Өчигдрийн /2023.02.01/ Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээлэл танилцуулах үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “…ҮСХ-ноос Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн гэдэг сайн мэдээг ирүүллээ” гэж мэдээлсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь ҮСХ өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг жилийн бүрийн эхний улирал буюу хоёрдугаар сарын дундуур албан ёсоор зарлаж олон нийтэд ил болгох хуулиар хүлээсэн үүрэгтэй, УИХ-ын харьяаны байгууллага юм.
Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3.3-т Үндэсний статистикийн хороо нь
“Албан ёсны статистикийн мэдээлэл, судалгаа, тооллогын үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, мэдээлэх хугацааг тогтоох” гэж зүйлчилсэн. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 3.3-т Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилтан албан ёсоор мэдээлэх түвшинд хүрээгүй статистикийн мэдээлэл, судалгааны дүн, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтэд задруулахыг хориглоно”
гэсэн заалтуудыг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөрчиж мэдээлэх түвшинд хүрээгүй статистик мэдээллийг мэдээлэх хугацаанаас нь өмнө албан бусаар нийтэд зарласан нь УИХ-ын бүрэн эрхэт байдалд халдсантай ялгаагүй үйлдэл юм. Үндэсний статистикийн хороо бол бие даасан хараат бус УИХ-ын харъяа байгууллага бөгөөд ҮСХ-ны гаргаж буйн тоон мэдээллийг Засгийн газар түүний харьяа яам агентлагууд олон нийтэд дур мэдэн цацах, засварлах эрхгүй юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын дур мэдэн зарласан тоог хөндлөнгийн болон олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн хэр бодитой вэ гэдэгт эргэлзэх үндэслэл бий болж байна. Учир нь УИХ-ын харъяаны халдашгүй байгууллага болох ҮСХ-ны гаргаж буй тоон мэдээллийг Засгийн газрын сайд, улстөрийн нөлөө бүхий этгээд урьтан зарласан нь мэдээлэл судалгаанд Засгийн газрын захиалга, нөлөөлөл орсон эсэх, судалгаа үнэн бодитой эсэх гээд эргэлзээ дагуулахад хүргэж байна.
Статистикийн тухай хуулийн холбогдох заалтыг эндээс харна уу…
Энэ маш зөв асуудал хөндсөн байна. Статистикийн хороо албан ёсны тоо зарлаагүй байхад Засгийн газрын нэг гишүүн дураараа тоо зарлаж байгаа нь хууль зөрчиж байна.