“Breathe Mongolia” ТББ-ын судлаач, нийгмийн эрүүл мэндийн доктор Д.Амаржаргалтай ярилцлаа.
-Хүүхдийн тархины хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаад та бүхэн анхаарч ажилладаг гэсэн шүү дээ. Хот, хөдөөгийн хүүхдүүдийн тархины хөгжил өөр байгаа болов уу?
-Өөр биш. Улаанбаатарын агаарын бохирдол гэж яриад байгаа боловч Ховд, Говь-Алтай гэх мэт зарим газарт агаарын чанарын индекс, агаарын бохирдлын хэмжээ нь Улаанбаатарыг давчихсан шүү дээ. Тэгэхээр хот, хөдөөгөөр ялгах асуудал биш.
-Жирэмсэн хүмүүс агаарын бохирдол ихтэй цагуудад битгий гар гэж зөвлөдөг. Гэтэл дотоод орчны агаарын чанар бас муу байгаа юм биш үү?
-Дотоод орчны агаарын бохирдол гадаад орчин дахь агаарын бохирдлоос ч илүү хортой. Ямар үед хортой болдог гэхээр гэртээ гал түлж, хоол хийж байх үед хар тугалгаас авхуулаад бүх төрлийн хүнд металлууд, угаарын хий ялгарна. Угаарын хий гал түлэх үед ялгардаг ч цонх хаалга онгойлгосон үед хялбархан сарниж алга болдог. Гэхдээ угаарын хий ялгарч байх үедээ хүний цусны улаан эсэнд хүчилтөрөгчийг бодвол 200-300 дахин илүү наалдаад, бүх биеэр тархаж тархинд очиж, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг.
Манай төслийн хүрээнд айлуудад угаарын хий мэдрэгч суурилуулаад харахад тухайн айлуудад угаарын хийгээс болж ухаан алдсан, саажилт өгөх гэх мэт шинж тэмдэг гараагүй. Гэхдээ угаарын хийн ялгаралтын стандарт Монгол Улсад 53 ppm байдаг.
Тэгэхэд бидний харж байгаа датагаар бол угаарын хийн ялгаралт 150-250 гараад явчихсан тэр айлуудад. Эмнэлэг рүү явах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй ч архагаар бага багаар сөрөг нөлөөлж байгаа гэсэн үг.
Тэр нь хүүхдийн тархинд нөлөөлөөд, хүүхдийн сурах чадвар, хүрч болох боломж, олж болох орлого, амжилтад сөргөөр нөлөөлж байгаа юм.
-Гал түлдэг айлуудад угаарын хий ялгардаг юм байж. Гэтэл орон сууцанд амьдардаг айлууд санаа амар байж болох юм уу? Цонхны хөшиг энэ тэр бол харлаад утаа тортог суусан байдаг шүү дээ?
-Угаар II гэж судалгаа бий. Үүнд орон сууцанд амьдарч байгаа жирэмсэн ээжүүдийн гэрт агаар шүүгч байрлуулаад, хяналтын бүлэг нь бол агаар шүүгч байрлуулаагүй. Ингээд хийг нь хянаад хүүхэд нь төрж, дөрвөн нас хүртэл нь дагаж судалсан байдаг. Энэ судалгаагаар бол агаар шүүгч ашигласан ашиглаагүй ялгаа гараагүй юм билээ.
Гэхдээ дотоод орчны агаарт агуулагдаж байгаа PМ2.5 тоосонцор өндөр байх тусмаа дөрвөн настай үеийн сэтгэцийн эрсдэлт байдал нэмэгдэж байна гэсэн судалгааны үзүүлэлт гарсан байна лээ. Гэсэн ч гал түлэхгүй байна гэдэг нөхцөл байдал хамаагүй дээрдэж байгаа гэсэн үг.
Хэчнээн гэртээ гал түлэхгүй байсан ч гаднах агаар муу бол гэрт бас орж ирнэ шүү дээ. Хувь хүний зүгээс хийж чадах зүйл бол гэртээ агаар шүүгч байрлуулах.
-Нэг хэсэг сургууль, цэцэрлэгт агаар шүүгч байрлуулах төсөл хэрэгжсэн. Шүүлтүүр солих ажил хийгээгүйгээс үр дүнд хүрээгүй байна гэсэн судалгааны дүн байсан?
-Тийм. Фильтер нь дүүрээд ирэхээрээ эсрэгээрээ аюултай байдаг. Агаар шүүгч суурилуулж л байгаа бол фильтерийг нь гурван сар тутам солих заалт бий. Заасан хугацаанд нь солих л ёстой. Гаднаас оруулж ирсэн агаар шүүгчийн оронд монгол залуус хонины ноосон агаар шүүгч хийсэн байна лээ. “Airee” гээд агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр монгол залуус үйлдвэрлэж эхэлсэн.
Хонины ноос Монголд олдоц сайтай болохоор агаар шүүгчийн шүүлтүүрээ солиод байж болно.
-Бага насандаа агаарын бохирдолд өртсөн хүүхдэд хэзээ хойно ч хор нөлөө нь илэрнэ гэж судлаачид дүгнэж байгаа гэсэн үү?
-Үргэлжилж байгаа. Лондонд 5000 хүүхдэд хийсэн судалгаагаар 12 настайдаа агаарын бохирдол ихтэй орчинд амьдарч байсан хүүхэд тухайн үедээ сэтгэл гутралын шинж тэмдэг илрээгүй байсан хэрнээ 18 нас хүрсэн хойноо сэтгэл гутралын шинж тэмдэг илүү их илэрч байгаа.
Агаарын бохирдлын нөлөө томрох хүртэл нь дагаж явна гэсэн үг.
-Улаанбаатарын нөхцөлд ямар нэгэн арга хэмжээ авах боломжтой гэж үздэг үү?
– Хулгайч нартайгаа л тэмцмээр байна шүү дээ. Агаарын бохирдол ихсээд байгаа нь хулгайтай холбоотой. 2000 оноос хойш бид нэг их наяд төгрөг агаарын бохирдолд зарцуулчихаад Цаг агаар, орчны шинжилгээний газар нь агаарын бохирдлын датагаа зараад сууж байна шүү дээ. Цэвэр агаар сангаас бидэнд мөнгө орж ирдэггүй юм аа. Бид датагаа зарж, станцуудаа ажиллуулдаг юм гэдэг. Хулгайч нар агаарын бохирдлын эсрэг зарцуулах ёстой мөнгийг идэж уугаад бидний ирээдүйг хулгайлж байна. Цахилгаан халаагуур гэр хорооллын айл болгон ашиглах боломжгүй, мөнгө байхгүй гэж ярьж байна шүү дээ. 40 их наядын нүүрсний хулгай хийчихээд дахиад агаарын бохирдлын эсрэг нэг их наядыг зарцуулчихаад, шат дамжлага болгондоо хулгай хийгээд байна. Бидэнд мөнгө байхгүй биш байгаа. Биднээс хулгайлаад байгаа юм. Би бол хулгайтайгаа тэмцье гэж хэлмээр байна.
-Та бас дата ардчилал, мэдээллийн хүртээмжийн тухай ярьсан.
Дата элементээ бидэнд зараад байгаа юм. Очоод асуухаар 1212.mn рүү ороод хар гэдэг ороод харахаар 2014 оноос хойш дата байхгүй.
Бусад дата нь жилд нэг удаа хүхрийн давхар ислийн жилийн дундаж гаргадаг. Ганцхан ийм тоогоор яах юм бэ. Өнөөдөр өөрийнхөө амьсгалж байгаа агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээг би мэдмээр байна. Тийм тоо байхгүй. Бидэнд дата ардчилал байхгүй байна. Бидний датаг биднээс нууж байна.
-breathemongolia агаарын чанарын хяналтын мэдээг сайт дээрээ тавьдаг юм байна. Гадаадын агаарын чанарын индексээр харуулдаг нь Монголын нөхцөлд тохирохгүй байна гэж шүүмжлэл сонсогдсон санагдлаа?
-Хүхрийн давхар ислийг цаг болгон харуулж байснаа ихсээд ирэхээр нь найман цагийн дундажийг харуулдаг. Бидэнд мэдэгдэхгүй манипуляц их байна. Монголд дэлхийн хэмжээний судлаачид олон. Тэр хүмүүст энэ датаг авч, анализ хийх боломж олгооч. Бид ямар нэг асуудал шийдэх гэж байгаа бол түүнтэй холбоотой датаг харж байж асуудлын шийдлийг олно.
Америкийн агаарын чанарын индексээр хортой аюултай нөхцөлд байна гэхэд Монголын agaar.mn дээр бага бохирдолтой гээд харуулчихаж байгаа юм.