2024-12-24, Мягмар
-11 C
Ulaanbaatar

Английн гоо бүсгүй тээврийн жолооч болсон нь

Нэгээр ч тогтохгүй тэмцээнд ялалт байгуулж байсан шаргал үст гоо бүсгүй нэг л өдөр амьдралаа 180 градусаар өөрчилж, өөр ажилтай болохоор шийджээ.

Гоо бүсгүй жүжигчин эсвэл загвар өмсөгч л болж, олны өмнө гялалзана гэсэн бодол хэний ч толгойд түрүүлж орно. Гэтэл тэр хэр баргийн эмэгтэйчүүд хийдэггүй тээврийн жолоочийн ажлыг сонгожээ.
Түүнийг Милли Эвератт гэдэг.

Үзэсгэлэнтэй турьхан энэ бүсгүй саяхан л загварын сэтгүүлүүдэд зургаа авахуулж байсан. 2017 оноос эхлэн гоо бүсгүй шалгаруулах олон тэмцээнд оролцож байжээ.

2008 онд “Линкольнширийн гоо бүсгүй” болж, титэм хүртсэний дээр “Сайн үйлсийн мисс” цол хүртэж байв.

Милли сайн үйлсэд зориулан маш их хэмжээний мөнгө цуглуулж чадсаныхаа төлөө ийм цол хүртжээ. Үүний дараа 2022 онд “Английн гоо бүсгүй” тэмцээнд оролцож, шувтаргын шатанд тунаж үлдэн, дэд байрын эзэн болсон аж.

Чухамхүү энэ үе Миллигийн хувьд эрс шийдэмгий алхам хийх эхлэл нь болсон гэдэг. Тэрбээр өөрийнх нь жинхэнэ зорилго өндөр өсгийт, гоо бүсгүйн тэмцээн биш харин том тэрэгний жолооч болох гэдгийг энэ үед л ойлгосон гэдэг.

Их Британийн өргөн уудам хөндийгөөр ачааны тэрэгний жолоо мушгин явах нь тайзнаа алхаж, гоо үзэсгэлэнгээ гайхуулахаас илүү сонирхолтой санагдсан нь тэр.

Миллигийн өгүүлснээр, 44 тонны жинтэй ачааны тэрэг жолоодох хүсэл аль эрт л төрж байсан гэнэ. Өдгөө 23 настай Милли фермерийн гэрт төрж, хүчирхэг комбайн, хөдөө аж ахуйн техникүүд хэрхэн ажиллахыг харж өсжээ.

missАав нь түүнийг заримдаа том машиныхаа жолооны ард суулгана, энэ үеэс л ачааны тэрэг жолоодох мөрөөдөлтэй болсон аж.
Милли Английн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, ээж аавынхаа ажилд туслах дуртай байсан, бусад фермерийн охид хөдөөнөөс аль болох холдохыг хүсдэгт ихэд гайхдаг тухайгаа ярьжээ.

Милли тун энгийн, даруухан, бүр ичимхий ч гэж хэлмээр. Английн гоо бүсгүйн тэмцээнд хоёрдугаар байранд шалгарсан тэрээр энэ ялалтаа тэмдэглэхээр гэр бүлийнхэнтэйгээ хамт Макдональдс орж байсан гэнэ.

Миллигийн өгүүлснээр, цар тахал нүүрлэсэн 2020 онд жолооны эрх авах тухай нухацтай бодож эхэлсэн гэнэ. Тухайн үед энэ улсад ачааны машины жолооч хомсдолтой байжээ.

Ингээд олон шалтгааны улмаас хоёр жилийн дараа л жолооны эрхтэй болж, том тэрэг жолоодох болсон аж.

Одоо Милли өдөр бүр Их Британийн өргөн уудам хөндийгөөр ачааны машинтайгаа аялж явна.

“Шинэ ажлынхаа эхний өдөр ачааны машины жолооны ард суух үнэхээр хөгжилтэй байсан.


Би эрх чөлөөг мэдрэх дуртай, гагцхүү жолоо барихдаа л үүнийг мэдэрдэг.

Ачааны машин жолоодсоноор улс даяар хөндлөн гулд аялах боломжтой, цалин ч чамлахааргүй” хэмээн Милли People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Хүнд даацын машин жолооддог хүмүүсийн ердөө нэг хувь нь эмэгтэйчүүд байдаг, ийм цөөхөн эмэгтэйчүүдийн нэг болсондоо Милли баяртай байдаг. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тухай олон нийтийн төсөөллийг өөрчилж, эмэгтэй хүн бүр ямар ч ажлыг хийж чадна гэдгийг Милли батлах хүсэлтэй.

Милли гаднаас нь харахад эмзэг турьхан ч дотроо хатуу чанга эмэгтэй. Ачааны тэрэг жолоодох туршлага нь цаашдаа түүнд ямар ч фермд ажиллахад хэрэг болно, харин жолоочийн мэргэжил хатуужил суулгана гэж тэр үздэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img