2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Ш.ЭНХСАРАН: Эрчим хүчний салбарт эмэгтэй ээлжийн дарга ховор байдаг нь “Ийм хүнд тоноглол, том механизмыг эмэгтэй хүн удирдаж чадахгүй” гэсэн хэвшмэл ойлголттой холбоотой болов уу

Монгол Улсын томоохон цахилгаан станцад бүсгүй хүн слесариэр, бүр хоёр жил ажилласан гэж сонсоход үнэхээр сонин байлаа. Ажлын гараагаа эхэлсэн ДЦС-3 ТӨХК-даа 30 гаруй жил тогтвор суурьшилтай ажиллаж, өдгөө энэ том айлын ҮЭ-ийн хорооны даргын албыг хашиж буй Ш.Энхсарантай ярилцсанаа толилуулъя.

-Эмэгтэй хүний хувьд хүнд салбарт тооцогдох эрчим хүчний салбарыг та анх яагаад сонгосон юм бэ?

-Би төрсөн нутаг Завхан аймгийнхаа Улиастай хотод 10 жилийн сургуулиа дүүргээд, яг тухайн үед бол сонирхож гэхээсээ илүүтэй оногдсон хуваариа л авсан юм. Дархан хотын Техникийн коллежийг дулаан техникч мэргэжлээр төгсөх үед ах маань IV цахилгаан станцад инженер байлаа. Би Улаанбаатарт ирээд тэр ахындаа амьдарсан. Надад эрчим хүч, цахилгаан станцын тухай ойлголт өгч, чиглүүлж өгсөн хүн бол миний ах. Бас, III цахилгаан станцын хамт олон маань дөнгөж сургууль төгссөн надад яг л охин дүү шигээ хандаж хүлээж авсан болохоор би тэдний дунд ороод уусаад л явчихсан даа.

Би станцдаа туслах машинч, тос сэргээх байгууламжийн слесарь, турбины машинч гээд бүх албан тушаалд дороос нь эхлээд ажилласан. Тэр үед турбин цехэд Ш.Мөнхгэрэл гэдэг эмэгтэй ээлжийн дарга байсан. Би түүнийг хараад “Надтай адил эмэгтэй хүн энэ ажлыг хийж болж байхад би яагаад чадахгүй гэж?!” хэмээн бодож, өөрийгөө илүү хөгжүүлэх ёстойг ойлгосон.

Ингээд ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуульд гурван жил суралцан инженер болж, станцынхаа турбин цехэд ээлжийн даргаар 12 жил ажилласан даа. Дараа нь Хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр хоёр жил, ХАБЭА-н хяналтын инженерээр зургаан жил ажиллалаа. Хамгийн сүүлд, 2021 оны 12 дугаар сард ҮЭ-ийн ээлжит сонгуулиар ДЦС-3 ТӨХК-ийнхаа ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдоод ажиллаж байна.

-Таны ажил, карьерын аль хэсэг нь хамгийн онцлогтой санагддаг вэ?

-Ээлжийн дарга байх үе. Манай ээлжинд 8-9 хүн ажилладаг байсан, дандаа эрчүүд. Эрчим хүчний салбарт, ялангуяа турбин болон зуухан цехэд эмэгтэй ээлжийн дарга тун ховор. Турбин цех хэдэн тэрбумын үнэтэй маш нарийн үндсэн тоноглолуудтай. Ээлжийн дарга тэр өдрийнхөө бүх үйл ажиллагааг удирдана.

Enkhsaran

Гэнэтийн осол аваар гарвал тухайн мөчид бүх үйл явц ээлжийн даргын шийдвэрээр өрнөнө. Хэрэв би буруу шийдвэр гаргавал аваарыг хүндрүүлэх, ялангуяа өвлийн улиралд бол хотыг хөлдөөх, тэр олон үйлдвэрийг уураар таслах гэх мэт маш том эрсдэл тосч байдаг. Тиймээс, ээлжийн дарга гаргасан шийдвэртээ эргээд хариуцлага хүлээдэг. Би станцынхаа турбин цехийн дөрөв дэх эмэгтэй ээлжийн дарга. Надаас хойш энэ албан тушаалд эмэгтэй хүн ажиллаагүй л байна.

Манай станцын 50 жилийн түүхэнд зуухан цехэд ээлжийн даргаар ажилласан ганцхан л эмэгтэй байдаг нь Эрчим хүчний салбарын анхны Аж үйлдвэрийн эмэгтэй гавьяат ажилтан Д.Хишигмаа. Энэ хүн 22 жил ээлжийн даргаар ажилласан. Эрчим хүчний салбарт эмэгтэй ээлжийн дарга ховор байдаг нь “Ийм хүнд тоноглол, том механизмыг эмэгтэй хүн удирдаж чадахгүй” гэсэн хэвшмэл ойлголттой холбоотой болов уу.

Одоо эргээд бодоход, тухайн үед жендэрийн эрх тэгш байдлын тухай асуудал л хөндөгдөж байсан шиг санагддаг. Эмэгтэй хүн яагаад энэ ажлыг хийж чадахгүй гэж?! Харин ч эмэгтэй хүн аливаа асуудалд их үнэнч, нягт нямбай ханддаг, зарим албан тушаалд эрэгтэй хүнээс илүү мэдрэмжтэй ажиллаж чаддаг гэдгийг одоо би мэддэг болсон.

-Судалгаагаар, жендэрийн эрх тэгш байдалд анхаарал хандуулах тал дээр эрчим хүчний салбар өнөөдөр ч гэсэн нэлээд хойгуур явна. Энэ нь салбарын онцлогтой холбоотой байх магадлалтай юу?

-Хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд тодорхой цаг хугацаа ордог байх. Манай салбарт жендэрийн асуудлыг оройтож ч гэсэн ядаж ярьж эхэлж байгаа нь нэг алхам юм даа. Гэхдээ яриад, цаасан дээр буулгаад орхих биш, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Яг манай компанийн хувьд бас харьцангуй гайгүй. Хэлтсийн дарга, санхүүгийн дарга гэх мэт удирдлагын түвшинд эмэгтэй хүн цөөн ч гэсэн байна. Харин дотор үйлдвэрлэл дээр бараг алга.

Энэ нь үйлдвэрлэлийн онцлогтой ч бас холбоотой. Үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд, биеийн хүч шаарддаг ажил албан тушаалд хэтэрхий олон эмэгтэй байх нь тохиромжтой биш, эрчүүд дийлэнх байх нь гарцаагүй. Харин шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо арай ахиу байж, эмэгтэйчүүддээ чиглэсэн ээлтэй бодлого хэрэгжүүлээсэй гэж би хүсдэг.

Тухайлбал, ДЦС-3 ТӨХК-ийн 1000 орчим ажилтны 250 гаруй нь эмэгтэйчүүд. Жендэр гэдэг зөвхөн хүйсийн харьцааны тухай асуудал биш, ядаж л эмэгтэйчүүдийн усанд ордог өрөө ямар байх ёстой вэ, тэрийг яаж мэдрэмжтэй хийх вэ гэдэг чухал. Эмэгтэй хүний физиологийн асуудал өөр. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэй хүн л ойлгож, шийдвэрлэнэ үү гэхээс эрэгтэй хүн эмэгтэй хүний асуудлыг олж харахад хэцүү.

-Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой энэ мэт асуудлууд таныг ҮЭ-ийн ажил руу ороход түлхэц болсон уу?

-Намайг хүний нөөцийн ахлах мэргэжилтэн байх үед гүйцэтгэх захирал солигдоод, “Чиний оронд өөр хүн томилогдож ирэх болсон учир ажлаа өг” гэж шууд тулгасан. Энэ бол дарамт байсан. Би ажилдаа алдаа гаргаагүй, зүгээр л удирдлагад таалагдаагүй учраас намайг холдуулах сонирхолтой байсан. Би үүнийг шударга бус гэдгийг мэдэж байсан ч тэр үед надад ҮЭ-ийн тухай мэдлэг байгаагүй, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж мэдэхгүй учраас хохироод үлдсэн.

Enkhsaran

Ингээд ажлаа өгч, ХАБЭА-н хяналтын инженер болсон юм. Гэхдээ эргээд бодохоор, миний ажлыг ингэж өөрчилснөөр би ҮЭ-ийн ажилд бэлтгэгдээд эхэлжээ. ҮЭ рүү орох гол шалтгаан бол ерөөсөө л ХАБЭА-н хяналтын инженерийн ажил маань байсан. Би ХАБЭА-н хяналтын инженер болсноор ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө ажиллаж, ажлын байрны нөхцөл, хоолны амт, чанарыг сайжруулахад санаа тавьж, тэмцэж эхэлсэн.

Жишээ нь, манай компанид түрээсээр ажилладаг гуанзанд би ажил үүргийнхээ дагуу хяналт тавиад, ажилтнуудад муудсан ногоогоор хоол хийж өгч буйг илрүүлснээр гуанз 14 хоног хаагдаж, ажилтнууд маань гэрээсээ хоолоо авчирч идэх гэх мэт асуудлууд үүссэн. Эргээд тэр гуанз “Энэ хүнээс болоод манайд 15 сая төгрөгийн хохирол учирлаа” гээд шүүхэд нэхэмжлэл үүсгэсэн. Тэр үед “Энэ хүн зөв шаардлага тавьсан шүү” гэж намайг өмгөөлөх нэг ч хүн гарч ирээгүй. Харин ч эсрэгээрээ, компанийн зарим удирдлага над руу утасдаж “Чи хүмүүсийг хоолгүй болгож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөллөө.

Ажилтай, ажилгүй байхыг чинь би шийднэ шүү” гэж дарамталж байлаа. Би мөн л түрүүчийн адил ҮЭ-д хандах ёстойгоо мэдэхгүй байсан. Хандсан бол ҮЭ мэдээж намайг хамгаалах байсан. Энэ үеэс л би ажилтны эрх ашиг, ҮЭ-ийн тухай ойлголттой болж, үгээ хэлж эхэлсэн дээ. Гэхдээ ХАБЭА-н хяналтын инженер байхад миний үг хүчтэй байж чадахгүй байсан.

Миний үгийг ажил олгогч зөвшөөрдөггүй байлаа, үг хэлсний дараа надад нэг биш удаа дарамт ирж байлаа. Тиймээс би “Энэ бүхэн буруу байна. Бид хохироод байна. Ийм хэвээр байвал дараагийн үе ч хохирно. Энэ тогтолцоог яаж өөрчлөх вэ?” гэж бодож эхэлсэн.

Эцэст нь, “Би ҮЭ-ийн хорооны дарга болж байж л ажил олгогчоос айхгүйгээр шударга бус үйлдлийн эсрэг үгээ хэлэх юм байна. Чимээгүй байж бид болохгүй юм байна” гэдгийг ойлгосон. Ингээд ХАБЭА-н хяналтын инженер байхдаа компанийнхаа ҮЭ-ийн хорооны даргад нэрээ дэвшүүлж, таван хүн өрсөлдөхөд ялж гарч ирсэн.

-ҮЭ-ийн хорооны дарга нарт тулгардаг гол бэрхшээл юу вэ?

-Ажил олгогчтойгоо ойлголцож, түншилж ажиллана гэдэг хамгийн гол асуудал. Үл тоох, ҮЭ-ийг аль болох гадуур байлгах хандлага мэдээж байсан. Тэгээд ажиллаад, бага багаар ойлголцоод явахад бас болдог л юм байна. Анх намайг бүх алба, хэлтсийн дарга нарын суудаг Өглөөний шуурхайд ч оруулдаггүй байлаа.

Одоо би ямар ч гэсэн Өглөөний шуурхайд албан ёсоор сууж, ажлаа танилцуулж, санал, шаардлагаа тавьж, үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байна. Мэдээлэлгүйгээр миний ажил урагшлах ямар ч боломжгүй. Би дандаа мэдээллийн араас явах юм уу, аль эсвэл мэдээлэл нууц байдалтай байх нь хэцүү. Тэгээд ч мэдээллийг би өөрийн чихээр шууд сонсох, мэдээлэл хэн нэгнээр дамжиж ирэх хоёрт асар их ялгаа бий.

Мэдээлэл бусдаар дамжиж ирэхэд мэдээллийн зөрүү үүсэх, буруу ойлголцох эрсдэл байдаг. Би Өглөөний шуурхайд суудаг болсноор мэдээлэл удирдлагуудын хүрээнд яригдаж, зарим нь шийдэгдээд явж байна, ажилтнуудад ч гэсэн тэр хурлаас зөв мэдээлэл очиж байна.

Enkhsaran

-Өглөөний шуурхайдаа оруулдаг болсон нь танай байгууллага ҮЭ-ээ харьцангуй хүлээн зөвшөөрдөг болсны илрэл гэж ойлгож болох уу?

-Хүлээн зөвшөөрдөг гэх боловч бас хангалтгүй гэж би хэлнэ. Одоо би Захирлын зөвлөлийн хуралд, бас ТУЗ-ийн хуралд ордог болох хэрэгтэй байна. Мэдээж, хөдөлмөрлөх эрхийн тухай асуудлаар л. Түүнээс биш бүх асуудалд оролцох шаардлага надад байхгүй. Ер нь, нүүр нүүрээ хараад ярилцах нь албан бичиг бичилцэж суухаас хавьгүй илүү үр дүнтэй шүү дээ.

-Таны хувьд ҮЭ-ийн хорооны даргаар ажиллахад ямар давуу тал байна вэ?

-Би хоёр жил слесарь хийхдээ засварын хүний ажлыг ойлгохуйц хэмжээний мэдлэг, мэдрэмжтэй болсон. Захиргааныхан ямар их хариуцлагатай ажил эрхэлдгийг хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажилласан хоёр жилдээ ойлгож авсан. Байгууллагынхаа бараг бүх албан тушаалд ажиллаж үзсэн туршлага маань өнөөдрийн хийж байгаа ажилд ач тусаа өгч байна. Миний хувьд, энд ажиллаж байгаа бүх хүний ажил чухал, бүх хүн эрх тэгш байх ёстой, бүх хүний цалин хөлс нэмэгдэж байх ёстой.

-Та ҮЭ-ийн ажлыг хийсэн хугацаандаа хүсч байсан үр дүндээ хүрч чадсан уу?

-Хараахан хүрээгүй байна. Ажил олгогч бид хоёрын дунд зохих хэмжээнд нийгмийн түншлэл бий болсон, ажилтны хөдөлмөр эрхлэхтэй холбоотой дүрэм журмыг шинэчлэхдээ ҮЭ-ийн саналыг авдаг болсон. ҮЭ-ийн гишүүд ч хорооныхоо даргатай ирж уулзах нь эрс нэмэгдсэн. Миний хийж байгаа ажлыг шүүмжлэх нь ч байна, зөвлөгөө авах нь ч байна, “Надад ийм асуудал тулгараад байна. Захиргаанд өргөдөл гомдол гаргасан ч шийдвэрлэж өгөхгүй юм. Одоо би яах ёстой вэ”, “Надад ийм дарамт ирээд байна. Миний эрх ашиг зөрчигдөөд байна. Би хэлэх гэхээр айж байна.

Та үүнд анхаараач” гээд асуудлаа яриад, сэтгэлээ нээж байна. “ҮЭ гэж байгууллага байна, тэнд хандвал миний асуудлыг шийдэж болох юм байна” гэж ажилтнууд маань ойлгож ханддаг болсныг би миний ажлын үр дүн юм болов уу гэж боддог.

-Та энэ ажлыг аз жаргалтайгаар хийж чадаж байгаа юу?

-Шулуухан хэлэхэд, аз жаргал гэхээсээ илүү надад маш их хариуцлага, ачаалал ирж байгаа. Би буруу шийдвэр гаргавал тэнд 1000 хүний эрх ашиг, цалин хөлс яригдах гээд, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хүртэл нөлөөлөх гээд байдаг. Миний хэлсэн, бичсэн нэг буруу үг эргээд миний эсрэг ашиглагдах магадлал өндөр байдаг. Гэхдээ, миний ажлын үр дүн ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудын орлого болж очиход, цалин нь нэмэгдэхэд, тэдний баярлаж байгааг харахад, өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг мэдрэх үед би хамгийн их аз жаргалтай байдаг.

-Тэгвэл танд шантрах үе байсан уу?

-Шантрах үе зөндөөн байсан, “Юуны төлөө би ингэж өдөр шөнөгүй стрестээд, нойргүй хоноод, зарим нэгэнд нь элдвээр хэлүүлж, гүтгүүлээд, дарамтлуулаад яваа юм бэ. Одоо болъё” гэж олон удаа бодсон. Гэхдээ маргааш нь болоход л “Хэрэв би болих юм бол энд байгаа шударга бус хэсэг хүмүүст бууж өгсөн болох биш үү? Шударга бусын эсрэг дуугарсан хүн дарамтанд орж буйг хараад зарим нэгийнх нь зориг мохож байна.

Тэдэнд айдас байгаад байна. Тиймээс би л үүний төлөө дуугарахгүй юм бол өөр хэн дуугарах юм бэ? Нийгэм нь, орчин нь бүрэлдээгүй байна” гээд бодогдоод эхэлдэг. “Хүмүүс тэгж л байдаг юм” гээд би хэнэггүй явж чаддаггүй. Албан бичгийнхээ хариуг хүлээгээд уужуухан сууж чаддаггүй, араас нь нэхэл дагал болоод, богино хугацаанд асуудлыг шийдчих гээд, үр дүнд хүрчих гээд улайраад, стрестээд байдаг.

-Дараагийн сонгуулиар хорооны даргаар өөр хүн сонгогдлоо гэхэд таны сэтгэл ҮЭ-ээс салж чадах уу?

-Хорооны даргын ээлжит сонгууль болох үед ямар шийдвэр гаргахаа би хэлж мэдэхгүй байна. Миний бодож, зорьж байгаа бүхэн үр дүнд хүрээд зөв болчихвол дараагийн үеийн хүмүүс ч гэсэн гарч ирэх байх. Одоо гишүүд маань огт өөр болж байна, залуучууд ҮЭ-ийг анхаардаг болж, хороодын дарга нарын нас залуужиж, гишүүд, ажилтнууд маань ҮЭ-ээс үр дүн шаарддаг болж байна. Тэр хэрээр бид ч гэсэн хичээж ажиллаж байна. Би үүнийг их зөв гэж боддог. Чимээгүй байгаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Над шиг ҮЭ-д татвар төлдөгөө ч мэдэхгүй 20 жил явдаг үе одоо ард хоцорсон.

-Таны ойрын төлөвлөгөө?

-Ажилтны төлөө дуугардаг цор ганц байгууллага бол ҮЭ. Бид ҮЭ-ийн тухай мэдэхгүй, хяналт тавихгүй байснаар бидний эрх ашиг багагүй зөрчигдөж иржээ. Одоо миний хийх ажил гэвэл, хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, дотоод журамд аудит хийлгэж, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байгаа бол нийцүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаас болж өгвөл дээрдүүлэх.

Сонгуульт ажлынхаа үлдсэн хугацаанд компанид мөрдөгдөж байгаа бүх дотоод хэм хэмжээг хуульд нийцүүлэх юмсан, ажилтнуудын эрх ашгийг зөрчүүлэхгүй байх юмсан, гишүүдийнхээ цалинг хамтын хэлэлцээрт заасан тэр хэмжээнд хүргэчих юмсан л гэж бодож, зорьж байна.

-Тэгвэл таны хэтийн зорилго юу вэ?

-ҮЭ хүчтэй байгаасай. Ажил олгогч, ҮЭ хоёр эрх мэдлийн хувь эн тэнцүү хуулийн этгээд байгаасай. ҮЭ шаардлага тавихад ажил олгогч чухалчлан анхаарч үздэг, харилцан ойлголцдог, хэн хэнээ хүлээн зөвшөөрдөг байгаасай. Одоо бол нийгмийн түншлэл миний санасан хэмжээнд биш байна, яах вэ бага багаар сайжирч л байна.

Enkhsaran-Та гишүүдээсээ юу хүсч байна вэ?

-Бид эв нэгдэлтэй байвал юунаас ч илүү хүчтэй байж чадна. Миний эрх ашиг хөндөгдөөгүй л бол надад хамаагүй гэдэг байдлаар хандах биш, хэн нэгэнд маань тохиолдож байгаа бэрхшээл хэзээ нэгэн цагт надад ч гэсэн тохиолдох магадлалтай гэдгийг ойлгож, бид олуулаа нэгдэж, тэмцэж байж л энэ бүхнийг өөрчилнө.

Хоёрт, үйлдвэрчний эвлэлийн гишүүд маань зоригтой байгаасай, айдасгүй байгаасай, шударга бусын эсрэг надтай хамт дуугараасай, намайг дуугарч байгаа үед миний ар талд ҮЭ-ийнхээ үйл ажиллагааг дэмжээд ажиллаасай л гэж хүсч байна. Би ганцаараа дуугарна гэдэг нэг хэрэг, олуулаа дуугарна гэдэг огт өөр асуудал.

Бид чимээгүй байвал юу ч өөрчлөгдөхгүй. Асуудал байвал өргөдөл бичээд ороод ирээсэй. Өнөөдөр ажилтнуудын маань эрх ашиг зөрчигдөөд байгааг би харж байгаа учраас “Би чиний аваагүй цалинг нөхөөд аваад өгье, чи хоёр жил аваагүй байна шүү дээ. Энэ чинь буруу байна. Чи надад энэ тухайгаа бичээд өгөөч. Чамайг бичээд өгвөл би чадахаасаа чадахгүйгээ хүртэл явъя.

Би чамайг хамгаалж чадна аа” гээд би өөрөө гишүүдээсээ гуйгаад байхад л бичиж өгөхгүй байгаад байх жишээтэй. Бичиж өглөө гэхэд мэдээж миний ажил нэмэгдэнэ, гэхдээ би цааргалахгүй. Хууль, дүрэм, журмаа уншаад одоо би өөртөө итгэж эхэлж байна. Хэрэв үнэхээр л шударга бусын эсрэг явж байгаа бол өөрийгөө ялна гэдгийг мэддэг болсон.

-Байгууллагаасаа та юу хүсч байна вэ?

-Захиргаанаасаа би хүнийг гэсэн сэтгэлтэй байгаасай л гэж хүснэ. Хүнээ гэсэн сэтгэл байх юм бол шийдэж болохгүй асуудал гэж огт байхгүй. Мэдээж асуудлыг өнөөдөр 100 хувь шийдэх боломж хомс байна, үүнийг би ойлгож байгаа учраас зарим асуудал дээр хүлээцтэй хандаж байгаа. Гэхдээ хэтэрхий хүлээцтэй байхаар ажилтан хүн бас хохироод байна. Ер нь ямар ч асуудалд гарц заавал байдаг. Тийм болохоор бүх асуудлыг хоёр талаасаа хэлэлцээд, бага багаар ч гэсэн шийдээд явах бүрэн боломжтой.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img