2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Хоёр, гурав дахь Оюутолгойтой болох “шанс”-ыг хулгайлсан АМНАТ

Манай Оюу толгойг нээсэн Айвенхоу майнз Конгод зэсийн том орд нээчихээд гялалзуулж явна. Конгод өрнөж буй зэсийн цогцолборын аварга бүтээн байгуулалт хөрөнгө оруулагчдын анхааралд аль хэдийнэ орчихоод буй. Конгогийн Засгийн газрын дэмжлэг маш сайн байгаа гэж хөрөнгө оруулагчид нь PDAC-ийн индрээс онцолж байсан нь ердөө өнгөрсөн хаврын явдал. Засгийн газрын гишүүд нь уг төслийг сонирхоод явахдаа “Та нар төслийн хөгжүүлэлтдээ л анхаар, бид тултал нь дэмжинэ” гэснийг хөрөнгө оруулагчид нь түрүү жилийн PDAC-т илтгэл тавихдаа дуулгаж байв. Хөрөнгө оруулагчдад үүн шиг сайн мэдээ, эерэг мэссэж гэж юу байхав. Камао Какулагаараа дэлхийн зэс үйлдвэрлэгчдийн гуравт эрэмбэлэгдэх амбицтай яваа Конгогийн шинэ Засгийн газар 2019 онд бүрджээ. Конгогийн засгийн хувьд энэ нь сүүлийн жаран жилийн анхны тайван шилжилт байж. Конгод хэрэгжиж буй зэсийн цогцолбор төсөл таван ил уурхай, хоёр гүний уурхайтай, эхлээд олсон Камао юм. Хайгуул нь анх 1998 онд эхэлсэн түүхтэй. Конгогийн зэсийн цогцолбор уурхайд ажиллах машинууд цэвэр эрчим хүчээр явна, усан цахилгаан станц барина, энэ оны хоёрдугаар улиралд гэхэд 450 мянган тоннын олборлолт зорьсон гэх мэт онцлохуйц мэдээлэл Конго зүгээс дуулдаж байна.

АМНАТ“Вүүд Маккензи”-гийн судалгаагаар дэлхий даяар 240 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байж зэсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэсэн дүгнэлт гарчээ. “Айвенхоу майнз”-ийн Нөөцийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жорж Гилгрист “Манайх бол дэлхийн хэмжээний орд. Олборлолтоо өнгөрсөн жил эхэллээ. Уурхай ажиллах явцад зэсийн агуулга нь маш их гэдэг нь тодорхой болсоор байсан шүү. Өрөмдөх явцад метр доошлох тусам агуулга нь өндөрссөөр байсан” хэмээсэн нь бий. Камао Какула төслийн 39.6 хувийг “Айвенхоу майнз”, 20 хувийг Конго улсын Засгийн газар, 0.8 хувийг “Crystal river global” эзэмшдэг. “Айвенхоу майнз”-тай хамтран хөрөнгө оруулагч нь Хятадын Zijin компани . Zijin Айвенхоу майнз-тай адил энэ төслийн 39.6 хувийг эзэмшдэг. Хятадын энэ компанийн хувьд дэлхийн олон улсад уул уурхайн том төслүүдэд хөрөнгө оруулдаг, манай улсад гэхэд л зэс, алтны Хармагтай ордод хөрөнгө оруулж эхэлсэн юм Дэлхийн хамгийн хурдан өсч хөгжиж яваа зэсийн цогцолбор уурхайтай Конго улсын хувьд 2024 оны сүүл гэхэд зэс хайлуулах үйлдвэртэй болно гэсэн мэдээллийг “Айвенхоу майнз” компаниас өгч буй. Конго улсын Камао Какула 2024 оны эцэс гэхэд дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болно гэсэн тодорхой мэдээ ч чих дэлсч байгаа.

АМНАТДайнтай, хөгжил доогуур гэсэн тодотголтой явсаар өнөөг хүрсэн Конго улс зэсийн гурав дах том уурхайтай болох амбиц тээж, Засгийн газар нь мега төслөө тултал нь дэмжинэ гэсэн мессэжийг дэлхийд цацаж буй энэ үед манай улс зэсийн дараа дараагийн төслүүдээ гацаасан АМНАТ-аасаа ч салж чадаагүй явна. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгад уул уурхайн хөгжлийг чөдөрлөсөн АМНАТ-даа анхаарах болов уу гэсэн горьдлого салбарынханд байсан ч тэгсэнгүй. АМНАТ-аа авахдаа л авна гэсэн засгийнхны хатуу байр суурь хэвээр байна. Хэрвээ АМНАТ дээр өнөөдрийнхөөс өөр шийдэл олохгүй бол Цагаан суварга, Хармагтай гээд зэсийн дараагийн төслүүд хэрэгжиж эхлэхгүй энэ хэвээр гацсаар байх нь бодитой үнэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img