-Саяхан мөөгчдийн зөвлөгөөн ШУА-д болсон. Тэр хурал дээр илтгэл тавихдаа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ?
-Мөөг үйлдвэрлэгчид бий боллоо гэдгийг хэрэглэгчид ч, төр засгийнхан ч мэдээсэй гэж хүссэн. Шинжлэх ухааны байгууллагууд мөөгний салбарыг тусад нь хөгжүүлээч. Мөөгийг битгий орхигдуулаач гэдэг шийдвэрийг гаргуулах цаад зорилго байв. Зөвлөгөөний дараа ШУА-д мөөг замаг гээд тусдаа судалгааны нэгж байгуулагдсан. Тэр бол бидний зөвлөгөөний үр дүн байлаа.
Яагаад мөөг гэхээр газар тариалангийн хаягдал хоёрдогч түүхий эд ашиглаад мөөг тарих хөрс бэлтгэдэг онцлогтой. Мөөг тарьсны дараа гарч байгаа хаягдал малын тэжээлийн хольц, түлш, бордоо болдог ач холбогдолтой.
-Кофены шааран дээр мөөг ургуулдаг технологи туршсан гэсэн үү?
-Бид эхлээд сүрлэн дээр мөөг тариалах технологи эзэмших гэж багагүй хугацаа зарцуулсан. Түүний дараа шинэс, хус, нарс моднууд дээр мөөг тариалж туршлаа. Мөн кофены шааран дээр тариаллаа. 2022 онд 18 дугаар сургуулийн наймдугаар ангийн зургаан сурагч кофены шааран дээр мөөг тариалах төсөл хэрэгжүүлсэн. Олон улсад тогтвортой хөгжлийг монголчууд ингэж хангаж байна гэсэн илтгэл герман хэл дээр тавьж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм.
-Кофены шааран дээр мөөг тарьж болно гэдгийг гадныхан туршсан юм уу?
-Гадныхан туршаад үзсэн. Бид Монголдоо нэвтрүүлж байна.
Гадныхан туршчихлаа гээд монголчууд шууд аваад хэрэглэчихдэг юм биш шүү дээ. Бид эндээ нэвтрүүлэх гэж бөөн юм болж байна. Бидний гол зорилго хонины ноосон дээр мөөг тариалах юм шүү дээ. Бид түүн рүүгээ нэг алхам ойртож байна.
-Хонины ноосыг ашиглаад, монгол залуус агаар шүүгчийн шүүлтүүр хийсэн. Бас барилгын дулаалга, бордоо хийсэн санагдаж байна. Хонины ноосон дээр мөөг тарьчихвал монгол хонины ноосыг үнэхээр үнэ цэнтэй болгох нь ээ?
– Яг тэгж ойлгож болно. Монголын онцлогтой бүтээгдэхүүн бий болгох гэж оролдох ёстой юм. Тэгж байж л экспортын үйлдвэрлэл эхлүүлнэ. Бидний өгөгдөл мал аж ахуй. Энэ судалгааны ажлыг дөнгөж эхлүүлж байна л даа. Судалгаа үйлдвэрлэлд нэвтрэх хүртэл асар их цаг хугацаа, мөнгөний асуудал байдаг. Одоохондоо энэ ажлыг өөрсдөө л хийж байна.
-Францад амьдарч байхдаа мөөг сонирхсон гэл үү?
-Нөхөр, хоёр хүүхэдтэйгээ Франц явж байсан. Тэгж оччихоод Монгол буцъя гэдэг байсан. “Энд болж л байна шүү дээ. Хүүхдүүд сургуульд орчихлоо” гэж нөхөр маань хэлдэг. “Хэлтэй юм чинь шуудан дээр захиа ялгаад сурчихвал байр баталгаатай болох гээд байна, бичиг баримт шийдэгдэх гээд байна” гэдэг. Тэр бүхнийг нь би сонсохыг хүсдэггүй. Тэгэхэд 33 настай байлаа. Одоо л ямар нэг юм бүтээхгүй бол оройтох юм байна гэж бодогдоно. Бельгид айлын шал угааж байгаа хүүхнүүдийг мэднэ. Швейцарид байдаг хүүхнүүд, Чех, Унгар, Францын монголчуудыг мэднэ. “Хүүхдийнхээ төлөө” л гээд байдаг. Хүүхдээ сургуульд сургаад арав, хорин жил шал угаасан гэж байгаа юм. Тэр эмэгтэйн амьдрал юу болов? Хүүхдүүд яах вэ хэл сураад, хоорондоо францаар яриад, ээж нь ойлгохгүй. Ан цав үүсч байгаа юм. Би тэгээд бодсон.
“Хүүхдүүдийн амьдрал өөрсдийнх нь гарт байна. Өнөөдрийн амьдрал минийх юм байна. Хүүхдүүдийг бодож энд шал угаахгүй, захидал ялгахгүй шүү” гэж бодогдсон.
Яг юу хийж чадахаа Монголд ирээд үзье л гэж бодсон юм.
Бүтэн жил цамнаж, нутаг буцах бэлтгэл хийж байж таван жилийн дараа Монголдоо ирсэн. Тэндээс наашаа хөдөлнө гэдэг бас л чанга. Тэнд байгаа монголчуудыг ойлгосон. Хөөрхий, өөрийнхөө амьдралыг золиосолдог юм байна. Хүүхдүүд Монголдоо сурсан ч Бельги, Нидерланд, Франц яваад сурах боломжтой.
-Яагаад мөөгийг чухалчлав?
-Тэнд би цөөнгүй ферм дээр очиж, хэдэн өдөр ажиллаж үзлээ. Бяслаг үйлдвэрлэгчид, мөөгчид дээр ч очсон. Монголд ирсэн хойноо ХААИС-ийн сургалтад суусан юм. Х.Алтанцэцэг багш ч намайг сэнхрүүлээд тавьчихлаа.
Зүрх сэтгэл мөөг рүү наашлаад, хожим Солонгосын мөөгний бизнес эрхлэгчтэй уулзсан маань ч их нөлөөлсөн. Харилцан аялал хийж, тэр хүн манай өгөгдлийг бүр баталгаажуулсан юм. Тэр хүн юу ярьсан гэхээр “Хөдөө аж ахуйн салбар эрсдэлтэй болоод байна. Байгалиас юм ургуулж авахад амаргүй боллоо. Дөрвөн улирлын хүлэмж буюу босоо фарм руу явах нь зөв. Яагаад гэхээр танай орны цаг агаар, нөхцөл байдал гурван улиралдаа сэрүүхэн, нэг улирал нь л халуун. Асар их ойн болон мал аж ахуйн хаягдалтай. Түүнийгээ бүрэн гүйцэд ашиглаж чаддаггүй. Хөдөө аж ахуйн салбартаа ноолуур, ноосыг эс тооцвол экспортын олигтой бүтээгдэхүүн ч байхгүй” гэсэн юм. Солонгост ч 1970-аад онд ашигтай ажилладаг байсан мөөгний фермүүд дэлхийн дулаарлаас болоод амаргүй нөхцөлд ажиллах болжээ. Дэлхийн дулаарлаас болоод хөргүүр ажиллуулахаар зардал өсөх болж л дээ. Халуун агаарыг хөргөх зардал, хүйтэн агаарыг халаах зардал өөр юм байна. Босоо фермүүд эзлэхүүнээрээ талбайгаа ашигладаг. Нүсэр том талбай шаардахгүй. Зарим хүн “Мөөг тариалмаар байна, тэдэн га газартай” гээд орж ирдэг. Мөөгөнд хэдэн га талбай хэрэггүй л дээ.
Хөдөө орон нутагт фермийн аж ахуй эрхлэхгүй бол юу хийх вэ. Би чинь Улаанбаатараас гарч амьдарна гэдэг бодолтой хүн шүү дээ. Мөөгний аж ахуйгаас хаягдал гардаггүй. Хөдөө аж ахуйн салбар мөртлөө байгальд ээлтэй аж ахуй гэхээр мөөг л бодогдсон.
Нэг зэрэг гурван юм эхэлсэн л дээ. Эхлээд мянган мод суулгаж, төгөл байгуулах гэж үзсэн. Амжилттай болоогүй. Мод бол мөрөөдөл юм байна гээд л үлдсэн. Тэгээд мөөгөө л хөгжүүлье гэсэн юм.
-Танайх дөрвөн хүүхэдтэй юу?
-Монголд ирээд ахиад хоёр хүүхэд төрүүлсэн. Ингээд дөрвөн хүүхэдтэй болсон.
-2016 оноос хойш мөөгтэй холбогдсон гэсэн үү?
-Тийм. 2016 онд мөөг тариалах адилхан сонирхолтой ахтай хамтрахаар болж, гурав гурван сая төгрөг нийлүүлээд, ажлаа эхлүүлсэн. Өндийж өгдөггүй ээ. Хиншүү ханхлуулаад яваад байдаг. Ах маань “Чи төрийн албанд орчих оо, чамайг оруулаад өгье, амьдрал хэцүүдлээ шүү дээ” гэдэг. “Үгүй ээ, та өөрөө яв” гээд байдаг. Бизнесийн загвараа өөрчлөхийн тулд суръя гээд бизнесийн бүх л сургалтад суусан. Тэгээд ерөнхийдөө одоогийн кластерын загварыг гаргаж ирсэн юм.
Намайг чиглүүлсэн хүмүүс байна л даа. Бизнесийн загвараа өөрчлөхөөр хайж байхад яг зөв сургалтууд давхцаж таарсан. Хамгийн сүүлд ЖАЙКА-гаас зохион байгуулдаг хөдөө аж ахуйн салбарыг хүнсний өртөгийн сүлжээтэй яаж холбох талаар сургалтад суусан. Юунд тулгуурлаж системээ бүтээхээр амжилттай байдаг вэ гэдэгт суралцсан юм. Бидний эхлүүлээд байгаа энэ загвар маш зөв гэж ойлгосон. Орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахад тулгуурлаад, Өмнөговийнхон заг, аргал дээрээ тариалж болно. Зүүн аймгийнхан үр тариа, баруун аймгийнхан модон дээрээ онцлог амттай өөр өөр мөөг тариалаад, ондоошил бий болгосон мөртлөө нэгдмэл төлөвлөгөөтэй яваад, эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байгаа юм.
Манайхан эмийн мөөг иддэг, сүлжээгээр орж ирж байгаа бүтээгэхүүнүүд бараг бүгд мөөгөн дээр суурилсан байдаг. Мөөгтэй гаа, кофе, шампунь аваад хэрэглэдэг. Мөөг оролцсон импортын эмийн бүтээгдэхүүний мөнгөн дүн өндөр.
-Мөөгний бизнес хийе гэхэд зээл олддог уу?
-Зээл авахын тулд та ашигтай ажиллаж байх ёстой. Барьцаа хөрөнгөтэй байх ёстой гэдэг. Бид барьцаа хөрөнгөгүй, ашиг орлоготой ажилласан компаниуд нь цөөхөн. Тийм болохоор мөөгчид ашигтай ажиллаж, түүх үүсгэж байж хамрагдана. Энэ жилийн хүнсний хувьсгалын хүрээнд олгогдох зээлд манайхнаас хоёр, гурван компани л орж чадна. Ер нь монголчуудын жижиг бизнес өрхийн үйлдвэрлэл хэвээр явсаар байгаад хамаг энерги нь дуусчихаад байгаа юм.
-Танай төрийн бус байгууллагад хэр олон хүн, байгууллага хамрагдсан бэ?
-Энэ салбарыг нэгдсэн байдлаар төлөвлөж хөгжүүлэх ёстой юм байна гээд кластерийн системийг зөвшөөрөөд орж исрэн 28 гишүүнтэй. Хурлаа хоёр дахь жилдээ зохион байгуулсан. Хэн гишүүн болдог гэхээр судлаачид, үйлдвэрлэгчид, багш нар гээд энэ салбарт үйлдвэрлэгчдийг хөгжүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн хүмүүс. Жилд нэг удаа хурал хийж, тухайн жилийн ажлаа тайлагнаж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөж, дүрмээ сайжруулж явдаг. 2020 онд байгуулагдсан шинэ байгууллага. Миний хувьд гүйцэтгэх захирлаар гурван жил ажиллаад ажлаа өгнө. Өнгөрсөн жил бид ЖАЙКА-гийн нэмүү өртгийн сүлжээ төслөөс 60-70-аад сая төгрөг татаж оруулж ирээд, мөөгчдөд хэрэгтэй байгаа ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
-Та “Шарк танк”-д орж мөнгө босгосон гэл үү?
-Тийм. Тэнд би мөөгний төслөө танилцуулаад, 110 сая төгрөгийн санхүүжилт босгосон юм.
-Хүмүүс үнэхээр мөнгө өгдөг юм уу, хамтарч ажилладаг уу гэж сонирхдог?
-Мөнгө өгсөн. Мөнгө өгсөн учраас компани байгуулж ажилласан гэсэн үг.
Мөнгө өгөөгүй бол би “Мөөжиг органик” ХХК байгуулахгүй байсан.
Г.Амартүвшин гишүүн, Л.Чинбат шарк хоёр тус бүр 55 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан. Яалт ч үгүй өгсөн.
-Тэд танд зөвлөж тусалсан уу?
-Бид төлөвлөгөө гаргаад, мөнгө төгрөг авсан. Төлөвлөсөн хугацаа болсон ч өндийдөггүй ээ. Дахиад юм хийнэ гэхээр мөнгө хэрэг боллоо. Шаркууд бол ажиллаж байх хугацаандаа чиглүүлнэ л дээ. Үе үе уулзалт хийнэ, тайлангаа бид өгөх ёстой. Дахиж мөнгө санхүүжилт хэрэгтэй болоход хоёр шарк татгалзсан учраас би хувьцаагаа буцааж худалдаж авахаар үнэ тохиролцоод, салсан. Шаркууд хөрөнгө оруулаагүй бол би тийм зоригтойгоор 320 метр кв мөөгний үйлдвэр байгуулж ажиллаж чадахгүй байсан.
Санхүүгийн хувьд өндийж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан түрээсийн байраар их явсан. Түрээсийн байранд шууд мөөг тарихгүй, сан, цахилгааны ажил хийгээд явчихдаг. Тэгж маш их хугацаа алдсан. 320 метр кв үйлдвэрийн байр түрээслээд, өөрөө үрээ үйлдвэрлээд, хөрсөө бэлтгээд, мөөгөө ургуулаад, сав баглаа боодлоо хийгээд, борлуулаад, маркетингээ хийгээд байсан юм. Надтай нийлээд зургаан ажилчинтай. Тэр олон шат дамжлага явсаар байгаад хаана мөнгө олох вэ гэхээр зөвхөн мөөг борлуулсан тохиолдолд олно.
Үрийг нь ургууллаа, маркетинг хийлээ гэж мөнгө олохгүй.
Нэг орлоготой, зургаан зардалтай компани яаж өндийх вэ.
Үр бэлтгэсэн ч өөртөө л хэрэглэнэ. Тэр үед үр үйлдвэрлэхэд авдаг хүн байгаагүй.
-Бүгдийг зэрэг хийж чадахгүй, кластераар хөгжүүлэх ёстой гэдэг санаа тэр үед төрсөн үү?
-Тийм. Баланс нь хасах, яаж нэмэх болгох вэ гэхээр мөөгний үр үйлдвэрлэлээ гэхэд ашгаа олоод, хүнээ цалинжуулаад, түүхий эдээ авчихдаг байх хэрэгтэй биз дээ. Одоо бол үр үйлдвэрлэгчид тусдаа гарчихсан. Нийтдээ 1000 мкв дээр энэ жил бид ажиллана.
Сарын 2 тонн мөөг үйлдвэрлэнэ. Надаас хамаарахгүйгээр энд үрээ үйлдвэрлэж тэнд хөрсөө бэлтгэж байна. Энүүгээр тэрүүгээр мөөгөө ургуулж байна. Мөөгөө хураагаад энд агуулах дээрээ авчирч өгнө. Агуулах дээр би яаж маркетинг хийх вэ, хэнд борлуулах вэ гэдэг дээр ажиллаж байна.
-Амжилтгүй туршлага том сургууль шүү?
-Тийм. Дор дороо ашигтай байх бизнесийн хувилбарууд гаргаж, ядаж тэдэн тонн үр үйлдвэрлэж байж ашигтай ажиллана гэдэг загварыг санал болгохоор хүмүүс сонирхоод ирж байгаа юм. Үрийг нь үйлдвэрлэвэл би ямар ашигтай ажиллах юм бэ гэхээр би хариулт өгч байгаа юм. Та 120-160 метр кв ажлын байртай байх ёстой шүү гэдэг. Тэр бизнесийн загваруудыг гаргаж ирээд тооцоог нь хийсэн. Та сүрэлтэй юм чинь энийг нь сонирх. Та ажилтай юм чинь мөөг ургуулчих гэдэг.
Би монголчуудын мөнгийг хэмнэж байгаа биз дээ. Хиншүү ханхалтал “шатаж” байсан хүн шүү дээ.
Энэ бизнес загварыг гаргаж ирэх хүртэл би гурван жилийн дотор бараг 300 сая төгрөг үрчихэж байгаа юм.
-Нөхөр чинь боль гэх үү?
-Тэрэн дээр л харин нөхрийн ноён нуруу хэрэг болсон шүү. Нөхөр араас дэмжээгүй, миний хүслийг хааж боосон бол би тэгээд л дуусах байсан. Гурван сартай хүүхдээ аваад, Дархан руу мөөгний үйлдвэр рүүгээ явчихаж байгаа юм. Дараа нь зургаан сартай хүүхдээ орхиод, мөөгний мэргэжилтэнтэй уулзана гээд Солонгос руу явж байв. Тэр болгоны зардал мөнгийг нөхөр л гаргана. Эхлээд л хоёулаа ороод явж байснаа “Би өөр ажил хийхгүй бол бол манай гэр бүл хоосон хонох нь” гэсэн юм. Цалингаа аваад надад өгчихдөг. Сүүлдээ уурлаж аваад, өгөхгүй болохоор нь хулгайлаад авсан удаа ч бий. Өөр яах юм, тэнд тоног төхөөрөмж угсрах гээд мөнгө хэрэг болоод байсан юм чинь. Тэгж аймаар тэмцсэн. Энэ ч үгэнд орохгүй нь дээ л гэж бодсон байх. Хөдөлмөрлөөд байгаа юм чинь ямар ч байсан нэг юм болох байлгүй дээ л гэж манай нөхөр найдсан байх.
Чи мөнгө олж байна уу гэхгүй л байгаа юм. Харин одооноос арай өөр болсон.
Ер нь 2019 он хүртэл өчнөөн өр ширэнд ороод, маш их туршилт хийсэн. Түүнээс хойш бага сага олж эхэлсэн. Олсон мөнгөөрөө зээлээ төлөөд л явж байгаа. 100 сая төгрөгийн зээл маань жаахан үлдсэн, одоо ч төлдөг.
-Солонгост мөөгний мэргэжилтэнтэй уулзах гээд өөрөө очсон юм уу?
-Тийм, Солонгос явсан. Хамгийн эхлээд Орос руу явж, тэдний технологийг судалсан юм. Туршлага судалж ирээд хөөрхөн ажиллаж эхэлсэнээ халдвар үүсээд, бохирдоод буцаад уначихсан. Орост сүрэл, будаа стандарттай байдаг юм билээ. Монголд тийм биш. Стандарт бус юман дээр ажиллахаар сөхөрч унах нь аргагүй. Тэд нэг алхмаар асуудалгүй ажиллаж байхад бид хоёр алхмаар ариутгал хийх ёстой юм билээ. Түрээсийн байранд, суурь мэдлэггүй нөхцөлд ажиллана гэдэг одоо бодоход тамын тогоо л байж. Тэгэнгүүт нь нэг ажилтнаа дагуулаад урагшаа Хятад руу сар явсан. Солонгосын компанитай харилцаа тогтоогоод, урьж авчраад, дараа нь өөрөө Солонгос явж туршлага судалсан.
Одоо бол бид кластер дээрээ өөрөө ажиллах гэж байгаа ажлын байртай хүмүүсийг л оруулж ирж байгаа. Миний хийж чадсан зүйл энэ салбарын тухай нэлээд олон хүнд түгээж өгсөн. Багаа бүрдүүлсэн л гэсэн үг.
-Сургалтад хэр олон хүн ирдэг вэ?
-Мянгаад хүнд сургалт, мэдээлэл өгсөн байна лээ. Сүүлдээ ХААИС-ийн багш нартай хамтарч сургалт хийсэн. ХААИС-ийн онолын талыг, өөрийн практиктай хослуулаад нэгдсэн байдлаар сургалт хийх болсон. Одоо бол мөөгний сургалт гэхээр Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээний сургалт юм байна гэсэн ойлголтыг хүмүүс авсан. Үзүүлээд харуулаад, бариулаад, идүүлээд, үнэртүүлээд, тэр хүнийг салбартаа оруулж ирэх ажлыг хийж байгаа юм. Энэ олон хүн дундаас тууштай зүтгэх хүн гараад ирдэг. Бусад салбарт хүн алга гээд байгаа. Манай салбарт бол хүн бий. Сонирхол байна. Энэ хүмүүст хэрэгтэй байгаа жаахан жаахан мөнгийг олоод өгчихвөл болох гээд байна. ЖАЙКА-гаас төсөл аваад жаахан юм хийсэн гэдэг нь тэр. Бид бол гоё баг. Багш нараа урьж авчраад хичээл заалгаад цалинг нь өгчихнө, судалгааны ажил хийлгэнэ. Судлаачдаа боломжоороо дэмждэг.