2024-12-21, Бямба
-28 C
Ulaanbaatar

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” олон улсын форум өндөрлөлөө

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” олон улсын форум /2023.04.11/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Олон улсын форум, Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин: Өнгөрсөн, одоо, ирээдүй” үндсэн илтгэлээр үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа илтгэлдээ, Монгол Улс жендэрийн тэгш байдалд чухал ач холбогдолтой олон улсын конвенцуудад нэгдэн орсныг дурдаад, Монгол Улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчны талаар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улс нь Жендэрийн хөгжлийн индексээр 191 улсаас 96 дугаарт, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны түвшингээр 146 орноос 26, эмэгтэйчүүдийн боловсролын түвшингээр 63, эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаар байранд байранд байгаа аж. Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 бол эмэгтэйчүүдийнх 76.47, парламент дахь хүйсийн харьцааны хувьд 82.9 хувийг эрэгтэйчүүд, 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь эмэгтэйчүүд байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, үе шаттай хэрэгжүүлж байгааг дэд дарга илтгэлдээ дурдсан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газарт 15 хувиас, доошгүй байх” гэж заасан ч бодит байдал дээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Дунд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байдаг ч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрт үнэлгээ дүгнэлт хийхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үр дагавар нь хуульд заасан зорилго, зорилттой харьцуулахад “дундаас доогуур түвшинд” гарсан бөгөөд цаашид төрийн зүгээс “ихээхэн хүчин чармайлт шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан талаар танилцууллаа.

jenderФорумд Латви улсын парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане “Хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажиллаж байж амжилт гаргаж чадна гэдгийг форумд оролцогчид онцолж байна. Хэдий чинээ эмэгтэйчүүд нийгмийн анхаарлын төвд байж, эмэгтэйчүүдийн үгийг илүү их сонсоно төдий чинээ сайн гэж би хэлэхийг хүсдэг. Эмэгтэйчүүдэд эрх мэдлийг өгч, чадавхыг бэхжүүлж, тэдний улс төрд оролцох бүхий л хөшүүргүүдийг тавьж өгснөөр олон эмэгтэйчүүд намын жагсаалтад нэр нь багтаж оролцоогоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн квот, санхүүгийн дэмжлэгийг эмэгтэй нэр дэвшигчиддээ өгөх юм бол бодитоор эмэгтэйчүүд олноороо улс төрийн шийдвэр гаргах түвшинд гарах боломжтой гээд Франц, Герман, Итали улсын жишээн дээр хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлагын талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр, танилцуулгадаа жендэрийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Франц Улс дараах тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаар дурдав. Тухайлбал, Франц улс 577 мажоритар өрсөлдөөнд хуваагддаг бөгөөд жагсаалт дахь байршил нь чухал үүрэг гүйцэтгэдэггүй ба намууд хувь нэр дэвшигчийг дэвшүүлдэг байна. Хэрэв нам нэр дэвшигчдийн аль нэг хүйсийг 49 хувь байхаар хангаж чадахгүй бол, төрийн санхүүжилт нь дагаж буурдаг зохицуулалттай. Франц Улсын хувьд 2022 оны сонгуульд эхний шатанд 2777 эмэгтэй (нийт нэр дэвшигчдийн 44 хувь), хоёрдугаар шатанд 493 эмэгтэй (43 хувь) өрсөлджээ. Үр дүнд нь 215 эмэгтэй сонгогдож энэ нь парламентын гишүүдийн 37.2 хувь нь болсон байна. Итали улсын хувьд пропорциональ, жагсаалтад суурилсан системтэй бөгөөд 2018 оноос хойш жендэртэй холбоотой тусгай шаардлага тавьж эхэлсэн байна. Тухайн улс олон мандаттай тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт гаргахдаа хүйсээр солбиж гаргажээ. Мөн аль нэг хүйсийн нэр дэвшигчид жагсаалтын 60-аас дээш хувийг эзэлж болохгүй, нэг мандаттай тойрогт аль нэг хүйсийн нэр дэвшигч 60 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалттай аж. Итали улсын 2022 оны парламентын хувьд Депутатуудын танхимын 32 хувь нь эмэгтэй, Сенатын 34 хувь нь эмэгтэй гишүүд сонгогджээ. Харин Германы Христийн ардчилсан холбоо (ГХАХ) нам 1996 онд өндөр албан тушаал дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 33 хувь байх квотыг баталсан бөгөөд 2005 онд анхны эмэгтэй Канцлер томилогдсон талаар танилцууллаа.

Хатагтай Лолита Чигане, улс төрд эмэгтэйчүүдийн оролцох оролцоог хангахад улс төрийн нам дотоод ардчиллаасаа эхлэх хэрэгтэй. Улс төрийн намын гишүүдийн хүйсийн харьцааг харвал эрэгтэй, эмэгтэй гишүүдийн харьцаа ойролцоо байдаг. Харин өндөр хариуцлагатай албан тушаалд эмэгтэйчүүдийн сонгогдох байдал 10 хувьд хүрдэггүй. Иймд нам дотроо эмэгтэйчүүдийн оролцоог хангах, нам доторх эмэгтэй гишүүдийнхээ квотыг нэмэгдүүлэхээс эхлэх хэрэгтэй. Нам доторх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд цөөн байх тусам намаас цөөн тооны эмэгтэйчүүд парламентад сонгогддог. Харин нам доторх удирдах түвшинд эмэгтэйчүүд хэдий чинээ олон байна төдий чинээ тэр намаас олон эмэгтэй гишүүд суудал авч чадна. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нь онцгойлон үзэх асуудал биш ердийн л үзэгдэл байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь форумын арга хэмжээнд оролцогчид “Сонгуулийн тогтолцоо, нэр дэвшигчийн квотын шинэчлэлээр өөрчлөлтийг бий болгох нь”, “Жендэрийн мэдрэмжтэй улс төрийн санхүүжилтээр улс төрийн намыг шинэчлэх нь” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Форумын төгсгөлд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг нийгэм, улс төрийн намууд ярилцах хэмжээнд бэлтгэгдсэн байна гэдэг нь чухал алхам юм. Өнөөдөр энэхүү арга хэмжээнд оролцож буй улстөрийн намуудын төлөөлөл, улстөр сонирхогчид бүгд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байна. Харин бид сонгогчдоо соён гэгээрүүлэх талаар бага ярилаа. Улстөрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг ч сонгогчид саналаа өгөхдөө арай өөрөөр хандах нь бий. Үүнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч хэрэгжүүлж буй төслийнхөн анхаарч ажиллах болов уу гэж бодож байна. Цаашдаа бид ч сонгогчдын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах мэдлэг, хандлага, боловсролыг дээшлүүлэх тал дээр илүү анхаарах нь зүйтэй. Бид асуудлыг ойлгоод хуульдаа өөрчлөлт орууллаа ч эцсийн дүндээ хамгийн чухал шийдвэрлэх хүч нь сонгогчид шүү дээ. Квотыг нэмлээ ч сонгогчид санал өгөхдөө өмнөх 20 хувийнхаа хэмжээнд байвал бид л дутуу ажилласан гэж дүгнэгдэнэ. Дахиад хэлэхэд, сонгогчдодоо өнөөдрийн хэлэлцэж буй асуудлынхаа ач холбогдлыг ойлгуулах нь бидний хамгийн чухал зорилт байна гэдгийг өнөөдрийн арга хэмжээг хаахдаа онцгой анхааруулж хэлье гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн М.Конкиевич, Монголын эмэгтэйчүүд ирэх сонгуульд болжээ. Одоо нийгэм бэлэн байх хэрэгтэй байна. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсанаараа батлагдвал хууль эрх зүйн орчин нь ч бас бэлэн болох нь. Бүх хүчин зүйл бүрдсэнээр олон эмэгтэй улс төрийн тавцанд гарч ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гээд форумын үйл ажиллагаанд оролцогчдод талархал илэрхийлэн амжилт хүслээ

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img