2024-11-23, Бямба
-3 C
Ulaanbaatar

ДУУЛЬЧ ДӨНГӨТИЙН ЦООДОЛ ХИЙГЭЭД ДУТУУ ТАВИЛАНГИЙН ОРЬ ДУУ

Нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шатанд урлаг, уран зохиолын зарим төрөл зүйл илүүтэй дэлгэрэн хөгжиж байдаг бол зарим төрөл зүйлүүд мартагдан бүдгэрч байдаг зүй тогтолтой. Тухайн төрөл зүйл дэлгэрэн хөгжих үндсэн шалтгаан нь нийгмийн амьдралын хэв маяг, хүмүүсийн аж төрлийн харилцаа хандлагын шинж төрхөөс хамаардаг бололтой.
Манай орчин үеийн уран зохиолын эхэн үед буюу 1920-1930-аад оны үед бичиг үсэгтэй хүн цөөн байснаас хамааран амьд сонин, жижиг үзэгдэл болон жүжгийн элемент бүхий харилцаа дууны хэв маягтай бүтээлүүд нэлээд дэлгэрч байсан бол 1940-өөд оны үе буюу дайны үед эх оронч үзэлд уриалсан бадрангуй шүлэг, найраглал, уриалгын аястай бүтээлүүд, 1950-60-аад онд үргэлжилсэн үгийн төрөл зүйлүүд, дууны яруу найраг, 1970-80-аад онд тууж, томоохон романууд ихээхэн амжилттай дэлгэрэн хөгжиж байв.
1990 оны ардчилсан хувьсгалын үед үндэсний үзэл бүхий шүлэг найраг илүүтэй дэлгэрч байсан бол өдгөө баримтат буюу хувь хүний намтар цадиг бүхий эсээлэг зохиол, нийтийн дуу, арилжааны кино, бэсрэгдүү роман илүү дэлгэрэн хөгжих хандлага ажиглагдаж байна.
Хэдийгээр уран зохиолын хөгжил зүй тогтлоороо урсах нь хэвийн зүйл боловч утга зохиол судлалын хийгээд үндэстний уран зохиол бүрэн бүтэн байхын тухайтад зарим төрөл зүйлсийг эргэн санаж, мөн залуу уран бүтээлчид тэдгээр төрөл зүйлүүдээр уран бүтээл туурвин өөрсдийгөө сорьж байх нь эрүүл саруул үзэгдэл болно. 1970-1980 оны үед нэлээд дэлгэрэн хөгжиж байснаа эдүгээ зарим талаар бүдгэрч байгаа нэгэн өвөрмөц зүйл бол дууль юм.
Дууль гэдэг нь Прованс хэлтний морьтны яруу найргаас үүсэлтэй, дундад зууны үед Франц, Испани, Италийн яруу найрагт дэлгэрсэн, голчлон дээд тэнгэр, уул усны эздээс хайр хишиг, хур шимээ хайрлахыг хүссэн агуулгатай шүлэг байжээ. Хожим буюу XYIII-XIX зууны үеэс бүтэц агуулга нь өөрчлөгдөн хувьсаж, эмгэнэлт-баатарлагийн өнгө аястай болсон байна. Дууль-дуу гэж байсан бөгөөд эмгэнэлт аястайгаараа манай ардын дуунууд болох “Шалзат баахан шарга”, Хүрэн жороо морь” зэрэгтэй төстэй шинжтэй байжээ.
Монголын орчин үеийн уран зохиолд 1940-өөд оноос эхлэн Оросын уран зохиолоор дамжин нэвтэрч 1960-аад онд бүрэн хэлбэршсэн. Тодруулбал яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол”, “Сохор зоосны дууль”, “Харь орны зоогийн газар” зэрэг дуулиуд гарсан нь дараагийн уран бүтээлчдэд үлгэр загвар болсон бололтой.
Б.Лхагвасүрэнгийн “Үр могой”, “Хэлтгий Нанзад”, Д.Цоодолын “Тэнэг”, “Харамчийнхны дууль”, болон Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Д.Төрбат нар болон сүүлхэн үедээ Ц.Бавуудорж, Б.Баярсайхан зэрэг яруу найрагчдын нэлээд бүтээлүүд гарсан байдаг.
«Орчин үеийн дуулийн агуулгад эмгэнэлт –баатарлаг зан чанар, баатарлаг эмгэнэлт явдлын элемент нэвтэрч, баатар нь түүхэн зайлшгүй шаардлагаар байгалийн аюул гамшиг, нийгмийн шударга бус байдал, хүчирхийлэл дарангуйллын эсрэг сөрөн босох ч тэрхүү зорилгоо биелүүлэх бололцоогүй нөхцөл байдлын улмаас хүнийхээ хувьд хохирох, амь насаа алдах, ялагдал хүлээх хэдий ч өөрийн ёс суртахууны өндөр дээд эрмэлзлэлээрээ ялалт байгуулдаг шинж болно»  гэж профессор Д.Галбаатар дурдсан буй. Дуулийг зарим тохиолдолд уянга-туульс хосолсон зүйл гэж үзэх нь бий боловч уянгын шинж нь ерөнхийдөө давамгайлсан байдаг онцлогтой гэж үздэг байна.
Яруу найрагч Д.Цоодолын “Харамчийнхний дууль” нь харьцангуй үйл явдаллаг шинжтэй учир уянга-туульс хосолмол онцлогтой. Уг дуулийн үйл явдал нь Төв аймгийн Бүрэн сумын нутаг болох Сансар Эмгэдийн бэл, Сарваа цуцахын хөндий, Бүрэн сумын төв болон Халхын голд өрнөнө.
Дуульд:
«…Сансар Эмгэдийн бэлийг хонь нь бүрхэн
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнхний хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа…»  гэж өгүүлдэг. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж Халхын гол орчмоор Японы арми довтолсноор эх орноо хамгаалан тулалдах шаардлага нийт ард түмний өмнө тулгарсан бөгөөд зохиолын он цаг нь 1939-1945 оны үе буюу Халхын голын дайны үе юм.
Энэ талаар “Харамчийнхний дууль”-д:
«…Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав
Халхын гол уруу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв…»  гэх буюу
«…Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүүсээс хоёр харамч цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм…»  гэсэн буй.
Улмаар дайнд мордсон хоёр залуу эр эрэлхэгээр тулалдан амиа алдсан тухай:
«…Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ»  гэж дүрсэлсэн байдаг.
“Харамчийнхний дууль” гэх энэхүү бүтээл нь монгол хүн та эх орноосоо юугаа ч харамлах ёсгүй гэсэн утгыг номлосон дүрслэл, өгүүлэмжтэй, эх орны сэдэвтэй, уянгын аястай дууль юм. Улс үндэстэн бүрт эх орны тухай ойлголт харилцан адилгүй байдаг бөгөөд уг дуулиас Монголчуудын хувьд “Эх оронч үзэл гэдэг нь эх орноо бусдад алдахгүй байх тухай сургаал” буюу монгол хүн та эх орноо амиараа хамгаалан харамлах ёстой гэсэн утгыг илэрхийлсэн байдаг.
Гэтэл яг дээрх мэт буюу эх орны сэдэвт хамаарах Японы зохиолч Мишима Юкиогийн “Эх оронч үзэл” гэх нэгэн өгүүллэг бий. Уг зохиолд: “Эзэн хааны армийн дэслэгч Такэяма Шинжи 1936 оны 2-р сарын 28-ны өдөр гарсан “Залуу дарга нарын үймээн”-д оролцсон найз нараа дарах тушаалтай үл эвлэрсэн тул харакири хийжээ. Түүний залуухан гоо эхнэр Рэйко нөхрийнхөө жишээгээр бас амиа хорложээ.
 Гучин нэгэн настай дэслэгч “Эзэн хааны арми мандтугай” гэсэн зурвас үлдээсэн бол хорин гурван настай Рэйко өөрсдөөс нь өмнө үхэх болсондоо эцэг эхээсээ уучлал гуйгаад “Офицер хүний эхнэрийн ямагт бэлэн байх ёстой тэр өдөр ирлээ” гэж бичсэн байв. Учир нь Такэямагийн найз нар болох Кано, Хомма, Ямагути нар “Япон улс Азид ноёрхлоо тогтоох дайн хий” гэж тулган шаардсан бөгөөд түүнийг нь засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй тул нухчин дарах шийдвэр гаргасан байна. Энэ үүргийг Такэяма биелүүлэх боломжгүй учир гэдсээ хэрхэн хүүлж буйг, эхнэр нь хэрхэн хоолойгоо огтолж байгаа”-г нарийвчлан дүрсэлсэн байдаг. Энэ нь үнэхээр 1936 оны 2-р сарын 28-ны өдөр болсон үйл явдал, мөн үзэл санаа нь Япон даяар тархаж дэлхийн хоёрдугаар дайны үйл явдал өрнөсөн бөгөөд сүүлчийн япон хүн үхэж дуустал тулалдана гэж япон залуус тангараглаж байжээ.
Ер нь Японы нэртэй зохиолч Мишима Юкио “Надад гэнэт хэн нэгнийг алмаар санагддаг, би цус үзэхийг тэчъяадан хүсдэг, зарим хүн хүүхэнд дурлаад эзэмдэж чадаагүйдээ тачаадан шүлэг бичдэг шиг би цаазаар авхуулчихгүйн тулд роман бичдэг” гэдэг байжээ. 1970 оны 11-р сарын 25-нд өөрийн зорилго нэгт эх оронч Этоо Косабүро амиа егүүтгэсэн тухай сонсмогцоо “Такэнокай”-гийн 4 нөхрийн хамт Итагай гэдэг цэргийн хуаранд цөмрөн орж, хуарангийн даргыг барьцаалан цэргүүдийн өмнө үг хэлжээ.
Тэрээр “Япон улс үндсэн хуулиа өөрчилж, дэлхийд тэргүүлэх армитай болж, Азид ноёрхлоо тогтоо” гэсэн шаардлага тавьж цэргийн эргэлт хийхээр санаархсан байна. Өөрийнх нь шаардлагыг хүлээн аваагүйн улмаас мөн хуаран дотор харакири буюу гэдсээ хүүлэх ёслол үйлдэн амиа егүүтгэжээ. Үүнийг мэдсэн түүний багш Кавабата Ясүнари мөн сэтгэл санааны хямралд орж хийн зуух нээж унтаад амиа егүүтгэснээр Японы нэр хүнд бүхий 3 зохиолч амиа хорлосон тохиол болжээ.
Юкио Япон улс эх газарт өөрийн эзэмшилтэй байх ёстой гэдэг үзэл дээр хатуу зогсож байсан тэрс үзэлтэн, гурван ч удаа Нобелийн шагналд нэр дэвшсэн уран бүтээлч байсан бөгөөд “Эх оронч үзэл” өгүүллэгээрээ М.Юкио “япон хүний эх оронч үзэл бол эх газар дээр өөрийн газар нутагтай болох тухай тэр л үзэл” гэсэн санааг тунхаглажээ.
Дээрх хоёр зохиолоос үзвэл монгол хүний хувьд эх оронч үзэл гэдэг нь яруу найрагч Д.Цоодол гуайн “Харамчийнхний дууль”-д дэвшүүлсэн “Эх орноо хамгаалж буюу одоо эзэмшиж буй газар нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэх тухай сургаал” байгаа бол япон зохиолчийн хувьд эх оронч үзэл гэдэг нь М.Юкиогийн “Эх оронч үзэл” өгүүллэгтээ дэвшүүлсэн “Эх газар дээр эзэмшил нутагтай болохын төлөө амь хайргүй тэмцэх тухай сургаал” буюу монгол хүний үзлийн яг эсрэг үзэл юм. Энэ мэтээр дуульд тодорхой утгыг номлон, дүгнэлтэд хүрдэг бөгөөд энэ шинжээрээ туульсын зохиолтой төрөлсөнө.
Ер нь яруу найрагч Д.Цоодолын уран бүтээлийн санд дууль томоохон байртай. Түүний бүрэн түүврийн “Сөгдөж айлтгая” тэргүүн ботид дууль хэмээх бүтэн бүлэг бий бөгөөд тэнд “Мөнгөн халбагат буюу гангийн зуны дууль”, “Дагва дархан”, “Чулуун нүүрсний дууль”, “Дутуу Санжаа”, “Алтайн домог”, “Эх баригч бүсгүйн дууль”, “Панзчин”, “Тэмээ Самдан”, “Сэтгэл”, “Улаагч үнээ буюу ижийн ярьсан дууль”, “Торгон Янжин”, “Гэзэг”, “Тэнэг”, “Хүн оготнын тухай дууль”, “Мартамхай”, “Хадаг Дэжид”, “Магнайн үрчлээсний дууль”, “Тужийн нарсны дууль”, “Нулимс”, “Харамчийнхны дууль”, “Уужуу Дондог”, “Чөдөр”, “Хэнэггүй эрийн дууль”, “Цасны тухай дууль”, “Сүү”, “Дуутын цэнхэр”, “Элчин Самбуу”, “Цаасан малгайн дууль”, “Сүүдэр шийний дууль”, “Хэнмэдэхэв”, “Таван тэмээт”, “Хуучин дэр модны дууль”.., гээд олон дууль орсон байдаг.
дууль
Яруу найрагч Д.Цоодолын дуулиудад нэгэн онцлог бий бөгөөд тэр нь «баатар нь түүхэн зайлшгүй шаардлагаар байгалийн аюул гамшиг, нийгмийн шударга бус байдал, хүчирхийлэл дарангуйллын эсрэг сөрөн босох ч тэрхүү зорилгоо биелүүлэх бололцоогүй нөхцөл байдлын улмаас хүнийхээ хувьд хохирох, амь насаа алдах, ялагдал хүлээх хэдий ч өөрийн ёс суртахууны өндөр дээд эрмэлзлэлээрээ ялалт байгуулдаг шинж» хэмээх дуулийн тодорхойлолтод бүрнээ нийцсэн баатруудыг дүрсэлдэг мөн чанартай.
Байгалийн аюул гамшигийн сөрөн Цэцэн хэмээх Самбууг тэврээд осгож эндсэн Тэнэгийн дүрийг “Тэнэг” дуульдаа:
«Өмссөн хүрмээ цэцэн Самбууд нөмөргөөд
Өчүүхэн хүүхэд шиг элгэндээ түүнийг тэврээд
Өршөөлд нь, ерөөлч дөнгөж голтой үлдсэн юм
Өнөөх тэнэг чинь амь алдсан байсан юм
“Ерөөлчийг авраад, өөрөө үхжээ” гэхэд
Ёроолгүй тэнэг хүн ээ гэж ухаантнууд аанай л шоолсон юм»  хэмээн дүрсэлсэн бий.
Мөн дуульд тусч нинжин, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй ч тавилан дутуугийн золионд бусдын төлөө өөрийгөө зольсон хүнээс содон хүний үрийн тухай ийнхүү дүрслэн үгүйрэн хоосорч байгаа хүмүүний нинжин сэтгэлийн орь дууг буулгасан байгаа бол дээр өгүүлсэн “Харамчийнхны дууль”-д бүх юм нь бүрэн үлдсэн ч уул шиг сайхан хоёр эрээр эх орон дутсан тавиланг үзүүлсэн байдаг.
Сэтгэл хийгээд зүтгэл бүтэн ч гурван хуруугаа хөлдөөсөн Дутуу хэмээх Санжаагийн дүрийг “Дутуу Санжаа” дуульдаа:
«Мичидийн доор бүтэн хот барилцсан мөртөө ядуу,
Миний хайртай, гэнэхэн, долоон хуруут “Дутуу Санжаа”
Дуслуулсан хөлснийхөө тоогоор үнийг нь авсансан бол
Дундуур ганц ч байхгүй бүтний бүтэн Санжаа, юмсан даа»  хэмээн мөнөөхөн дуулийн тодорхойлолтод өгүүлсэн нийгмийн шударга бус байдалтай сөргүүлэн дүрсэлсэн байна. Ийм өнгө аяс бүхий бас нэгэн дууль нь “Элчин Самбуу”.
Мөн дуульд:
«Буурал үсээ тэр хаврын салхинд хийсгэсээр
Бурхны орноод Монголын Элчингээр одсон
Цөмөөрөнгий нь хайрлаж явсны нь төлөө хүмүүс
Цөөхөн маани хэлж илүү хараал уншсан
Цэцэгтэй хөшөөн дээрх дүрийг нь хулгайлж
Цэн алтны төлөө “толгой”-гий нь галд хайлсан
Хааныхаа тэргүүнийг унасан хойно нь авдаг
Хаанахын ёс вэ энэ чинь миний Монголынх уу!» хэмээн бүрэн улсаа бүтэн төлөөлж явсан Самбуугаа ард түмэн нь үл хайрласан дутуу тавилангийн гаслалыг дуулжээ.
Байгаа юм илүүдэж, байхгүй юм дутахын хорвоод байсан, байгаа нэгнээ үл тоох, байхад нь харааж, барагдахаар магтахын хясланг дүрслэхдээ найрагч Д.Цоодол дууль хэмээх зүйлийг сонгон авдаг нь нэн зохиролтой. Дүрслэлийн ийм өнгө төрхийг “Буруу Довдон”, “Хадаг Дэжид”, хазгар Гэндэнгийн өгүүлэмж бүхий “Хоёр хар толгойн дууль”, “Тайж”, “Ороо Эрэнцэн”.., гээд олон дуулиуддаа дүрслэхдээ зөнгөөр нь хөтөлсөөр үзүүр дээр нь аваачин мөхөөж, мөнөөхөн дутуу тавилангийн орь дууг хүмүүний сэтгэлийн мартагдсан мухраас нургилуулан өгүүлдэг жинхэнэ дуульч юм.
Хятадын зохиолч, Нобелийн шагналт Мө Янийг “төрсөн нутгийн ой санамж”-аар дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч хэмээн тодорхойлсон байдаг лугаа үзвээс найрагч Д.Цоодол бол эгэлээс эгэл хүмүүний үрст оногдох дутуу тавилангийн орь дууг дундуур дүүрэн болгон өгүүлж өөрийн ард түмэндээ энгийн хүний үнэ цэнийг ухааруулахын замд элэгдэж яваа энгийнээс энгийн найрагч хэмээн ихэд даруухнаар дүгнэж болох билээ.
Эрхэм түүнд том, том алдар нэрүүд, олон шагналууд бий, тэрбээр над мэтийн амьтдын шалдар магтаалаар дутаа ч үгүй байх, харин түүний дуулиудыг магтаалаар дутааж мартахын хязгаарт гээж боломгүй гэдгийг манай уран зохиолын түүх бичлэг санасаар л байх учиртай.
Эгэл, энгийн хүнд оногдох дутуу тавилангийн орь дууг буулгагч Дөнгөтийн Цоодол абугай өөрөө харин бүтэн тавилангийн эзэн бөгөөд түүнийг нь шил юмны ард хундага түшилцэн андалж явсан нөхдөө шүлэг болон үлдэхийн хязгаарт ирээд “Би ямар нэг их том шинэчлэгч энэ тэр биш, хэдэн бор дууль л бичсэн, нэг тийм ядруухан амьтан юм” хэмээн нургил хонгор дуугаараа даруухан өгүүлэхийн сайхнаас нь үзэж болно.
Эдүгээ ухаарлын хяр дээр гарчихаад Чехов, Платонов, Паустовский, Мопассан, Акутагава, Додег орчуулан, амар амгалан сууж буй энэ эрхэм хүнээс зөв насжихийн нүнжиг, хүнлэг хийгээд үнэн амьдрахын сайхан, ухааран үлдэхийн үлгэрлэл харагдана зээ. Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ, Насандаа сайн явсан нь өтлөхөд мэдэгдэнэ гэдэгсэн.
2021-03-25 
[1] Галбаатар.Д. “Уран зохиолын нэвтэрхий толь” УБ. 2012. х136
[2] “Уран зохиол” 7-р анги. Г.Нандинбилиг нар. УБ. 2018 он. х93
[3] Мөн тэнд х94
[4] Мөн тэнд
[5] Мөн тэнд
[6] Цоодол.Д. “Сөгдөж айлтгая” УБ. 2015. 330
[7] Мөн тэнд 310
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img