-Таныг Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэнтэй хамаатан гэж сонссон юм байна. Ямар хамаатан билээ?
-Манай хөгшин аав Өлзийтийн Дэнзэн, хөгшин ээж Шагдарсүрэн хоёр Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу буюу одооны Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул улс байсан. Ханхөгшинийхөн гэдэг байсан. Миний хөгшин ээж Рэнцэн тайжийн долоон хүүгийн нэг Цагаан-Очир тайжийн ганц охин юм билээ. Цадмэд тайжийнх нь охин болохоор Ардын их хурлын нарийн бичгийн дарга Готовын авгай Басдайры эгч. Хөгшин аав, ээж хоёр таван хүү, гурван охин төрүүлж өсгөсөн.
Хөгшин аавыг наян тавныхаа найрыг хийгээд Сүхбаатарын талбай дээр үг хэлэн, кино зураг авахуулж байхад зохиолч Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн таарч “Өлзий буян дэлгэрсэн өвгөн” гэсэн тэмдэглэл бичсэн байдаг. Ууган охин Донжид нь Монгол Улсын есдэх Ерөнхий сайд Гэндэн гуайн авгай байгаа юм.
Тэрний удаах нь Батмөнх буюу том Дулам гэж нагац эгч маань байна. Манай ээжийг Жаал Дулам гэдэг байсан. Ээж маань багаасаа тэнхимд сураад дөрвөн аргын тоо, бичиг үсэгтэй болохоор АИХ-ын дарга асан Ж.Самбуутай феодалын хөрөнгө хураахаар Цэцэрлэгмандалын аймгийн Намнан уулын хошуунд явж байсан байгаа юм.
-Ээж чинь тэгвэл эрчүүдээс дутахгүй л дайчин бүсгүй байж дээ?
-Самбуу даргатай хоёр ч удаа хөдөө ажлаар томилолтоор явсан байдаг юм. Самбуу даргыг Өмнөговь аймгийн даргын алба хашиж байхад ээж Дэлэгсамба тэргүүтэй эсэргүү хөдөлгөөнийхнийг дарах гэж явсан байгаа юм.
Энэ тухай “Эвлэлийн төв хорооны зуун гишүүний дурсамж” номонд баримт нь орсноос гадна Өвгөөдэй Дамдинсүрэн бас бичсэн байна. Ээж маань театрт дуучин, жүжигчин байсан.
“Хэрмэл Дамбийжаа”-гийн галзуу хүүхний дүр зэрэг дандаа гол дүрийг бүтээж байсан байгаа юм. Ээж Эвлэлийн төв хорооны дарга байсан манай Өвөрхангай гаралтай Улаан Пүрэв гэдэг хүний эхнэр байж. Энэ хүн Аж үйлдвэрийн комбинатын даргын алба хашиж байгаад хэлмэгдсэн байдаг. Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Пүрэвийн Хорлоогийн хамаатан хүн шүү дээ.
Ээж, Ерөнхий сайдын гэргий Донжид эгчтэйгээ хоёр морьтой Хараа, Бороо руу хавар эрт гараад намар тариа будаа ихтэй Хүрээ орж ирдэг байсан гэдэг. Ээжийгээ “Саран ээж” өргөмжлөлт болох үеэр бид архиваас нэлээд баримтыг нь цуглуулж авсан. Гэндэнгийн Казанийн төмөр замын буудал дээр зогсож байсан зураг энэ тэр гээд их зүйл байдаг юм билээ.
-Улсын архивт ч мэдээж тэр том алба хашиж байсан хүний баримт их байгаа л даа?
-Югословын Ерөнхийлөгч Титог манай улсад айлчлахад би цэцэг өргөн барьж байсан юм. Тэр зураг хүртэл улсын архивт байсан. Тэр зургаа олж угаалгаж авсан. Зураг түүх өгүүлнэ гэдэг чинь сайхан юм билээ.
Гэндэн Ерөнхий сайдыг Сочид баривчилсан шүү дээ. Тэгэхэд Донжид эгчтэй хамт дүү Пэлжээ нь хамт байсан байдаг. Ээжийн дүү Долгор гэж багш хүүхэн байсан. Ээжийн дүү Цэрэндондов бол БНАСАУ, Болгар улсуудад Элчингийн нарийн бичгээр ажиллаж байсан, Англи Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар сууж байсан хүн байна. Англи улсад суугаа Элчин сайдын яам Канадыг давхар хариуцдаг байсан. Манай Мөнхбат чинь олимпод оролцохоор явахдаа Цэрэндондов ахынд очиж байсан байдаг.
Сүүлд Японд долоон жил Элчин сайдаар ажилласан. Ээжийн бас нэг дүү Дэнзэнгийн Ишцэрэн Монгол Улсын их сургуульд багшилж, Боловсролын яамны сайдаар ажиллаж байгаад Төрийн ордонд нас барсан шүү дээ. Энэ нагац ах маань биеэр том биш ч гэсэн моринд их эрэмгий, циркийг үндэслэгч улсын гавьяат жүжигчин Раднаабазар, Нацаг нартай хамт овоолго хийх үзүүлбэрт гардаг мундаг тамирчин хүн байсан байгаа юм. Сэмжээн Дондов гэдэг хүү нь малчин байж байгаад жолооч болсон хүн. Манай хөгшин аав ийм найман хүүхэдтэй хүн байлаа.
-Хөгшин аав чинь ямаршуухан хүн байв?
-Их сайхан барилддаг. Мээтэн Аюур, Их Монгол Шаравжамц нартай хүч үзэж явсан “майга”, “бөх”, “баян” Дэнзэн гэсэн алдар гуншинтай хүн байсан даа. 1956 онд зодог тайлсан гэж байгаа юм. Урт гарт хэмээх Маамын Лхагва арслан өвөөгийн зодог, шуудгийг өмсөн улсын наадамд түрүүлсэн гэдэг.
Улсын наадамд түрүүлээд Лхагва арслан чинь “аавынд” орсон ш дээ. Тэр зодог шуудгийг Лхагва гуай гарч ирээд “Энэ өмсгөлийн чинь идийг хийлээ” гээд манайд хөгшин аавд авчирч өгч байсан л юм гэдэг. Дээр үеийн улсууд тийм сайхан жудагтай. Бөхийн удам залгуулах охин гэдэг утгаар авч үзэх юм бол манай өвөө чинь улсын цолгүй ч тийм мундаг бөх хүн байсан. Улсын сайн малчин цолыг 1933 онд авч байсан.
-Таны аав болохоор аль нутгийн хүн билээ?
-Манай аав Өлзий-Утас Архангай аймгийн хүн. Аав, Базарын Ширэндэв гуай хоёр Архангай аймгаас ачааны машин дээр хүрзний хоёр талаас бариад анх хотод орж ирсэн байгаа юм. Машинаас Ленин клубын энд буучихаад гудамжны чийдэн харчихаад гайхаад, хараад зогсоод байсан гэдэг.
Тэгээд хамтдаа нэг сургуулийн газар очоод утсаар ярьж байгаа хүн харчихаад “Галзуу солиотой юм уу, хаашаа юм, ганцаараа яриад” гэж нөгөө хүнийг дооглон биенээ нударч байсан гэж ярьдаг сан.
Ширэндэв гуай гадаадад сургуульд яваад усанд хаясан чулуу шиг арван хэдэн жил алга болсон гэж аав ярьдаг байлаа. Аавыг болохоор бичиг үсэг, дөрвөн аргын тоотой болохоор Монголдоо ойр зуур намын ажилд томилсон байдаг. Хожим КУТВ-д яваад эрүүл мэндийн шалтгаанаар буцаж ирсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цогзолын аав Пүрэв хойно бие нь тааруу байхад их тусалж байсан юм билээ.
-Та айлын хэд дэх хүүхэд билээ?
-Айлын ууган хүүхэд Архангай аймагт Цэнхэр, Тамирын голын Сайрын ард төрсөн. Намайг дөрөв таван настай байхад манайх хотод шилжиж ирэн аав Боловсон мах комбинатын даргаар ажилласан. Хойно Сэлбийн амралтын даргаар олон жил ажилласан. Бид тэнд л өсөж торнисон доо.
Миний дараагийн дүү Ө.Булган гэж их сургууль төгссөн орос хэлний багш хүн байна. Сангийн яаманд олон жил ажилласан эдийн засагч Ө.Алтансэлэнгэ, ШУТИС-ийн доктор Ө.Нагва, Ташкентэд төгссөн Ө.Баянтуул, Эрхүүгийн их сургууль дүүргэсэн Ө.Энхсайхан нарын дүү нар минь бий.
-Улс даяар алдартай дархан аварга Мөнхбатын гэргий болсон түүхээ хуучлаач, та?
-Аав Сэлбийн амралтын дарга байхдаа Тэрэлжийн амралтын дарга Рагчаа гуайд ах дүү нараа ярин ажилд оруулсан байсан. Тэнд манай аавын эгчийнх цагаан идээ боловсруулах ажил хийдэг байлаа. Тэрэлжийн амралтын тэр эгчийндээ өвлийн амралтаараа амарч байхад бөхчүүд бэлтгэл хийж байсан. Тэр үеэс л Мөнхбат бид хоёр бие биеэ мэддэг болсон.
Мөнхбат гудамжны нөгөө талаар явж байгаад “Хөөе” гээд дуудахаар би их ичнэ. Манай Анагаахын дээд сургуулийн нэг ангийн хүү, улсын начин Чулуунбаатар бид хоёрыг нэг анги гэдгийг Мөнхбат мэдээд цугтаа манай гэрийг сурагласаар ирж байсан. Би дөрөвдүгээр курсын оюутан байсан. Нэг өдөр Чулуунбаатар “Чамаас семинарын ном авах гэсэн юм” гэж ирлээ. Гандангийн хамба лам Гомбожавын охин Эрдэнэцэцэг манай анги.
Тэднийд хамт очиж ном сурчихаад гараад ирсэн чинь Мөнхбат хүлээж байдаг юм. Тэрнээс хойш Мөнхбат манай гэрийг мэддэг болж аваад ороод ирнэ. Амьдралаа ярих нь их өрөвдмөөр. Аав ээж гэж байхгүй, ах дүү нар нь хөдөө. Хотод мориор шууз ганзагалан хичээлд ирчихээд Тасганы овооны энд хонож байсан ч гэх шиг юм ярина.
-Мөөеө аваргын аав ээж нь бурхан болчихсон байсан юм уу?
-Мөнхбат чинь айлын арав дахь хүүхэд байхгүй юу. Төрөөд зургаан сартай байхад нь ээжийнхээ ах Жигжидийнд өргүүлсэн юм билээ. Аав Чанцал, ээж Хажид хоёр арван хоёр хүүхэд гаргасан улс.
Айлд өргөгдөөд арван гурван насандаа ээж нь нас барах үед сургуулиа хаяж ээж рүүгээ гүйсээр нэг жил завсардсан байдаг. Жигжид аав нь хорин хэдтэйд нь бурхан болсон. Техникумд сурч байхдаа мориор нутгаасаа хичээлдээ ирдэг байсан юм билээ, хөөрхий. Бөхөд хайртай сайн улсын хүчинд Санхүүгийн техникумаа төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн байгаа юм. Ардын уран зохиолч Балжирын Догмид “Намайг Санхүүгийн техникумд сурч байхад Мөөеө аварга миний багш байлаа.
Цагаантолгойн сангийн аж ахуйд намрын ажилд явахад Сэлэнгэ мөрөнд намайг сэлэх гэхээр намайг говийн хүүхэд усанд живж үхэх гэж байгаа юм гээд бургасаар шавхуурдаад хөөдөг байсан. Яс юман дээр би Дорноговьд усан бассейнд сэлээд сурчихсан, загас шиг л амьтан байсан байхгүй юу” гэж хуучилж байна лээ. Тэгэхээр шавь нараа гэсэн сэтгэлтэй мундаг л багш байсан байгаа юм.
-Тантай танилцахдаа Мөөеө аварга улсын наадамд аль хэр амжилттай барилдаж байв?
-Өө, юу ярьж байгаа юм. Дөрөв тав түрүүлчихсэн байлгүй яахав.
-Тав түрүүлдэгээ түрүүлчихсэн байсан үе нь юм байна шүү дээ?
-Тэгсэн байсан. Би дөрөвдүгээр курстээ Архангайд дадлага хийхээр явсан. Мөнхбат Мехикогийн олимпод оролцох гээд Завханд бэлтгэлтэй ч их сургуулийн номын санч ажилтай ээж дээр хүртэл намайг сураглаж очсон байдаг юм. Дадлагад байх хугацаанд нагац ах Цэрэндондов эд нар “Улсаа төлөөлж олимпод явах гэж байгаа хүнийг сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй” гэж ятгаж эхэлсэн. Тэгээд олимпод явахад манайд хоол унд болоод үдэж өгсөн. Эндээс л бид хоёр ойртож дотноссон доо.
“Мөнхбат олимпоос алтан медаль авах гэж байна, мөнгөн медаль дээр тогтлоо” гээд манайхаар ирсэн улс амьтан ярьж л байсан. Залуу байсан болохоор тоох ч үгүй. Олимпоос ирэх өдөр нь ичээд онгоцны буудал руу очилгүй, сургуулийнхаа үдэшлэгт бүжиглэхээр яваад өгсөн. Ах нь, балиашигууд нь л тоссон. Намайг үдэшлэгээс тараад ирсэн чинь Мөнхбат манайд ирчихсэн байлаа. Түүнээс хойш манайхаар голдуу байцгааж, хүүхдүүдийг маань аав ээж өсгөлцөж өгсөн дөө.
-Ууган үрийнхээ зулайг үнэрлээд аав, ээж болохын жаргалыг мэдэрсэн байж таарна даа?
-Ууган хүү М.Батхуяг маань төрлөө. Цэргийн сургууль төгссөн, Зүүнбаянд офицер байж байгаад аавынхаа сургуульд жудо, самбогоор багшилсан. Удаахь охин М.Батцэрэн Солонгост сургууль төгсөөд, одоо “Тоёота Мөнххада”-гаа авч явна.
М.Батгэрэл охин маань Англид таван жил шахуу амьдарч байхад нь бид “Дүүдээ тусал” гээд Япон руу явуулсан. М.Баасанжаргал охин маань Их шавийн сургуульд багшилж байгаад бас л компанидаа ажиллаж байна. Энэ охины маань нөхөр аймгийн арслан Батжаргал. Хүргэн сумод хүүхдүүдийг дасгалжуулж барилдуулна. Бэлтгэсэн хүүхдүүд нь жилээс жилд л амжилт нь ахьж ирсэн дасгалжуулагч даа.
-Батхуяг хүү чинь барилддаг байв уу?
-Улсын наадмын хүүхдийн барилдаанд барилдсаан. Жүдо, самбод барилдаж байсан. Баримтат кинонд дүрс нь үлдсэн байдаг юм. Дүүдээ мэх зааж өгнө. Би хөвгүүдээ бөхөд эвсэлтэйг харахаар “Бөх гэдэг чинь хоёр талаасаа дөгөөтэй л байдаг юм байна” гэж боддог байлаа.
Манай хөгшин аав чинь өглөө адуунд явж байгаад унага даага идчихсэн азарган чонотой таарч уургаараа нүдсээр муужруулаад, чоноо салтаандаа хавчуулж байгаад хутгаа сугалан хөнөөж байсан тухай хууч яриа сонсож л байсан.
-Даваажаргал хүү чинь Япон руу хэдтэй явлаа?
-Долоогоо төгсөөд наймдугаар ангид ордог жилээ л явсан даа.
-Аав ээжийнхээ өврөөс ч гараагүй явсан гэж үнэн үү?
-Манайх ч хөдөө гадааны улс ихтэй болохоор миний муу хүү чинь аав ээжийнхээ л өвөрт унтана. “Хэн хэлчихдэг байна аа. Ээж аавынхаа өвөрт унтдаг гэж хүүхдүүд шоолоод байх юм” гэж их ичдэг байсан. Заан Дүвчингийн хүүхэд энэ тэртэй барилдана. “Аав гэдэг арын хаалга ч байхгүй. Аварга, аварга л гээд байдаг. Намайг харж байхад түрүүлээч” гэж бэлтгэл дээр гарч байхдаа их гомдоллоно. “Даваа туг тойрч байгаад таварцаглачихлаа” энэ тэр гээд элдэв юм дуулдана аа.
Сонгинын амралтад сүүлд Өсөхөө аваргатай хамт гардаг байсан. “Хэлтгий заяа” кинонд аавтайгаа тоглож байлаа. Япон руу “Гурван сар болно” гээд аравдугаар сард явсан хүүхэд чинь удахгүй ирэх шахаж л байсан. Анхандаа жижиг биетэй гээд гологдоод, аав ээждээ бэлэг сэлт аваад, маргааш нь нисэх тийзээ бичүүлчихсэн байхдаа азаар дэвжээндээ үлдсэн байдаг юм.
-Тэндээ үлдсэнийх ямар ч байсан сумо хэмээх тэр том уулын оргилд нь ямар ч гэсэн гарлаа даа?
-Хүү маань анхандаа гэрээ санаад, шөнө орондоо уйлдаг байсан гэсэн. Багш нь өдрийн арван мянган төгрөгийн сүү авч өгдөг их сайн хүн таарсан байсан. Багш нь муугаас болж сумогоос гарсан хүүхдүүд зөндөө байдаг юм билээ.
Хубилай хааны сүнс амирлуулах ёслолд япончууд намайг урьж үг хэлүүллээ. Би тэнд “Миний хүү арван таван настай сумод ирсэн. Манай Монголын үр хүүхдээ хүмүүжүүлэх сайхан ёс байдаг. Баруун мөрөн дээр аавын, зүүн мөрөн ээжийн сүнс байрлаж, орой дээр Бурхан багш оршдог гэж багшийг их хүндэлдэг ард түмэн.
Цагаан сар болоход аав, ээжээсээ илүү багштайгаа золгодог, номыг торгонд боож баринтагладаг ард түмэн. Миний хүү яагаад сайн барилдаж байна гэхээр сайн багштай учраас өдий зэрэгтэй явж байна” гэж хэлэхэд багш нь “Танай хүү үнэхээр сайн бөх” гэж байсан. Тэр олон сая хүний итгэлийн сайхан хүч хүүд маань цагаан эрчис хайрлаж байгаа нь тодорхой байдаг байсан даа.
-Ач нар чинь ч одоо сайхан өсөж торнилоо доо?
-Манай хүүхдүүд сурлага сайтай. Эзэн хааны сургууль биш иргэн хүн сурдаг өндөр зэрэглэлийн сургуульд манай Юнрэнцоо охин маань гурав дөрвөн мянган хүүхдээс ганцаараа шалгарч сурч байгаа шүү дээ. Тэр Кэйёо сургуульд бас дүү нь цуг сурч байгаа. Хамгийн бага Мааяа охин ээжийнхээ сурч байсан Эзэн хааны сургуульд сурч байна даа.
-Хакухо аварга аав ээжийнхээ алтан хуримыг хийлгэлээ гэж цахимаар их шуугисан даа?
-Тэр жилийн цагаан сарын шинийн гурванд Өмнөд Солонгосоор дайраад Хавайн аралд очсон. Тэнд Даваагийн фен клубийн америк, япон хүмүүс сайхан хүлээж авлаа. Зураг хөргөө далайн эрэг дээр авах гэснээ настай улс жиндэх байх гээд тусгай ёслолын танхимд нь хуримын хувцас, японы үндэсний хувцастай зургаа авахуулсан.
Тэр олон сая хүний сэтгэлийг бодож япон үндэснийх нь хувцастай зургаа авахуулахад юу нь болохгүй байх вэ гэж бодсон. Хүлээн авалт сайхан болсон. Хавайд тэр жил гурван хос алтан хуримаа тэмдэглэсэн дээ.