Хуарангийн социализмын сүүл үеийнхэн буюу 1980-аад оныхон манай уран зохиолд томоохон байр эзлэх ёстой. Учир нь энэ л үеэс хуарангийн нийгмийн хямрал гүнзгийрч улс төр, эдийн засгийн мухардал нь оюун санааны ертөнцдөө нөлөөлөх болсон. Булшлагдсан нийгмийн өнгө төрхийг жинхэнэ утгаар нь төлөөлж чадах хүмүүс бол 80-аад оныхон бөгөөд толгой цувдайгаа ялгах хэмжээнд хүрээгүй байсан 30-50-аад оныхон, социализм байгуулна хэмээн хий хөөрцөглөн навсагнаж явсан 60, 70-аад оныхноос 80-аад оныхон өөр.
80-аад онд үндэсний сэхээтнүүд төлөвшиж ЗХУ-ын дээрэнгүй үзлийг таньж, Өрнөдийн ертөнцийн цуурайг зах зухаас нь анирдаж, социализмын задралыг зөгнөж, Бутачийн Цэдэнпил (Юмжаагийн Цэдэнбал) гэх даргынхаа эрийн цээнд хүрч буй үндэсний сэхээтнүүдийг нухчин дарж байгааг харж, утсан хүүхэлдэй гэдгийг нь ухаарч аливаад буурьтай хандах болсон нь уран зохиолд ч үр дүнгээ өгч эхэлсэн. Яруу найрагт лоозонгийнхон амь бөхтэй оршсоор байсан бол үргэлжилсэн үгийн төрөлд байдал өөрчлөгдөж “Хрущевын дулаарал”-аас үүдэлтэй тэрс үзэл монголын уран зохиолын хөрсөн яргаж голоодоо нүхтэй зохиолч бүр өөрөөдөө эргэжээ.
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд АНУ-д амьдарч байгаад эх орондоо ирж жил хэртэй болоод “Өвс ногоо аниргүй” номоо хэвлүүлэв. Энэ ном өнөөдрийн уран зохиолын хүрээнд шинэ харагдаж байна. Шинэ харагдахын учир нь 1980-аад оныхныг бид яриагүй байсанд орших мэт. Уран зохиолын ертөнц 80-аад оныхны уран бүтээлийг тогтож ярихын завгүй 90-ээд оны их түрхрэлтэнд автаж 80-аад оныхон ч өөрсдөө түүнд хөл алдан, соёлын гавьяат болох, байшин хувьчилж авах, их хурлын гишүүн болох.., гээд нөр их ажилдаа орж явчихжээ. Харин зохиолч Д.Энхболд харь гүрэнд аравнаар сууж эх орноо эгээрэн, уран бүтээлээ түшсэн нь завшаан аж.
Учир нь арилжааны нийгмийн энэ их бужигнаан дунд түүний “Бүйлс дахин цэцэглэнэ”, “Шар хөвийн зэрэглээ”, “Жоом”, “Идэрцог”, “Хорин дөрвөн цаг” гэх мэтийн 1980-аад онд бичсэн өгүүллэгүүдийг нь дахин нэг уншихад мөнгөгүй, цусгүй, алаангүй, шоронгүй, ид шидгүй, тайлбаргүй ер нь товчоор хэлэхэд реклам сурталчилгаагүй эгэл энгийн агаад говь нутгийн тэнгэр дор хэдэн малаа ойртуулчихаад амар жимэр суугаа мэт санагдах нь нэн шинэ ажгуу.
Урлаг, уран зохиолд тэр дундаа хүүрнэл зохиолд дүрийг хэрхэн бүтээж буйгаар нь зохиолчийн чансааг тодорхойлж болмоор байдаг нь зохиолч Д.Энхболдын уран бүтээлээс харагдана. Зарим зохиолч зохиолоосоо өөрөө харагдаад байдаг, зарим тохиолдолд энэ нь хэрэгтэй ч байдаг байх.
Харин зарим зохиолч зохиолоосоо өөрөө огт харагддаггүй бөгөөд уншигч дүрүүдийн ааш аяг, дүрслэлийн хөг айзамд автаж явсаар, гуниглаж гутарч, баярлаж хөөрч, бясалгаж бодмоглосоор ухаарч үлддэг. Чухам энэ л чанар уран зохиолын амин сүнс мэт байдаг нь өгүүлэн буй зохиолч Д.Энхболдын уран бүтээлтэй салшгүй холбогдох нь бахтай.
“…Дүү маань чимээгүйхэн л намайг дагалаа. Замдаа би дүүдээ бүх юмаа бүүр өгчихье гэж шийдэв. Яадаг юм. Одоо надад ямар хэрэг болох юм биш гэж саналаа.
-Миний дүү ахынхаа өндөр заг, гоёоны уурхайнууд, чулуун гэр, хонхорцогны бутнуудыг бүгдийг нь бүр ав, мэдэв үү?
-Улаан гунж, хар тайлаг хоёрыг ч авах уу?
-Тэг тэг.
-Жимийдэг чулуугаа ч надад өгөх үү? (Худгийн онгоц дүүрэн ус хийгээд алаг чулуу үмхэн жимийж онгоцтой усанд толгойгоо дүрэн хэр зэрэг удхыгаа сорьж үздэг бид хоёрын тоглоомын чулуу).
-Тэгэлгүй яах вэ. Чи надаас дандаа гуйдаг биз дээ. Ав ав. Би тэгэж хэлээд дүүгээ ура хашгиран гуяа алгадан гүйнэ дээ гэж бодлоо. Гэтэл тэгсэнгүй. Хачин гунигтай дуугаар
-Ах аа, та юу ч үгүй болчихлоо шүү дээ. Та ганцхан сургуульд явах гэж л бүх юмаа надад өгч байгаа юм бол битгий яв л даа. Би улаан гунж, хар тайлаг хоёрыг ч авахгүй. Та битгий яв л даа. Би аав ээж хоёроос таныг битгий явуулаач гэж гуйна, яадаг юм бэ гээд асгартал уйлав…” (Энхболд.Д. Өвс ногоо аниргүй. УБ. 2015 хуудас 28-29) хэмээн бичсэн “Бүйлс дахин цэцэглэнэ” өгүүллэгийн хоёр жаахан хүүгийн дүр нь нүднээ амилан тодорч кино зураг шиг буух нь зохиолчийн ур чадварыг харуулна.
Хүний сэтгэл, сэтгэцийн дотоод талыг амьтанд оноон гүтгэж нээсэн тэртээ 1965 оны Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийн уламжлал Д.Норовын “Сэрэвгэр хадны зэрэглээ”, Д.Энхболдын “Паанан” туужуудад туссан гэж үзэх боломжтой мэт. Монголын нууц товчооноос эхтэй чонын дүрслэл манай уран зохиолд амь бөхтэй оршсоор ирсэн бөгөөд нохойг дүрслэх, цааш нэг алхаад чоныг дүрслэх нь Д.Норовын “Сэрэвгэр хадны зэрэглээ” болон зохиолч Д.Энхболдын “Соёо”, “Паанан” туужуудад хэлбэржсэн байдаг нь тохиолдлын хэрэг бус.
Хуарангийн социализмын үед манай уран зохиолд роман гээд хэлчихээр дорвитой бүтээл гараагүй боловч тууж бичлэгт нэлээд амжилт олсон нь С.Эрдэнийн бүтээлүүд болон 80-аад оныхон гэгдэх П.Баярсайхан, Д.Норов, Б.Догмид, С.Жаргалсайхан, С.Пүрэв тэгээд Д.Энхболдын бүтээлүүдээс мэдрэгддэг. Тэдгээрийн дотор урлахуй, дүрслэхүй хийгээд бүтэц зүйн талаасаа зохиолч Д.Энхболдын “Паанан” тууж томоохон байртай.
“Паанан” туужийн Цэрмаа, Цэвэг нарын дүрүүдийн мөн чанарыг нээсэн нь нэн сонирхолтой агаад тийм туужийг 1989 онд бичсэн нь зохиолч Д.Энхболдын билэг авьяасыг эрхгүй нотолно. Туужийн гол дүрүүд Цэрмаа, Цэвэг нар нь багадаа эцэг эхээсээ өнчирсөн хөдөөгийн эгэл энгийн залуус. Туужийн символ дүрслэлүүдийг нь Цэрмаагийн охин насыг дагаж явдаг (Алунгоо эхийн хэвлийг илээд оддог цэгээн шар хүн мэт) үл мэдэгдэх шар туяа, могойн чуулган шатаагаад голомтоороо сүйрсэн хүмүүсийн гунигт тавилангаас үзэж болно.
Дүрүүдийн дотоод “ид”, адгууслаг тал, далд ухамсрын түлхээсүүдийг нь нарийн бодож гаргасан нь анхаарал татна. Цэрмаа өнчин өрөөсөн боловч сэргэлэн цовоо, үс зүс тэгш охин бөгөөд хонины бэлчээрт танилцан дотноссон Цэвэгийг даган зэргэлдээ суманд бэр болон очиж бүлээн дулаан амьдран сууж байна. Гэтэл Бавуу гэх нэгэн жолооч эр хаанаас ч юм гарч ирээд зөөлөн дасгаж байгаад нэг л өдөр эзэмдэн өөрийн болгож орхино. Цэрмаа оргуулж авсан эр нөхөр Цэвэгтээ хичнээн хайртай авч Бавуугийн амтлуулсан жаргал, адгууслаг хэрнээ амттай мансуууралд автан жолоогүй одно.
Түүнийг нь зохиолч “…-Үгүй би чамайг яасан ч тавихгүй. Чи удахгүй жинхэнэ хайр сэтгэл гэж юу байдгийг үзнэ. Тэгэхэд чи Цэвэгтэй зөвхөн айл гэр болон тоглож байснаа ойлгох болно гэж хэлэнгүүт Бавуу түүний, хамаг ясыг нужигнатал тэвэрч гал халуунаар янаглан нулимсыг нь хатааснаа дахин шал өөр түрүүчийнхээс илүү их халуухнаар шанхыг нь дэвтээн байх тийм халуун нулимс ухархайгаас нь шахан гаргах шиг болоод үнсэн үмхлэн хамаг биеийг нь эзэмдэн байхад Цэрмаа уйлан ганихран байвч энэ бол нэгэнтээ паананг дуудах, Цэвэгт хайрлагдах тийм ганихрал, тийм нулимс биш болсон хийгээд тийм болчихлоо гэдгээ ч өөрөө ухааран байжээ.
Бавуу түүнийг нэг их танихгүй алсын алс уруу дагуулж очоод эрвээхий болгон хувиргаж цэцгийн бал бялууртал нь идүүлчих шиг өөрийг нь үнгэн тоглож байгаа нь нээрэн л хэлсэн шигээ зөвхөн түүний өөрийнх нь төлөө л юм шиг бодогдоод их далан сэт үсэрч удтал хоригдсон омогт ус сад тавихын адил болж Цэрмаа өөрийн эрхгүй Бавуугийн үсэрхэг хүрэн цээжийг тас тэврэн учир зүггүй янаглан жаргаад «Эйх» хэмээн гаслах шиг дуу алдаад чимээгүй болов…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 187-188) гэх мэтээр дүрсэлсэн нь 1989 ондоо содон юм. Зохиолд дүрслэгдэж ирсэн өнөөх томоотой, өнчин, өхөөрдөм охин Бавуугийн өдөөснөөр дотоод либидогийнхоо эрхшээлд автан гэнэт л ийм мананд живж байна.
Туужийн нөгөө дүр болох Цэвэг эхнэрээ алдсанаас хойш архинд орж, амьдралаа үрэх бөгөөд зохиолч Цэвэгийн дүрийг хоёр хувааж босгосон нь өвөрмөц. Нэг Цэвэг нь “…Залуу нэрээ Цэвэг гэдэг болохыг зэргэлдээ суманд адуу малладаг тухайгаа ч ярьжээ. Энэ намар нутагт нь эрт намаршиж сөл муудсан тул таана мангирын шим дагасаар энд ирсэн. Тэрүүхэн хөмөг дор майхнаа барьсан гэнэ.
Аав ээж хоёр нь насны нар хэвийж хижээл болсон хойноо ганц хүү төрүүлээд гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хальт мөлтхөн шүргүүлээд цувран одоцгоосон гэнэ…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 81) гэх буюу “…Намын дарга наадам сайхан болж өнгөрсөн тухай товч мэдээлэл хийж, цагаан хоолойгоор хоёр түрүү авсан адуучин Цэвэг баяр хүргэж үг хэлнэ хэмээн зарлавай. Цэвэг самгардаж хоцров. Төв асрын өмнө очиж наадамчдын зүг харж зогсоод
-Та нартаа л баярлаж байна даа. Намайг өдий зэрэгтэй хүргэсэнд баярлаж байна. Нутаг усны ах дүүс минь би та нартаа л баярлаж байна даа гэлээ…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 164) гэх эгэл даруухан зантай эхнэр Цэрмаадаа энгүй хайртай адуучин Цэвэг, нөгөө Цэвэг нь эхнэртээ хаягдаж архинд ороод “…Архинд халамцаж улаа бутарсан эрчүүд анхандаа Цэвэгийг даган давхилдаж гэрт нь ирээд өөриймсөглөн хоол цай хийж тав тухтай нь аргагүй навсайтал архидацгаадаг байснаа сүүлдээ тэгж ирэх зоригтон үгүй болов. Дагаж ирсэн эрчүүддээ Цэрмааг зодох гэдэг нэг хачин юмыг Цэвэг үзүүлдэг байжээ. Тэр нь мэдээжээр өөр хэнийг ч биш паанангаа зодож тарчлаан хорслоо тайлдаг хачин жигтэй адайр муйхар ааш авир билээ.
Паананг дуудан оруулж ирээд дөрвөн мөчийг нь хоньчлон хүлүүт «Миний сэтгэл зүрх ийм байна май» хэмээн галзуурсан мэт хашгичин зориуд сүлжиж бэлтгэсэн төмөр утсаар шав шув хийтэл ороолгож хадаасаар энд тэнд нь хатган цус нөжийг холин үйл тамыг нь үзэж хөөрхий муу паананг хагас өдөржин гаслуулан гангинуулан орилуулна…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 197) гэх буюу “…Гагцхүү гэртээ л ийм догшин юм.
Тийнхүү паанангаа зодож зодчихоод дээгүүр нь тэгнэн унаж хэнгэнэтэл уйлна. Паанан таг хүлээтэй атлаа, бөмбөлзтөл чичрэн халуун нулимсаа асган цутган байгаа атлаа урт улаан хэлээ гарган зөөлөн дуугаар гийнан уйлан дээгүүрээ бөгтрөн багларан хэвтэх эзнийхээ хүзүү сээр, чихний арыг долоож байхыг үзээд эрчүүдийн нүд халтирч нулимсаа мэлтэлзүүлэн өөрийн эрхгүй буруу харцгаана…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 198) гэх зэргээр дүрсэлсэн буй.
Дүрүүдийн дотоод сэтгэлийн тэчьяадал, цөхрөлийг паанан хэмээх нохойн дүрд шилжүүлэн шингээж урласан нь тодрох агаад Цэвэгийн дотоод сэтгэлийн өшрөл цөхрөлийг паанангийн дүрээр гаргахдаа: “…Гэтэл паанан үхээгүй байснаар анхны цаснаар шахуу сүрэг чоно оройлон гарч ирээд хүмүүст ёстой л дайн зарлаж орхилоо.
Хэд хэдэн айлын хонийг хотонд нь харахын эцэсгүй болгосон төдийгүй нохдыг гэрээс нь дагуулж холдуулаад барьж орхидог боллоо. Ялангуяа бод мал, тэр дундаа тэмээг ёстой л хядаж байлаа…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 212-213) гэх мэтээр үзүүлж Цэрмаад гомдсон, Бавууд өширсөн Цэвэгийн сэтгэлийг нь гаргасан нь харагддаг.
Харин зохиолын нөгөө гол дүр болох Цэрмаагийн аяг аашийг мөн паананд шингээн дүрсэлсэн бөгөөд Цэрмаа нөхрөө эзгүйчлэн Бавуугийн өвөрт шунан улангасч байгааг “…-Бавуу, аа… дээрэмчээн… Яаж байгаа юм бэ гэж үглэн дуу тавьж үсэрхэг хүрэн цээжнээс нь галын хайч мэт болчихсон час халуун уруулаараа үмхлэн час час хийлгэн өөрөө түүндээ улам ч дүрэлзэн шатаж энэ хорвоод Цэрмаа гэдэг хүн биш Цэрмаа нэртэй хүүхэн гал болоод шатчих юмсан гэх аятай аяглаж ер энэ үед нь түүнийг харваас галзуурч орхисон мэт болжээ.
Үс нь сэгсийн, хамар хоолой, чихнийх нь дэлбээ хүртэл нэвчитлээ хөлөрч орхиод Бавуугийн үл ялиг хулмас ханхлах нойтон суга уруу хошуугаа шааж түүнээс эрхэм үүр оромж байхгүй болсон шиг загнажээ…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 189) гэсэн бол паанан мөн нэгэн шар нохойд болон жингэрийн нохдод биеэ тавьж өгөн эдлүүлж байгааг “…Нэг шөнө шарын авчирсан ясыг долоон мэрж үзвэл түүнээс амттан өмнө нь ер идэж үзээгүй мэт тул шунаглан мэрж хамаг ухаанаа түүнд зориулчихжээ. Тэр зуур шар самбаачлан дээр нь мордоод атигар богинохон хоёр хөл нь тасамдсан гэдсийг нь бахь мэт хавчин базаж зоон дээр хувалз мэт шигдэн наалдсан байжээ.
Гэнэт хамаг биеийг нь хутгаар зүсчих мэт болоод шарын савирсан шүлс далан дунд нь халуу оргиулсанд ухасхийн зүтгэтэл нэгэнт оройтсон байсан тул харин ч тавтайхан болж ясаа мэрж байжээ. Түүнээс хойш шартай тийнхүү шадарлах нь нэн амттай яс мэрэх адил болоод түүнийг ирэлгүй удахад тэсгэлгүй ганихран улих болжээ…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 191) гэх буюу “…Аль хүчирхэг ноход паананг омогдон захирч хэн эз дийлсэн нь түүний дээр үсрэн гарч байв.
Тэр бүрий паанан шүлсээ савируулан нүдээ жартайлган аниж жавжаа байдгаар нь жарвайлгаад биеэ таатайяа тавьж өгөхийг үзвэл чихэр хүлхэн суугаа шүдгүй хүн шигээ…” (Энхболд.Д. Паанан. УБ. 1997. Хуудас 191) гэж дүрсэлсэн нь сонирхолтой зэрэгцүүлэл юм. Энд зөвхөн эм амьтны зөн совин, хүсэл тачаал дүрслэгдсэн агаад Цэрмаагийн дүрийг жингэртэй зэрэгцүүлэн урласан нь этгээд.
Ингэж үзвэл эр нохсыг дор ивээс болон шүлсээ савируулж зогсож, таатайяа үнгүүлэн буй паанан бол Цэрмаа, айлын хоттой хонийг багалзуурдан хядаад, чонын сүрэгтэй нийлэн салхидаж яваа паанан бол өширч цөхөрсөн Цэвэг юм. Ийн дүрийг нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол урлахдаа дотоод талыг нь тэжээсэн нохойд нь гүтгэн оноож урласан нь манай тууж бичлэгт зурсхийсэн нэгэн сод үзэгдэл, “Паанан” тууж нь манай уран зохиолын туужийн төрөл зүйлийг алхам урагшлуулсан бүтээл.
Зохиолч Д.Энхболд харь газар суухдаа нэлээд бүтээл туурвисан нь “Өвс ногоо аниргүй” номонд нь оржээ. Дурдваас “Битүү өдөр”, “Цавтай хөх чулуу”, “Бурханд сонсогдсон андгай”, “Бөгтөр”, “Тавын даваа”.., гээд нэлээд өгүүлэгүүд бичжээ. Нутагтаа сууж байгаа зохиолчоос нутгаасаа явсан нь илүү бичсэн байдаг шиг санагддаг. Сталинизмаас дүрвэсэн Б.Л.Пастернак, А.И.Солженицын нарын зэрэг уран бүтээлчидтэй холбоотойгоор тэгж санагддаг ч байж болох. Ямартай ч эх орноосоо явсан хүн эх орноо сайн бичдэг мэт санагдуулах “Цавтай хөх чулуу”, наадмаа санасан хүн л бичээ болов уу гэмээр “Тавын даваа” гээд олон бүтээлүүд нь энэ зууны эхний хорин жилийн өгүүллэг бичлэгт шинэ хуудас болох нь эргэлзээгүй.
“Вера Тууяа хоёр” гэх Скокие, Гленвиев, Аврора гэсэн цохолт бүхий 2010-2014 онд бичсэн өгүүллэгтээ Вера гэх настай эмэгтэй, Нарантуяа буюу Тууяа гэх монгол асрагч эмэгтэй хоёрын дүрээр хүн төрөлхтөний хийгээд үндэстэн хоорондын адил ба ялгаатай талуудыг харшуулан дүрсэлж манай уран зохиолын өгүүллэгийн дүрүүдийг баяжуулжээ. Манай уран зохиолд олон янзын дүрүүд байдаг боловч харь үндэстний 92 настай эмэгтэйн дүр тэр бүр байхгүй.
Ер нь түүний уран бүтээлүүдээс харь хүмүүсийн дүрүүд нэлээд ажиглагдаж байгаа ба гагцхүү тэдгээрийг монгол хүний сэтгэл мэдрэмжээр харж урласан нь сонирхол татах аж. Тухайлбал өгүүлэн буй “Вера Тууяа хоёр” өгүүллэгт л гэхэд үхлийн элч эвэргүй сүүлгүй үнээ ирж өвгөн Жоржийг авч одох гэсэн тухай өгүүлэхдээ “…Тэр явдал өвөл болсон гэдэгт Вера хатуу итгэдэг юм.
Ямар ч байсан цастай байсан шиг санагдаад байгаа юм. Юу гэвэл Жорж өвгөний үхэл ирэхдээ цас шажигнуулаад байсан шиг Верад дүрслэгддэг билээ…” (Энхболд.Д. Өвс ногоо аниргүй. УБ. 2015. Хуудас 351) гэснээс үзвэл чухам л монгол зохиолчийн дүрслэл юм. Аливаа үйл явдлыг цаг улиралтай холбон үзэх, гэрийн гадаа цас шажигнуулан хэн нэгэн ирэх зэрэг нь цөм монгол хүний сэтгэлгээ тэр дундаа нүүдэлчин ахуйд төрж, адуу малын захад төлөвшсөн хүмүүний сэрэхүй хийгээд үзэхүйн тал билээ.
Түүний уран бүтээлүүдээс нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийх, монгол ахуйг суурин иргэншилтэй холбон алсуур нь харьцуулах, томоор харах хийгээд хүний газар гүний нутагт амьдрал хөөж яваа элэг нэгт ахан дүүсийн баяр нулимс, гашуун хийгээд энгүүн гуниг сэлтийг дүрүүдэд уян, үлэмж зөөлнөөр нээсэн байгаа нь адал явдалд шүтэн, цус сүүг холилдуулан дүрслэх болсон эдүгээгийн зарим өнгө төрхөөс ялгарч байна. Холын хүнээс үг дуулах сайхан байдаг шиг хол газар удаан суусан монгол зохиолчийн бүтээлүүдийг үзэх бас л сонин содон байгааг тэмдэглэх ёстой.
Зохиолч Д.Энхболд гадна гүрэнд он удаан сууснаараа Соёлын гавьяат болоогүй, Төрийн шагналд дэвшээгүй, “Утгын чимэг”, “Алтан өд” наадмуудад өнгөлөөгүй л байгаа байх. Гэвч уран бүтээлийн хувьд олзтой байж, эх орон, монгол хүнээ хөндлөнгөөс нь харж, санахын их ухаарал тээж ирсэн нь “Өвс ногоо аниргүй” номоос нэвт харагдаж байгаа бөгөөд монгол зохиолч хаа ч явсан монгол л байдаг юм байна гэсэн бодол төрүүлэх түүний уран бүтээлээс говийн хүнд л байдаг болов уу гэмээр ертөнцийг бүтнээр харахуйн ухаан, нүнжиг, яльгүй гунигтай уужуурал гэрэлтэн буйг дурдая.
Алдар хүнд, шагнал сайшаал нь эл их туурвигчид бүү оройтоосой. Түүний үеийнхэн эдүгээ л их уран зохиолын галыг бадрааж, ачааны хүндийг үүрэн алсын жин тээх насандаа ирэв бололтой. Санахдаа санаж, сарвайхдаа сарвайж, харь газрын халуун чулуу долоосон монгол эрийн сэтгэлээр дэлхийн хүмүүсийг ухаарсан тэрбээр том роман туурвиж бөмбөрцөгийн энтэй уран бүтээлч болохоо нотлохыг нь хүлээтүгэй.
2015.11.03
The best