2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Николас Пубил Майнали: Страсбург, Колмарчууд Зул сарын худалдаагаараа алдартай

Ярилцагч маань Alliance Francaised’Oulan-Bator буюу Монгол, Францын төвийн захирал Николас Пубил Майнали. Франц хэлтнүүдийн хэл соёлыг сурталчлах зорилготой уг байгууллага нь жилийн турш франц хэлний сургалт явуулж, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг юм. Николас Пубилаас францчууд шинэ оноо хэрхэн тэмдэглэдэгийг сонирхлоо.

шинэ жил-Удахгүй шинэ он гарах гэж байна. Франц хүмүүс энэ баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж, шинэ жилийн баяртаа хэрхэн бэлтгэдэг вэ?

-Жилийн төгсгөлд болдог энэ баярыг францчууд хоёр маш чухал үе болгон хуваадаг. Үүний нэг нь халуун ам бүлээрээ цугладаг Христийн мэндэлсний баярын зоог. Нөгөөх нь, ихэвчлэн найзуудтайгаа тэмдэглэн өнгөрөөдөг шинэ жилийн үдэшлэг.

Шинэ жилийн баярыг францчууд амьдардаг хотдоо л тэмдэглэн өнгөрүүлдэггүй. Олон хүмүүс ойр дотныхноороо айлчлах гэж ийш тийш явцгаадаг. Тэр утгаараа хөл хөдөлгөөн ихтэй баяр.

шинэ жил-Шинэ жилийн баярын ширээгээ чимдэг уламжлал болсон хоол гэвэл?

-Жилийн төгсгөлийн баярын өдөр францчууд сайн хооллодог (инээв). Хэдэн цагийн турш ширээнийхээ ард хөгжилдөнө. Өдөр тутамдаа идээд байдаггүй foie gras, хясаа, утсан хулд загас, түрс зэргээр баярын ширээгээ чимдэг. Харин Зул сарын баярын уламжлалт хоол бол шувууны мах. Капон, галуу эсвэл цацагт хяруулын мах зооглоцгоодог юм. Амттаны хувьд зөвхөн энэ баяраар л иддэг алдарт Юле гуалин бялуу гэж бий.

шинэ жил-Францад шинэ жилийн баярыг ямар дуучны ямар дуу хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй вэ?

-Шинэ жилийн баярын үеэр францчуудын таашаан сонсдог олон дуу бий. Tino Rossi-гийн “Petit Papa Noel” дуу бол Францчуудын хувьд Христийн мэндэлсний баярын хамгийн том бэлгэдлийн нэг. “O Tannenbaum” буюу “Vive le vent” дууны франц хувилбар болох “Mon Beau Sapin”, “Jingle Bells” дууны франц хувилбар бас их алдартай.

-Хуучин, шинэ он солигдох мөчид ихэнх францчууд хаана байдаг вэ?

-Францчууд шинэ жилийн баярын амралтын үеэр гэр бүлээрээ цуглардаг. Ахмадууддаа зочилдог. Зул сарын баяр бол бидний хувьд Цагаан сартай төстэй.

шинэ жил-Шинэ жилийн гайхалтай арга хэмжээ олон болно биз?

-Францад, жилийн төгсгөлийн баярыг улс орон даяар тэмдэглэдэг боловч зарим бүс нутаг гайхам онцгой уламжлалтай. Тэдний тэр онцгой уламжлал шинэ жилийг улам утгатай, сайхан болгодог. Францын зүүн хойд хэсэг дэх Страсбург, Колмар хотууд Зул сарын баярын худалдаагаараа алдартай.

Европ дахь хамгийн эртний бөгөөд хамгийн томд тооцогдох худалдаа тэнд болдог юм. Яг тэр үеэр хотын гудамжууд ямар үзэсгэлэнтэй гэрэлтдэг гэж санана. Анивчин гялалзах гэрэл, зул сарын баярын өнгө өнгийн элдэв дүрст чимэглэл, гар урлалын бүтээгдэхүүн зардаг лангуунууд яг л ид шидийн орон шиг орчин бүрдүүлдэг.

Арванхоёрдугаар сарын эхээр болдог Лион дахь Гэрлийн баяр байна. Хот тэр чигтээ гэрэлтэнэ шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдыг татдаг тун өвөрмөц арга хэмжээ.

шинэ жил-Францчуудын хувьд уламжлал болсон шинэ жилийн баярын зан үйл гэвэл…?

-Францад шинэ жилийн баярыг уламжлалт зан үйлээр тэмдэглэдэг. Тэр бүхний цөм нь түрүүн хэлсэнчлэн баярын ширээгээ тойрон зоог барих. Олон орны нэгэн адил францчууд шөнө дундын арван хоёр цагийн цохилтыг бэлгэшээн угтдаг. Шөнө дундын хонхны тэр дуунаар хүмүүс бие биенээ үнсэж, өөр зуураа шинэ оны мэнд дэвшүүлж, оргилуун дарс тулгацгаадаг.

Францын олон хотод шөнө дунд салют буудаж, шинэ оноо угтдаг нь бас л нэгэн онцгой мөч. Салют буудуулах ёслолыг ихэвчлэн алдартай газруудад зохион байгуулна. Өнгө өнгөөр сацрах салют буудлагыг үзэж таашаахаар маш олон хүн цуглацгаадаг шүү.

шинэ жил-Францад өнгөрүүлсэн шинэ жилийн мартагдашгүй дурсамжаа хуваалцаач?

-Страсбург, Колмар хотуудаар явж Зул сарын баярын худалдааг сонирхсноо мартах аргагүй. Гэрэлтэж гялалзсан гудамжаар баярын уур амьсгал мэдэрсэн шигээ алхах ямар гайхалтайг ярих юм биш. Яг тэр орчинд нь очиж мэдэрсэн хүмүүст үгээр илэрхийлж гүйцэмгүй гайхамшигтай мэдрэмж төрдөг байх аа.

-Шинэ жилийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд удахгүй болох зул сарын баярын мэнд хүргэе.

-Сонирхолтой ярилцлагад урьсанд тань баярлалаа. Танд болон танай нийт уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлье. Монгол, Францын харилцаа улам бэхжих болтугай.

шинэ жил

шинэ жил

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img