-Монголын үндэсний анхны хөрөнгөтнүүд рекламуудаа надаар хийлгэсэн-
-Боролдой гэж таныг ялгамжилдаг өргөмж эцэг эхээс тань заяасан овог биш юм аа?
-Ер нь би өдий насны өндөрлөгөөс эргэж харахад дөрөв таван зүйл хийжээ. Улс оронд болоод улс орны эдийн засагт хэрэгтэй, улс орны улс төрийн амьдралд нэлээд чухал, өөртөө ч бас тустай зүйлүүдийг хийсэн.
Энэ дотроос хэрэгтэй, одоо хүртэл нийгэмд нэн их шаардлагатай, монгол хүн төлөвшин тогтнож, монголоороо байх, орчлон ертөнцөд монгол хүн өөрийн гэсэн өнгө төрхтэй байхад нэн чухал хэрэгтэй хүүхэлдэйн кино гэж зүйлийг бий болгосон юм байна. Оюутан байхдаа “Боролдойн цаг” гэдэг дипломын ажил хийсэн. “Өвгөн, арслан хоёр” хэмээх хүүхэлдэйн киногоо энэ үед бүтээсэн. Үүнээс болж “Боролдой” хэмээх үгээр овоглогдсон доо
-“Өвгөн, арслан хоёр”-ын зохиол нь хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээл бил үү?
-Т.Галсангийн бүтээл мөн л дөө. Арваад хүүхэлдэйн кино хийсэн маань тун дажгүй болсон. Энэ кинонуудыг гадаадад ажиллаж, аж төрж буй монголчууд маань “Хүүхдийн хэл, соёлд их тус болж байна. Өгөөч” гэж их ярих юм. Одооноос цахим орчинд тавьдаг юм бил үү гэж бодож байгаа.
-Ямар кинонууд билээ?
-Яг бие дааж хийсэн “Шаазан заан”, “Анхны ав” гэх Америкийн уран бүтээлчтэй хамтарч хийсэн хүүхэлдэйн кино байна. Наяад онд чинь Америктай хамтрах байтугай дайсан шахуу л байсан даа.
Оростой хамтарч хийсэн “Арван хоёр жилд хулгана орсон нь” гэдэг кино бий. Уул нь арван хоёр жилийг хийчихвэл хүүхдэд их тустай юм сан. Тэгвэл хүүхдүүд жилээ харж баярлаж бахархах нь зайлшгүй. Хүн чинь төрсөн жилээ их хайрладаг шүү дээ. Гэвч, хувьсгалд оролцож, улс төрийн реклам хийж давхиад амжсангүй. Хоолоо олж идэх гээд цаг хугацааг нэлээд алдчихаж.
-Таны Боролдой овог ч тэгвэл ажил албатай чинь салшгүй холбоотой юм байна. Нөгөө бахархлууд нь юу байна?
-Хоёрдахь том ажил нь реклам их хийжээ. Монгол орон чөлөөт эдийн засагт шилжээд гаднаас бараа таваар авчирсан анхны дэлгүүрүүд бий болж эхэлсэнтэй холбоотой. Үндэсний анхны хөрөнгөтнүүд болох “Монхангай”-н Сэргэлэн, “Номин”-гийн Баярсайхан, “Женко” группийн Х.Баттулга нар төрж гарлаа даа. Эд байгууллагынхаа анхны рекламыг надад захиалж хийлгэж байлаа. Эдний эдийн засгийн өсөлтөд нэлээд тус дэм болжээ.
Тэрний нэг “Женко ланд” гэж реклам байна. Х.Баттулгын анхны бизнес “Саятан” сугалааны реклам, үсчний газар, “Холливуд” баар зэрэг газруудын сурталчилгаа байна. Ерөнхийлөгч “Саятан” сугалаагаар маш их задгай мөнгө цуглараад хурдан хаахгүй бол нурж унаад байсан” гэж ярьсан байдаг чинь үнэн.
“Номин”-гийн Баярсайхан гуравдугаар хороололд лангууныхаа ард зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдана. “Миний дэлгүүр”-ийн сүлжээ тэр чигээрээ, “Чингис шар айраг” гэхэд “Ам цангав” гээд цойлоод орж ирж л байлаа. Чин зоригт “Малчин” компанийн эзэн Чинзориг гэхэд надаар рекламаа хийлгэж байсан. “Малчин” компанийн бизнес бол сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон ажил.
Хөдөөгийн залуусыг соёлтой байлгах, юм үзэх, усанд орох, индүү нь нарны эрчим хүчээр ажиллах гээд их сайхан сэтгэлтэй монгол бизнес.
-Монгол бизнес гэдэг ч бас содхон үг байна шүү?
-“Танайд хоноё” гэдэг чинь жинхэнэ монгол нэвтрүүлэг байгаа юм. Дэлхийн өөр улс оронд хаана ч баймгүй нэвтрүүлэг.
Германд ч юм уу, хаа нэгтээ “Танайд хоноё” гэвэл гайхаад хачин юм болно оо доо. Гэтэл Монголд “Танайд хоноё” гэвэл “Тэг” л гэнэ. Нүүдэлчдийн сэтгэлгээнд тохирсон яг монгол нэвтрүүлэг. Тэрэнтэй адил хөдөө аж ахуйдаа таарсан монгол бизнес юм даа.
“Зиг заг”-ийн Зоригоо гэдэг ухаалаг сайхан залууд “Наалдан пад”-ыг хийж өгч байлаа. “Наалдан пад”-аас дараа жил нь болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Энэ рекламанд “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үг орж ирсэн. Энэ үг “Монголчууд, эвтэй байхдаа хүчтэй” болж хувираад нэр дэвшигч Намбарын Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан.
-Ингээд таны улс төрийн пиар эхэлжээ дээ?
-Реклам, пиар хоёр маш товч байхыг шаарддаг. Хүний сэтгэлийн гүнд орж байгаа тэр товчхон агуулга нь монгол хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ гэдэг зүйл. Монгол хүний сэтгэлийг францын гайхалтай өндөр үнэтэй, сайхан хоол хийж таваглаад хөдөлгөхгүй.
Харин тарган сайхан үхрийн хавирга чанаад дээр нь сонгино, сармис тавьчихсан байхад ямар ч монгол хүний сэтгэл хөдөлнө. Менталатит гэдэг чинь энэ шүү дээ.
-Тэр нь юу гэсэн үг билээ?
-Энэ бол ухаандаа үндэсний оюун санааны онцлог юм. Оюун санааны онцлогийг мэдрэх хэрэгтэй. “Наалдан пад” гэхэд л монгол ардын үлгэр шүү дээ. “Салан пад, наалдан пад” гэдэг үлгэрийг санаж байна уу?
-Юу билээ, байз?
-Ноёны ааш муутай хатан, цэцэн хүү хоёр гардаг даа. Багадаа өвөөгөөсөө үлгэр сонсож байсан минь намайг утга зохиолын жаахан мэдлэгтэй байх зам руу хөтөлсөн юм. Намайг утга зохиолын амт шимтэнд оруулсан утга зохиолын багшдаа маш их баярладаг.
Намайг үймүүлээд байхаар багш минь яг урдаа суулгачихаад зохион бичлэг хийх нэг сэдэв өгчихнө. Дөчин таван минутанд би одоогийнхоор нэг эсээ маягийн юм бичнэ. “Гутал” гээд гарчиг өгчихөд би гутлын тухай сэтгэж эхэлнэ. Тэгэхгүй л бол үймүүлчих гээд болохгүй.
Одоо дунд сургуульд уран зохиолын хичээл маш бага ордог болсон нь манай хүүхэд залуусын ирээдүйд их хохиролтой харамсалтай зүйл болж байна. Үүнийг үндэсний оюун санааны хоосрол ч гэж хэлж болно. Уран зохиолын хичээл бага ордгоос сэтгэлгээний цар хүрээ нь тэр хэмжээгээр багасчихлаа.
-“Уншихаа боливол сэтгэхээ болино” гэдэгчлэн нээрээ л харамсалтай зүйл болж байна шүү?
-Утга зохиолын нэг уралдаанд би шүүгчээр суулаа. Бүүр таг европ зохиол орж ирж байна. Дүрүүд нь гэхэд Эльпи энэ тэр гэсэн дан гадаад нэртэй. Номынх нь нэр хүртэл “Торн Хиллийн ой” гэсэн гадаад нэртэй.
Торн Хиллийн ой гэж Монголд л лав байхгүй. Энэ яадаг хүүхэд юм бол гээд уншсан чинь зохиолоо сайн бичсэн байна. Тэгэхээр үндэсний сэтгэлгээний байдал хөөрхийлөлтэй болсон нь харагдаж байгаа хэрэг биз.
-Та улс төрийн реклам их хийсэн биз?
-АН, Ман энэ хоёр том намд хоёуланд нь ажиллаж үзлээ. Миний нэг зорилго байсан нь намууд өөрийнхөө рекламыг хийхэд хүнд. Яагаад гэвэл намын гишүүн хүн өөрийнхөө намын дутагдлыг, зан төрхийг хэзээ ч олж хардаггүй. Өө согогийг нь гаднаас л олж хардаг. Тэр нь ч илүү үр дүнтэй.
Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан М.Энхболд нэр дэвших шийдвэр гарахаас өмнө надтай таараагүй. Хэрвээ шийдвэр гаргахаас нь өмнө уулзсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд битгий ор л гэх байсан.
-За, яаж байгаа нь тэр вэ?
-Яагаад гэвэл нөхцөл нь тийм байдалд хүрчихсэн байсан. Нэг талаас МАН-ын хэт өндөр амжилттай ялалт, нөгөө талаас саналаа илүү давамгайлж өгдөг хотод хүн ам их төвлөрчихсөн нөхцөлд, ард түмний амьдралын чанар доройтсон цаг үед М.Энхболдыг яагаад ч сонгохгүй байсан л даа. Улс төрийн пиар хийсний дараа нэг хэцүү юм байдаг.
Нөгөөдүүл чинь амласандаа хүрэхгүй, утаа нь хэвээрээ үлдээд, улс төрийн утаа нь ч уугиа л эхлүүт сэтгэлээр их унадаг юм л даа. Бид чинь ард түмэнд оюун санааны гүүр болж явдаг юм шүү дээ. Гэвч, аливаа бүхэн үр дүн муутай байна. Ардчилал маань өдрөөс өдөрт бүдгэрлээ.
-Та театрт ажиллаж байсан гэдэг байх аа?
-Театрт олон жил ажилласан. Манай гэр бүл театр, киноны хүмүүс.
-Аав тань театртай холбоотой байв уу?
-Манай аав Содномпил гэж жолооч хүн байлаа. Хамгийн хүнд ачааг аймгуудад тээдэг тусгай жолооч гэх юм уу даа. Зүгээр тааралдсанаа ачуулдаггүй, нөхөр Пилээр бол том хэмжээний юм тээвэрлүүлдэг байж. Цахилгаан станцын тоног төхөөрөмж, том том ёмкостууд, шатахууны сав, хөргөгч, үйлдвэрийн том машин механизмууд ачдаг, ямар ч байсан гүүрээр явдаггүй л хүн байсан.
Тэр том машиныг нь гүүр даахгүй ш дээ. Нэг хөдлөхдөө 120-150 тн ачна. Бага байхдаа машиных нь дугуйг тоолсон чинь гучин зургаан дугуй л хөдөлж байсан юм даг. Чиргүүл энэ тэр нэмэгдвэл дөчин хэдэн дугуй өнхөрнө. Өөрөө ч том биетэй хүн байлаа. Дархан аварга Түвдэндоржтой мөрөөрөө тулж өссөн хүн.
-Түвдэндорж аваргатай нэг нутгийн хүн байв уу?
-Үгүй ээ, нутаг биш, зүгээр үерхэж байсан юм. Их сайхан монгол, эртний баатар шиг бахархмаар сайхан амьтан байж. Театрын тухай яриандаа ороход, гэргий Одончимэг минь театрын судлаач хүн. Тиймээс бид “Black box” буюу “Хар хайрцаг” театраа байгуулсан.
Энд тавьж байгаа жүжгүүдийн бодлого бол хүний хийсвэр сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар руу оруулсан бүтээлүүдийг онцолж тавьсан. Энэ манай улсад орвонгоороо хаягдсан байсан. Монголчууд бид социалист реализмын замаар бат нот давшиж явлаа шүү дээ. Нэг өдөр тэр зам дуусчихсан. Тэгээд хаашаа ч явж чадахгүй мухардалд орж их харанхуй үе эхэлсэн.
Дэлхийн урлагийн түүхэнд 1950-иад онд эхэлсэн абсурд, авангард урлаг гэж байна. Реализм цэвэр бодит байдалд ханддаг. Социалист реализм бол социалист хүний хэв шинжит дүрийг бий болгох, социалист байгуулалтад уриалан дуудах, коммунизмыг байгуулахад эрч хүч өгөх гэх мэтийн уриатай.
Бид хүний нийгэмд бий болсон асар том хоёр урсгалын нэгийг эзэмшиж, тэр тойрогтоо л бүжгээ хийж байсан болохоос нөгөө талд нь юу байдгийг мэддэггүй, мэдэхгүйгээр барахгүй үзэн яддаг байв даа.
-Нэг ёсондоо хоёр мэлмийн нэг нь боолттой явжээ гэж ойлгож болох нь ээ?
-Империалист, хөрөнгөтний урлаг нэрийн доор үзэн яддаг байсан. “Энэ буржуй урлаг” гэж нэрлэдэг байсан гээч. Би Багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн багшийн анги төгссөн зураач, дараа нь Кино урлагийн дээд сургуульд киноны анги дүүргэсэн зураач, найруулагч хүн болохоор тэр рүү өнгийж харах бодол дотроо хадгалж явлаа.
Ингээд абсурд төрлийн арван хоёр жүжиг тавьсан. Тэрэн дотор Ионескогийн “Хирс” гээд нэг жүжиг байгаа юм. Бүх хүн хирс болж хувираад байдаг. Хирс бол төрүүтээ л байгалийн жамаар үхэхээс, гаднын халдлагад үхэхгүй болчихдог хамгаалалт, дархлаатай амьтан. Өөрийгөө хуяглачихдаг.
Хирсийг өөр амьтан идэж чадахгүй хуягтай, бууны сум нэвтэлж чадахгүй шахуу зузаан арьстай. Хирсэнд бусад амьтан халдаж байхыг чи харсан уу?
-Зурагтаар амьтны ертөнц харж байхад л арслангууд араас нь зүүгдээд байхад л тоодоггүй амьтан байна лээ.
-Арслангууд төмсөг хавьцаа нь зуувал зууна. За, бараг л бариулахгүй дээ. Нэг ёсондоо хирс дийлдэшгүйн нэг бэлгэдэл байгаа юм. Хирсний тухай дэлхийн урлагийн томчууд маш олон уран бүтээл туурвисан байдаг юм.
Зураач Сальвадор Дали хирсний эвэр дээр мордчихсон хүүхний зураг зурсан. Хирсжих үзэгдэл гэж нийгэмд байна. Хирсээр юуг төлөөлүүлсэн бэ гэхээр эрх мэдэлтнүүд хуулийг бий болгох, хуулийг эзэгнэх үедээ өөрийгөө хамгаалж, хуяглаж, хирсжиж эхэлдэг. Хамгийн том жишээ нь “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдаагүй бол…” гэсэн заалт бий байх аа.
-Тийм заалт бий шүү?
-Тэр чинь хирсжиж байгаа нь тэр. Тэр чинь УИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгаалж, хуяглаж байгаа нь тэр. Мөн үү?
-Мөн шүү.
-Тэгээд хирсний сүрэг чинь идэш хоол нь өөр, юунд ч өртөхгүй болоод Зайсангийн хавьцаа амьдраад эхэлж байна шүү дээ. Тэгэнгүүт Долоон буудлын хүмүүс хирсний сүргийг хараад “Ямар гоё юм бэ” гээд эхэлж байна.
Дэлхий дээр үлдсэн сүүлчийн ганц эмэгтэй холоос тэр сүргийг хараад “Хирс гэдэг амьтны чинь хүүхэд нь ямар сайхан, хөөрхөн юм бэ” гэж дуу алдан шогширч байгаа юм. Чи бод доо, хүн төрөлхтний эх болсон эмэгтэй хүн өөрийнхөө хүүхдийг хирсний хүүхдээс долоон дор муухай гэж харж эхэлж байна.
Гэтэл өнөөдөр амьдрал дээр яг л ийм байгаа. Бид нэг гүүр даваад, хоёр гүүр даваад харвал тэдний хоол хэчнээн гоё гэж сананаа. Дөрвөн зуун тавин мянган төгрөгийн үнэтэй нэг килограмм махыг тэд Японоос авчирч идэж байна шүү дээ.
-Өвлийн идэшний үнэтэй мах иддэг “хирснүүд” юм байна даа?
-Үнэхээр тэр сайхан амьдрал руу ормоор байгаа юм. Орохын тулд яахав. Хирсжих ёстой, хуяглах ёстой. Тэгэхийн тулд яах ёстой вэ. Намд элсэх хэрэгтэй. Тэгэхийн тулд том хирсний цүнхийг нь барьж гүйх учиртай.
Авсан авлигаа намдаа тушаах хэрэгтэй. Сонгуульд асар их мөнгө цутгах ёстой. Тэгж байж нөгөө эрх мэдлээ авна. Томоохон эрх мэдэл авуут түүнийг хирсжиж байна гэж үзэж болно. Энэ тухай жүжиг байхгүй юу. Энэ мэт арван хоёр жүжиг тавилаа. “Хатагтайн айлчлал” байна.
Энэ бүхэн миний бахархам уран бүтээлүүд. Манай театр ердөө нэг зуун үзэгчтэй. Жүжиг тоглолоо гэхэд зуугаад хүн ирнэ. Тэгээд бол оо.
-Яруу найрагч Намсангийн Пагма танай жүжгүүдийг их үзсэн дээ?
-Зохиолч Ойдовын Содномпил гэж хүн их үзнэ. Тэдэн шиг урлагийн өндөр мэдрэмжтэй маш цөөхөн үзэгчтэй хүн би. Тэгэхдээ би эднээрээ бахархдаг. Манай театрт орж ирсэн ямар ч хүн чимээгүй болчихдог. Бид Беккетийн “Годог хүлээхүй” гэдэг жүжиг тавьсан.
Тайзан дээр гурван цаг чалчиж байхад тэсээд сууж чаддаг үзэгчид надад байдаг юм. Манай нэг үзэгч жүжиг дууссанаас цагийн дараа залгахад “Мяагаа ах аа, би юм ярихаас дургүй хүрээд байна” гэж байгаа юм.
“Яасан бэ, миний дүү” гэхэд “Таны найруулсан жүжгийг үзчихээд хүнтэй ярих нь байтугай, утсаар ярих хүртэл тээртэй байна. Би тэр гурван цагийн дотор хүн гээч ямар хоосон, худлаа чалчдаг новшнууд вэ гэдгийг ойлгосон” гэж байгаа юм. Тэр жүжиг чинь гурван цаг чалччихаж байгаа юм чинь, нэг юм хүлээгээд. Годо нь бурхан ч юм уу, буг ч юм уу, амьтан ч юм уу, эсвэл аврагч ч юм уу, бүү мэд. Нэг л юм хүлээгээд байгаа юм. Өнөөдөр бидний амьдрал яг тийм байгаа.
Юу хүлээгээд байгаа юм, мэдэхгүй. Тэгэхдээ л хоол олж идээд л, амьд байгаа л байна. “Чи яах гэж хоол олж идээд байгаа юм бэ, үхье л дээ” гэхэд “Үгүй, нэг сайхан болох байлгүй дээ” гэж дөрөв дөрвөн жилээр хууртагдаад байдаг.
-Монголын театрын урлагт ч та аргагүй л шинэ чиг хандлага оруулж иржээ?
-Би И.Нямгаваа найруулагчтай гар сэтгэл нийлж их ажилласан. Нөгөө талд Доржсамбуу найруулагч, Төмөрхуяг хоёр сайн ажилладаг байсан. Наяад онд шуугиулж байсан жүжгүүдийг хийсээн. Өөрийнхөө амьдралыг эргээд харахад хүүхэлдэйн кинонуудаа, театрын жүжгүүдээ хийсэн байна.
Ер найруулагч талынхаа юмыг сайн хийж. Пиар, олон нийттэй харилцах ажил хийнэ гэдэг найруулга юм. Тэр чиглэлээр кино хийж байгаатай адилхан юм. Тэр киноны гол дүр өрөвдмөөр, хайр хүрмээр байж иргэд түүнийг сонгуульд сонгоно шүү дээ. Тэр сериаль дотор хүмүүс сонголт хийж байна.
Саяын Ерөнхийлөгчийн сонгууль бол адал явдалтай детектив, мафийн сэдэлтэй триллер маягийн, аймшгийн талдаа, аюултай сериаль байлаа. Тийм биз?
-Таныхаар тийм байх аа?
-Хүмүүс арван найм хоног тэр киног үзээд “Май чи, май чи” гээд дууссан чинь монгол хүн нэг нэгийгээ үзэн ядах, эрлийз хүнийг үзэн ядах үзэл бий болсон. Гэтэл эрлийз хүнийг үзэн ядах нь зөв юм уу, буруу юм уу.
Бид чинь өөрсдөө ертөнцийн эцэг хүмүүс шүү дээ. Цагтаа ертөнцийг эзэгнээд, цагтаа ертөнцийг хүчирхийлж байсан хүмүүс шүү дээ.
-Монголын эрлийзүүд дэлхийгээр л нэг байгаа шүү дээ. Чингис хааны гентэй арван зургаан сая хүн байна гээд байгаа биз дээ?
-(Учиргүй их инээв. Л.Б) Ийм үзэлтэй, их муухай киног бид сая Ерөнхийлөгчийн сонгуулиар үзсэн. Ер нь атгаг санаатай хүмүүс найруулаад, хамгийн гол нь кинонд орох хэсгүүдийг худалдаж авч байсан нь бүүр аймшигтай. Бичлэг энэ тэр гээд байгаа чинь бүгд наймаа шүү дээ.
Үнэнч шударгасаад, баясаад байх юм үүнд ерөөсөө байхгүй. Хэнд худалдах вэ гээд зарлаад явж байхад нь мөнгөтэй хүмүүс авчихсан. Намаасаа урваж байгаад өгчихсөн. “Аархал” маархал чинь эзнээсээ урваж байгаад худалдсан тохиолдол биш үү. Амьдрал муу байх тусам ийм бохир наймаа өргөжнө.
Одоо би олон нийттэй харилцах ажлын сайн талыг олж харж чадахаа байлаа. Улам заваарлаа. Балиартлаа. Айлын хүүхэд дээшээ харж уйлаад, дөрвөн мөчөөрөө тэлчлээд байх нь цаанаа нэг зэвүүн байдаг даа. Эрхлээд ч байгаа юм шиг, зодчихмоор муухай загнаад байдаг. Зодох гэхээр нөгөө элдэв хангайн эрх нь алга болчих гээд байдаг. Тийм л нөхцөл байдалд байна. Үүнийг олон нийттэй харилцаж байгаа пиарчид, хүмүүс бас бодох хэрэгтэй.
-Одооны хүмүүсийн яс чанар муудаж, залуус их тэвчээргүй болж гээд шүүмжлэх зүйл нийгэмд их байх шиг. Нэр алдартай хүмүүс хар тамхи татлаа, зодоон цохион хийлээ гээд элдэв ярианы бай их болох юм?
-Бид ардчилалд орж байгаа тэр үедээ сайн муу бүгдийг мэдэж л байсан. Ардчилал гэдэг чинь хүн төрөлхтний ололт, их сайхан юм. Тэр үед гадны нэг хүн “Та нар ардчилалд ороход сайнтай муутай нь авна.
Ардчиллыг та нар ДОХ-той нь авна шүү. Чөлөөт зах зээлтэй нь, хүний эрх, эрх чөлөөтэй нь авна. Гэхдээ дээрэм тонуул, ядууралтай нь авна шүү” гэж хэлж байсан. Тэр үед чинь ард түмэн тэгтлээ ядуурчихсан байгаагүй бүгд жигд амьдралтай байлаа. Баячуудын хүүхдүүд хар тамхи татах, эсвэл бүр ядуу хүний хүүхэд хар тамхинд орно гэдэг бол ерөөсөө л энэ нийгмийн араншин. Гэхдээ бид энэ ардчиллыг нэг буруу л авчихсан юм даа гэсэн нэг хүний үг бий.
Ардчиллыг бид авахдаа дээр нь жаахан монгол маягаар сэтгэчихсэн бол, хоорондоо зөв зохицчихсон бол болчих байсан юм, энэ Хятадыг хар даа гээд байсан юм. Одоо Хятадыг харсан чинь нийгмийн их сонин байгууламж яваад байна шүү дээ.
-Хятад ч социалист баримжаатай капиталист нийгэмд орчихлоо шүү?
-Хүн ард ядраагүй, зовоогүй. Ядуурлын тоог хэдэн зуун саяар нь буулгасан ийм л нийгэмтэй болчихсон. Бид нийгмийн замналаа сонгохдоо нөгөө монгол сэтгэлгээгээ хаяад хэдэн нөхөд огцомхон гадаад маягаар аваад явчихсан гэсэн бодол төрөөд байдаг юм. Бид маш том алхсан. Агуу их эрх чөлөөнд хүрсэн. Энэ эрх чөлөөгөө бид зөв эдэлж чадах уу, үгүй юу гэдэг л байгаа юм.
Ер нь монголчууд гайхалтай эрх чөлөөтэй ард түмэн. Нүүдэлчид шиг эрх чөлөөт ард түмэн байдаггүй шүү дээ. “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн шүлэгт гэхэд “Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулаад мартчихдаг…” гээд биччихсэн байдаг биз дээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Агуу эрх чөлөө шүү дээ. Би үүнтэй холбоотой “Сүүлчийн нүүдэлчин” гээд нэг уран бүтээл хийх гэж байгаа. Ж.П.Сартрын “Огиудас” гэж зохиол байдаг.
-Та тайзнаа тавьсан бил үү?
-Тавиагүй ээ. Тэр зохиолоор нэг жүжиг хийнэ. Одоо бүр огиудас хүрээд байдаг болчихож.
-Утаанд хахаж цацаад уу?
-Хөгжим сонсох, орчин үеийн уран зураг харахаар арай гайгүй гэсэн санаатай юм, тэр жүжиг. Нээрээ тоглоомгүй саяын тэр Хурцын үйл явдал, энэ Ц.Нямдоржийн байж байгаа, энэ хэдэн юмнуудын аяглаж байгаа, 65-уулаа байж намаа хагалж байгаа бүхэн огиудас хүрмээр.
Энэ бүхэн ард түмэнд их муухайгаар тусдаг. Ер нь л огиудас хүрмээр байна. Огих гэхээр утаанаас болоод огьж ч чадахгүй л байна л даа.
-Та авьяасыг юу гэж боддог вэ?
-Социализмын үед урлаг соёл, телевиз, киноны мэргэжилтэн бэлтгэхээр намар намарт вагон вагоноор нь явуулдаг байсан юм. Гурван вагонд битүү сууж аваад Москва руу гардаг байлаа ш дээ. Энэ их давалгааг үргэлжлүүлэх юм сан гэж боддог. Цэдэнбал-Филатова бол урлагийн хүмүүсийг удам хөөж сургуульд явуулдаг байсан.
Сэвжидийн хүү Сүхбаатарыг шууд дуудаад сургуульд явуулдаг. Хуурч Жамьян, агуу их удирдаач, хөгжмийн зохиолч Чулууны хүүг гэх мэтээр урлаг соёлынхныг бүхий л төрлөөр нь үр хүүхдүүдийг нь сургуульд томилдог байж. Тэгж Монголын урлагийн алтан үе чинь бий болсон юм. Авьяас удам дагадаг. Удам дагадаггүй юм аа гэхэд тэр айлд эдийн болоод оюун санааны их өв цуглачихсан байдаг.
Ядамсүрэнгийн хүү Үржнээд аавынх нь бүхий л уран бүтээл болоод эд хэрэглэл нь үлдэнэ ээ дээ. Одоо Хурцад хадгалагдаж байгааг чи харсан уу. Гайхамшигтай зургууд, судалгааны ажлууд, үнэтэй бурхан тахилууд гээд гайхамшигтай өв байгаа юм чинь.
-Авьяас удамшдаг гэлээ. Танай хүүхдүүд ч бас мундаг шүү?
-Боролдойг маш сайн уран бүтээлч гэж хэлж болно. Миний дэргэд маш олон реклам хийсэн. Реклам гэдэг бол секундээр хэмжигддэг. Үг богино байхдаа жинтэй байдагтай адил авьяас богино байхдаа авьяас болдог. Боролдойг би тусгайлан бэлдсэн. Хятад, орос, англи гурван хэлтэй.
АНУ-д суралцаж, БНХАУ-д Театр киноны академи төгссөн хүн. Сэтгэлгээ өөр. Боролдойн ах Ангараг шаггүй зураг авна. Тэгэхээр ийм хүмүүсийг л Монголдоо бэлдэх юм сан гэж мөрөөдөөд байгаа юм. Би ганцыг бэлдэх өөр хэрэг. Улсын төрийн бодлогоор бэлдэх хэрэгтэй. Театр, киноны уран бүтээлч болох сэтгэлтэй, мастерт сурчих хүн байвал надад хандаж болно гэж танай сониноор дамжуулж хэлье. Гадаадын өчнөөн олон Засгийн газрын тэтгэлгийн дөнгөж арав хорин хувийг ашиглаад бусдыг нь бид үхүүлээд байна.
-Боролдой Мягмар гэхээр л бортогон малгай духдуулсан нөхөр санаанд ордог. Арваннаймдугаар зууны Европын язгууртны дүр төрх үзүүлж жүжиглээд байгаа ч юм шиг санагдах юм?
-Хүн ер нь өөртөө нэг имиж бүрдүүлэх ёстой юм. Баабарын дээлтэй зургийг танай сонин мөнхжүүллээ ш дээ. Хүн бүхэн өөрийн имижтэй байвал зүгээр. Гэхдээ “Бандааш” гэдэг имижтэй болчихвол муу л даа. Би зураач хүн. Нэг мэдсэн чинь миний имиж надад зохьж харагдсан. Өөр хүн миний малгайг өмсөж чаддаггүй. Надад бортогон малгай зохьдог. Дотоод хүний минь эрэл хайгуулд ч их зохьдог.
-Та жүжгээс гадна дэлгэцийн урлагт хүч сорихгүй юу?
-Хоёр гурван кино хийх гээд бэлтгэлдээ орж байна. Франц зохиолчоор киногоо бичүүлж авлаа. Арай л өөр юм. Хийх киногоо Каннын фестиваль энэ тэр рүү дөхүүлэх санаатай. Сая Турк явж оператор, дууны инженерээ тохироод ирлээ.
-Юун тухай кино байх вэ?
-Манай Монголын нүүдлийн агуу том соёл бий. Одоо хүн төрөлхтөнд том асуудал болоод хувирчихсан үхэх эрхийн тухай кино юм. Амьд явахын эрхийн тухай бид маш их ярьдаг. Үхэх эрхийн тухай өчнөөн маргаад гарах шийдвэр байдаггүй. Гэтэл монголчууд үхэх эрхийг ямар агуу хүнлэг бөгөөд энэрэнгүй шийдээ вэ. “Өөх үмхүүлэх ач” гэж бий дээ.
-“Сүүл үмхүүлэх ач, сүү амсуулах охин” гэдэг байх шүү?
-Нүүдэлчин хүн уулын мухарт, усны холд амьдарч байгаа үед нүүдлийн ая даахаа болин өвдөж зовон, өтөлж доройтсон хүн хэд хоноод ямар хэрэг байна.
-Америкийн их зохиолч Жек Лондоны зохиолд гардаг индиануудын отог дээрээ хаяад явдаг ёс ч бас эвгүй шүү?
-Тэр чинь бидний л ёс. Гэхдээ манайх нүүдлээр хаяж зовоодоггүй. Япончууд шиг ууланд хөөж гаргаад, үүдэн шүдийг нь цөм цохиод хоол идэх аргагүй болгож хаядаггүй. Зүгээр л сайхан өдөр, цагийг нь хараад, хамаатан саднаа цуглуулаад сайн ачийн буянаар хахаж үхнэ гэдэг сайхан. Цагаан хурганы сүүлэнд цадаж үхэж байна шүү дээ. Тэрнээс өлсөж үхээгүй л байхгүй юу.
Тэр хүн буян заяагаа эдэлж өөх үмхэж үхэж байна. Энэ л гоё. Энэ бол аюултай мундаг сэдэв. Би цөөхөн кино хийнэ ээ. Тэгэхээр энэ киноны сэдэв өнөө цагт асуудал болоод явчихаж байгаа юм. Киноны маань зохиолч ирээд манай хууль, шүүхийнхэнтэй уулзаад “Энэ монголчууд чинь ямар агуу философитой юм бэ, ямар их ухаан нь тэлчихсэн юм бэ” гэж шагшраад буцсан. Европт бол энэ аюул болно. Зөндөө олон түүх байдаг даа.
Нэг эмч олон хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр алчихсан байж гэнэ гээд шуугьж л байсан даа. Хөөрхий зайлуул, саяхан нэг хөгшин хүн өсвөр насны жоохон охиныг оролдоод шоронд орлоо ш дээ. Энэ киногоор бодоход, тийм хүнийг жижигхэн охинтойгоо гэртээ орхичихоод малаа туугаад явбал яахав. Тэгэхээр тэр хүн өөх үмхэх цаг нь болчихсон л байгаа байхгүй юу.
-Эвгүй л жишээ дурдаж байна шүү, та?
-Тийм шар сэмжилчихсэн хүнийг тэгээд одоо яах юм, байлгаад байх юм уу. Тэр хүн дотуураа сэтгэцийн тийм өвчтэй байвал яах юм. Тэгэхээр өөх үмхүүлнэ гэдэг агуу энэрэнгүй юм. Гэтэл үүнийг хүн алсанд тооцоод байдаг. Өвөг дээдэс минь ийм л энэрэнгүй ёс заншилтай байж.
Манай нэг хуульч нэг сонин юм ярьж байгаа юм. Энэ тохиолдол бол ямар ч хохирогч байхгүй зүйл гэж. Манай франц зохиолч Симон үүнийг л их энэрэнгүй юм гэж гайхаад байгаа юм. Би бас нэг хүндэт зохиолчоос нэг зохиол бичээд өг гэж гуйгаад л байгаа.
-Ямар кино билээ?
-Хүн хүндээ хандах хандлагын тухай юм даа. Нэг япон хүүхнийг манай нэг адуучин залуу хүчирхийлчихэж. Нөгөө хүүхэн ч яахав, жуулчны зааврын дагуу мэдэгдчихээд нутаг буцаад явчихаж. Гэтэл хүүхэнд нөгөө залуугийн байсан байдал, тэр сайхан үнэр танар, тэр гайхамшигт авиа, унаган байгалийнхаараа хүч тэнхээ бодогдоод болихоо больж. Тэсэлгүй дараа жил нь хүрээд иртэл адуучин залуу шоронд орчихсон байгаа юм.
Нөгөө адуучин залуугийн найзууд нь нөгөө хүүхнийг чинь нэг нүдээрээ ч үздэггүй. Орчин үеийн хүний хүн чанар ингэж алдагдаж байгаа тухай юм. Хүн чанар гэдгийг би зөвхөн харилцаан дээр ярихгүй байна. Хүн чанар гэдэгт бүх зүйл багтдаг цогц асуудал. Хүний чанарын тухай яриад байгаа болохоос хүн чанар гэдэг сэтгэлийн тухай яриагүй байна.