2024-12-19, Пүрэв
-19 C
Ulaanbaatar

Д. Эрдэнэбаатар: Зигмунд Фройд адлагдсан ч гэлээ сэтгэц хямрал секстэй холбоотой гэсэн баталгаанаасаа татгалзахыг хүсээгүй

Дэлхийн алдартай эрдэмтэн, эмч, онолын болон хэрэглээний психоанализийг үндэслэгч Зигмунд Фрейдийг онцолж байна. Тэр өөрийгөө шинжлэх ухааныг байлдан дагуулагч гэдэг байж. Тийм ч чинээлэг биш арьс ширний худалдаачны гэр бүлд тухайн үед Австрид харьяалагдаж байсан Моравии хотноо Фрайберг хэмээх газарт мэндэлсэн эрдэмтний бага насны амьдрал ээдрээтэй байсан тухай намтар судлаачид онцолж бичицгээдэг. Сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай Зигмунд Фрейдийн тухай хөөрөлдсөн ярилцлагаа энэ сэдвээр эхэллээ.

-Психоанализийг үндэслэгч Фрейдэд бага насных нь амьдрал гүнзгий нөлөө үзүүлсэн гэх судлаачдын дүгнэлтээр ярилцлагаа эхлэх үү?

-Тэр еврей хүн байсан. Австрийн нэг жижигхэн тосгоны хүү. Фрейдийн аав Якоб Фрейд Галицигээс гаралтай. Ээж Амалия нь нөхрөөсөө олон дүү, анхны хүүхдээ төрүүлэхдээ 21 ч хүрээгүй байж. Амалия Якоб Фрейдийн хувьд хоёр дахь гэрлэлт нь. Эхний эхнэрээс нь төрсөн хүүхдүүд хоёр дахь эхнэртэй нь үе шахуу байж. Ээж нь аавынх нь өмнөх эхнэрийн хүү Филипптэй дотно харилцаатай байсан гэх яриа таамаг дуулддаг. Энэ харилцаа олонд ил болсон учраас Вена руу шилжин суурьшсан ч гэдэг. Гэхдээ Фрейдийн албан ёсны намтарт өөр тайлбар байдаг л даа. Аж үйлдвэржилтээс болж гэр бүлийн бизнес нь дампуурсан учраас шилжсэн гэдэг. Төрсөн дүү нь болох Юлиус найман сартайдаа нас барсан нь Фрейдэд гэмтэй байсан гэх мэдрэмж, буруугаа хүлээх сэтгэгдлийг үлдээсэн гэсэн тайлбар бий. Бүр хожим энэ тухайгаа “Буруутай гэх мэдрэмж сэтгэл мэдрэлийн олон төрлийн өвчний эхлэл болдог. Ингэхдээ тухайн хүний бага нас ямар байсан нь чухал биш. Аз жаргалтай, эмгэнэлтэй байсан эсэхээс үл хамаарах зүйл” гэсэн нь бий.

-Ээжийн хайртай хүү байсан учраас ээжийгээ нас барахад сэтгэлийн гүнзгий гутралд орсон гэдэг байх аа?

-Жаахнаасаа бичиг үсэг сурч, гадаад хэл үзэж, найман настайдаа Шекспирийг эх хэлээр нь уншиж байсан хүүдээ Амали маш их хайртай байж. Фройд грек, латин, франц, англи, итали, испани хэлээр ярьж, яруу найрагч, философич, жүжгийн зохиолчдын сонгодог бүтээлийг уншиж байсан тухай намтарт нь бий. Наснаасаа нэг жилээр өмнө буюу естэйдөө гимназид элссэн хүүгийн шинжлэх ухааныг хөнгөхөн түвэггүй ойлгодог чанар нь ангийнхных нь атаархлыг төрүүлдэг байсан гэдэг. Хамгийн ойр хүн нь учраас ээжийгээ нас барахад ихэд эмгэнэж сэтгэл гутралд орж байсан юм билээ. Тухайн үед Австрид еврейчүүд тодорхой хэдхэн мэргэжил эзэмших боломжтой байсан юм. Хууль, цэрэг, анагаах ухаан гээд. Тэр жишгээр Фрейд анагаахын сургуульд орсон. Мань эрд эмч болох хүсэл төдийлөн байгаагүй. Ер нь үхэн үхтлээ эмчийн мэргэжилд гүнзгий ороогүй. Оюутан үедээ судалгааны ажил хийх дуртай байсан нь намтраас нь харагддаг. Удирдаж ажилласан профессор нь сургуулиа төгсөөд судалгаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй Зигмундад мөнгө олох газар ажилла гэж зөвлөөд клиникт ажиллахад нь нөлөө үзүүлсэн байдаг. Мэс заслын болон арьс өнгөний эмчээр ажиллаж байгаад сонирхолгүй гээд орхисон бол мэдрэлийн эмч хийхдээ сэтгэцийн өвчтөнүүдтэй ажиллаж, ховсыг эзэмшсэн. Сүүлдээ ховсоор бүхнийг эмчилж болохгүй нь гээд өөрийнхөө аргыг гаргаж ирсэн нь психоанализ. Сэтгэл заслын аргыг шинжлэх ухааны байр сууринаас нэвтрүүлсэн нь анагаахын салбарт том хувь нэмэр болсон. Фрейдтэй холбоотой нэг асуудал бол мань хүн кокайн их хэрэглэдэг байсан.

-Кокайн их хэрэглэдэг байсан гэхээр кокайнист болчихсон гэсэн үг үү?

эрдэнэбаатар-Кокайнист болчихсон байсан. Зигмунд “Гаж хэрнээ гүн сэтгэгдэл төрүүлсэн тухайн үед тийм ч нэртэй биш байсан алкалойдын төрөл болох кокаины физиологийн үйлчилгээг судлах боломж 1884 онд гарсан юм” гэж бичсэн байдаг. Тухайн үед Германы цэргийн нэг эмч кокайнтай усыг цэрэг рүү цацахад эрч хүчтэй болж ирсэн талаар илтгэл бичсэн нь олны анхаарал орсон байдаг л даа. Фрейд тэр бодисыг өөр дээрээ туршиж үзэхээр Германы Мерк хотоос авчирч байж. Бага зэргийн тунг уухад ажиллах чадвар нэмэгдүүлж байсныг илрүүлж л дээ. Тухайн үеийн эрдэмтэд кокайныг мэдрэлийн гаралтай өвчин, зүрх судасны өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэж үзэж байсан гэх баримт бий. Зигмунд Фрейд дараа нь энэ бодисыг өвчин намдаах өндөр үйлчилгээтэйг олж тогтоож. Үйлчлүүлэгчдэдээ, найздаа хүртэл кокайныг эмчилгээний чанартай гэж санал болгосон байдаг юм. Анагаах ухаан бүр сүүлд хар тамхины төрөл болохыг нь баталж, хор хөнөөлийг нь илрүүлсэн л дээ. Кокайны хор хөнөөл батлагдсаны дараа эмч нар Фрейдийг архидалт, хар тамхины дараахь гурав дахь том аюулыг оруулж ирсэн гэж буруутгасан.

-Сэтгэл гутралтай байсан гэж түрүүн цухас дурдсан. Бага насных нь амьдрал, ээжийнх нь үхэл, кокайн нөлөөлсөн байж мэдэх юм. Хамгийн том нөлөө нь юу байсан бол?

-Амьдралдаа өндөр зорилго тавьсан ч түүндээ хүрч чадаагүй гэх шалтгаан гутралд нь нөлөөлсөн гэж үздэг. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэнгүүт үүсгэн байгуулсан Психоанализийн нийгэмлэгийнх нь үйл ажиллагаа суларч, шавь нар нь үзэл бодол зөрөлдсөний улмаас холдож, үйлчлүүлэгчдийнх нь тоо цөөрсөн учраас сэтгэл гутралд орсон л доо. Гутрал гэдэг бол донтолтын нэг шинж. Тэгэхээр түүнийг сэтгэцийн хувьд асуудалтай хүн байсан гэж харах үндэстэй. Фрейдийн сэтгэлийн гүн хямралд орсон үе нь 1890 оны төгсгөл. Энэ үед тэр психоанализын шинэ аргыг өөр дээрээ туршсан байдаг.

-Фрейдийн нээсэн онол, анхаарал татсан бүтээлүүдийнх нь тухай сонирхуулаач?

-Фрейдийн гаргаж ирсэн бас нэг ойлголт нь Эдипийн комплекс. Хүүхэд төрлөө гэхэд эрэгтэй хүүхэд ээжтэйгээ, эмэгтэй хүүхэд аавтайгаа сэтгэлийн холбоотой байдаг. Тэр утгаараа аавыгаа ээжтэйгээ харддаг, дайсагнадаг. Дараагийн гаргаж ирсэн зүйл нь трансфер. Жишээ нь, би хэн нэгэнд дургүй байлаа гэхэд надтай амьдарч буй хүн нөгөө нөхөрт дургүй болдог юм байна л даа. Бас зугтаах дайсагнах, дуугүй болох гэх мэт сэтгэл зүйн хамгаалалтын онолуудыг гаргасан. “Зүүдний мөн чанарын тухай” гэсан бүтээл бий. Фрейд зүүдний тайлал дээр нэлээд ажилласан байдаг. Психоанализ аливаа зүйлийг бэлгийн чиг хандлага, бэлгийн амьдрал, бэлгийн сэтгэл зүйтэй холбох гээд байдаг онцлогтой. Тэр нь зүүдний тайлал дээр нь анзаарагддаг. Үзүүртэй юм гэхээр эр хүний бэлэг эрхтэн, ямар нэг байдлаар нүхтэй байвал үтрээ гэх мэтээр холбож тайлбарласан нь бий. Бүх зүйлийг энэ мэтээр тайлбарлах хандлага тод харагддаг. Сэтгэл гутралын үедээ Фрейд зүүдээ тайлахыг оролдож байсан. Хэт өөрийн гүн би гэдэг рүүгээ, дотоод ертөнц рүүгээ орсон үедээ зүүдээ тайлахыг оролдож байсан гэдэг. Өөртөө анализ хийсэн судалгааны дүнгээ “Зүүдийг тайлах нь” номондоо бичсэн байсан. Үүнийг Фрейдийн оригиналь бүтээл хэмээдэг.

-Хүмүүс энэ бүтээлийг нь яаж хүлээж авсан бол?

-Зөгнөлт инээдмийн ном мэтээр хүлээж авсан тухай шавь нарынх нь нэг хэлсэн байдаг юм. Гэхдээ Фрейдийн хувьд энэ бүтээл нь ялалт болсон. Учир нь энэ бол хүний сэтгэхүйг судлах аргуудын судалгааны эхлэлийг тавьсан бүтээл.

-Ховсоор өвчин эмчилж болохыг олж харсан хүн гэж та түрүүн сонирхуулж байсан. Жаахан тодруулаач?

-Фрейдийн бас нэг том ажил нь сэтгэл мэдрэлийн эмч, неврологич Шарко дээр дадлага хийж байхдаа ховсоор стери өвчнийг эмчилж болох юм байна гэдгийг олж харсантай холбоотой. Стеригийн судалгаанд анхаарсан нь ийм шалтгаантай.

-Стери гэдэг нь ямар өвчин бэ?

-Стери гэдэг нь огцом уурлаж уйлах гэх мэт сэтгэлийн цочмог хөдлөлтэй хамаатай. Эрүүл хүн огцом уурласан ч биеэ барьж чаддаг бол стеритэй хүмүүс өөрийгөө барьж чаддагүй. Тэр нь янз бүрийн байдлаар стерийн шалтгаант хэлгүйрэл, дүлийрэл, таталт, уналтууд өгдөг. Стерийн уналт хэцүү. Хойшоо нумарч унадаг. Тэр үед ухаан нь саруул байдаг ч биеэ хянаж чаддаггүй. Флепсийн уналт бол өөр. Уналт өгсөн хүн унаснаа санадаггүй юм. Миний эмчилгээнд стерийн тохиолдол таарч байсан.

-Стерийн уналтын тохиолдолтой таарсан гэж үү?

-Тийм. Арав гаруй жилийн өмнө Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт намайг дуудлаа. Яг тийм тохиолдолтой таарсан. Ховсдсон чинь маргааш нь босоод ирсэн нь л дээ. Тухайн үед нэгдүгээр эмнэлгийнхэн гайхаж л байсан.

-Фрейдийн аргаар эмчилжээ?

-Тэгсэн.

-Хүн төрөлхтний хөгжилд нөлөөлсөн хувь нэмэр нь гэвэл та юуг онцлох вэ?

-Үл ухамсарлахуйн ойлголтыг гаргаж ирсэн нь хорьдугаар зууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр гэж үздэг. Учир нь тэр сэтгэл судлалд үл ухамсарлахуй гэдэг ойлголтыг оруулсан. Үл ухамсарлахуй хүнийг тодорхойлдог, хүний амьдралын бүх асуудал үл ухамсарлахуйд хадгалагдаж байдаг учраас үл ухамсарлахуйд нэвтэрснээр асуудлуудыг нь гаргаж ирэх боломжтой гэдэг санааг анх гаргасан хүн.

-Үл ухамсарлахуй руу нэвтэрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Нэг бол Шаркогийнх шиг ховс хийнэ. Эсвэл Фрейдийн гаргасан психоанализ буюу чөлөөт нийлэмжийн онолын дагуу шийднэ. Фрейд үйлчлүүлэгчээ хэвтүүлж байгаад үг хэлүүлдэг. Хүссэн үгээ хэлээд бай л гэдэг. Үйлчлүүлэгчийнхээ хэлсэн үг бүрийг бичиж тэмдэглэж авах, дэмжиж яриулах л үүрэгтэй. Өнөө хүн элдэв үг хэлсээр байгаад сүүлдээ үл ухамсарлахуйтай холбоотой үгсээ хэлж эхэлдэг. Ингэсний эцэст үл ухамсарлахуйн шалтгааныг нь мэдэж авдаг. Шалтгааныг нь мэдсэн тохиолдолд тухайн хүн дотоод асуудлаасаа чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл тухайн хүний асуудлууд шийдэгддэг. Дотоод асуудлаас чөлөөлөгдөх энэ процессыг катарсис гэдэг. Энэ бол яах аргагүй анх удаа сэтгэл заслын шинжлэх ухаанч байр сууринаас хандсан хандлага. Фройдийн хувьд сэтгэл засал өртөг өндөртэй эмчилгээний арга байсан. Тийм учраас мөнгөтэй хүмүүс их очдог байж л дээ. Цаг хугацаа их ордог эмчилгээний арга.

-Хэр хугацаанд хүнийг бүрэн эмчилдэг байсан юм бол?

-3-5 жил. Нөгөө талаар Фрейд шавь нартаа бас тийм шаардлага тавьдаг байсан. Шавь нараараа зогсохгүй шавь нарынхаа дотны хүмүүст нь хүртэл заавал психоанализ хийлгэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан юм.

-Өнөө үед ийм удаан хугацаанд засал хийх аргыг хэрэглэдэггүй биз дээ?

-Эрс цөөрсөн. Орчин үеийн сэтгэл засалд баримталдаг гол зүйл бол аль болох үр дүнтэй богино хугацааг чухалчилж байна. Стратегийн богино хугацааны сэтгэл засал ч гэдэг юм уу тэр зүг рүү хандах болсон. 500 гаруй төрлийн сэтгэл заслын урсгал байдаг гэж үздэг. Эмч нар өөрсдийнхөө хэрэглэдэг хэд хэдэн аргаас өөрсдөдөө таалагдсан аргуудыг нийлүүлээд ашигладаг. Түүнийг нь эклектик гэж тодотгодог.

-Зигмунд Фрейд өөрт нь хандсан өвчтөнүүдийн тухай “Тэд тохиолдсон үйл явдлынхаа гол юмнуудыг ярихдаа ихэвчлэн сексийн үед авсан мэдрэмжүүдээ дурдсан, тэр нь давамгай байсан” гэж ярьж бичсэн нь тухайн үедээ шуугиан шүүмжлэлийн бай болсон гэдэг байх аа?

-Мэдрэлийн гаралтай өвчнийг ихэвчлэн бэлгийн амьдралтай нь холбож судалж байсан. Бэлгийн амьдралаас хөндийрөх нь сэтгэцийн хямралд хүрэх гол шалтгаан болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүнээс нь болж 1890 оны дундуур академи тэр чигээрээ Фрейдийн эсрэг зогссон нь үнэн түүх. Дотны найз Йозеф Брейер нь “Чиний энэ ажлын нэг ч үгэнд би итгэхгүй байна” гэсэн байдаг юм. Венад илтгэл тавихад мэргэжил нэгтнүүд нь хүйтнээр хүлээж авч, тухайн цагийн алдартай мэдрэл эмгэг судлаач Рихард фон Крафт-Эбинг “Үлгэр шиг юм ярьж байна” гэж ундууцсан удаатай. Дэмийрэл болон сэтгэцийн хямралын үндэс нь секстэй холбоотой гэсэн судалгааны баталгаанаасаа болж Венийн анагаахын нийгэмлэгээс хөөгдсөн ч тэр байр сууринаасаа татгалзахыг хүсээгүй.

-Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы Засгийн газар цагаачлах эрх өгөхгүй нэлээд асуудал болсон гэдэг билүү?

-Психоанализтай холбоотой сэтгүүлүүдийг хааж, Фрейдийн бүтээлүүдийг устгаж байсан нацистууд охиныг нь баривчилсан л даа. Дараахан нь Германаас Англи руу явах гэтэл явуулахгүй гэсэн хариу сонссон. Явбал их хэмжээний татвар төлж яв гэсэн шаардлага тавьсан байдаг юм. Тэр мөнгийг нь Фрейдийг шүтэгч Францын гүнж Мари Бонапарт төлсөн түүх бий. Тухайн үед маш олон хүн Герман Засгийн газарт хандаж Фройдод цагаачлах эрх олгооч гэж хандсан гэдэг. Ингээд Англи руу цагаачилж, дараа жил нь буюу 1939 онд өвчин нь хүндэрч, өөрийнхөө хүслээр морфин тариулан нас барсан түүхтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img