2024-12-20, Баасан
-25 C
Ulaanbaatar

С.Эрдэнэ: Л.Гантөмөрийг Х.Баттулгын дуулгавартай цэрэг нь болж яваад харамсаж байна

УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С. Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Би өнөөдөр амьд мэнд, АН-ын даргын ажлаа хийгээд явж байна

-Та юу хийж байна?

-Би намынхаа ажлыг хийж байна.

-Ажил их байна уу?

-Хуулийн байгууллагын хууль бус шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад өгчихлөө. Хуулийг биелүүлэх үүрэгтэй Дээд шүүх өөрөө, хууль дүрэм журмыг зөрчөөд байна шүү дээ. Төр зүгээр л дээрэм хийж байна.

-Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар баталсныг та яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ?

-Би 21 аймаг, есөн дүүргээр явж байж АН-ын даргаар сонгогдож байсан. Намын 200 гаруй мянган гишүүний дунд сунгаа зарлаж хамгийн олон оноог авсан учраас намын дарга болсон. АН-ын даргын сунгаа бол нийт гишүүдийн дунд зарлаж, өрсөлдөж гарч ирдэг зүйл. Тэрнээс АН-ын гишүүд мөн эсэх нь тодорхой бус 293 хүн суулгачихаад 152 хүний санал авч намын дарга болдог юм биш. Энэ нь АН-ын дотоод дүрэм журмыг зөрчсөн үйлдэл болсон. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй намын үндсэн дүрмийг үл тоосон үйлдэл.

Цаашлаад Улс төрийн намын тухай хуулийг уландаа гишгэж, Улсын дээд шүүхийн намын даргыг шинээр бүртгэх бүрдүүлбэр хангах журмыг зөрчсөн. Бүрдүүлбэр хангах журмыг зөрчиж, түүнд багтах материалууд нь илт дутуу байсаар атал хүлээж аваад бүртгэсэн нь улс төрийн маш бүдүүлэг хүчирхийлэл. Л. Гантөмөр бол хууль бус намын дарга гэж би хэлнэ. Өнөөдөр шүүх шударга байж чаддаг үгүйг харъя. Эцсээ хүртэл явна. Би үүнийг улс төрийн зорилготой хууль бус, улс төрийн хүчирхийллийн хэлбэртэй шийдвэр тогтоол гэж харж байгаа. Мөн АН-ын гишүүн мөн биш нь тодорхойгүй гэрчилгээ, тамга эрх зүйн чадамжгүй нөхөд, эв нэгдлийн ажлын хэсэг байгуулсан. Тэгснээ АН-ын үндэсний бодлогын хорооны хурал хийчихлээ л дээ.

АН-ын даргын асуудлыг хойд хөршийн бодлого оролцсон улс төрийн үйл ажиллагаа гэж харж байна

-Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөр гэж хүнийг баталчихаад байхад ингэж яриад нэмэртэй юм уу, ер нь?

-Та бид хоёрын яриад сууж буй асуудлыг шийдэхэд Дээд шүүхийн 17 шүүгч оролцсоноос хэд нь санал өгсөн нь тодорхойгүй байна. АН-ын албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга надад байна. Энэ албан ёсны гэрчилгээ тамгыг Л. Гантөмөр гэдэг хүн аваагүй.

Өнөөдөр хууль ёсны тамга, гэрчилгээтэй байгууллага л хууль ёсных байдаг биз дээ. Иргэний бүртгэлд бүртгэлгүй иргэн хүн гэж байхгүй. Иргэний бүртгэлд бүртгэлгүй хүнийг харьяалалгүй иргэн гэдэг. Харьяалалгүй хүн сонгуульд нэр дэвшиж, санал өгч болох уу. АН-ын даргыг бүртгэлгүй харьяалалгүй хэсэг бүлэг этгээд хуралдсан нэр зүүж хууль бусаар авсан гээд явж байна. Дээд шүүхийн бүрдүүлбэр дотор улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байна, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий намын дарга гарын үсэг зурж өгнө гэсэн байдаг.

Хэн АН-ыг төлөөлж Л.Гантөмөр, С.Баярцогт гэдэг хоёр хүний нэрийг Дээд шүүхэд хүргүүлсэн юм бол, хэнээр гарын үсэг зуруулж, ямар тамга дарсан юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Хоосон цаас өгсөн юм биш үү тэр этгээдүүд. Би яагаад тэгж хараад байна гэхээр өөрийгөө ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрлээд яваа Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр хоёр иргэнийхээ шугамаар Дээд шүүхэд АН-ын гэрчилгээг гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм билээ.

Дээд шүүх улсын бүртгэлтэй гэрчилгээг дахин гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм билээ. Дээд шүүх өнөөдөр батламжилсан гэж байгаа ч маш олон хуулийн заалтыг зөрчсөн. Дээд шүүхийн тухайд 2017 онд байсан ҮБХ-ны гишүүдийн нэрсийг шүүж үзэх эрх байдаг юм уу. Тэр үеийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийн дууссан.

-Бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан хүмүүс нийлж хуралдаад АН-ын даргын асуудлыг шийдсэн гэсэн үг үү?

С.Эрдэнэ-Яг тийм, бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэсэн үг. Мөн АН жил бүр ротаци хийдэг. Нийт сонгогдсон ҮБХ-ны гишүүдийн 25 хувь солигдож байдаг юм. 2017 оноос хойш долоо, найман жил болсон гэхээр ҮБХ бараг бүрэлдэхүүнээрээ солигдчихоор хугацаа өнгөрсөн байгаа биз. Дээд шүүх АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг аль аль тал нь эх хувиараа ирүүлж байгаагүй гэсэн тайлбар өгсөн гэсэн. Юу гэсэн үг вэ. 2017 оны Улсын дээд шүүхийн 01 тогтоолоор С Эрдэнэ гэж бичсэн байгаа. Тэр гэрчилгээ дээр бичигдсэн С.Эрдэнэ гэж хүн өнөөдөр амьд мэнд АН-ын даргын ажлаа хийгээд явж байна. Би яахаараа өгөөгүй байдаг юм.

М.Тулгатыг гурван удаа дээд шүүхэд намын даргад өгөхөд нотариатаар батлуулсан эх хувьтай нь өгсөн. Одоо ч над байна. Нотариатаар батлуулсан эх хувь чинь хүчин төгөлдөр гэж үздэг биз дээ, хуулиараа. Жинхэнэ эх хувийг хүртэл заавал нотариатаар батлуулж өг гэдэг шүү дээ. Ийм нөхцөл байдал дунд энэ бүртгэл явагдсан. Хууль дүрэм журмыг уландаа гишгэсэн улс төрийн зорилготой. Бүүр цааш нь харвал хойд хөршийн бодлого оролцсон улс төрийн үйл ажиллагаа гэж харж байна.

-Л.Гантөмөр, С.Баярцогт нар АН-ын гишүүд мөн биз дээ?

-АН-ын дүрэмд саналын эрхтэй гишүүд гэж байдаг. ҮБХ-ны гишүүн, татвараа төлсөн байх ёстой, дүүрэг аймагт нэр дэвшинэ гэж бодоход тухайн шатны намын хорооны гишүүн байх ёстой гэх мэт маш олон дүрмийн шаардлагыг хангах ёстой. Эдгээр шаардлагыг хангаагүй хүн нэр дэвших эрхгүй. Мөн дүрэм зөрчиж сахилгын арга хэмжээ тооцуулсан бол намын гишүүнээс хасагддаг.

Намын гишүүнээс хасагдах шийтгэл ноогдсон бол намын гишүүн гэж үзэхгүй. Аливаа нэг байгууллагын гишүүн үүрэг хүлээх ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл дүрэмд тогтоосон төлбөрийг төлөөгүй байвал саналын эрхгүй гишүүнд тооцогддог. Энэ нь нэр дэвших, санал өгөх эрхгүй гишүүнийг хэлнэ. АН-ын гишүүн мөн үү гэвэл мөн, гэхдээ сонгох сонгогдох эрхээ эдлэх эрхгүй л гишүүд гэсэн үг.

-Та Л.Гантөмөр тэргүүтэй намын хэсэг бүлэг хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тэд АН-ын гишүүд мөн хэдий ч сонгох, сонгогдох эрхээ эдлээгүй гишүүд учир хүлээн зөвшөөрөхгүй л гэж байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Дүрэмтэй байх ёстой. Дүрэмгүй тоглоом гэж байхгүй. АН-ын гишүүн байж болно. Би үгүйсгээгүй. Гол нь саналын эрхтэй байхын тулд намын дүрэм, журмын дагуу явах ёстой л гэж байгаа юм.

Л.Гантөмөр олон жил намын татвараа төлөөгүй

-Л.Гантөмөр, С.Баярцогт болон бусад гишүүд та нарын дунд үл ойлголцол байсан уу?

-Үл ойлголцол байгаагүй. Намын гишүүд намын ажилтай ойр явдаг биз дээ. Ойр гэдэг нь намаас явуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, татвараа, болон сонголтоо эдлэхийн тулд ямар нэг намын хороонд харьяалалтай байх учиртай. Би тэднийг огт хөөгөөгүй. Гэнэт л сураггүй болсноо УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санаачилсан гээд эвлэрлийн ажлын хэсэг байгуулаад явж байсан улс. УИХ-ын бүлгийн гишүүд ямар эрх үүрэгтэй байдаг юм. Гишүүдийн чиг үүргийг хуулиар болон намын дүрмээр тодорхой заасан байдаг. Тэдэнд тэс хөндлөн зүйл хийгээд явах эрх байхгүй. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүн АН-ын жирийн гишүүдээс илүү эрх эдэлнэ гэсэн дүрмийн заалт байхгүй. Дүрмээр зохицуулагдаагүй аливаа үйл ажиллагааг санаачилж, удирдан зохион байгуулах эрх хуулиар болон намын дүрмээр ч олгогдоогүй. Тэгж яривал АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд намаас өгсөн аливаа үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

-С.Баярцогт, Л Гантөмөр нар АН-аас огт гараагүй байсан биз дээ?

-С.Баярцогт УИХ-ын гишүүн байхдаа намаас хөөгдсөн шүү дээ. Гэхдээ сүүлд сэргээгдсэн байх. Л.Гантөмөрийн хувьд олон жил намын татвараа төлөөгүй, намын анхан, дунд шатны үйл ажиллагаанд огт оролцоогүй. Энэ хүн намын даргад нэр дэвших хүртлээ намд юу ч хийгээгүй. Ямар ч гавьяа байгуулаагүй. Гэнэт л хуйвалдааны аргаар гараад ирсэн. Дахиад хэлье, Л.Гантөмөр АН-ын ямар ч ажиллагаанд оролцохгүй явж ирсэн хүн.

-АН-ын хуваагдлын хагарал юунаас болоод, ямар шалтгааны үүднээс гурван жил үргэлжилчихэв ээ?

-Намын дарга болоод миний анхны хийсэн ажил бол Х. Баттулга гэдэг хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн явдал. Энэ хүнийг хөтлөөд 21 аймаг есөн дүүргээр бүтэн тойрч Ерөнхийлөгч болгосон хүн нь би. Маш хүнд нөхцөлд хийж амжуулсан ажил. Үүний дараа УИХ-д 65 гишүүнтэй Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьсан. Хэдий манай бүлэг есүүлээ байсан ч гэсэн тухайн үеийн Засгийн газрыг огцруулж чадсан.

Ингээд хоёр дахь Засгийн газар гарч ирсэн. Тухайн үед Ерөнхийлөгчийн санал болгосноор У.Хүрэлсүхийг дэмжээд явсан. Ингээд жилийн дараа хүн амины хэрэг, ЖДҮ гээд олон асуудал ар араасаа гарч ирсэн. Үүнээс шалтгаалж би өөрөө санаачлан Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруулсан юм. Гэтэл манай бүлгийн гурван гишүүнийг өнөө байдгаараа дэнчин тавьж төрийн тэргүүний сонгуульд ялуулсан Ерөнхийлөгч маань урвуулаад эсрэг санал өгүүлчихсэн. Нэг үгээр хэлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай АН-ын бүлгийн шийдвэрийг эргүүлж, тэр гурван гишүүнээр эсрэг санал өгүүлсэн. Ингээд хоёрхон саналын зөрүүтэйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдсэн түүхтэй.

-Бүлгийн гурван гишүүн чинь тухайн үед хэн хэн байлаа, лав нэг нь Ж.Батзандан гишүүн…?

-Л.Болд, Ж.Батзандан, Т.Мурат гурав байсан. Яг энэ цаг үеэс намын дотоод зөрчилдөөн үүссэн. Би тухайн үед гадны нөлөө байна гэж хараагүй. Улстөрчдийн хоорондын зорилго нэг мөртлөө зорилгодоо хүрэхэд тактик стратеги нь өөр. Хувь хүний хоорондын таарамжгүй байдал гэх мэт янз бүрийн нөхцөл байдал бий. Энэ үеэс гадна дотнын маш хүчтэй дайн эхэлсэн. Энэ бүгдийн цаана бүх талаар нь дэмжиж байсан гадны том хүчин байжээ гэдгийг одоо өнгөрсөн хойно нь ойлгож байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь Женкогийн хүмүүс

-Гадны том хүчин гэдгээ тодруулаач?

-Орос, Украйны дайн эхлэхийн өмнөхөн, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л энэ нөхцөл байдлыг ойлгосон. Оросоос 20 сая ам.доллар Монголын хилээр ачаад оруулж ирсэн үе шүү дээ. Энэ үйлдлийн талаар шуугисан ч хэн ч бариагүй. Одоо болтол илрүүлээгүй. Хэн ч одоо болтол хариуцлага хүлээгээгүй. 20 сая ам.доллар авч орж ирдэг нөхөд нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд байсан.

Одоо тэр мөнгө хаана байна гэдэг бол зайлшгүй тавих ёстой асуулт. Оруулж ирсэн хүмүүс нь бүгд амьд байгаа шүү дээ. Энэ мөнгийг хаанаас юунд зарцуулах гэж оруулж ирэв гэдэг асуултад хэн ч хариулахыг хүсэхгүй байна. Оросын хил маш чанга. 20 сая ам.доллар бүү хэл 2000 ам.доллар хилээр авч гарах гэж өчнөөн юм болдог. Оросын гааль маш өндөр хяналттай, хатуу чанга, тэр дундаа монголчуудад дээрэнгүй гэдгийг бид бултаараа мэднэ. Энэ цаг үеэс л надад Оросын санхүүжилттэй Оросын тусгай хүчнийхний оролцоотой явж байгаа юм байна гэсэн хар төрсөн. За тэгээд Орос, Украйны дайн эхэллээ. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлуудаас Орос ямар бодлого явуулж байгаа нь тодорхой болчихлоо. Хөрш зэргэлдээ бүх улсаа түрэмгийлж, газар нутгийг булааж авах гэж улайрч байна. Үүнийг нь яагаад манай төр засаг бодлогоороо эсэргүүцэхгүй байгаа юм гэж асуумаар байна.

-Хоёр их гүрний дунд хавчуулагдсан жижиг улсын зовлон хэцүү л дээ…?

-Хөрш улсын хувьд хүлээцтэй тэвчээртэй хандах асуудал байдаг л байх. Х.Баттулга гэж хүн сүүлийн арван жил Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвттэл хорлов гэсэн асуулт тавиад харвал өөр өнцөг харагдана. Энэ хүний оролцоогүй бизнес, улс төрийн аливаа тохироо тендер гэж алга. Нарийн царигийн төмөр зам тавьсан бол бид өнөөдөр Хятадад экспортлох бүтээгдэхүүнээ хэд дахин нэмэгдүүлж болох байсан. Одоо Орос яаж байна, Хятадтай нарийн царигийн төмөр замаар холбогдчихсон нүүрсээ цутгаж байна шүү дээ.

Эдийн засаг геополитикийн хувьд аваад үзэхээр асар том гүрний асар том бодлого явж байна. Шуудхан хэлэхэд Монгол Улсын ардчилал хэмээх үнэт зүйлийг ямар нэгэн аргаар устгах далд санаа, холын бодлого хэрэгжиж эхэлжээ гэж хардах үндэс байна. Л.Гантөмөрийг Х.Баттулгын дуулгавартай цэрэг нь болж яваад харамсаж байна. Х.Баттулга дээр ажиллаж байсан бүх хүн Л.Гантөмөр дээр очсон. УИХ-д сонгогдсон бүлгийн гишүүдийн дийлэнх нь Женкогийн захиалгаар сонгогдсон хүмүүс. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэмт хэрэгт холбогдож байсан.

-Тэгэхээр та АН-ын хагарлын гол үүсвэр гадаад хүчний бодлого, Х. Баттулга гээд хэлчихлээ зөв үү?

-Тийм.

-Х. Баттулга ерөнхийлөгч асан та хоёрын хооронд хувь хүний зөрчил байсан уу?

-Үгүй. Хэрэв хувь хүний асуудал байсан бол би юу гэж хөтлөөд Ерөнхийлөгчид дэвшүүлэх юм. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ганзоригийг Х.Баттулга томилсон. Энэ хүний хийсэн хууль бус үйлдлээр Л.Гантөмөр гарч ирсэн. С.Баярцогт нь яагаад гарч болоогүй юм. Х. Баттулга өөрийгөө өргөмжлөөд АН-ын дарга гэж нэг хэсэг явсан. Тэгэхэд Л.Гантөмөр ерөнхий нарийн бичгийн дарга нь байсан.

-О.Цогтгэрэлийн ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан шүү дээ?

-О.Цогтгэрэл Х.Баттулгын хүн. Тэгэхээр Х.Баттулгын л хүн гэсэн үг биз дээ. Цэвэр Х.Баттулгын нөлөөнд байгаа түүний төлөөний хүн. Энэ хүн чинь Монголд байгаа ардчиллыг устгах гадаад дотоодын төлөөний хүн болчихоод байна шүү дээ.

С.Баярцогт яаж ч тэнэгтсэн Женкотой нийлэх хүн биш

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ын гишүүн Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажилласныг та хэрхэн хардаг вэ?

-Миний санаанд огт багтаагүй. Яаж ч харах гээд харж чадаагүй. АН-аас нэр дэвшиж төрийн тэргүүн хийж байсан хүн албан тушаалаасаа буугаад гол өрсөлдөгч намынхаа Ерөнхий сайд буюу эрх барьж буй намын хууль ёсны зөвлөх болоод ажиллана гэдэг бол яаж ч бодоод ухаан санаанд буухгүй зүйл. Монголын ард түмнийг илт доромжилсон зүйл л болсон. Намайг хэн хэлэх үү, нохойг хэн саах вэ гэдэг хандлага гаргасан. Энэ нөхөр их оргилуун байлаа шүү дээ.

-Х.Баттулга нь уу, Л.Оюун-Эрдэнэ нь үү?

-Х.Баттулгыг хэлээд байна. Тухайн үед Оросын нөлөө дэлхийд хүчтэй байлаа. Оросоос бүх Европ дэлхий нийтээрээ айж байлаа. Гэтэл өнөөдөр Орос ямар хэмжээнд очсон билээ, Х. Баттулга гэж хүний үнэн ямар хэмжээнд дэлгэгдсэн билээ. Аливаа зүйлд үнэн ялдаг юм гэж би хэлэх дуртай. Цаг хугацаа бүгдийг харуулна. Үнэн хэзээ ч ганцаарддаггүй. Би үнэний төлөө эцсээ хүртэл явна. Ядаж би энэ хүнээр, түүний төлөөний хүнээр намаа тоглуулмааргүй байна. Л.Гантөмөрийн талаар яривал олон юм бий. Боловсролын сайд байхдаа хүүхдүүдийн тархийг яаж угаав, яаж хордуулав, боловсролын салбарыг яаж унагаав, мүүний шашин гэж оруулж ирээд багш ажилчдын тархийг хэрхэн угаав гээд яривал их юм байгаа. Өнөөдөр ч гэсэн сайд нь хийж явсан салбарынхаа төслийн сургуулийг аваад хувийн болгоод суучихсан хүн шүү дээ.

-Та С.Баярцогт Х. Баттулгын талд байгаа гэдэгтэй санал нэгдэх үү?

-С.Баярцогт яаж ч тэнэгтсэн Женкотой нийлэх хүн биш. С.Баярцогтыг улстөрчийнх нь хувьд сайн мэднэ, харин хувь хүнийх нь хувьд мэдэхгүй. Өвөр түрийндээ орж, ойр дотно найз нөхөд гэж хүрээлж явсан биш. Бидний хувьд хоёр удаа парламентад цуг сууж байсан. 30 гаруй жил Социал демократ, Ардчилсан холбоо гээд явж байсан хүн.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж аль талд явна вэ. Зөвшилцлийн ажлын хэсэг гэж яваад байсан санагдаж байна?

-Надтай ямар нэг асуудал яриагүй. Ц.Элбэгдорж байгаа байхгүй нь мэдэгдэхгүй л явдаг хүн шүү дээ. Энд тэнд л олон улсын хурал цуглаанд суугаад явдаг хүн. Би түүнийг энд тэнд очоод хор найруулаад явдаг хүн гэж хардаггүй.

33 жилийн тэртээ ардчиллын туг болж явсан хүн өнөөдөр ухаан санаа нь муудахгүй л бол үнэт зүйлийнхээ эсрэг хор найруулаад ардчиллын эсрэг явна гэдэгт итгэхгүй. Х.Баттулгын хувьд тийм үнэт зүйлгүй. Яагаад гэвэл 2005 онд “Эрэл”-ийн намаас АН-д орж ирсэн хүн.

-М. Энхсайхан тантай АН-д зөвлөхөөр ажиллаж байгаа юу?

-Тийм. Зөвлөхөөр биш Улс төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. Улс төрийн зөвлөл гэдэг нь шинэ дүрмийн дагуу “сүүдрийн засгийн газар”-ын хэлбэрт шилжүүлж ажиллуулахаар төлөвлөж байна.

-2024 оны сонгууль хаяанд ирлээ. АН эвлэрвэл Монголын ардчилалд хэрэгтэй юм даа, уг нь?

-Өнөөдрийн нөхцөл байдлаар АН-д илүү их хор хохирол учруулахаар нөхцөл байдал үүсээд явж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд юу ч хийхгүй байна. Хэн нь ч АН-ын төлөө үг, үзэл бодлоо илэрхийлэхгүй яваа. УИХ-ын гишүүдээс бодлого ярьж байгаа гишүүд ч алга. Эрх барьж буй намдаа зарим нь тусалж давхар дээл өмсөхөд нь нэмэр болоод явж байна. Яагаад өнөөдрийн нөхцөл байдлыг ярихгүй яваа нь гайхал төрүүлж байна. АН сонгуульд эвлэрэхгүй орох нь гэхээсээ илүүтэй өнөөдрийн хүнд нөхцөл байдлын тухай ярихгүй суугаад харамсаж байна. Эвлэрье гэж бодъё, яг ямар зарчим дээр эвлэрэх юм тэгээд. Юуны төлөө эвлэрэх үү. Бид үнэт зүйл ардчиллаа худалдах уу.

-Нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Ямар нэг гаргалгаа олохоос аргагүй…?

-Хүнд байна гэдгийг мэдэж байна. Хүнд байна гээд наашаа харж инээгээд ардчиллыг устгах гэсэн санаатай ардаа хутга барьчихсан яваа нөхөдтэй эвлэрэх юм уу. Шударга ёсны орой дээр сууж байгаа дээд шүүхийн гаргаж буй шийдвэрийг хар л даа та. Гол сөрөг хүчний намаараа тоглочихлоо. Энэ асуудал дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс хэн нь ч дуугарахгүй байна.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй ойр ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Үгүй. Ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Бүлгийн гишүүд юу хийж явааг би үнэндээ ойлгохгүй, бас мэдэхгүй байна.

-Д.Ганбат гишүүн оролцож байгаа харагддаг даа…?

-Манай Д.Ганбат гишүүн л дуугарч байна.

-С. Одонтуяа гишүүн та хоёрын дунд үл ойлголцол гарсан уу?

-С. Одонтуяа хувь хүн. Анх улс төрд орж ирэхдээ л надтай цуг ажилласан. Тэр хүн биеэ хэрхэн авч явах, төрийн үйл ажиллагаанд яаж оролцох уу гэдэг нь тэр хүний л асуудал. Надтай сайн муу байх нь асуудал биш. Тэр хүн өнөөдөр өөрийгөө хэн бэ гэдгээ ойлгох ёстой. Өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэх хүртэл хэн тулж, түшиж өдий зэрэгт хүргэсэн юм бэ гэвэл мэдээж АН-ын гишүүд. Тэр дотроо Баянголын намын гишүүд түүнийг дэмжсэн. Одоо энэ хүн ямар ааш аяг гаргаж явааг олон түмэн харж байгаа учраас би илүү юм яримааргүй байна.

-УИХ дахь сөрөг хүчний бүлэг намтайгаа хамтарч ажиллахгүй байгаа гэхээр энэ парламентад сөрөг хүчин байгаа юм уу?

-УИХ дахь АН-ын бүлгийн хувьд Х.Баттулгын үүдэнд сууж байдаг л 10 хүн шүү дээ. Тийм хүмүүс яаж намтай ажиллах юм. Та бод л доо, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших АН-ын шийдвэрийг эсэргүүцээд ерөнхийлөгчийн заавраар талбай дээр гарч өлсгөлөн зарлаж байсан хүмүүстэй юу ярихав. АН- аас гарч бие дааж нэр дэвшсэн Н. Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэж тэр шүү дээ. Энэ чинь хуулиараа ч болохгүй дүрмээрээ болохгүй.

М.Тулгатад намын даргаа өгье гэсэн ч дээд шүүх бүртгэж аваагүй

-М.Тулгат гэх залууд та намын даргаа өгсөн гэчихээд яагаад албан ёсоор өгөхгүй явсан юм бол?

-Би намын даргаа өгсөн. Гэхдээ Дээд шүүх нь бүртгэж авахгүй байхад би яах юм.

-М.Тулгат одоо Л. Гантөмөр тэргүүтэй АН-ын талд байх шиг байна тэ?

-Тийм байлгүй, бүү мэд.

-Ч. Өнөрбаяр, О. Баасанхүү нар таны эсрэг талд ажиллаж байна. Уг нь тантай цуг ажиллаж байсан уу?

-Цаанаа эзэдтэй улс яаж явахыг би яаж мэдэх вэ.

-Та нүүрсний хэргийг яаж харж байна?

-Монголын байгалийн баялгийг эрээ цээргүй тонон дээрэмдсэн, асар том луйврын хэрэг гэж харж байгаа. Монголын ард түмний баялаг шүү дээ. Аль ч намын гишүүн бай хуулийн хариуцлага хүлээх ёстой.

-МАН Ардчилсан намыг тоглоомын нэг хэсэг болгож байна гэж үзэх хүмүүс байдаг. Харин та юу гэж бодож байна?

-Эрх барьж буй нам АН-ын хууль ёсны бүхий л үйл ажиллагааг хааж байна. Энэ бол цэвэр улс төрийн хүчирхийлэл. Хэт олонхыг бүрдүүлсэн парламентад төрийн бүх шатны байгууллага тэдний мэдэлд байна шүү дээ. Гол сөрөг хүчний намаа дотор нь хагалж, намын дүрмийн дагуу байх ёстой хууль ёсны зүйлд халдаж байгаа нь хүчирхийлэл.

-УИХ-ын дарга сая хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ авлигын эсрэг тэмцэнэ гэж хэлсэн. Тэмцэж чадах болов уу?

-Миний мэдэхийн бараг сүүлийн долоон жил авлигын эсрэг тэмцэнэ хэмээн ярьсаар ирсэн. Бүүр 1992 оноос л эхэлж ярьсан зүйл шүү дээ. Улсын сан хөмрөг хоосорсон ч татвар нэмэхгүй гэсэн хаана байна. Татварыг хэд дахин нэмчихлээ. Хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсөөд байна.

-АН-ыг энэ хүнд нөхцөлөөс гаргах гарц байна уу, ингэхэд?

-Маш том гарц бий. Энэ нь үзэл санаа үнэт зүйл дээрээ нэгдэх. Би үзэл санаа үнэт зүйл дээрээ нэгдье гэж байнга хэлж байгаа. Өнөөдөр үзэл санаа үнэт зүйлгүй АН байж яах юм бэ. Зөвхөн эрх ашиг дээр нэгдсэн хүмүүс яадгийг өнөөгийн эрх баригчдын үйлдлээс харж болохоор байна.

-Та 2024 оны сонгуулийг яаж харж байна?

-Маш хүнд байна. Хуучин авлигыг сая төгрөгөөр ярьдаг байсан бол одоо тэрбум төгрөг юу ч биш болж их наядаар ярьдаг болсон байна. Энэ их хэмжээний мөнгө хэний халаасанд байна вэ. Мэдээж эрх мэдэлтнүүдийн халаасанд байна. Энэ мөнгө 2024 онд юунд зарцуулагдах уу. Мэдээж эрх мэдэлтнүүд эрх мэдэл албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд зарцуулна. Гэхдээ би Монголын ард түмний зөв шударга сонголтод итгэж байгаа. Ард түмэн сонголтоо зөв хийж чадвал хэдэн арван их наядтай байгаад тэд яаж ч чадахгүй. Монгол Улсын гол аврал монголчууд бид өөрсдөө.

-Дахиад асууя, АН-д итгэдэг нийт олны төлөө хэдхэн хүн ширээний ард суугаад Монголын эрх ашгийн төлөө нэгдэж яагаад чадахгүй байна вэ?

-Давтаад хэлэхэд юуны төлөө нэгдэх юм гэдэг чинь өөрөө сонин болчихоод байна. Би сая хэллээ үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдье гэвэл би бэлэн. Харин өөр эрх ашгийн төлөө нэгдье гэвэл би чадахгүй гэж хэлнэ. Ердөө л энэ.

-Эсвэл АН бүр тараад, задраад тус тусдаа нам намаа байгуулаад явчихвал илүү ойр шийдэл байж мэдэх юм…?

С.Эрдэнэ-Хууль ёсны болон хууль бусын ч бүх зүйлийг өнөөдөр эрх мэдэлтнүүд хаачихаад байна. Дээр нь бүх хэвлэл мэдээллийг эрх баригчид худалдаад авчихсан. Шударга үнэний дуу хоолой болж буй хэн ч алга. Бодит зүйлийг бичиж буй нэг ч хэвлэл алга байна шүү дээ.

-Л. Гантөмөр, С. Эрдэнэ хоёрт ямар нэг хэлцэл явагдаж уулзах нөхцөл байна уу сонгуулиас өмнө?

-Үзэл санаа үнэт зүйлтэй нэгдье гэвэл би хэнтэй ч уулзахад бэлэн. Хэнтэй ч нэгдэхэд бэлэн. Үнэт зүйл үзэл санаагаа үгүй гэж байвал би бас үгүй. Бүх зүйл тодорхой байх ёстой. Би хувь хүний эрх чөлөө, парламентын засаглалын төлөө л зүтгэнэ. Энэ бүгдийг үгүй гэж байвал би бас үгүй л гэж хариулна.

-Зарим хүмүүс “С. Эрдэнэ одоо больчихдоггүй юм байх даа” гэсэн өнгө аястай шүүмжлэл хэлж байгаа анзаарагдах юм…?

-Х.Баттулга намайг хамгийн муу хүн болгох гэж өнөөдрийг хүртэл явлаа шүү дээ. Би намын даргын ажлаа өгсөн. Гэтэл яасныг та мэдэж байгаа. Би сандал суудлын төлөө яваагүй. 33 жил ардчиллын төлөө зүтгэсэн, тэмцсэн хүний хувьд “Одоо больчихооч” гэдэг үгийг ойлгохгүй байна. Үнэт зүйл үзэл санаагаа орхи гэсэн үг үү. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээ орхиж чадахгүй. Ардчиллын төлөө эцсээ хүртэл явна.

-Таныг МАН-тай нийлж Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг хуваасан гэдэг, энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Надад эрх баригчдтай нийлж намаа хуваах ямар ч шаардлага байхгүй. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аасаа нэр дэвшиж журмын нөхдийнхээ дэмжлэгтэйгээр гарч ирсэн. Хэн нэгэн хөндлөнгийн дэмжлэгээр гарч ирээгүй. Харин би эрх баригчдад хариуцлага тооцох гэж оролдсон. Үүнийхээ үр дүнд АН аас сонгогдсон Ерөнхийлөгчийг урвагч гэж таниагүй учраас асар том алдаа гаргасан.

-Зангаргатай улстөрч болъё гэвэл асар их эрсдэл туулдаг юм шиг?

-Улс төрд үүсэх аливаа эрсдэлийг үүрч үнэт зүйлийнхээ төлөө тууштай тэмцэх л гэж орж ирсэн. Би өнөөдөр ганцаараа биш надтай ижил үзэл санаатай мянга мянган гишүүд манай намд бий. Монголд ардчилал байгаа учраас Монгол Улс тусгаар тогтносон улс байгаа юм. Монголд ардчилал байхгүй болсон яг тэр мөчид Монголын тусгаар тогтнол байхгүй болно. Энэ ардчиллын төлөө бидний өвөг дээдэс халуун амь, бүлээн цусаараа, гэр бүл үр хүүхдээрээ дэнчин тавиад зүтгэсэн. Тиймээс бид үргэлжлүүлэх ёстой. Улсын тусгаар тогтнол хямд зүйл биш. Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө би тэмцэж байна. Тэднийг гишгэх газартай, амьсгалах агаартай тусгаар Монгол улсын иргэн байгаасай гэж хүсэж байгаа учир би тууштай тэмцэж яваа юм.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Дэмжсэн сэтгэгдэл бичихээр шууд устах юм Муу хэлвэл бичигдээд байх юм цахимд ч хүчээ нэгтэгжээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img