2024-10-18, Баасан
-10 C
Ulaanbaatar

Өртөө буюу эзэнт гүрний зам харилцааг төгөлдөржүүлсэн нь

Монголын театр урлагийн орон зайд “Тэнгэрийн хүү”, “Хаадын хаан. Андгай”, “Ай Нан аа” түүхэн туульсын жүжгүүдээрээ тамгалан гарч ирсэн зохиолч, нийтлэлч, судлаач Битогтохын Цогнэмэхийн “Чингис хаан-Түүхэн товчоо” түүх, соёлын нийтлэлүүдийг nio.mn сайт цувралаар хүргэж байна.

ӨРТӨӨ БУЮУ ЭЗЭНТ ГҮРНИЙ ЗАМ ХАРИЛЦААГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛСЭН НЬ

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Өнөөгийн ертөнцийн эрдэмтэн судлаач, түүхч, шинжээчид орчин үеийн пуужингийн өвөг эцгийг XIII зууны үеийн Монголын арми, Чингисийн морьт цэрэг юм гэж дүгнэснийхээ адилаар сүүлийн үед интернэтийн өвөг нь Монголчуудын бий болгосон, ялангуяа Чингис хааны байгуулсан өртөө зам юм гэдэгтэй нэгэн дуугаар ханьсан үзэл бодлоо нийлүүлж байна. Энэ бол жинтэйхэн Монгол бахархал юм. Их эзэн хааны суу билиг, цог залийн нэгээхэн хэсэг нь билээ. Дэлхийн ямар ч их бага улс, гүрнүүдийн хүчирхэг байхын нууц, үсрэнгүй хөгжлийн оньс нь зам харилцаа, дэд бүтэц байдаг нь нэгэнт тодорхой болжээ.

Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улсын тэлэлт, өрх гэрээ томсгох, хил хязгаараа өргөжүүлсээр байгаа онцгой шинэ нөхцөлд зам харилцаагаа оновчтой бодлогоор өргөтгөх нь амин стратеги, алтан аргамжийн тэргүүн бодлого байлаа. Үүнийг их хаан маань юу юунаас илүүтэйгүүр сайтар мэдэж байлаа. Энэ нь түүний Хамаг Монгол улсын хаан ширээнд суусан (1189) цаг үеэс эрчтэйгээр боловсорч ирсэн юм. Олон улс байлдаж, орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж ахуй самуун цаг үед зам харилцааны аюулгүй байдлыг хангаж чадсан улс гүрэн, их удирдагчийг л талын нүүдэлчид хүсч байлаа. Тэр нь Чингис хаан болон тодорсон юм.

Их хаантан энэхүү аюулгүй байдлыг хангах дэвшилтэт үзэл санааг эсгий туургатнуудын дунд тугаа болгон өргөснөөр Их Монгол улсыг байгуулав. Тэрээр суурин иргэншилт орнуудад элч, худалдаачид илгээх, худалдааны гол зам Торгоны замыг бүрэн хяналтадаа авч, аюулгүй байдлыг нь бүрэн хангахаар өртөө замыг өргөжүүлэн байгуулж эхлэв. Тухайлбал замын хажуугаар мод тариулж, таних тэмдэг, пайз байрлуулж, худалдаачид, наймаачдыг элдэв халдлагад өртөхөөс сэргийлэн, тусгай цэргийн хамгаалалт гаргасан нь зам харилцааг найдвартай, шуурхай үйлчилгээтэй болгосон хэрэг.

Хархорумаас мордсон арван найман настай охин туламтай алт ганзагалан гав ганцаар төв Европт хүрч байсан нь дэлхий дахиныг шагшин гайхуулж, домог мэт улсаас улс дамжин цуурайтаж байлаа. Энэхүү үйл явдал домог биш байсан юм. Чингис хааны үүсгэсэн PAX MONGOLICA буюу энх төрийн үйл ажиллагааны үр дүн, өртөө, зам харилцааг төгөлдөржүүлсний л үр шим байлаа. Энэ нь Их Монгол улсыг дэлхийн эзэнт гүрэн болох, дэлхийн зам харилцаа, шуудангийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй нарийн систем бүхий энэхүү тогтолцоо нь төрийн удирлагын гол хөшүүрэг болон хувирчээ.

Арш Чан чун Бумба их эзэн Чингис хаанд бараалхахаар аялахдаа бичсэн “Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”-д Монголчуудын өртөө замын тухай, өртөө улааны журам, унаа мал юүлэх, пайз гэрэгэ, захидал хүлээн авах, өгөх тухай зэрэг Чингис хааны үед нэгэнт төгөлдөржсөн зохион байгуулалт бүхий өртөөний тухай өгүүлсэн нь бий. Энэ бол анхны эх сурвалжуудын нэг нь юм. Чингис хаан их аршийг аялан ирсний үед ч, дараа нь нутагтаа буцан очсон хойно нь ч элчээр уламжлан өртөөгөөр үдлэн явахад саад бэрхшээлтэй зүйл байсан эсэхийг хэдэнтээ лавлан байсан нь зам харилцаанд онцгой анхаарч байсны тод гэрчлэл шүү дээ.

Өртөө нь өрнө, дорныг ойртуулж, эдийн засаг, соёлын харилцан нэвчилцлийг бий болгож, ард түмэн, үндэстнүүдийн бие биеэ танин мэдэх, тэмүүлэх сэтгэлийг бий болгож, шинжлэх ухааны ололт амжилтаар дараалсан олон нээлтийг бий болоход шууд нөлөөлөв. Дам нөлөө нь далайн чинадад ч гүйцэлдэж байлаа. Чингис хааны сэцэн цээжинд төрсөн далайн боомттой болох хүсэл түүний ач хүү Хубилай хааны үед төгөлдөржсөнийг санах хэрэгтэй. Ялангуяа өртөө нь Их Монгол улсын хаан хийгээд эзэнт гүрний төрөөс явуулах бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болсон ажгуу.

өртөө“Монголын хууль гурав хоногт” гэдэг алтан аргамжийн уг учиг өртөөгөөр дамжин хэрэгжиж байлаа. Өөрөөр хэлбэл, их хааны зарлиг тушаал, шийдвэр Монголын эзэнт гүрний зах хязгаарт гурав хоногийн дотор хүрч байлаа. Энэхүү гайхамшигтай зохион байгуулалтаар нь өртөөг өнөөгийн интернэттэй зүйрлээд байгаа хэрэг ээ!

Зэрэг дэвээ илэрхийлсэн алт, мөнгө, хүрэл гэрэгэ бүхий төрийн элч нар өртөөгөөр хурдтайяа давхиж хааны зарлигийг нартай уралдан тарааж, хариу илгээлт, мэдээ занги нь нэн хурдан төвд ирдэг байснаас үүдэн Монголын эзэнт гүрний төр хүчирхэг байсан юм. Ийм зохион байгуулалтыг Ром, Түрэгийн эзэнт гүрнүүд бий болгож чадаагүй бөгөөд хожмын Англо-Саксын удмын улсууд, Наполеон, Гитлер зэрэг байлдан дагуулагчид хуулбарлаж байлаа. Эл гайхалтай өртөөний тогтолцоог Их Монгол улстай холбоо тогтоох хүсэлт харь орнуудын төрийн элч төлөөлөгчид, тагнуул заншлаачид ч ашиглаж байв. Шашин соёлын төлөөлөгчид ч тасралтгүй цуван, худалдаачдаас дутахааргүй дэлхийн хөдөлгөөнийг эрчимжүүлж байлаа. Энэ бол Чингис хааны үүсгэн байгуулсан өртөөний гайхамшиг юм.

Ерөөс эрт цагаас, Хүн гүрний үеэс л тал нутгийн нүүдэлчид, овог аймгууд аливаа хэл, мэдээ зангийг морьтой элчээр нэг хотноос нөгөө хотонд, нэг ордноос нөгөө ордон руу дамжуулсаар ирсэн юм. Тэдний аюулгүй байдал баталгаагүй тул “Хэлэх үг элчийн аманд буй” гэсэн зарчмаар харилцаж байв. Үүнийг л боловсронгуй болгосноороо Чингис хааны түүхэн гавьяа оршино. Түүний хүү Өгөдэй хаан хожим 1235 оны Далан давааны хуралдай дээр өртөөний тухай өгүүлэхдээ Алтан орд болон Цагадайн улсыг өртөө замаар холбож эзэнт гүрний зам харилцааг хэрхэн өргөтгөхийг онцлон зарласан нь Чингис хааны чин хүсэл байсан юм. Дэлхийн эдийн болон соёлын баялаг чухамхүү өртөөгөөр дамжин Монголын нутаг руу урсч байлаа.

Тухайн үеийн нүүдэлчин Монголчуудад өртөөгөөр дамжин хүрэх тэмээн дээр овойтол ачсан алт эрдэнэс, бараа таваар гэрийнх нь үүдэнд овоорох нь тийм ч гайхмаар зүйл биш байлаа. Өдөр бүр үнэт эрдэнийн чулуу, алтан чимэглэл зүүлт, хаш чулуу болон пааландаж гоёсон нандин эд юмс, Бадахшаны том бадмаараг мэт ховор баялгийг өртөөгөөр дамжуулан талд түгээж, Монгол малчид насаараа тосч авсаар энгийн зүйл болон хэвшсэн юм. Алтны илүүдлийн улмаас реоэкспорт хийж байсан түүх үлэмж.

Янз бүрийн шашны элч төлөөлөгчид өртөөгөөр дамжин зорчсоор монголчуудын хувьд жирйн зүйл болон хувирч, шашин соёл, хэл, арьсны өнгийг үл ялгаварлах дадал бат тогтов. Ийнхүү өртөө нь цахилгаан холбоо, буудал, илгээмж-шуудангийн байгууллагын үүргийг нэгэн дор гүйцэтгэдэг байсан агаад алс холын суурин орны гийчдийг тал нутгийн монголчуудтай төдийгүй эсгий туургатан бусад ард түмэнтэй холбоо хэлхээ тогтоох боломжийг олгож байлаа. Чингис хаан болоод түүний дараах залгамжлагчид Өгөдэй, Хубилайн үед, Ил хаадын эзэнт гүрний хаадууд Торгоны замын дагуух өртөөг улам боловсронгуй болгож “Ногоон тугтнууд” хэмээх тусгай бэлтгэгдсэн армиар хамгаалуулах болсон билээ.

Ромын пап, Францын вангийн элч төлөөлөгч болох Плано Карпини, Вильгелм Рубрук болон Хубилай хааны дэргэд 17 жил амьдарч итгэл хүлээсэн Италийн Марко Поло нарын бүтээл тэмдэглэлд Монголчуудын өртөө улаа, зам харилцааны тухай нэн дэлгэрэнгүй дурдсан нь дэлхийг шуугиулж байв. Өрнө дахин Монголчуудаас суралцаж эхлэв. Эндээс үүдэн далай тэнгисийн аяллууд бий болж, газарзүйн их нээлтүүд ч гарсныг бид мэднэ.

Чингис хаан анх өртөөг байгуулах үед хааны зарлага хариуцаж байсан бөгөөд уналга, хүнсийг нь тухайн нутгийн иргэд, малчид хангадаг байв. Өртөө бүрийн хоорондын зай нь хорин бээрийн зайтай байрлахдаа нэг өртөөнд хорь орчим өрх алба хашдаг байв. Лавтайяа Алтан улсаас Хятадын Цагаан хэрэм хүртэлх Монголын уудам нутагт 64 өртөө анх байжээ. Дуут сум зэрэг дуу чимээ хүрэхгүй алсын зайд утаа гаргах, галын дөл бадраах, дарцаг босгох дохио зангааны эртнээс уламжилсан боловсронгуй аргыг хэрэглэж байлаа. Чухамхүү олон улсын харилцааны маш чухал тэнхлэг болсон Торгоны замыг хяналтдаа авахын тулд Чингис хаан Монгол нутаг болоод эзэлсэн хойд нутгийн өртөө, зам харилцааг хөгжүүлж эхэлсэн билээ. Баян бүрдийн гайхамшиг болсон Уйгар зэрэг стратегийн чухал байршил бүхий орнууд өртөөгөөр дамжин Их Монгол улстай холбогдож, өрнө зүг рүү давшин орох үүд хаалга болов.

Английн түүхч Харольд Лэмбийн “Чингис хаан” номд дурдсанаар бол Их хаантан өрнө зүгт аян дайныг хийхдээ тулааны газраас Хархорум хот хүртэлх замд агуулах, гэрүүд нь 100 орчим миль зайтай орших өртөөнүүдийг байгуулсан аж. Тэрхүү өртөө, буудлуудад 300 мянган агт морь, арван мянга гаруй гэр, байшин сав байрлуулсан ажгуу. Мөн ганцхан өдрийн дотор 200-250 миль газрыг, мөн шөнө нь төдий хэрийн газрыг онцгой шаардлагын улмаас туулсан хааны элч, буухиа мэдээ хүргэгч болон цэргийн жанжин, ноёд, худалдаачид, лам хувраг, татвар, албаны эд зүйлс хүргэгчид, гар урчууд тасралтгүй зөрж байв. Нэг сонирхолтой мэдээг дээрх түүхч онцолсон нь бий. Буухиа элч нар өртөөнд ирмэгц эмээл, хазаар бүхий сойсон морийг сэлгээ морины хамт шууд аван давхих бөгөөд дараагийн өртөөний хүмүүс хонхны дуу (бүсэнд нь зүүдэг байсан) сонсмогц солих морийг нь бэлтгээд зогсч байдаг ажээ. Энэ нь ХХ зууны эхэн үеийн өртөө улааны албатай тун төстэй санагдана. Алдарт Сүхбаатар жанжин маань идэрхэн үедээ улаа нэхэж байсан билээ.

Ийнхүү Чингис хааны үед буухиа элчийн аян зам туулах хурд дэлхийн хаана ч байхгүй гайхамшигтай байв хэмээн онцлон тэмдэглэжүхүй. Ийн Монгол туургатны бурхан тэнгэр болсон Хаадын хаан Чингис эзэн маань эзэнт гүрний өргөжин тэлэхүй, холбооны системийг өргөтгөх, улаа өртөөний сүлжээг ханган дэмжих албан тусгай үүргийг чандлан байгуулах түүхэн шаардлагыг сайтар бэхжүүлсэн юм. Өртөөний агт морь, хүнс тэжээл нийлүүлэх онцгой хариуцлага үүрсэн, уг албанд томилогдсон хүмүүс, цэргийн албанд татагдагсадтай адил статустай байв. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот нь зах хязгаар орнуудтай өртөөгөөр холбогдсон нь дэлхий дахинаа даяаршлын үрийг цацаж, Монголын энх амгаланг тогтоов.

Монгол өртөө хэмээх зам харилцааны системийн гайхалтай тогтолцооны үрээр морьтон өдөрт 400-гаад км газрыг туулж чаддаг байсныг бодохоор үнэхээр бишрэм. Монгол цэрэг, арми монголоос очсон газар бүртээ тэр даруйд нь өртөө байгуулж байлаа. Хожмоо Египет дэх Мамлюкууд, Турк дахь Оттоманы зэрэг улс орнууд дээрх Монгол өртөөний тогтолцоог хуулбарлан нэвтрүүлэв. XIX зуунд АНУ нь Монгол өртөөний олон шинж чанарыг өөртөө агуулсан pony-express буюу одой морины буухиа элч гэсэн системийг байгуулж байсныг дурдах хэрэгтэй. Ийнхүү Чингис хааны үеэс эхлэн өртөө замын сүлжээг Монголын их хаад дэлхий даяарын тогтолцоо болгон анх удаа хөгжүүлсэн нь хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан томоохон хувь нэмэр төдийгүй өнөөгийн ертөнцийг үндэслэн байгуулах гол хүчин зүйлсийн нэг нь болсон билээ.
Өдтэй бичиг нь
Өртөөгөөр дамжина аа хө!

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img