2024-12-22, Ням
-28 C
Ulaanbaatar

Бясалгалын торгон шар зам

“Тэнгэр” уулчдын клубийн аялагч нөхөдтэйгөө хамт Хагийн хар нуурыг зорьсон тэр нэгэн аяллынхаа тухай эргэн дурсахуй гурван намрын цаадах шаргалхан өдрүүдийн туяа сэтгэлд шижиртэн цацрах нь сонин.
Хагийн хар нуур бол жирийн л нэг нуур. Жирийн л нэг нуур атал үзэсгэлэнг нь магтах гэхээр үг дутна. Юм бүхэн хуучирдаг хорвоод үг дутам үзэсгэлэнтэйгээр сэтгэлд хоногшдогийн шалтгаан нь тийш хүрэх замд л оршдог бололтой.

Хан Хэнтийн нурууны салбар уулсын дунд хар сувд мэт гялтганан зүрхийг даллах тэр л нуурт автомашинаар дөхөн очих боломжгүй. Улаанбаатарт далайн түвшнээс дээш 1200 метрт амьдардаг биднээс Хагийн хар нуур даруй 600 метрийн өндөрт буюу 1817 метрт цэлэлзэн долгиотох ажгуу.

Бид 2014 оны есдүгээр сарын 18-нд Улаанбаатараас гарч, онхол донхол замаар орос тэрэгний туулж чадах цэг хүртэл тонгочуулаад, цааш шигүү ургасан бут бургас, торлог дундуур үүргэвчтэйгээ шургалж, намаг, шавхай, хад хайрган дундуур туучин, ширүүн урсгалт, цэв хүйтэн Хагийн голын салаа бүрийг гатлахдаа намхан биетэй нь бэлхүүсээ хүртэл норж, уулын унанги модон дээгүүр харайлган, Хавиргын давааг өгсөж нэг, уруудаж нэг… дуу аяланхан алхсан сан. Мориор явж болох байсан ч бид алхахыг сонгосон. Учир нь, алхаж байж, бүдэрч унаж байж л ус, өвс, салхи, цас, бороотой эд, эсээрээ харилцаж, хэл нэвтрэлцэнэ. Чухамдаа энэ л аялагч хүмүүний оршихуй билээ.
“Тэнгэр”-ийн аялагчид зам зуур нэг хоноод, маргааш нь ахиад өдөржин алхсан ч бүр харанхуй болсон хойно зорьсон газартаа хүрэхэд орчны юмс ялгарч харагдахгүй, үес үесхэн долгис чимээлж, оддын дор нуурын мандал толиорч л угтсан сан. Үдшийн сэрүүнд нойтон хувцас жиндээж, ядарч, цуцаж, даарч очсон бид хээрийн хоолоо амтархан идээд майхандаа шургацгаалаа. Харин өглөө нь нүдээ нээмэгц бүгд “Хөөх” гэж дуун алдсан. Урьд өдрүүдийн ядралт бидний дуун алдалтаар сарниж, цоо шинэ цэлмүүн сэтгэлээр хөглөгдсөн билээ. Гутлаа ч углахаа мартах шахан нуурын хөвөө рүү гүйхүйеэ хөнгөн агаад тааламжтай зөөлөн гуниг сэтгэлд бүрэлдэж, нэгэн шүлгийн эхлэл хэсэг ийн мэндэлсэн бөлгөө.

I
Сэтгэл баясаж, жаргалын дээдийг эдэлнэм
Сэрүү татах Хагийн хар нуурын дээгүүр
Үүрийн гэгээтэй уралдан хөөрөх үүлэн манан
Үнэгэн харанхуйгаар толин мандалд юу гэж шивнээ бол?
Аниргүйн гүнд бодол тогтонги, амьсгал ч эрхшээм
Аяа нам гүм үүний дэргэд юутай их нүргээн бэ
Асарлах тэнгэрийн саран мэлтэгнэх ариун мандал…
Алгаараа би хэвлийг тань илбэх сэн, Хагийн хар нуур.

Хагийн хар нуурын толин мандал дээгүүр үүлэн манан хөөрөхийг үзэж, үзэсгэлэнг нь шагшиж ханаагүй байтал араас нь залгуулаад цэв цэнхэр тэнгэрт шав шаргалхан бөмбөлөг алгуурхан өнхөрч эхэлвэй. Нуурыг эмжсэн торгон шаргал элс ямар ч далайн эргийн цагаан элстэй харьцуулшгүй зөөлөн, гарын салаагаар урсах нь алтан ус асгарах мэт. Эргэн тойрны ой мод гүн ногоон. Энд буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга зэрэг зэрлэг амьтан айх аюулгүй амар жимэр оршдог гэнэм. Хагийн хар нуур төв хэсэгтээ 25 метр гүн, дундаж гүн нь 11 метр, нуурыг бүтэн тойроход 10 гаруй км болдог гэж уншсанаа саналаа. Энэ нуурт цутгадаг гол горхи байдаггүй бөгөөд эх ундарга нь нуурын гүнд байдаг гэх. Би хотлоо дагуулан нуурын гүн рүү алгуурхан орж яваа бууран хандгай, сүндэс хоёрыг сэтгэлдээ төсөөллөө. Шүлгийн минь удаах хэсэг ч ундран урсвай.
II
Цэнгэгийн гүн дэх хар ногоон хагийг зорьж
Цэмцгэр хандгай толин нуурт шумбадаг гэх…
…Сүлдэн тэнгэр хоёр эвэр нь усны мандлаас цухуйхыг
Зүрхнийхээ мэлмийд үзнэм, Хагийн хар нуур.
Баярламаар атал гунимаар, зүрхний гүнээс нулимсрамаар, тэгэвч таатайн дээдээр таатай тийм нэгэн мэдрэмж.

Нуурын ойролцоо, ойн гүнд нэгэн модон байшин харагдсан нь үлгэрийн өрнөл мэт төсөөллийн орон зайг минь цалгиулав. Социалист нийгмийн үед сайд дарга нар нисдэг тэргээр энд ирж амардаг байсны ул мөр энэ гэнэ.

Нуураас зүүн хойш 10 гаруй километрт Сарьдаг, Сонгино ян, Бух ян хэмээх гурван уулын зүрхэн тушаа, аглаг тайгын гүнд анхдугаар Богд, өндөр гэгээн Занабазарын XVII зуунд барьж байгуулсан Цагаан хот буюу Сарьдагийн хийдийн туурь бий. Цагаан хот Халх Ойрадын дайны үед устаж үгүй болжээ. Тэнд хот байсныг илтгэх хана хэрэмний үлдэгдэл, чулуун довжоо, шавар цац, ваарны хагархай чимэглэлүүд түүх хүүрнэн сэтгэлд торолзоно. Харин бид төлөвлөсөн хугацаандаа баригдаад Сарьдагийн хийд рүү очиж амжсангүй. Магад, хожим эргэж ирэхүйн бас нэгэн шалтгаан минь тэр болох биз ээ.
Хагийн хар нуурынхаа цэв цэнгэг усанд дураараа шумбаж, эргийн торгон шаргал элсэн дээр нь хөлбөрч, эрхэлж өнжлөө бид. Ирсэн гийчин буцдаг хорвоо хойно, үд хэвийх үед нуураа орхиж, эргэн эргэн харсаар сүүрс алдсаар буцлаа.

III
Эргэх зүгийн уулсыг энгээр нь бүүвэйлэх
Ээж нуур
Эргэн хоргодох мэлмэн нуур аа,
Энд би чинь юугаан үлдээчихэв дээ…
(2014.09.20. Хагийн хар нуур)
Шүлгийн минь сүүлийн бадаг ингэж мэндлэв.
Ахиад бид урт агаад бэрх замыг туулах учраас ачаагаа хөнгөлж, майхан сав, хоол хүнсээ бүгдийг нь моринд ачаад явуулсан юм. Замдаа хоноглохоор товлосон газарт морины эзэн түрүүлж очоод, хоол хийгээд биднийг хүлээж байхаар тохиролцсон билээ. Нарлаг дулаахан, цэлмэг ховорхон өдөр. Иймд бид зөвхөн өмссөн хувцастайгаа л, нимгэн нүцгэн үлдсэн сэн. Болжморууд цэлмэг өдөрт хууртан, нисэж буун шулганасаар байгаад дулаан үүрээ барьж амжилгүй өвөлтэй золгодог гэдэг сэн бил үү. Яг л тийм юм болсон.

Мэлмэн нуураасаа хагацаж чадахгүй нүүдлийн шувууд шиг ганганалдсаар үдийг өнгөрөөж, нар хэвийсэн хойно хөдөлсөн болохоор товлосон газартаа хүрч амжилгүй харанхуйтай золгосон юм. Тайгын гүнд гар утасны сүлжээ барихгүйгээс морины эзэнтэй холбоо барьж чадсангүй. Торлогон дундуур сүлжилдсэн олон жимээс зөв жимийг нь олж алхана гэдэг ялангуяа шөнийн цагаар бол амлах даваа биш. Харин туршлагатай хөтөч Сэнгүү ах маань биднийг дагуулж алхсаар анчдын л отог бололтой, баахан мод хагалаад бэлдчихсэн нэгэн газарт дагуулж ирэв. Ингээд норсон болжмор шиг хэдэн нөхөр солих хуурай хувцасгүй, давхарлаж өмсөх хүрэмгүй, идэх хоолгүй, унтах аяны хөнжил, майхангүйгээр намрын шөнө хээр хонохоор болов оо.

Хэн нэгний маань үүргэвчнээс зүсмэл боорцог, нөгөөгийнх нь цүнхнээс сэнжтэй төмөр аяга, бас нэгнийхээс нь хэдэн ширхэг кофе гарч ирлээ. Бид төмөр аягаараа Хагийн голоос ус хутган авчирч гал дээр буцалгаад халуун кофе ээлжлэн ууна. Хэрэв ингэж хоноогүй бол зүсмэл боорцгоор шорлог хийж болдгийг, ил гал дээр шарагдан тос нь нэвчсэн боорцог үгээр хэлшгүй амттай байдгийг, халаасны жижиг савлагаатай кофе хэчнээн тансаг болохыг анзаарах ч үгүй өнгөрөх байсан биз ээ.
Хуурай мод час пас хийн дүрэлзэж, ил галын дөл нүүр долоох шахан цоролзовч ар нуруунаас хүйт даан, хувцас нэвт жиндээнэ. Эргэн тойрон түнэр харанхуй. Харанхуйн гүнээс, бут бургасан дундаас хээрийн зэрлэг амьтад ширтэж буйгаар төсөөлж нэг үзэв. Гэвч бид олуулаа учир айх айдас төрсөнгүй.

Гараараа өвс зулгаан газар дэвсэж, торлогоор хучлага хийгээд завсар нь шургасан хэдэн нөхөд минь удаж төдөлгүй эрүү амаа хавшуулан босож ирлээ. “Гар хийцийн хээрийн хөнжил” нь тэднийг дулаацуулж хүчирсэнгүй бололтой.
Гал тойрон зогсож элдвийг хүүрнэсээр бид үнэгэн харанхуйтай золгов. Гэтэл цоролзох галын гэрэлд том том цасан ширхгүүд эргэлдэн бүжиж эхэлвэй. Үүр цайхтай зэрэгцэн орчин нэлэнхийдээ бууралтаж, тайгын гайхамшигт цагаан өглөө биднийг угтлаа. Өглөөний цайгаа ууна гэх биш дээ, тэнгэрчүүд аян замаа үргэлжлүүлэв. Одоо бол сахилгагүй торлог үүргэвчнээс зулгаахыг, бүр үснээс зулгаахыг ч үл тооно. Учир юун гэвээс, үзэсгэлэнтэй хэдий ч бартаатай энэ урт зам төвлөрлийн ариун сүм, цэлмүүн тунгалаг орчин болохыг олж мэдэрснийх биз ээ.
Өдөр тийш Хавиргын даваагаар давж, хоёр өдрийн өмнө явж өнгөрсөн шаргалхан замаараа алхав. Бясалгалын торгон шар зам! Оюун санаа минь цэлмээд л ирэх юм. Тэгээд доорх мөрүүд сэтгэлд буулаа.

…Эхлэлгүй, төгсгөлгүй шаргал замаар би
Цаг хугацааны хязгаар үгүй алхаж явна
Элс хайрга, хад чулуу, цас борооны
Эс ширхэг бүхэн судсаар минь лугшина
Салхины исгэрээ, чонын улиа, хуурын эгшиг цөм нэг
Сайхан муухайн ялгал үгүй энэ л оршихуйд
Өгсөх уруудахуйн зааг үгүй нэг л замаар урагшлахдаа
Өнө мөнх гэгч агшин л байдгийг сэрнэм.
(2014.09.21. Хавиргын даваа)

Ийн алхсаар бид оройхон хэрд машин дээрээ ирсэн юм. Их ч ядарсан байлаа. Заримын маань хөлийн бэртэл сэдэрч, заримынх нь нуруу өвдөж, шөрмөс татаж, хавагнаж…, ер бидний дунд хөлөө холгож цэврүүтүүлэх гэх мэт жижиг гэмтэл аваагүй хүн байсангүй. Гэхдээ л хүнд аяллыг сэтгэл өөдрөг даван туулж, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээсэн тэнгэрчүүддээ чин зүрхнээсээ талархаж сууна. Ташрамд хэлэхэд, Хагийн хар нуур хүрэх бясалгалын торгон шар зам хүсэл мөрөөдлийн минь зам мөртэй давхцах юм гэж урьд ерөөс зүүдэлж байгаагүй билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img