2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Навальныйн оршуулга дайн эсэргүүцсэн жагсаал болон хувирав

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный хорих газарт таалал төгссөн юм. Түүнийг бие барсны дараа цогцосыг нь гэрт нь хүлээлгэж өгөлгүй удаж, түүгээр ч зогсохгүй Навальныйг нууцаар оршуулахыг эрх баригчид шаардаж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа.

Ямартай ч ар гэрийнхэн нь Навальныйн цогцосыг хүлээн авч, гуравдугаар сарын нэгний өдөр түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслол болжээ. Энэ үйл явдал дэлхий дахины анхаарлыг ихэд татсан бөгөөд Оросын төдийгүй дэлхийн олон хотод Навальныйн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа болсон байна.

Оршуулах ёслолд 16 мянган хүн оролцжээ

Гуравдугаар сарын нэгэн буюу оршуулах ёслол болсон өдөр хүмүүс Навальныйтай салах ёс хийхээр Борисовын оршуулгын газарт дугаарлан зогсож байжээ. Оршуулах ёслол болсны гурав дахь өдөр ч олон зуун хүн Борисовын оршуулгын газарт урт дараалал үүсгэн зогсохж байгаа талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлсэн байна.
“Хүмүүс очсоор л байна. Маш олон хүн байгаа харагдсан” хэмээн Медиазона мэдээлсэн байна.

навальный

“Белый счетчик” төслийнхний мэдээлснээр, Алексей Навальныйг оршуулах ёслолд 16,5 мянган хүн оролцжээ. Оршуулах ёслол болсон гуравдугаар сарын нэгний 15:05-16.30 цагийн хооронд Братеевийн гүүрийг явганаар туулж ирсэн хүмүүсийг судлаачид тоолсон байна. Гэхдээ энэ нь бүрэн тоо биш, гагцхүү гүүрээр дамжин өнгөрсөн хүмүүсийн тоо гэж судлаачид онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Навальныйн булш цэцэгт дарагдаж, түүний зураг ч харагдахгүй болсны дээр загалмай ч цэцэгт булагджээ. Цэцэг тавих зай ч үлдээгүй тул хүмүүс булшны ойролцоо газарт цэцгээ тавин буцаж байгаа гэнэ.

Ийм их хэмжээний цэцгийг Оросын анхны ерөнхийлөгч Борис Ельцин, ЗХУ-ын сүүлчийн тэргүүн Михаил Горбачевын оршуулгын үеэр ч харж байгаагүй гэж “Агентство” онцолсон байна.

Лондон хот Навальныйг хүндэтгэв

Дэлхийн бусад хотод ч Навальныйг хүндэтгэх арга хэмжээ болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Лондон хот дахь Оросын Элчин сайдын яамны байрны гадаа Навальныйн дурсгалыг хүндэтгэж хүмүүс цэцэг авчран тавьсан байна.

“Элчин сайдын яам хаалттай байсан. Ойр орчимд олон хүн байгаагүй, цэцгийг өнгөрсөн шөнө л хүмүүс тавьсан байх. Гэхдээ байс хийгээд л хүмүүс ирж, цэцэг тавьж, хүндэтгэл үзүүлж байсан” хэмээн ВВС агентлагийн сурвалжлагч Женни Нортон өгүүлжээ.

навальный

Навальная: Чи надаар бахархана

Навальныйн эхнэр Юлия оршуулах ёслол болсны дараа Х олон нийтийн сүлжээн дээр салах ёс хийсэн мэдэгдэл байршуулжээ.

Энэ мэдэгдэлдээ тэрбээр 26 жил хамтдаа аз жаргалтай байсанд талархаж, шоронд байсан гурван жилийнхээ хугацаанд ч өөрийг нь дэмжиж, инээлгэж байсныг онцолсон байна. Мөн нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж амалжээ.

“Чадах эсэхээ мэдэхгүй юм, гэхдээ би хичээнэ. <…>Бид хэзээ нэгэн цагт дахин уулзана. Тэр үед өмнө нь чамд ярьж амжаагүй түүх, утсан дээрээ хадгалсан дуу, тэнэг, инээдтэй, үнэнийг хэлэхэд бүр аймшигтай дууг чамд сонсгоно. Энэ бол бидний тухай дуу, би түүнийг чамд сонсгохыг хүсэж байна” хэмээн Юлия бичсэн байна.

Баривчилгаа

Гуравдугаар сарын нэгний өдөр Москва хотод Навальныйг оршуулах үеэр москвачууд 1,5 км үргэлжилсэн урт дараалал үүсгэн зогсож байсан гэнэ. Оршуулах ёслолын үеэр үймээн самуун гарахаас сэргийлэн цагдаагийнхан эмх журмыг сахиулж байсны дээр олон хүнийг баривчлан саатуулсан байна.

Энэ үеэр цугласан олон Путин, дайныг эсэргүүцсэн уриа лоозон хашгирч байсан гэнэ. Улмаар оршуулгын дараа цугласан олон таралгүй, шөнө нь дайн эсэргүүцсэн уриа лоозон хашгирч эхэлсэн байна.

Тэд “Цэргүүдийг гэрт нь буцаа”, “Путин бидний амьдад үхнэ”, “Баатрууд үхдэггүй” хэмээн хашгирч байжээ.

навальныйГуравдугаар сарын нэгний өдөр болсон Навальныйн оршуулгын талаар Оросын төрийн хэвлэлүүд тодорхой мэдээлээгүй, гагцхүү оршуулах ёслол болсон гэх ганц хоёр өгүүлбэрээр мэдээллийг дамжуулсан бол Оросын эрх баригчид Навальныйн гэр бүлд хэлэх үг байхгүй гэж Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков мэдэгдэж байлаа. Түүнчлэн хууль бус жагсаал цуглаанд оролцсон хүмүүсийг хуулийн дагуу шийтгэнэ гэж сүрдүүлж байв.

Навальныйн оршуулга эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болон хувирах нь анхнаасаа л тодорхой байсан тул хууль сахиулагчид өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Улмаар Орос даяар нийт 128 хүнийг баривчлан саатуулж, заримыг нь “армийн нэр хүнд гутаасан” гэх зүйл заалтаар шийтгэсэн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img