2024-12-20, Баасан
-28 C
Ulaanbaatar

Орбан: Барууныхан Украин руу цэргээ илгээхэд тун ойрхон байна

Сүүлийн үед барууны орнууд тэр дундаа Франц Украин руу цэрэг илгээж болзошгүй гэх яриа гарах болсон. Энэ мэдээллийг баталсан мэдэгдлийг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хийжээ.

Тодруулбал, Европт дайнд татагдах хандлага давамгайлж байгаа, тиймээс Барууны орнууд Украин руу цэргүүдээ илгээхэд ганцхан алхам дутуу байна гэж Виктор Орбан мэдэгдсэн байна.

“Өнөөдөр Брюссельд дайныг дэмжсэн олонх оршин тогтнож байна. Европт дайнд татагдах хандлага ноёрхож, улс төрд дайны логик давамгайлж байгаа. Бүхий л талаас дайнд бэлтгэж байгааг би харж байна. Европын төрийн тэргүүнүүд хэдийнэ дайнд татагдан орсон. Тэд дайныг өөрийн дайн мэтээр харж, өөрийн дайн мэтээр өрнүүлж байна” хэмээн Виктор Орбан мэдэгдсэнийг Фокус агентлаг дамжуулжээ.

Түүний мэдэгдсэнээр, НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО-Украин гэсэн бүлэг байгуулах хүсэлтэй байгаа бол Европын холбоо Оросын эсрэг улам их хориг арга хэмжээ тавих болсон нь Европ дайнд бэлтгэж байгааг гэрчлэх аж. Түүнчлэн Европын холбоо Украинд цэргийн тусламж болгон бараг 100 тэрбум долларын тусламж олгосон гэдгийг Орбан онцолжээ.

“Барууны орнууд Украин руу цэргээ илгээхэд бидэнд ердөө ганцхан алхам дутуу байна. Энэ дайны хуй салхи Европыг ангал руу хуу хаман орж мэднэ. Брюссель галаар наадаж байна” хэмээн Орбан мэдэгджээ.

Хэдийгээр Унгар Улс Европын холбооны гишүүн орон мөн хэдий ч унгарчууд энэ дайнаас хол байх ёстойг Ерөнхий сайд Виктор Орбан цохон тэмдэглэсэн байна.
“Энэ бол бидний дайн биш. Бид дайн хүсэхгүй байна. Унгар Улс дахин их гүрнүүдийн тоглоом болоосой гэж бид хүсэхгүй байна. Тиймээс бид энд, Брюссельд, Вашингтонд, НҮБ, НАТО-д энх тайвны төлөө зогсох ёстой” гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.

Энд дуулгахад, өмнө нь тэр бээр Европын холбооны удирдлагыг солихыг уриалж, Украины асуудал дээр баримталж буй Европын холбооны бодлогыг шүүмжилж байлаа. Түүний үзэж байгаагаар, Украин НАТО-д элсэх тал дээр Владимир Путин хэзээ ч буулт хийхгүй тул өнөөдөр Орос, Эвслийн хоорондын хил “буфер бүс” болох ёстой хэмээн мэдэгдэж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img