2024-12-20, Баасан
-27 C
Ulaanbaatar

В.Аммосов: Би төрөлх Якутынхаа тусгаар тогтнолын төлөө Украинд Оросын эсрэг байлдаж явна

ОХУ-ын Зэвсэгт хүчний Тагнуулын төв газрын офицер асан 45 настай В.Аммосов Оросын армид 15 алба хашихдаа Чеченийн дайнд оролцож, эсрэг талын дэд бүтцийг устгах төлөвлөгөө боловсруулж, залуу офицеруудыг бэлтгэдэг байжээ. Харин одоо тэрээр Украины талд Оросын эсрэг байлдаж, Орос гүрэн задарч, төрөлх Якут нь тусгаар тогтнохыг хүсэх болсон аж. Тэрээр “Холодъ” сэтгүүлд ийн ярьжээ.

-Урьд нь би Орос гүрний бүрэн бүтэн байдал хэзээ ч ганхашгүй гэж боддог байлаа. Манайх Якутскаас 250 км зайд орших Мындагай гэдэг жижиг тосгоных л доо. Манайхнаас би анх Москвад суралцахаар шалгарч билээ. Мэдээж эцэг эх маань надаар их бахархсан.

Якутад ямар их хүндрэл бэрхшээл хуримталсныг би мэддэг ч Москвад суугаа ухаантай удирдагчид тэр бүхнийг шийдвэрлэнэ гэдэгт итгэдэг байв. Харин Оросын армид байлдагчаас ахмад хүртэл 15 жил зүтгэснийхээ эцэст би бодлоо өөрчилж, бүх үндэсний автономиуд тусгаар тогтнох ёстой гэж үздэг болсон. Тэгсэн цагт л уугуул үндэстнүүдийн баялгийг хэн ч тонон дээрэмдэхгүй, бид бүхэнд хэрхэн ан хийж, яаж амьдрахыг хэн ч заахгүй.

Тусгаар тогтнолын төлөө тэмцлээ аль болох эрт эхлэх тусмаа бид зорьсондоо илүү эрт хүрнэ. Үүний төлөө л би Украины талд байлдаж явна. Би Орос орон задрахыг юу юунаас илүүтэй хүснэм.

Уг нь би Зөвлөлтийн кинонуудыг үзэж, номуудыг нь уншиж өсч хүмүүжсэн хүн. Орос төдийгүй дэлхийд нэр хүндтэй Н.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуульд 16 насандаа тэнцэн элсч байлаа. Тэр үед л би 18 нас хүрээд армид алба хаана гэж шийдсэн дээ. Эцэг эх маань миний энэ хүслийг дэмжээгүй, сайн боловсрол эзэмшиж Москвад оршин суун амьдралдаа тодорхой амжилтад хүрэхийг л ятгаж байв. Гэвч би өөрийнхөөрөө зүтгэсэн.

1995 онд Чеченийн нэгдүгээр дайн ид өрнөж байсан цаг. Тэр үед армид сайн дураараа алба хаахыг хүсэгсэд бараг байгаагүй дээ. Харин хар багаасаа л цэргийн хүн болохыг мөрөөдсөн би бээр их сургуулиа орхин хагас жил цэргийн алба хаасан юм. Улмаар Москвагийн цэргийн ерөнхий удирдлагын дээд сургуульд шалгалт өгч тэнцэн элсч жил гаруй суралцсан ч мулгуу “баатарлаг” офицеруудыг бэлдэхээс цаашгүйг нь мэдээд мөн л гарсан. Тэгээд Стратегийн зориулалттай пуужингийн цэргийн академи руу шилжсэн дээ. Харамсалтай нь, Мартын 8-наар найз бүсгүйгээ баярлуулахаар хичээлээ таслан сахилга бат алдсан хэргээр сургуулиасаа хөөгдсөн юм.

Тэр үед ахлах курсүүдээс хөөгдсөн бол цэргийн дээд сургуульд эргэн орохын тулд “шившгээ цусаараа арилгах” буюу цэргийн алба хаах ёстой гэж үздэг байлаа. Иймд би шууд л Чеченьд гэрээгээр алба хаахаар шийдсэн юм. 2001 он л доо, Чеченийн хоёрдугаар дайн ид өрнөж байсан цаг. Би гэрээт цэргийн хоёр хугацааны алба хаасан.

В.АммосовЭхний хагас жилийг байлдааны ажиллагаа ид өрнөж байсан Чеченийн Ведений хавцалд шүү.

Цэргийн академид суралцсаныхаа дараа би Оросын арми байлдаж чаддаг гэж боддог байв. Гэвч үнэн хэрэгтээ тэнд залуусыг ямар ч стратегигүйгээр, зохих бэлтгэлгүйгээр фронт руу бууны өгөөш болгон илгээж байлаа. Тухайн үед би эрсдэл хийх нь янзтай гэж боддог байж дээ. Харин одоо, офицерууд цэргүүдийнхээ амийг юмын чинээ боддоггүй байсныг ойлгох болсон.

Байлдааны ажиллагаанд оролцсоны дараа намайг штабын албан тушаалд томилсон юм. Тэнд л хэсэгтээ амар жимэр оршино гэж бодсон минь эндүүрэл байлаа. Тэнд би манай армийн бүр их аймшгийг өөрийн нүдээрээ харсан. Дарга нар архи ууж, согтуудаа цэргүүд рүү буудах тул зэвсгийг нь хураахаас өөр аргагүй. Нэг удаа ротын захирагч салааны даргын хамт мөрийтэй тоглон нэг ахлагчид их хэмжээний мөнгө хожигдоод өрөө төлөхгүйн тулд түүнийг буудаж хороосон хэрэг хүртэл гарсан юм.

Чеченьд гэрээгээр нэг жил алба хаасан минь намайг академид буцаан авахад хангалттай гэж найдсан ч миний хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд би Санкт Петербургийн Цэргийн инженер-техникийн их сургуульд шууд гуравдугаар курст элсэн орж 2004 онд сая нэг дипломтой болж билээ. Мартын 8-наар баяр хүргэхээр хичээлээ тасалж байсан тэр бүсгүй намайг Чечениэс ирэхийг хүлээж байсан юм. Бид хоёр хамтдаа Санкт Петербург руу нүүсэн. Тэр миний эхнэр болж, манайх гурван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон доо.

Төгсөнгүүтээ би их сургуульдаа курсын офицерийн албан тушаалд дөрвөн жил зүтгэсний эцэст 2008 онд туслах эрдэм шинжилгээний ажилтан болж билээ.

2010 онд манай их сургуульд Батлан хамгаалах яамны Ерөнхий штабын Тагнуулын газрын ажилтан ирж, Москвад нэгэн хариуцлагатай ажил гүйцэтгэх сайн дурынхан хэрэгтэй тухай дуулгасан юм. Санкт Петербургт бүхнээ орхин Москваг зорихыг бараг бүгд хүсээгүй. Харин би эхнэртэйгээ зөвлөлдөөд үзээд алдахаар шийдсэн. Москвад очиж тестийн шалгалт өгөөд тэнцэж билээ. Тэр ажилд Оросын өнцөг булан бүрээс эрдэм шинжилгээний ажилтнуудыг шалгаруулж авсан нь хожим мэдэгдсэн юм.

Манай эрдэм шинжилгээний хэлтэс хүнд хэцүү техникийн системүүдийн математик загварчлалыг хийдэг байв. Бид бусад орны эдийн засгийн тодорхой нэг салбар, жишээ нь далайн тээвэр, цахилгаан эрчим хүч, агаарын харилцаа зэргийг сонгон эмзэг талуудыг нь хайна.

Бидний боловсруулж буй системийг стратегийн зэвсэг гэж үздэг байлаа. Тийм системийг хэрэглэсний хор уршиг цөмийн зэвсэг хэрэглэсэнтэй дүйцэхүйц шүү. Бид Их Британи, АНУ-ын талаар ажилладаг байсан юм.

Би Москва руу ганцаараа шилжсэн. Гэр бүл, жирэмсэн эхнэр минь Санкт Петербургт цэргийн нийтийн байрны сууцандаа үлдсэн юм. Уг нь би түүнийг Якутскт амаржихыг төлөвлөсөн ч амжаагүй. Цагаасаа өмнө өвдөлт эхэлж, эхнэр минь түргэн тусламж дууджээ. Түргэн тусламжийн ажилтнууд эхнэрийг орос биш тул ОХУ-ын паспорттой, офицерийн эхнэрийн статустай хэдий ч Цэргийн эмнэлгийн академи бус цагаачдад зориулсан тааруухан амаржих газар хүргэж өгсөн юм.

Тухайн үед би өөрийгөө ямар ч эрх мэдэлгүйгээ мэдэрч билээ. Ерөнхий штабын стратегийн зэвсэг боловсруулдаг Тагнуулын газрын офицер би эхнэртээ яаж ч туслаж чадаагүй. Тэр үед л би ОХУ бол миний амиа өргөхөд бэлэн улс биш гэдгийг ойлгосон доо.

Гэхдээ би Якутынхаа эх оронч хөвгүүн нь. Жил бүр Якутдаа ирж, хүмүүс ямар амаргүй амьдардгийг хардаг. Багын найзыг минь нийтийн байранд шоронд сууж байсан гэмт хэрэгтэн хороож, нэг ангид суралцаж байсан залуу өрөө рүү нь цагдаа нар нэвтрэнгүүт цонхоор үсэрч, төрөлх тосгонд минь архидалт, ажилгүйдэл газар авч, жилд дор хаяж нэг хүн бусдын гарт амиа алдаж байна. Яагаад вэ, юунаас болж энэ вэ гэж бодохоор Москвагийн ул мөр тодорхой харагддаг. Якут түмний золгүй амьдралд мөнх цэвдэг биш ОХУ-ын колоничлолын бодлого буруутай гэдгийг би ойлгож эхэлсэн юм.

В.Аммосов

Тагнуулын ерөнхий газар би 13 сар ажилласан. Бид төслөө бараг дуусгаад байхад Тагнуулын ерөнхий газар ажилтнуудын сэлгээ эхэлж, төсвийг хуваарилалт өөрчлөгдөж, манай хэлтсийг цомхтгосон доо. Надад өөр албан тушаал санал болгож, үлдэхийг ятгасан ч би ажлаасаа сайн дураар гарч билээ. Уг нь батлан хамгаалахын бүтцүүдэд дахин таван жил “чанагдахад” л цэргийн албан хаагчийн тэтгэвэрт гарч Москвад орон сууц өгөх байлаа. Гэвч би нийгмийн үүргээ гүйцэтгэдэггүй тогтолцооны нэг хэсэг байхыг хүсээгүй.

Тэр үед би Орос орон ангал руу бөмбөрч, задран бутрахаас өөр ямар ч боломж байхгүй гэж үзэн өөрийгөө болон гэр бүлээ аврахыг илүүд үзсэн. Тэгээд 2019 онд анх Польшид ажил хийхээр явсан даа. Тэнд Якутаас минь тэс өөрөөр амьдардгийг мэдээд үнэндээ гайхсан шүү. Польшид хэн ч архинд орохгүй, хэн ч нэг нэгнээ хутгалахгүй, бүгд л тааваараа амьдарч, дотоод бухимдал гэж ер үгүй. 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлтэл бүх зүйл сайхан байлаа.

2022 оны хоёрдугаар сарын 24-нд би байж суух газраа олохгүй, ямар нэг шийд эрэлхийлэх болсон юм. Дайнд сайн дураар явахыг хүсэвч гэр бүл, тогтсон ажил, хүүхдүүд намайг зогсоож байв. Фейсбукт би Польшийн хил дээр ирж тусламж хүссэн Украины гэр бүлийг олсон юм. Тэгээд машиндаа сууж, тэднийг Варшавт авчирч, манай компани орон сууцанд ороход нь тусалж билээ.

Өдөр өнгөрөх тусам дайн Оросыг задартал үргэлжилнэ гэдэгт улам бүр итгэлтэй болсон доо. Украины арми улсынхаа 1991 оны хилд хүрсэн ч Орос гүрэн зогсохгүй. Иймээс л би Оросын эсрэг байлдахыг хүсч буйгаа ойлгосон юм.

2022 оны сүүлээр би Оросын “Иргэний зөвлөл” гэдэг байгууллага Украины талтай тохиролцож, армидаа Оросын сайн дурынхныг элсүүлэхийг зөвшөөрүүлсэн тухай олж мэдсэн. “Иргэний зөвлөл”-ийн шугамаар би Украины армид сар гаруй байлдааны ажиллагаанд оролцжээ. Донецк, Запорожийн чиглэлд манай анги нэгтгэл тандалт, дайралт, “саарал бүс”-эд байрлал эзлэх ажиллагаанд дайчлагдсан даа.

Оросын армид 15 алба хаасны эцэст би Оросын эсрэг байлдах болсон ч “өөрсдийнхөн”-рүүгээ бууддаг гэж боддоггүй. Энэ дайнд би харин ч Оросын дайснуудтай тэмцэж явна гэж үздэг шүү. Би Украины газар нутагт цөмрөн орсон эзлэн түрэмгийлэгчид рүү бууддаг. Дайнд элдэв ёс суртахууны тухай бодох зав байдаггүй. Тулалдааны үед амьд үлдэж ялан дийлэхийн тулд хөдөлсөн юм бүхэн рүү л бууддаг юм.

Сүүлийн үед Украины талд байлддаг “Оросын сайн дурын корпус”-ын тухай их дуулдах болсон доо. Тэгвэл би нэг үзэл бодолтой хүмүүсийн хамт “Сибирийн легион” байгуулж байна. Би якуутууддаа хандан намайг үлгэрлэн зэвсэг барин тэмцэхийг уриалъя. Якутууд баруунд буй эрх чөлөө, ардиллын үнэт зүйлсийг мэдрээсэй гэж хүснэм.

Оросыг нураах ажил хэрэгжих боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Мэдээж хэрэг, үүний дараа амьжиргааны түвшин шууд буурч, ЗХУ задран унасны дараа байсан шиг эдийн засгийн хямрал тохионо. Гэхдээ эерэг хэтийн төлөв бий болно.

Якут Улс эрх чөлөөтэй болоход дэлхийн өнцөг булан бүрээс Якутууд Америк, Франц, Германаас эргэж ирэх болно гэж би бодож байна. Учир нь тэдэнд эх орондоо, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийх боломж нээгдэнэ шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img