2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Эрх чөлөөнд хүлэгдсэн “эрх чөлөө”

Жан — Поль Сартрын тухай…
Хүмүүний оршихуйн мөн чанар, сэтгэлгээний эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон домогт Жан — Поль. Түүний ертөнцийг үзэх үзэл нь бүхэл бүтэн нэгэн үеийнхэний үзэл санаа болон хувирсан.

Бяцхан өшөө
Алдарт Эколь Нормалд сурч, сарвайснаа авч сансандаа хүрдэг бүхний хайртай айлын эрх, цорын ганц хүү түүний бага насны амьдрал машид аз жаргалтай мэт. Үнэхээр л гадаад ертөнц түүний тухай ингэж дүгнэдэг байсан. Хэдий тийм боловч бяцхан Жан –Польд гадаад ертөнцөөс гадна дотоод ертөнц хэмээх уудам их орон зайтай мэт боловч давчуухан ертөнц байж. Харин тэрээр энэ ертөнцдөө ганцаардан зовж тарчилдаг байсан нь түүний хувьд энэ ертөнцийн хамгийн бодит зүйл байлаа. Ганцаардан зовж тарчилахын шалтгаан нь түүний гэр бүл хэмээн тэр үзнэ. Түүний ээж (Жан Пол эцэггүй өссөн), эмээ, өвөө. Тэрээр гэр бүлийнхээ хуурамч амьдрал, өөрийг нь төрүүлчихээд ганцаардуулаад хаясанд нь өширхдөг байсан ч нөгөө талаараа Квазимодо шиг гадаад төрх нь түүнийг ганцаардуулан тамлах аж.

Давжаа биетэй, долир нүдтэй, том чихтэй, шингэн үстэй Жан Поль. Тиймээс тэрээр олны дунд оргил нь байх ёстой гэдгээ ухаарсан юм. Энэ мөчөөс эхлэн тэрээр сайхан хүмүүсийн дунд хамгийн дур булаам нь, ухаантнуудын дэргэд хамгийн ухаантай нь байхын тулд амьдралаа зориулсан юм.

Эрх чөлөөХоёр дайны хооронд
1918–1939 онуудыг тэрээр өөрийн цаг үе хэмээн үздэг байсан юм. Энэ хорин жилийн хугацаанд Европ давшин буй шинэ дайныг мэдрэн цаг хугацаа ямар хувьсамтгай болохыг ажиглан сууцгааж байлаа. Ленин, Сталин, Гитлер, Фройд, сюрреализм, олон тооны хувьсгалууд, жаз хөгжим, дуугүй кино, дуутай кино энэ бүхнээс ямар нэгэн онцгой шинэ зүйл төрөн гарч хүн төрлөхтөн өөрөөр амьдарч эхлэнэ гэж бодож байлаа.
Дэлхийн I дайнд ялагдсан Германд төрсөн пессизмизмээр нэвт ханхлах Хайдеггерийн бүтээл нь Сартрийн үеийнхэний сэтгэл санаатай яв цав нийцнэ. Хоёр дайны хооронд багахан хугацаанд амьдарах тэд Хуучин ертөнц хэрхэн үгүй болж байгааг үзсэн юм. Тиймээс тэд амттай мөрөөдөлдөө умбалгүй шинэ ертөнцийг бий болгохыг уриалж байлаа. Тэд өөрийн хүссэнээрээ цоо шинэ ертөнцийг бүтээнэ гэдэгтээ итгэж байлаа. Хэтэрхий гэнэн байсан юм уу даа тэд.
Харин тэр үед Сталин, Гитлер, Муссолини нар шинэ ертөнцийг, тэр ертөнцийн цоо шинэ дүрмийг хүсснэрээ тогтоож байлаа. Яагаад гэвэл жинхэнэ цулбуурын үзүүр нь тэдний гарт байсан юм. Дайнгүй хорин жилийн хугацаанд дэлхий дарангуйлагч нарыг бөөцийлөн өөгшүүлж байлаа.
Хар цагаан киноны үеийнхэн өсч өндийж, шинэ үеийнхэн төрсөөр байлаа. Дараа нь тэд бүгд дайны үеийнхэн болон хувирна. Энэ үе дотроо хоерхон хэсэгт хуваагдаж байлаа. Манайхан ба дайсныхан. Хувь хүн устаж үгүй болж байсан юм.

Чухам энэ үед Сартрийн гүн ухааны гол зохиол болох “Ахуй ба хоосон чанар” 1943 онд мэндэлсэн юм. Түүний энэ бүтээлийг бүхэлд нь уншиж чадах тэвчээртэй нь цөөн байсан бол ойлгох бүүр ч бага байлаа. Гэгээрээгүй бүхэнд зориулж өөрийн бүтээлийн хөнгөн хэлбэрийг ч бичдэг байлаа. Хөнгөн хэлбэртээ экзистенциалзм юу болхыг энэхүү гүн ухааны үндсийг бичдэг байсан юм. Гэвч тэрээр гүн ухааны өндөрлөгөөс буун гүн ухааниан бус идеолог болон хувирна. Түүний энэ алхам нь “Гүн ухаантнууд дэлхийг өөрчлөх учиртай” гэсэн үгийг өөрийн эрхгүй санагдуулна. Гунигтай ч юм шиг, инээдтэй ч юм шиг.
Энэ бүтээл нь зарим талаараа экзистенциалист фракцаас гаргасан “Коммунист Намын Тунхаглал”-ыг санагдуулах бөгөөд орчин цагийн шинэчилсэн хувилбар нь Пауло Коэлогийн “Их гэрлийн дайчны түүх” хэмээн нэгэн судлаач бичсэн байдаг.
Сартр өөрийн экзистенциалист гүн ухааныг байгуулахдаа нэгэн чухал үзэл санаан дээр тулгуурласан байдаг нь “Оршин байж мөн чанарыг бий болгоно”. Өөрөөр хэлбэл хүмүүний мөн чанар төрлөхийн бус олдмол шинж чанартай. Үүнээс улбаалан дараахи дүгнэлтүүдийг хийж болно. Юуны өмнө Сартрийн гүн ухаанд Бурханд орших зай үгүй. Хоёр дах нь хүн хүнээрээ төрдөггүй. Хүн хөгжлийнхээ хугацаанд нийгэмших явцдаа хүн төрхийг олдог.Хүн өөрөө өөрийгөө бүтээн бий болгодог. Гурав дах зүйл бол нэгэн хүн өөрөө өөрийгөө бүтээдэг юм чинь хариуцлагыг өөртөө хүлээн авдаг. Хариуцлага нь гагцхүү өөрөөр нь хязгаарлагдахгүй бөгөөд бусад хүмүүсийн өмнө ч хариуцлага хүлээнэ. Цаашлаад арай хялбар. Эрүүл хүн хэзээ ч өөртөө мууг хүсэхгүй болно учир нь муу гэдэг нь үнэ цэнэтэй зүйл биш юм. Хүн сайныг сонгох нь бусдад сайн нөлөөлөлтэй байдаг. Хүн “эрх чөлөөтөй байхаар шийтгэгдсэн”: тэнэг эцэг эхийнхээ хүсэл тачаалаар энэ ертөнцөд төрж, хаягдсан хүн гэгч нь хийсэн бүхнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Өөөрийн эрх чөлөөг сонгосноор бусад хүмүүсийн эрх чөлөөг ч сонгоно, өөрөөр хэлбэл зорлгоо гадаад ертөнцөөс эрэх учиртай.

Эрх чөлөө

Хуурамч зүйл
Дэлхийн II дайн дуусаж энд тэндгүй “эрх чөлөө” хэмээх үг сонсогдож хажуугаар нь Сартр хэмээх нэр сонсогдох болсон юм. Сартр алдаршиж эхэллээ. Дайнд ялсан Франц “эрх чөлөө”-ний үзэл үндсэнд нь үрэлсэн философийн эзэгтэй боллоо. Харин ХХ зууны хүмүүс гэнэт бүхий л үнэт зүйлсээсээ татгалзаж амьдарлын хэв маяг, ертөнцийг үзэх үзлээ өөрчилж эхэлсэн юм. Асар их эрх чөлөө бий болж, хүмүүс амьдарлынхаа замыг өөрсдөө сонгож эхэллээ. Хөгшин Европын залуучууд индивидуал байх замд дахин нэг алхам хийсэн юм.

Өөрчлөлт хоёр замаар явж байлаа. Нэг нь дотроосоо өөрчлөгдөх нөгөө нь гаднаасаа. Эхнийхийг нь сэтгэл судлаачид санал болгосон юм. Далд ухамсарыг үндсээ болгон өөрийгөө ойлгох, өөрийгөө төгөлдөржүүлэх процесс юм. Энэ бол ганц дайчны замнал байлаа. Гагцхүү өөрөө өөрийгөө өөрчлөх.
Хоёр дах замыг нь идеологууд санал болгосон юм. Энэ замыг сонгоход заавал ямарваа нэгэн авторитетийг даган баясхад оршиж байлаа. Авторитет нь хэн ч байж болно. Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, рейхканцлер гээд өөрийн эрх чөлөөгөө бусадтай хуваалцах хүн байх нь чухал юм. Үүнээс гадна авторитетийн хамгийн чухал шинж нь өөрөө өөртөө дурлахявдал юм. Учир нь нарциссууд өөрсдийн үнэ цэнийг “бялхуулан, нялууруулан”мэдэрдэг. Тэд өөрийн цорын ганц, уникум гэдгээ ч маш сайн ухамсарладаг. Тийм биш байсан ч хамаагүй ээ…
Ийм хүмүүс улс төрчид, жүжигчид, медиа пэрсонууд болдог. Тэд үргэлж олны анхаарлын төвд байх гэж зүтгэнэ. Харин Сартр идеолог болсон юм. Тэрээр өөрийгөө “үгээр” хувцаслаж, “утгаар” бүрж байлаа. Үгэнд нь татагдан ирсэн олныг тэрээр “эрх чөлөөгөөр” дөнгөлж байлаа. 1968 оны оюутны үймээний үеээр залуус түүний гүн ухааны гүнд нь нэвтрэхийг хичээж байсангүй. Залуусыг секс, тэмцэл (эсэргүүцэл)л татаж байлаа. Гомдомоор ч… Тэрээр “тэсэрсэн” залуусын шүтээн нь болсон түүхтэй.

Симона ба Жан Поль

Эрх чөлөө

Тэдний дурлалыг юу ч гэж тодорхойлмоор юм бэ дээ, мэдэхгүй юм. Ээдрээтэй тэдний харилцаа олон арван жилийг даван туулах хүчтэй байсан нь гайхалтай.

1929 онд Жан Поль ирээдүйн зохилч феминист үзлийг дэлгэрүүлэгч Симонатай танилцсан байдаг. Сартр түүний өөртөө итгэлтэй, дэгжин гадаад төрхөнд дурлаж, харин Симона Жан Полийн оюун ухаанд нь дурлаж амрагууд болсон гэдэг. Тэд хуучинсаг байхыг хүссэнгүй. Тэд бие биеэндээ эрх чөлөө олголоо. Тэрхүү эрх чөлөөний визийг хамгийн түрүүнд Жан Поль ашигласан юм. Берлинд сурж байхдаа тэрээр нэг оюутан нөхрийнхөө эхнэртэй жиг ургуулсан. Жан Полиос энэ мэдээг авсан Симона тэдний харилцааг “шалгахаар” Берлинд очиж тэдэнтэй уулзсан байдаг. Буцаж Парисдаа ирээд Симона өөрийн оюутан Ольгаг “ивээлдээ” авч гэртээ амьдрахыг урив. Удалгүй Берлинээс Сартр ирж тэд 3-уулаа амьдрах болжээ. Эхэндээ гэмгүй найзласан Сартр Ольга хоёр удалгүй амрагууд болов, Симона ч удаан ажиглаж суулгүй тэдэнтэй нэгдэж тэд жинхэнэ утгаараа гурвуулаа амьдрах болсон юм. Дөрвөн жилийн дараа Ольга тэднийхээс явсан. Гэвч Симона Сартр хоёр гучин жилийн туршид Ольгад сэтгэл санааны болон материаллаг тусламж үзүүлж байв.
Нэг бол Сатр өөр бүсгүйд дурлана, эсвэл Симона дурлаад өөр залуустай амраглаад л явна. Тэд хэн хэндээ садаа болж байсангүй. 1958 онд Симонагаас 17 насаар дүү Ланзманн түүнийг орхин явснаар Сартр Симона хоёр дахин дотносоон. Энэ удаад тэд ахин салаагүй юм. Тэдний хачин жигтэй гэмээр дурлал 51 жил үргэлжилж 1980 онд Жан Поль насан эцэслэснээр ЦЭГ тавигдсан юм.

Эрх чөлөө

Жан Полийг 50 мянган хүн эцсийн замд нь үдсэн.
PS: Түүвэрлэн, орчуулан, хэсэгчлэн, баяжуулан, хачир нэмэн хүргэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img