2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа: Материаллаг зүйлд ханасан, сэтгэлийн амар амгаланг л илүү хүсэж байна

УИХ-ын гишүүн асан Б. Мөнхтуяатай уулзахаар зуслангийнх нь байшинг зорилоо. Улстөрч бүсгүйтэй хувийн амьдрал, хувь хүний мөн чанарыг нь хөндсөн яриа өрнүүлснээ таны өмнө дэлгэе. Мэдээж улстөрчийнх нь хувьд сонирхсон асуултууд ч бий.

-Бүдээгийн Мөнхтуяа хувь хүн талаасаа хэрхэн оршиж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

Мөнхтуяа-Би сайхан оршиж байна. Орших оршихдоо маш чанартай оршиж байгаа. Цаг үеэ дагаад амьдралд хандах байр суурь маань нэлээд өөрчлөгдсөн. Хүн төрөлхтний хөгжил онцгой эрин үед ирчихлээ л дээ. Тэр утгаараа оюун санааны хувьд ихээхэн өөрчлөгдсөн гэмээр юм уу. Хүнийг удирдаж байдаг зүйл нь оюун ухаан. Оюун ухааныг удирддаг зүйл нь дотоод энерги, энэ бүгд орчлон ертөнцөөс үүдэн, хувьсан өөрчлөгдөж байдаг. Хүний амьдралын хэмнэл эрчим энергиэ дагаад өөрчлөгддөг. Бага залуу насандаа материаллаг зүйлд их ач холбогдол өгдөг байж. Нүдэнд харагдаж байгаа юмсыг бодит юм шиг, мөнхийн зүйл шиг эндүүрч явжээ.

-Улстөрч Мөнхтуяаг гадаадад бизнес эрхэлдэг эмэгтэй буюу хэдэн тэрбумын хөрөнгөтэй бүсгүй гэдгээр тань олон нийт илүү мэднэ. Материаллыг зүйлд ач холбогдол өгөхгүй амьдрах сайхан гэж ярьдаг ч ачир дээрээ яг тэгж амьдрах хэцүү л дээ…?

-Олон тэрбумын хөрөнгө цаашид чухал уу эсвэл…гэдэг ойлголт өөр болоод байна л даа, өнөө үед. Дотоодоо сонсох нь, өөр рүүгээ өнгийх нь илүү чухлыг мэдэрсэн. Магадгүй материаллаг зүйлд цадаж, сайхан амьдарч байна гэх нэгэн байхад дотоод энерги эрчим хүчээ хэрхэн нэмэгдүүлж сэтгэлийн амар амгаланг эдлэх нь хувь илүү юм байна гэж бодох нэгэн ч бий гэж хариулмаар байна.

Жишээ нь миний хувьд сэтгэлийн амар амгаланг мэдэрч байх үедээ амьдралын сайхныг илүүтэй мэдэрч байна. Оршин байгаа бүхнийг хүлээн зөвшөөрч өөртөө буй бүхэндээ сэтгэл ханамжтай байх нь сэтгэлийн амар амгаланг эдлэх боломж юм даа. Мэдээж хэн ч өөрийн хэмжээнд төгс болохын төлөө чармайдаг. Тэр утгаараа өөрийнхөө хувьд материаллаг зүйлээс өөрийгөө чөлөөлөхийг хүсэж байгаа, чармайж байна. Мэдээж надаас шалтгаалахгүй зүйлс бас бий. Би өнөөдөр хүний орчлонд амьдарч яваа. Гэр бүл, ах дүү нар гээд нийгэм гэж бас байна.

-Харзанд ордог байсныг тань мэднэ. Харзанд ордог хүмүүс эрүүл мэндийн олон асуудлаа шийдсэн гэдэг юм билээ. Танд яаж нөлөөлсөн бэ?

-Нэг хэсэг орсон. Ковидоос болж сүүлийн нэг хоёр жил ороогүй. Харзны ус хүний эсийн түвшинд нөлөөлдөг, сайн зүйл. Унтаа байгаа эсийг сэрээж, эрүүл мэнд эрч хүч бэлэглэдэг.
Эрүүл мэндийн хувьд эерэгээр нөлөөлсөн.

-Миний мэдэхийн та лав арав гаруй жил бясалгаж, цагаан хоол идсэн. Ямар бясалгал хийдэг вэ?

-Хүн удган модонд очиж мөргөөд л, ээж хайрханд ч очиж мөргөөд яваад байдаг нь цаанаа учиртай. Хүн байгалийн амьтан учраас дотоодод байгаа бурхантайгаа уулзах гээд будлиад явдаг. Миний энэ эрэл хайгуулд “төгс гэгээрсэн Их багш Чин Хай багшийн удирдаж буй арьяабалын бясалгал “ таарсан. Энэ бясалгалд мөрдөх ёстой нэг журам нь амьтны амь хөнөөхгүй байх. Тэгээд л цагаан хоолтон болсон юм.

-Та нэг хүүтэй. Эмээ болсон мэдрэмжээ хуваалцаач?

-Хүүгээ өсөх үед ажил гэж явсаар сайн ээж байж чадаагүй. Аав нь хүүдээ илүү цаг гаргаж байсан. Миний ач нар чинь миний бурхад, амьдралын минь баяр, баясал (инээв). Хүү, бэр, ач нараа ирэхээр өөрийнхөө гараар барьсан талх, загсаасан өрөм, хийсэн хайлмагаараа дайлах дуртай. Жинхэнэ аз жаргалыг мэдрүүлсэн агшин гэвэл энэ л байна даа.

Бизнес эрхлэгчид цугаараа зээлийн дарамтад орчихсон байна

-Анх таны бизнес хийж байсан үеэ өнөөтэй харьцуулбал хэр том ялгаа анзаарагддаг вэ?

-Ялгаа байлгүй яах вэ. Биднийг анх бизнес эрхэлж байсан цаг үе зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан үе. Энэ үед ганзагын наймаа ид эхэлж байв. Гэхдээ би ганзагын наймаанд явж байгаагүй. Дүү нар маань явсан. Яг энэ үед би Герман улсад хоёр дахь удаагаа сурч байсан. Энэ сургалт надад их ач холбогдолтой байсан. Учир юу гэвэл зах зээлийн нийгэм гэдгийг надад таниулж өгсөн. Тэгээд би сургуулиа амжилттай төгсөөд Герман улсаас бизнесээ хөгжүүлж эхэлсэн юм. Яг энэ үед дэлгүүрүүдийн лангуу хоосон байсан тул би Германаас хүнс, өргөн хэрэглээний бараа, барилгын материал зэрэг бүтээгдэхүүнүүдийг импортлох бизнес эхэлсэн юм. Манай компани Германаас Монгол руугаа барилгын бараа бүтээгдэхүүн импортолдог байсан бол өнөөдөр эдгээр бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон байх жишээтэй. Ковид нь бизнес эрхлэгчдэд сөргөөр их нөлөөллөө. Өнөөдөр бизнес эрхлэгчид бүгд л зээлийн дарамтад орчихоод байна. Уг нь төр засаг аж ахуйн нэгжүүдийг зээлийн дарамтаас нэг удаа зоригтой чөлөөлчихмөөр байгаа юм. Иргэд аж ахуй нэгжийн худалдан авалт муу, компаниуд хүнд цаг үеийг туулж байна. Одоо дэлхий даяар “санхүүгийн квантын систем” нэвтрэх гэж байна. Тодруулбал нэг төгрөг нэг рубльтэй тэнцэх, нэг төгрөг нэг доллартой тэнцэх шинэ эрин ирж байна.

-Нэг төгрөг нэг доллартой тэнцэх боломж байх уу?

-Байна. Дэлхийд НҮБ-д бүртгэлтэй 195 орон бий. Эндээс 117 орон нь энэ чиглэл рүү хамтраад нэгдээд явчихлаа шүү дээ. Өнөөдөр Америк доллар олон улсын худалдаанд өргөн хэрэглэгдэг мөнгөн тэмдэгт байхаа больж байна. Тухайлбал хойд болон өмнөд хөршүүд өөрийн мөнгөн тэмдэгтийг алтаар баталгаажуулаад гадаад худалдааныхаа эргэлтэд оруулж байна. Тэгэхээр тухайн улсын мөнгөн дэвсгэрт алтаар л баталгаажсан бол нэр нь өөр боловч энэ валютуудын үнэ цэн адилхан болно. Тодруулбал доллараар хийдэг байсан худалдааг тухайн улсын мөнгөн дэвсгэртээр хийдэг болох юм л даа, цаашид. Тэгэхээр нэг доллар нэг төгрөгтэй тэнцдэг цаг холгүй байна. Манай улс ч гэсэн дэлхийн санхүү эдийн засгийн энэ шинэчлэл өөрчлөлтөд удахгүй орох байлгүй дээ.

-Санаанд буухад хол, сонин л дүгнэлт байна. Таны санаачилсан, Ерөнхийлөгчийн ивээл дор болдог Мянган ээжийн чуулга уулзалтын энэ жилийн уриаг “Энх тайван” гэсэн байсан. Яагаад ийм уриа сонгосон бэ?

-УИХ-ын гишүүн байхдаа санаачилсан хуулийн төслийн маань нэг гол ажил л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн гэж явдаг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хүн ам зүй, удмын сангийн аюулгүй байдал” чухал байр суурь эзэлдэг. Энэ утгаараа үе үеийн Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж ирсэн. Олон хүүхэд төрүүлсэн ижий нарыг 1957 оноос эхлэн “Алдарт Эх” хэмээх төрийн одонгоор шагнаж урамшуулж ирсэн байдаг. Ингээд 50 жилийн дараа буюу 2007 оноос эхлэн олон хүүхэд төрүүлсэн ижий нарт жил бүр мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийг миний бие санаачлан УИХ-аар батлуулсан.

Энхтайван гэдэг сэдвийг сонгосон учир нь нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд НҮБ-ын ансамблийн 77 дугаар чуулганд оролцохдоо даян дэлхийд энхтайвныг уриалсан. Хоёрдугаарт өрх бүлд энх тайван амар амгалан амьдралыг бүрдүүлэхэд ээж нарын үүрэг хариуцлага өндөр тул энэ чуулга уулзалтаараа дамжуулан Энхтайвны соёлыг түгээсэн.

Хүн төрөлхтөн үг хэлээрээ, үзэл бодлоороо, улс үндэстэн бие биеэ хүндэтгэн, эе эвийг сахиж дипломат аргаар аливаа асуудлаа шийдэх сайхан цаг ирж байгаа гэдэгт би хувьдаа итгэдэг. Алтан бумбын эрин ирж байна шүү дээ. Та бид хоёрын ярилцлагын эхэнд ярьсан материаллаг зүйлд ач холбогдол өгдөг биш дотоод хүч, зүрх сэтгэлийн хайраар асуудалд ханддаг цаг ирж байгаа.

Нууцын зэрэглэлтэй учраас долоон сарын 1-нээс үүдсэн зарим шийдвэрийг ярих боломжгүй

-Таныг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байх үед Монголын улс төрийн түүхэнд хар толботой өдрүүд тохиосон. Долоон сарын 1-ний үйл явдлыг Аюулгүй Байдал Гадаад Бодлогын байнгын хорооны дарга байсны хувьд хэрхэн хардаг вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бол сонгуулийн үр дүнг зөвшөөрөөгүйгээс болсон зүйл. Маш харамсалтай. Таван хүний амь насыг авч одсон. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн үйл явдал гэдэг нь үнэн л дээ. Нууцын зэрэглэлтэй асуудалд ордог учир би ярих боломжгүй, яг тухайн үед гаргасан зарим нэг шийдвэрүүдэд мэдээж санал нийлэх, нийлэхгүй зүйлс байсан.

-Та АН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?

-АН-ын гишүүн хэвээрээ л гэж ойлгож байна. Гишүүнээс татгалзаж, өргөдлөө өгөөгүй байгаа.

-АН-ын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Харамсаж байна. Хэдэн хэсэг ч болчихоод байгаа юм. АН энэ цаг үед цул болж явах нь л зөв. Цэвэр эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж харж байна. Нэг нь бусдыгаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Том эрх ашиг хараад бие биеэ хүлээн зөвшөөрч нэгнийгээ ойлгож яваасай гэж боддог. Хүчтэй нь хүчгүйгээ дэмждэг байгаасай. Байнгын өрсөлдөөнд хүчээ бүү тарамдуулаасай гэж бодож байна. Бага хаадын түүхийг бид мартах ёсгүй.

-Та намын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юм уу?

-Үгүй.

-Яагаад?

-Улс төрөөс хол байгаа. Би хэнтэй нь хамт явах юм бэ.

-Та 2024 оны сонгуульд нэр дэвших үү?

-Үгүй.

-Эмэгтэй квот 50,50 хувьтай явах болохоор таныг зайлшгүй нэр дэвших хүмүүсийн нэг гэж бодож байлаа…?

-Квотын талаар сайн мэдээлэлгүй байна. УИХ-ын гишүүн байхдаа жендер буюу хүйсийн тэгш оролцооны талаар их ярьж явсан. Жендерийн тэгш байдлын хуулийн төслийн 250 мянган ам.долларын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас шийдүүлж өгснөөр энэ хуулийн төслийн анхны хуулийн төсөл бий болсон юм. Олон ТББ-д санхүүжилтийг нь өгч тэд маань төслийн эхийг бэлэн болгож энэ хууль цааш явсан. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн эхлэл суурийг тавьсан гэх юм уу даа. Миний үед УИХ-д дөрөвхөн эмэгтэй гишүүн байлаа. АН-аас тэр үед ганцхан эмэгтэй гишүүн нь би байсан.

-Улс төр ярихгүй дээ гэж бодсон хэр нь халтирчихлаа. Одоо өөр сэдэв рүү оръё. Нууц биш бол таны сарын орлого хэд вэ?

-Сэтгүүлчид та нар намайг улсын 100 баян хүний тоонд оруулсан л явж байдаг юм. Надад тийм их мөнгө байхгүй ээ. Дахиад хэлэхэд одоо миний материаллаг зүйлийн сонирхол өөр болсон. Өрх гэрийн болон, эд материалын хэрэглээ багассан. Хувийнхаа хоёр компанид зөвлөхийн статустай яваа. Сарын орлого ашиг ногдол болгоод тодорхой хэмжээний цалин авдаг. Урд нь сард 10 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо маш бага мөнгө зарцуулдаг болсон. Минималист болсон гэхүү дээ. Хэрэгцээ багассан, хүнсний бүтээгдэхүүнээ ихэнхийг нь гэртээ үйлдвэрлэдэг болсон. Орчлонг хардаг нүд, сэтгэлгээ огт өөр болсон гэж хэлээд байхад та мөнгө асуугаад байх юм (инээв). Эргээд харахад хүн хэрэггүй зүйлсэд маш их мөнгө зардгийг ойлгосон. Тухайлбал миний өмнө нь авсан хувцас, үнэт эдлэл гэхэд дахиад 10,20 жил хэрэглэхээр их юм байна шүү дээ.

-Таныг гишүүн байхад анзаарсан нэг зүйл бол цүнх, гутлын хослол. Гэтэл одоо тийм биш байна.

-Та сайн анзаарч (инээв). Тийм цаг үе байсан.

-Дээлний загварыг УИХ-д тодорхойлсон хүн нь бараг та байх шүү. Дээлээрээ гоёдог чинь лав надад таалагддаг.

-Нээрээ тийм шүү. Харин үүнийг бол бардам хэлнэ (инээв). Бага залуу насандаа дээл өмсөх шаардлагагүй байж дээ. Харин төрийн ажилд очоод өөрийн эрхгүй хүндэтгэлтэй хандах хүсэл төрдөг юм билээ. Ордны хүүхнүүд тэр үед “Маргааш Б.Мөнхтуяа гишүүн ямар өнгөтэй дээлтэй ирэх бол” гэж ярьдаг байсан гэж хожуу хойно сонссон. Гол төлөв мөртэй дээл хийж өмсдөг байлаа. “Нандиа ток шоу” монгол дээлний тухай нэвтрүүлэгтээ миний дээлүүдийг онцгойлон үзүүлж байсан түүх бий.

-Та дунд сургуулиа төгсөөд хүссэн орныхоо сургуулийн хуваариа авч чадаагүйгээсээ ичээд бүтэн жил гэрээсээ гараагүй гэж гишүүн байхдаа ярьсан удаатай. Тухайн үед юу болсон юм бол?

-Тухайн үед гаднын хуваарь авч гадаадад сурах мөрөөдөл хүүхэд бүрд байсан байхаа. Алтан Москвад очиж сурах миний мөрөөдөл байлаа. Яг бидний 10-р ангиа төгсдөг жил багш нарын арав гаруй хүүхэд хамт төгссөн. Багш нарын хувьд хүүхдүүдээ гадаад хуваарь авч өгч сургах хүсэлтэй байсан байхаа. Тийм учир шалтгаанаар гадаадад сурах хуваарилалт яг миний урдуур таслагдсан түүхтэй. Эндээс үүдээд би дотоодын их сургуульд ч орж чадалгүй гомдсондоо гэрээсээ бараг бүтэн жил гараагүй хэрэг. Онц сурдаг охин дотоодын хуваарь дээр буусандаа ичиж, гомдох зэрэгцээд өөрийгөө бүтэн жил гэрийн хорионд оруулж байлаа л даа. Тэглээ гээд мөрөөдлөө орхиогүй, тасралтгүй зүтгэсэн. Хойно сурах хуваарь авч чадаагүй үйл явдлаас хойш жилийн дараа Монгол кино үйлдвэрт ажилд орж тэндээсээ хуваарь авч Герман улсад сурсан. “Алтан Москва” биш дарга нарын хүүхдүүд мөрөөдөөд ч явж чаддаггүй Германд сурахыг Бурхан надад зөвшөөрсөн юм.

-Герман соёлоос өөртөө авч үлдсэн зүйл гэвэл?

-Цагийг ягштал баримтлахыг сурсан. Хэлсэндээ хүрэхийг хичээдэг. Хоолоо хүссэнээрээ хийж сурах соёлыг бас авсан байх.

-Та ном их уншдаг юм байна лээ. Ялангуяа түүхийн ном түлхүү уншдаг байсан. Одоо уншдаг сэдэв чинь өөрчлөгдсөн үү?

-Түүхийн ном уншдаг. Гэхдээ түлхүү уншдаг сэдэв маань өөрчлөгдсөн. Хүний дотогш оршсон ертөнцийн тухай ном судрыг түлхүү уншиж байна. Энергийн чиглэлийн ном гэх үү дээ. Чингис хааны тухай нэлээд номыг уншсан. Жак Уэтерфордийн Чингисийн охидын тухай бичсэн нэлээн зузаан номыг нэг шөнө унтахгүйгээр уншиж дуусгаж билээ. Охидын тухай ном нь их сонирхолтой санагдсан. Монголчууд “Монголын нууц товчоо”-гоо сайн судалж, унших хэрэгтэй. Яагаад “Монголын нууц товчоо” гэж нэрлэгдэв гэдгийг хүртэл судлах хэрэгтэй.

Журнайн Нүрзэд гэж гайхалтай гэгээрсэн хүн байсан. Энэ хүн бол монгол түмний болон Чингис хааны төр барих ухаан, улс удирдах ухааныг шингээсэн Чингис хааны отгон хүү Тулуйн хатан Сорхугтани бэхи хатны хэлмэл болох “Алтан дээд үнэний аялгуу” судрыг бид нарт өртөөлөн дамжуулж өгсөн гавьяатай хүн юм. Уг сударт байгаль дэлхийтэйгээ хүн хэрхэн зохицох, айл хотлоороо хэрхэн хамтарч амьдрах, улс гүрэн хэрхэн оршин тогтнох тухай гайхалтай олон онолыг бид бүхэнд өртөөлөн авчирсан үнэт судар юм. Үг өгүүлбэр бүр нь нууцалсан кодтой юм шиг. Сүүлийн үед эдгээрийг судалдаг эрдэмтэд, бүлхэмүүд бий болсонд олзуурхдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img