй. Тэгсэн мөртлөө надад хэн нэгэн хүн хэлж өгч бичүүлээд байгаа юм шиг санагддаг байсан. Жүжигчин хүн болохоор дүрүүдээ уран сайхны аргаар гайгүй амилуулчихлаа л гэж бодоод байгаа.

-Танд бөө удганы ямар нэгэн уг удам байгаа юм биш биз дээ?

-Надад бөөгийн уг удам байхгүй гэж бодож байна. Монгол хүн болохоор биднийг харсан тэнгэр байгаа гэж бодож тэнгэртээ цай сүүнийхээ дээжийг өргөж л явна.

-Шинэ жилээр аавдаа шарсан өвчүү аваачиж өгч баярлуулах дуртай гэж сонссон. Аав чинь ямар алба хашдаг байв?

-Би эхээс хоёулхнаа. Нэг эмэгтэй дүүтэй. Эжий минь их залуухан өнгөрсөн. Миний аав чинь Хотын эвлэлийн хорооны нэгдүгээр дарга байсан Батсүх гэж хүн байна. Хотын намын хорооны үйлдвэр хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Аав минь нам төрийн том алба хашиж байсан зарчимч хүн. Эх эцгээс өвлөсөн зөв хүмүүжил ямар ч алт эрдэнэсээр сольшгүй үнэт өв хөрөнгө л гэж боддог доо.

-Хотын унаган хүүхэд Дунд голын Дунжидмаа бүсгүйн дүрийг сэтгэлд хоногштол бүтээнэ гэдэг авьяаслаг жүжигчин хүний л гайхамшигтай чадвар юм даа?

-Жүжигчин хүний бусдаас ялгарах нэг онцлог гэвэл дүрээрээ дамжиж цаг хугацаагаар аялдаг. Бид дүрээрээ дамжуулж ээж байх, хань байх, хүн байхын жаргал, зовлонг бие сэтгэлээрээ мэдэрдэг. Тэр дундаа монгол хүн дасан зохицох, хөрвөх чадвараараа бусад үндэстнээс хавьгүй дээгүүр гэж би боддог. Би Америкт байхдаа Белла нэртэй байлаа. Миний хариуцсан ширээнд хүмүүс суух дуртай байсан нь монгол хүний л нөгөө хөрвөх чадвартай холбоотой гэж боддог. Бусдын хайрыг татаж, итгэлийг даана гэдэг монгол хүний л чадвар. Гэхдээ яг Дунжидмаагийн дүрийн хувьд Батсүмбэрт дөрөвдүгээр ангид ортлоо амьдарсан болохоор тийм ч хол хөндий байгаагүй л дээ. Дөнгөж төрөөд зургаа хонож байхад л аавынхаа ээж дээр очсон хүн. Худгийн хүйтэн усаар юм угааж, авга ахын таван хүүхдийг өсгөж, бэр эгчийн алганы амтыг үзэж, ажил сурч өссөн хөдөөгийн хүүхэд шүү. Тиймээс одоо ч Батсүмбэрээр овоглож явдаг шүү дээ.

-Америкт байхдаа жүжиг найруулж тайзнаа тавьсан гэж сонссон юм байна?

-Тэнд байхдаа “Би хэн бэ” гэдэг жүжгийн зохиол бичсэн. Найруулагчаар нь Алтанбагана маань ажилласан. Энэ жүжиг ерөнхийдөө “Монголчууд минь, эх орон чинь үүдээ дэлгээд та бүхнийг хүлээж байгаа шүү” гэдгийг сануулсан, уриалсан сэдэвтэй юм. Жүжгээ хэд хэдэн хотоор явж монголчууддаа тоглосон. Тухайн үед найруулагч Машбат ах, гавьяат жүжигчин Батцэцэг эгч хоёр үзээд их урам өгсөн. Энэ жүжгийг үзээд олон монгол залуус эх орондоо эргэж ирсэн гэж надад хэлж байсан.

Болормаа

-Таны тоглосон кино ч тоогоо алдсан байх аа?

-”Алтан шонхор” киноны Арлунгоо, ”Газар шороо” киноны Хангай Базарын дүү Долгор, ”Шинэ үсгийн багш” киноны Дунд голын Дунжидмаа, ”Огцом эргэлт” олон ангит киноны өмгөөлөгч Хатанзул зэрэг дүрүүд маань хүмүүст нэлээд хүрсэн байх гэж боддог. Нэг зүйл сонирхуулахад “25-р суваг” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж байхдаа 1998 оны шинэ жилийн анхны “Баярын мишээл” нэвтрүүлгийг сэтгүүлч, найруулагч А.Авирмэдтэй хөтөлж эхлүүлж байлаа.

Болормаа-Өөрийг чинь “Гэгээн Муза” олон улсын наадмыг санаачлагчдын нэг гэдэг юм билээ?

-2006 онд Ардын жүжигчин С.Сарантуяа эгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбат нартай хамтран театрын жүжгийн “Гэгээн Муза” наадмыг хамтран санаачилж байсаан. Наадмын сүлд дуу ”Жүжигчин” дууны шүлгийг бичиж гавьяат жүжигчин Б.Нармандах дуулж олны хүртээл болгосон. Энэ наадам маань 2022 онд 16 дахь жилдээ зохион байгуулагдсан даа.

-Та өөр олон дуу зохиосон уу?

-2001 онд “Ботгон хэлхээ” шүлгийн түүврээ хэвлүүллээ. “Хэрвээ би” шүлэгт минь “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр ая зохиож, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа дуулж клип бүтээлгэсэн шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img