2024-11-23, Бямба
-3 C
Ulaanbaatar

Клод Моне

Клод Моне бол импрессионизмын эцэг. Импрессионизмыг түүний “Сэтгэгдэл. Мандах наран” гэсэн бүтээлийн нэрнээс үүдэлтэй гэж үздэг. XIX зууны сүүлээс XX зууны Францад үүссэн импрессионизм гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь бичиж, зурдгаараа онцлогтой гэж урлаг судлаачид хэлдэг. Клод Монегоос өмнө хэн ч хэзээ ч ногоон навчис дээрх гэрэл сүүдрийн тоглолт, үүлсийн гайхамшигт хэлбэр, хэн нэгний зурвасхан инээмсэглэлийг дуу алдаж, гайхмаар яг тэр агшинд нь зогсоон дүрсэлж чадаагүй юм.

Зураач 1840 оны арваннэгдүгээр сарын 14-нд Клод-Адольф Моне, дуучин Луиза-Жюстин Одрегийн гэр бүлд мэндэлжээ. Төрсөн газар нь Парис. Хүүг таван настай байхад гэр бүл нь ахиу мөнгө олохоор Нормандын Гавр хотноо шилжин суурьшжээ. Тухайн үед эцэг нь хүүгээ мухлагийнх нь бизнесийг үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч Клод худалдаа сонирхсонгүй. Орон нутгийн коллежид суралцаж байхдаа шог зураг зурах хорхойтой болж. Хүү багш нараа шоглож зурсныхаа шанд таагүй байдалтай нүүр тулж байсан ч шантарсангүй. Аав, ээж нь хүүгийнхээ хүслийг хорьсонгүй, зурах дуртай нагац эгч нь хөрөнгө санхүүгээр дэмжиж байлаа. 15 насандаа тэр Гавр хотноо сайн шог зураач гэсэн алдартай болов. Алдарт зураач Эжен Будентэй танилцаагүй бол хүүгийн хувь тавилан хэрхэх байсныг таахад бэрх. Хүү шог зургаа зардаг талхны газарт энэ агуу хүнтэй уулзжээ. Зурах дуртай хөвгүүнийг харсан даруйдаа дэргэд нь ирсэн агуу зураач “Таны зураг сонирхолтой, хөнгөхөн, ухаалаг учраас би харах дуртай. Та бол их авьяастай. Төд удалгүй та шог зургаас залхана. Байгалийг зурах хэрэгтэй. Тэнгэр, тэнгис, амьтан, хүмүүс, мод… бурхан тэднийг яаж бүтээсэн яг тэр хэвээр нь, агаар, гэрэлтэй нь зурах хэрэгтэй” хэмээн хэлсэн гэдэг. Тэр үед Будений гэрэл гэгээ, нарны туяагаар амилуулсан тэнгисийн зураг Клодод таалагддаггүй байв. Залуу удаан хугацааны турш байгалийн зураг зурахаас татгалзаж байсан ч багшийнхаа ятгалгаар Гавер хотынхоо зүүн хойд хэсэгт байрлах Рюэлльд очжээ. Багштайгаа өнгөрүүлсэн тэр мөчөө Моне “Буден багш зургийн тавиураа байрлуулаад уран бүтээлээ туурвиж эхэллээ. Яг тэр агшинд би уран зураг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Буденд тэр үед л чин зүрхнээсээ талархсан шүү. Зураач болох суурийг минь тавьсан хүн дээ” гэж дурссан нь бий. Клодын “Рюэлль руу харсан нь” гэсэн нэртэй анхны зураг нь Будений байгалийн зурагтай тун төстэй. Түүнээс хойш олон жилийн дараа Моне багшдаа “Би жинхэнэ утгаар нь байгалийг ойлгож байна. Тэр хэрээрээ дурлан, хайрлах болов. Та бол миний байгалийг харахад тусалсан, ойлгож, мэдрэхэд чиглүүлсэн анхны багш” хэмээн бичиж байж.

Клод МонеБудентай танилцсанаас хойш жилийн дараа залуу Парис явж, бүх л амьдралаа уран зурагт зориулахаар шийдлээ. Буден багш нь зураач Константин Труайонд захидал бичиж явууллаа. Урлагийн хүнд Парисийн сургууль шиг сайхан нь юу байхав гэж бодмоор. Гэтэл Клод Парис дахь Францын нэртэй музейнүүдийн нэг Луврт хэдэн өдрийг өнгөрөөсний эцэст, Труайонтэй уулзан зургийн академид сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөө сонссоны дараа бодлоо өөрчилж Сюисийн академид орохоор шийдэв. Моне Сюисийн академиас гадна үзэсгэлэн их сонирхдог байв.Энэ үед танилцсан уран бүтээлчдийнх нь дунд Камил Писсаро, Эжен Делакруа, Гюстав Курбе нар байсан юм. Камил Писсаро зураачийн насан туршийн найз болсон билээ. Писсаро бүр хожим Монегийн уран бүтээлийн талаарх анхны сэтгэгдэлдээ “Моне минийхээр бол шижир алт мэт гайхалтай авьяас. Энэ бол урлагийн мастеруудаас ч том зүйл. Моне бол цэвэр байгалийг бишрэгч. Сайтар бодож, ажиллаж бүтээдэг. Мэдрэмж нь гайхмаар шинэлэг байдаг. Жинхэнэ цэцэгсийн зохицлоос бүрдсэн яруу найраг” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Писсарог бишрүүлсэн энэ үедээ Моне урлагийн сургуульд суралцахаас илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зориулж байв. Эцэг нь хичээлээсээ хөндийрсөн хүүдээ дургүйцэж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс татгалзлаа. Уран зурагт хайртай нагац нь л хуучин шог зургуудыг нь худалдаж мөнгө илгээж байв.

Клод Моне1860 оны намар Монегийн хувь тавиланд огцом эргэлт гарсан юм. Түүнийг цэргийн албанд татаж, Алжир руу илгээв. Африкийн байгаль залууд гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. “Би Алжирт хоёр жил болсон. Зогсоо зайгүй ямар нэгэн шинэ зүйлийг олж харж байсан шүү. Ой тойнд минь ямар өргөн мэдлэг өгснийг төсөөлөх ч юм биш. Тэр үед цэцэгс, гэрлээс авсан сэтгэгдлээ хожмоо буулгана гэсэн итгэл байгаагүй. Гэвч ирээдүйн бүх л эрэл хайгуулын маань гол үндэс суурь энд л тавигдсан” гэж хэлсэн байдаг. Моне цэргийн албаа хааж дуусахын өмнө өвдөж Гавер руугаа буцлаа. Удтал өвдсөн хүүдээ эцэг нь маш хатуу багшийн удирдлага дор хичээллэвэл гэсэн нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрийг нь өгч Парис руу явууллаа. Тэр садангийнхаа хүний хяналтад тухайн үед алдартай байсан зураач Шарль Глеирийн Парис дахь студид суралцаж эхэллээ. Эндээс уран бүтээлийнх нь жинхэнэ суурь эхэлсэн гэж урлаг судлаачид онцолдог. Хожмоо үүнийг нь дэлхий импрессионизм гэж нэрлэх болсон билээ. Энэ студиэс тэр үеийн алдартай олон бүтээлч төрөн гарсан байдаг. Импрессионизмын төлөөлөгчид болох Парисын захдуу хорооллын ядуу оёдолчны гэр бүлээс гаралтай Огюст Ренуар, Лерогийн сенатч виноны үйлдвэрийн эзний өв залгамжлагч Фредрик Базиль, оффисийн ажилтны гэр бүлээс гаралтай Камиль Писсаро, Гавер хотын хүнсний мухлагийн эзний хүү Клод Моне, хожмоо нэг жилийн дараа тэдэнтэй нэгдсэн Эдуард Мане нарыг юу нэгтгэж байсныг Шарль Глеирийн Парис дахь студиэс хайх хэрэгтэй. Тэдний багш Глейр уран зургийн сонгодог чиглэлийг дэмжигч байв. Парисын ойролцоох нэгэн тосгонд Моне найзуудтайгаа байхдаа багшийнхаа талаар “Хатагтай Глеир бол зургийг маш төгс төгөлдөр гаргадаг хүн. Түүний энэ чадваргүйгээр уран зурагт бид ямар нэг шинэ зүйл илэрхийлж чадахгүй. Харин байгалиас бидэнд заяасан авьяас билиг бусдыг нь бүтээнэ. Мэдээж бүхний түрүүнд нар” гэж хэлж байсан удаатай. Тэр энэ үгээ Парисын дэргэдэх эргэн тойронд нь ой мод найгасан Барбизон тосгонд хэлсэн юм. Энэ тосгон 250 хүнтэй. 100 нь Францын нийслэлд зураачийн мэргэжил эзэмшсэн улс байсан билээ.

Тэр үед Ренуарыг “Надад ийм байгаль хэрэггүй. Ниагарын хүрхрээ ч хэрэггүй. Зөвхөн хотын захын алимны модтой жижигхэн цэцэрлэг байхад л хангалттай” гэж хэлэхэд Моне “Аливаа эд зүйлсийг тус тусад нь хар найз минь. Энэ чинь хоорондоо наалдсан ой биш. Тус тусдаа модод. Тус бүрдээ өөрийн онцлогтой. Нарны гэрлийг нь хүртэл анхааралтай аж” хэмээн хэлж байжээ. Төгс бүтээлийн төлөө ажиллаж байсан Моне нарны гэрэл хүссэнээр нь харах хэмжээнд хүртэл тусахгүй л бол уран бүтээлээ хийж эхэлдэггүй байлаа.

Клод МонеМоне 1864 онд хэд хэдэн удаа байгальд гарч уран бүтээлээ туурвив. Эхлээд Шайи-д. Тэнд зургаа зурж байхад Базль, Ренуар, Сислей ч гэсэн бүтээлээ туурвиж байсан юм. Дараа нь боомт хот Онфлер руу явлаа. Тэндээс Парисд цуврал зургаа авчирсны дунд хоёр бүтээл нь Парисын салоны шүүгчдийн анхаарлыг татсан билээ. Ингээд 1865 онд тэр үзэсгэлэнд оролцов. Өнгөний зохицол гээд бүх л зүйлсийг гайхалтайгаар мэдэрч, зоригтойгоор илэрхийлж, үзэгчдийн анхаарлыг татаж байна гэж түүнийг үнэлж байлаа. Энэ үеэс импрессионистууд чиг урсгалаа хөгжүүлэх, боловсронгуй болгох эрэл хайгуул хийж, бүтээлүүдээ туурвиж байв. Моне тухайн үед “Та харж байгаа зүйлээ аль болох мартахыг хичээ. Мод, байшин, талбай юу ч байсан март. Харин тэр газартаа жижигхэн цэнхэр дөрвөлжин дүрс байна гээд төсөөлчих. Тэр дөрвөлжинг хүрээлсэн ягаан өнгийн дүрслэлүүд гэх мэтээр өөрт бууж байгаа сэтгэгдлээ, нүднээ тусч үлдсэн зүйлсийг дүрслэхийг хичээ” гэж байв. Тэрээр аливааг хуулж зурахаас төсөөллөөрөө туурвиж байсан юм. Нэг бүтээлийг туурвихдаа хэд хэдэн цаасан дээр зэрэг ажиллаж сарниж буй гэрлийг, цацрагийг өнгө ялгаж зурдаг байв. Хожмоо тэрээр Гельмгольц, Шеврел зэрэг физикчдийн онол дээр суурилж уран бүтээлээ туурвих болсон билээ. Өөрөөр хэлбэл, харсан өнгөө дүрслэн харуулахыг хичээж байлаа. Монегийн бүтээлийг харахаар гэрэл зөвхөн модон дээр тусаад зогсохгүй мод руу нэвт шингэж байгаа нь хүртэл мэдрэгддэг. Түүнээс хойш арван жилийн дараа 1874 оны дөрөвдүгээр сарын 24-нд Парис дахь Капуцины гудамжинд байрлах зурагчин Надарын урланд уран зураач, барималч зэрэг олон уран бүтээлчийн нэгдсэн үзэсгэлэн гаргасан билээ. Тэр үзэсгэлэнд гуч орчим зураач орсны дунд Базиль, Сислей, Ренуар, Писсаро, Дега, Мане, Сезанн, Буден болон түүний найзууд байсан юм. Моне энэ үзэсгэлэнд таван бүтээлээ танилцуулсны нэг нь “Сэтгэгдэл. Нар мандах” зураг нь байв.

1865 он. Айл өрх бүрт хийн дүнсгэр гэрэл бүртийдэг байв. Монегийн урлан дахь амьдрал нь хэвийн үргэлжилж байлаа. Залуу зураачид Батиньол гудамжинд байрлах “Гербуа” кафед цугларсан үе. Парисын салоны өндөр зэрэглэлийн шүүгчид хүртэл ирсэн энэ газар шинэ үзэл санааг хэлэлцэж, хуучинсаг үзлийг шүүмжилж байв. Тэдний дунд ирээдүйн нэрт зохиолч Эмиль Золя ч байсан юм. Гэхдээ тэр тухай үед нэр гараагүй, “Эвенман” сонины тоймчоор ажилладаг байлаа. Тэр үед уран зураачдын яриаг анхааран сонсч, Моне руу харц салгалгүй харж зогссон 17 орчим настай Камилла Донсье гэх бүсгүй жожим зураачийн эхнэр болсон юм.

Моне алдарт “Камилла (Ногоон дундах бүсгүй)” бүтээлээ 1866 онд Парисын салонд тавьж урлаг судлаачдын зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ зураг олонд хүрэхэд Камилла хөл хүнд болсон байлаа. Гэрлэхгүй бол зураг нь зохих ёсоор үнэлэгдэхгүй хэмээн шүүгчид зөвлөж байв. Хүү нь зөвшөөрөлгүйгээр гэрлэсэн гэх мэдээлэл эцэгт нь хүрвэл санхүүгийн тусламж өгөхгүй гэсэн том эрсдэл байлаа. Мөнгөнд хавчигдсан зураачийг зээлдүүлэгчид нь тайван суулгахгүй зовооно. Гавер, Сент Адресс, Парис зэрэг хотууд руу зээлдэгчдээсээ зугтан амьдарсаар байлаа. Зарим үед бүр амиа егүүтгэхийг ч оролдож байсан гэдэг. Энэ бүгдийн эцэст Клод, Камила хоёрт бага ч атугай тайвшрах боломжийг хуучин анд Фредрик Базиль нь өгсөн юм. Фредрик Базиль зураачийн нэг бүтээлийг боломжийн үнээр худалдаж авсан юм. Хос залуус хуримаа сайн үе иртэл хойшлууллаа. Найзынх нь өгсөн мөнгө анхны хүүхэд төрсний эхэн саруудад хангалттай байлаа. Анхны охин Жанна 1867 онд мэндэлсэн юм. Гэр бүлийнх нь цаашдын амьдрал Клодын амжилтаас шалтгаалж байв. Аз болоход тухайн үед Монегийн бүтээлийг бишрэн шүтэгчид гарч ирлээ. Тэдний зарим нь баян чинээлэг эрхмүүд байсан юм. Чинээлэг шүтэн бишрэгчдийн нэг нь худалдаачин Годибер. Тэр хэд хэдэн бүтээлийг нь худалдаж аваад зогссонгүй, Парис хотоос баруун хойд хэсэгт хэдэн км-ийн зайд байрлах Сена мөрний эргийн ойролцоо байрлах тосгон Сен-Мишель де Бужеваль тосгонд байшин худалдан авч өгчээ. Энд тэр Ренуартэй хамтран “Усан доорх газар”, “Мэлхий нэртэй бяцхан зоогийн газар”-ын талаар цуврал бүтээл туурвисан юм. Моне энэ үед санхүүгийн асуудлаа шийдэж, урт хугацаанд хүлээсэн хуримаа хийлээ.

Клод МонеЗалуу хос Нормандын Трувиль хотод шилжин суурьшив. Гэвч хэдэн долоо хоногийн дараа Франц Пруссийн дайн эхэлсэн учраас импрессионист бүлгийн клубүүд түр хугацаагаар хаагдсан юм. Монегийн сайн анд Фредрик Базиль эзэн хаанаа хамгаалах дайнд мордож удалгүй амиа алдав. Зураачид Францаас дүрвэхийг илүүд үзлээ. Моне Камилаг хүүхдийнхээ хамт сайн найзындаа үлдээгээд Лондон явав. Учир нь Монегийн гэр бүлийнхэн эхнэрт нь таагүй ханддаг байсан юм. 1870-1871 оны өвөл тэр зууны хувьд хамгийн хүйтэн жил байлаа. Лондон тэр аяараа чийг утаа мананд автсан байв. Темза, Грин-парк, Гайд-парк бүхэлдээ 24 цагийн турш чийг мананд уусна. Гэвч Монегийн хувьд энэ гайхалтай үзэгдэл байсан юм. Тэрээр өнгө гэрлийн хослолыг тэр л үед олж харсан билээ. Энэ талаараа Рене Жимпельд “Лондон Английн тосгоноос илүүтэй надад таалагдаж байна. Үнэн шүү, би Лондонд дурлаж байна. Яг л ансамбль мэт, гэсэн хэрнээ гайхалтай энгийн. Тэр дундаа Лондонг хучсан манан онцгой таалагдаж байна. Лондонгийн өвөлд би дуртай. Зун бол энд цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн хот сайхан харагддаг л даа. Гэвч Лондонгийн манантай өвөл үүнтэй харьцуулшгүй сайхан. Лондон манангүйсэн бол тийм сайхан харагдахгүй. Манан энэ хотыг гайхалтай харагдуулах юм. Лондонгийн нууцлагдмал энэ бүрхүүл нэг өнгийн, барилга байшингууд нь аварга байгууламж мэт сүртэй харагдахыг яана” хэмээн бичиж байжээ.

Британийн нийслэлд тэр Писсаро, Добиньи хоёртой дотносож, Францын зураач Поль Дюран-Рюэльтэй танилцсан юм. Энэ уулзалт хувь тавилан байв. Импрессионистууд чин үнэнчээр, хэн хэндээ ашигтайгаар нөхөрлөжээ. Дюран-Рюэль тэдний уран бүтээлийг Франц зураачдын нийгэмлэгээс гаргадаг бүх л үзэсгэлэнд тавьж байлаа. Мөн 1870 онд Клодоос хэд хэдэн бүтээлийг нь худалдаж авав. Санхүү нь сайжирсан зураачийнх Аржант хэмээх үзэсгэлэнт газарт нүүж очлоо.

Дараахан нь импрессионистуудын үзэсгэлэнд олон нийт шүүмжлэлтэй хандах үед дахин мөнгөгүйдэж, зээл авахаас аргагүйд хүрч, хүндээр өвдсөн Камила болон хоёр хүүгээ Аржант хотоос Ветей хотод аваачин дөрвөн хүүхэдтэй айлд байлгажээ. Гэвч хувь тавилан бэлгээ дахин задалж урлагийн бүтээл цуглуулагч Жорж Шарпантьегийн эзэмшлийн “Ви Модерн” буюу “Орчин үеийн амьдрал” сэтгүүлийн байранд гаргасан Монегийн 18 бүтээл олны анхаарлыг татсан билээ. Хэвлэлийнхэн шуугьж, бүтээлүүд нь бүгд зарагдлаа. Зураачийн амьдрал дээшилж эхлэв. Монегийн амьдралын идэвхтэй үе ингэж эхэлсэн юм. Дараа жил нь тэр Пети галлерейд 145 бүтээлээ толилууллаа. Алдрын оргилд нэртэй зураач болсон түүнийг шинжлэх ухаан, урлагийг ивээн тэтгэгчид хүрээлж эхлэв. Зөвхөн Дюран-Рюэлиэс олсон орлого нь гэхэд л 1882 онд 20 мянган франкад хүрч байж.

Моне 1886 онд Нью Йорк хотноо бүтээлээ толилуулж дэлхий дахинаа алдаршсан зураач болов. Америкчууд хувийнхаа үзмэрт зөвхөн Монегийн бүтээлийг тавихыг илүүд үзэж байлаа. 1887 онд зураачийн нийт орлого 44 мянган франк, 1891 онд 100 мянган франк, хожмоо бүр хоёр дахин нэмэгдсэн юм. Өр зээл, уналт ядуурал ард үлдэв. Дьеппе, Пурвил, Этрет, Фекан зэрэг дуртай газраа бүтээлээ туурвиж, Антиб, Итали, Швейцарь, Голланд, Норвеги зэрэг дэлхийн өнцөг булан бүрт аялж байв. Мөн Живернн хот дахь хувийн цэцэрлэгтээ уран бүтээлээ туурвидаг байлаа. Эхнэрээ өвчнөөр алдсан Моне Гошедегийн бэлэвсэн эхнэр Алистай гэрлэж аз жаргалтай амьдарсан юм.

Импрессионист чиглэлийн хандлага аажмаар буурч 1883 онд гарсан үзэсгэлэн нь амжилт олсонгүй. 1886 онд гаргасан үзэсгэлэнд пуантилизм урсгалын төлөөлөл болох Жорж Сер, Поль Синьяк нарын бүтээлүүд олны анхаарлыг татаж эхлэв. Моне аль хэдийнэ сонирхол татахаа больсон байлаа. Тэр энэ цагаас олон нийтийн өмнө гарахаасаа илүү хувийн амьдралдаа анхаарах болов. Моне 1892 онд “Бухал” гэдэг цуврал бүтээлээ туурвисан байна. Тэрээр энэ цуврал бүтээлдээ цаг агаар хоногийн дотор хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан байдаг. Дараа нь ”Улиангар” хэмээх цуврал бүтээлээ туурвиж, Руаны цогчин дуганыг гэрлийн хугарлаар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар нь 50 янзаар зурав.

Тэр үргэлж “Цэцэрлэг. Энэ бол миний бүтээлийн хамгийн сайхан хэсэг” хэмээн хэлдэг байв. Монегийн уран бүтээлийн гол тулгуур нь нарны гэрэл байсан юм. Нас дээр гарсан хойноо тэр уран зургийн шинэ хэлбэрээ цэцгээр илэрхийлжээ. Импрессионизмын эцэг 1926 оны арванхоёрдугаар сарын 5-нд таалал төгсчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img