81 насандаа гар утасны апликейшн бүтээсэн Масако Вакамия
Масако Вакамия Японы Хина Мацури баяраас сэдэвлэсэн Hinadan гар утасны апликейшнийг 81 настайдаа бүтээжээ. Баярын үеэр япончууд Хина хэмээх өвөрмөц хүүхэлдэйгээр гэр орноо гоёдог аж. Хүүхэлдэйгээр эзэн хааны ордныг дүрслэхдээ олон зуунаар уламжлагдан ирсэн ёс жаягийг баримтлан, тодорхой дэгээр хүүхэлдэйнүүдийг байрлуулах ёстой гэнэ. Масакогийн бүтээсэн апликейшн нь гар утасны тоглоомоор дамжуулан энэ дэг жаягт сургадаг аж.
“Ахимаг настнуудад зориулсан хөгжилтэй тоглоом огт байхгүй байсан учраас л би энэ апликейшнийг бүтээсэн” гэж Масако Вакамия ярьжээ.
Масако Вакамия 1935 онд Токио хотноо төрсөн. Токиогийн боловсролын их сургуулийн дэргэдэх сургуулийг төгссөний дараа Mitsubishi Bank (өдгөө MUFG Bank нэртэй болсон). Ингээд 1990-ээд оны дундуур, тэтгэвэрт гарсныхаа дараа компьютер сурж эхэлсэн байна. Анхандаа өөрийгөө зугаацуулахын тулд нүд бүр нь өөр өөр өнгөтэй, хүснэгтүүдийн нүхнээс бүрддэг зураг болох Exel-art бүтээж эхэлжээ.
“Exel программ зөвхөн тооцоо хийхэд зориулагдаагүй юм шүү дээ. Би энэ программыг ашиглаад цүнх, цамцны загварыг ч гаргаж байсан” хэмээн Вакамия өгүүлжээ.
Түүний бүтээсэн апликейшн олны анхаарлыг ихээхэн татсан аж. Түүнчлэн Вакамия лекц тавьж, хот, суурингийн цахим уялдаа холбооны зөвлөлийн ажилд оролцдгийн дээр “Өчигдрийнхөөсөө өөр хүн болох” ном бичжээ. Энэ номонд, наснаас үл хамааран хэрхэн шинэ мэдлэг олж авч, амьдралын баяр баяслыг мэдрэх талаар өгүүлдэг гэнэ.
92 настайдаа марафонд гүйсэн Глэдис Берилл
Глэдис Беррил 92 настайдаа марафонд оролцсноороо марафонд гүйсэн хамгийн өндөр настай хүн болжээ. Тэрбээр 86 настайдаа гүйж эхэлсэн байна.
Глэдис Вашингтон мужийн ферм дээр өсчээ. Гэрлэж, нөхрийнхөө хамтаар ойн аж ахуйн бизнес эрхлэх болсон нь ихээхэн амжилтад хүрсэн аж.
Тэрбээр 2010 онд дээд амжилтаа тогтоосон байна. Глэдис 86 наснаасаа эхлэн гүйж, долоон жилийн хугацаанд таван марафонд оролцож, тав дахь марафондоо хамгийн өндөр настай оролцогч болжээ.
Глэдис 9 цаг 53 минут 16 секунд гүйж, гараанд орохоос 500 метрийн зайд зогсон, мөргөл үйлдсэн гэдэг.
Өтөл насандаа зураг зурах болсон Анна Мэри Робертсо Мозес
Мозес эмээ гэдгээрээ ихээхэн алдаршсан Анна Мэри Робертсон Мозес 1860 оны есдүгээр сарын долооны өдөр төрж, амьдралынхаа ихэнх хэсгийг ферм дээр өнгөрүүлэн, үр хүүхдээ өсгөдөг байжээ.
Хатгамал оёх дуртай байсан ч 76 настайдаа үений үрэвслийн улмаас хатгамал хийх боломжгүй болсон аж. Харин тэр үед дүү нь түүнийг уран зураг сонирхоод үз хэмээн зөвлөжээ.
Ингээд Мозес хөдөөгийн байгаль, трактор, утасны шонгүй эртний Шинэ Английг дүрслэн зурах болсон гэнэ. Уран зураг цуглуулагч Луи Колдор 1938 онд түүний бүтээлийг эмийн санд байхыг олж харан ихэд сонирхож, Мозестой уулзан, үзэсгэлэнд оролцохыг санал болгожээ.
Ингээд Мозес эмээ Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд болсон “Орчин үеийн, алдарт гараагүй Америкийн зураачид” үзэсгэлэнд оролцож, 1940 онд “Фермерийн эхнэрийн бүтээлүүд” нэртэй хувийн үзэсгэлэнгээ “Сент-Этьен” галерейд гаргажээ.
Мозес нийтдээ 1500 гаруй бүтээл туурвисан байна. Түүний зургууд анхандаа 3–5 доллараар зарагддаг байсан бол Мозес алдаршихын хэрээр зургуудын үнэ 8000-10000 долларт хүрчээ. 2006 онд түүний “Sugaring Off” бүтээл Christie’s дуудлага худалдаагаар $1,2 сая долларын үнэ хүрч байв.
65 настайдаа зохиолч болсон эмэгтэй
“House on the Prairie” хүүхдийн цуврал номоороо алдартай Америкийн зохиолч Лора Ингаллс Уайлдер 1867 онд төржээ. Уайлдерын гэр бүл олонтаа нүүж, Лорагийн дурсамжинд очсон газруудынх нь сэтгэгдэл үлдсэнээр хожмоо уран бүтээлийнх нь суурь болсон байна.
Тэрээр 15 настайдаа хөдөөгийн сургуулиудад багшилж эхэлжээ. 1885 онд нөхөрт гарч, орон нутгийн сонинд мэдээ нийтлэл бичин, хөдөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал, боломжийн талаарх нийтлэл гаргадаг булан хөтөлдөг байсан аж.
Охин нь түүнийг ном бичихийг ятгаснаар 1932 онд Уайлдерын анхны “Ойн байшин” ном гарч, дараа нь нөхрийнхөө намтраас сэдэвлэсэн “Бяцхан фермерч” номоо гаргажээ. Ингээд дараа нь индианчуудын нутаг дээр түүний гэр бүл хэрхэн амьдарч байсан талаарх дурдатгал болох “House on the Praire” номоо бичсэн байна.
Түүний номыг уншигчид төдийгүй шүүмжлэгчид ч өндрөр үнэлэн хүлээн авчээ. Ингээд энэ ном хүүхдийн уран зохиолын сонгодог болж, олон хэл дээр хөрвүүлэгдсэн байна. Цаашлаад 1974 онд Америкийн телевизээр Уйалдерын номоор бүтээсэн телевизийн цуврал гарч, 10 жил орчим үргэлжилжээ.
2014 онд Өмнөд Дакотагийн Түүхийн нийгэмлэг Уайлдерын хуучин гар бичмэлүүдийн эмхэтгэлийг гаргасан бөгөөд эдгээрийн дунд зохиолчийн номонд багтаагүй, хүчирхийллийн үзэгдэл бүхий тэмдэглэлүүд ч багтжээ.
Ахимаг насандаа алдартай хөтлөгч болсон Жулия Чайлд
Жулия Чайлд 1912 онд чинээлэг гэр бүлд төржээ. Хүмүүнлэгийн боловсрол эзэмшсэн тэрээр сурталчилгааны үг зохиогчоор ажиллаж байсан аж.
Дэлхийн II дайны үед Эмэгтэйчүүдийн армийн корпуст элсэхийг хүссэн ч өндрөөрөө тэнцээгүй тул нарийн бичгийн дарга болж, дараа нь тагнуулын албанд эрдэм шинжилгээний ажилтан болжээ.
Ирээдүйн нөхөр, тансаг зоогонд дуртай Полтой танилцсаныхаа дараа хоолны урлалыг сонирхох болсон байна. Дайны дараа дипломат албанд орж, Пол, Жулия нар Парист нүүн ирсний дараа Жулия Le Cordon Bleu хоол урлалын сургуульд суралцах болжээ. Дараа нь хоёр франц найзынхаа хамтаар L’Йcole des Trois Gourmandes сургуулийг нээж, хожим нь “Франц зоогийн урлагийг эзэмшихүй” нэртэй ном бичсэн нь бестселлер болж байсан аж.
1960-аад оны эхээр “Францын ахлах тогооч” телевизийн шоу эхэлжээ. Энэ шоуны хөтлөгчөөр Жулия ажиллах болж, нийт 206 дугаар гарсан байна. Хошигнох чадвартай Жулия Чайлд хормын төдийд алдартай болжээ. Тухайн үед хэдийнэ 50 нас гарсан байсан, телевизийн салбарт залуу хүмүүсийг ажиллуулах хандлага давамгайлж байсан нь ч Жулиягийн амжилтад нөлөөлсөнгүй.
Эхний шоуны араас өөр шоунууд ч гарав. Мөн Жулия хоолны ном олныг гаргаж, телевизийн болон номын шагнал, АНУ-ын Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль, Францын Хүндэт легионы одон хүртэж байжээ.
64 настайдаа Куб улсаас АНУ хүртэл сэлсэн Дайана Найэд
Дайана Найэд 64 настайдаа хамгаалалтын торгүйгээр Флоридагийн хоолойг амжилттай сэлж туулсан анхны хүн болсон юм. Кубын Гаванагаас Флоридагийн Ки-Уэст хүртэлх, медуза, аварга загас холхих энэ хоолойг туулахын тулд 53 цаг сэлжээ.
Найэд 1949 онд Нью-Йоркт төрсөн аж. Дунд сургуульд байхдаа л усанд сэлэлтийн уралдаанд төрүүлж, харин Флоридагийн хоолойг туулах анхны оролдлогоо 29 настайдаа хийж байж. Гэсэн ч тухайн үед бүтэлгүйтжээ. Ингээд дараа жил нь Багамаас Флоридагийн Юно-Бич хүртэл 27,5 цагийн туршид 102 бээр газар сэлж, дээд амжилт тогтоосон байна. Дараа нь тэр марафон сэлэлтээ орхиж, сэтгүүлч болсон ч 30 жилийн дараа далайн тэнгист эргэн иржээ.
Найэд Флоридагийн хоолойг гатлах хоёр дахь оролдлогоо 2011 онд хийсэн байна. Гэвч 28 цаг сэлсний дараа багтраа өвчин нь сэдэрсний улмаас сэлэхээ зогсоохоос аргагүй болжээ. Үүнээс сарын дараа гурав дахь оролдлогоо хийсэн ч 41 цаг сэлснийх нь дараа хорт медуза хатгасны улмаас мөн л сэлэхээ зогсоосон байна. 2012 онд дөрөв дэх оролдлого нь далайн шуурганаас болж бүтэлгүйтсэн бол 2013 оны наймдугаар сарын 31-ний өдөр Найэд тав дахь оролдлогоо хийн, задгай тэнгист 53 цаг сэлж, Кубаас Флорида хүрчээ.