Хөөх, гайхалтай… Тэнд очоод хэлсэн анхны үг минь ердөө л энэ. Элдэв гоё үг, нэмж хачирласан чимэг үггүй мэдрэмж гэж байдаг даа. Яг тийм мэдрэмжид хэсэг зуур эзлүүлсэн. Манайхан Азийн Хавай гэж ярьдаг Хайнаньд газардсан эхэн үеийн мэдрэмж л дээ. Цас, бороо холилдсон, хуйсагнасан цаг агаартай эх орноосоо гарсан надад эрэг нь харагдахгүй цэлийх далай, зөөлөн чийглэг агаар, дал мод, гадил жимс, торгон элстэй Хайнань тэс ондоо ертөнц мэт санагдсан учраас тэгж гайхширсан хэрэг. Огт өөр орчинд гэнэт газардсан болоод ч тэр үү нэг хэсэгтээ үүнийг гайхаж, түүийг сонирхов гээч болов. Хүйтэн тухгүй цаг агаартай улиралд хүний явдал хүртэл түргэсдэг шиг санагддаг. Бүр орчноо харах хүрээгээ ч багасгадаг юм шиг. Яг ийм орчинд байж байгаад гэнэтхэн Саняд газардсан эгшинд нүдний өмнө бүх юм цэлийх шиг л болсон. Алхаа хүртэл удаашраад, нэг тийм ес бусын тайвшрал мэдрэгдсэн.
Сармагчинд дээрэмдүүлсэн нь
Миний газардсан Саня хотыг амралт, сувиллын хот гэж тодотгодог. Нэг үгээр хэлвэл аялал жуулчлалын хот. Анх очиж байгаа хүнд Санягийн юм бүхэн нүдэнд содон. Гудамжаар нь жаал алхлаа. Тоос шороогүй цэмцгэр гэж жигтэйхэн юм. Жуулчдын хот гэдэг нь гудамжинд зөрөх хүмүүсээс илт. Саняагийн гудамжнаас аль ч орны иргэдийг харж болохоор юм билээ. Бараг л айл болгон гаднаа жимс тарьчихаж. Буудалдаа тухалчихаад маргааш өглөө нь Сармагчингийн арлыг зорилоо. Хятадын хамгийн урт агаарын дүүжингээр 2138 метр аялж байж очдог энэ арал Хайнаний заавал очиж үзэх ёстой газрын нэг гэж сонссон болохоор очихоор төлөвлөсөн байсан юм. Циркт сургуультай сармагчингийн үзүүлбэр сонирхож байснаас биш байгалийнхаа жамаар амьдарч байгаа зэрлэг сармагчингийн авирыг ойроос хараагүй надад тэдний хөдөлгөөн бүр сонин.
Яг л сармагчингийн эзэнт улсад оччихсон мэт. Энд хүний биш сармагчингийн хууль үйлчилнэ. Сармагчингийн арлыг сонирхож байгаа хүмүүс цүнхээ сайн анзаарч явахгүй бол гэнэтийн халдлагад өртөх нь ердийн үзэгдэл гэж хөтөч маань санууллаа. Сануулга оргүй байсангүй. “Дээрэмчин” сармагчингуудын хувьд цүнх булааж авах нь энүүхэнд юм гээч. Би зургийн аппаратаа авах гэж цүнхээ онгойлгож байгаад мань хашруудад олзлогдчихож. Цүнхэн дэх гялгар цаастай чихэр анхаарлыг нь татсан бололтой үсэрч ирээд цүнхийг минь булаачихдаг байгаа. Ухаж ухаж амттанаа авчихаад буцаагаад шидчихлээ. Цүнхэн дотор байгаа мөнгөтэй хэтэвч, энэ тэр бяцхан “дээрэмчин”-д сонирхолтой санагдсангүй. Дараа нь нөгөө “найз”-тайгаа зураг авхуулах юм боллоо. Гэтэл шинэхэн танил маань сурамгай нь аргагүй зураг авхуулангаа халаас ухаж эхэллээ. Идэх юм хайж байгаа нь тэр гэнэ. Зарим нь бүр хүн рүү дайрч ууж байгаа ундааг нь хүртэл булаах юм. Өө тийм, сармагчингийн арал бас ч гэж “чанга хууль”-тай. “Гэмт хэрэг” хийсэн сармагчин шийтгүүлдэг шоронтой.
Шивээсэн гоёлтой ли бүсгүйчүүд
Хайнанийн уугуул Ли үндэстний ахуй, амьдрал жуулчдын үзэхийг сонирхдог бас нэг өвөрмөц орчин юм билээ. Гадныхан монголчууд моринд эрэмгий гэдэг дээ. Яг тэрэн шиг “ли залуусын модонд авирах нь сармагчингаас хурдан” болохыг нүдээр үзээд гайхсан шүү. Урт шулуухан хулсан дээгүүр сурамгай нь аргагүй авирах Ли залуусаас гадна бас нэг сонин зүйл анзаарагдсан. Ли бүсгүйчүүдийн гоёл нь шивээс. Эртнээс шивээс ихтэй бүсгүйчүүдийг сайханд тооцдог байж. Тэр үед аль болох их шивээстэй бүсгүй эрт нөхөрт гардаг байсан гэдэг. Ажаад байхад хөгшчүүл нь их шивээстэй юм. Нэг их угалзарсан биш зүгээр л нэг зураас маягийн шивээсүүд нүүрэндээ хийлгэсэн настай эмэгтэйчүүд олон таарав. Залуусыг нь шивээс хийлгэхийг хорьсон нь үнэн бололтой, лав л шивээстэй залуу бүсгүй харагдаагүй. Ахуй амьдралаа сонирхуулж, түүнийхээ төлөө хөлс авч амьдардаг болохоор тэр үү их нээлттэй улс юм. Цагаан будааныхаа сархдыг амсуулж, алдарт хулсны бүжгээ хийгээд л…
Үдээс хойш буудалдаа ирлээ. Ядарснаа зөөлөн орон дээр тэрийн хэвтэхдээ л мэдрэв. Аяллын эхний өдөр орсон халуун рашаанд дахиад нэг орчихмоор ч юм шиг. Тэгээд нэг сайхан нам унтмаар. Ер нь энд ирснээс хойш нойрондоо сайжирсэн юм байна шүү. Хайнаний агаар агаарын витамин гэгддэг ионоор баялаг учраас арга ч үгүй байх. Цэвэр агаар, экологийн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог арал дээр амарч байгаа хүний нойр сайжрах байх л эерэг өөрчлөлт.
Сувд амьд биет үү, үнэт чулуу юу?
Маргааш өдөр нь Хайнаны сувдны аж ахуйг сонирхов. Бас л нэг өвөрмөц орчин. Манайхан сувд гэхээр зөвхөн зүүдэг гоёл гэж ойлгох нь бий. Сувдны сүү, сувдаар хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн гээд сувд олон зүйлийн түүхий эд болдгийг үйлдвэр дээр нь очиж байж л мэдэв. Далайн хясаанаас сувдыг хэрхэн гаргадагийг хараад зогсч байхад нэг сонин гэмээр бодол төрөөд. Хэзээ ч билээ нэг номноос “Ер нь сувд үнэт чулуу мөн үү” гэсэн сонирхолтой асуултыг уншиж байснаа саналаа. Амьд амьтнаас үүссэн болохоор чулууны төрөлд оруулмааргүй ч юм шиг. Гэхдээ л хүн төрөлхтөн эрдэнийн чулуун дундаас сувдыг онцгойлсоор ирсэн. Миний хувьд сувдыг онцгойлох нэг шалтгаан байдаг юм. Эзнээ эрүүл үед нь гялалзаж, өвдөх, нас барахад нь өнгөө алддаг, эзнийхээ настай эрдэнэ гэж сонссоноос хойш яагаад ч юм онцгойлох сэтгэл төрөөд байдаг болчихсон. Сувдыг гамтай хэрэглэлээ гэхэд л 150 жилийн эдэлгээтэй, 200 жил болсон сувд хар өнгөтэй болж танигдах аргагүй болдог, эртний булшнаас олсон сувд гар хүрэнгүүт л үйрдэг гэж ирээд яривал сувдны ертөнцийн сонин хачин барагдахгүй л дээ. Сувд нас уртасгах, гай зовлонгоос хамгаалах, хараа сайжруулах, хулгайчаас сэргийлэх ид шидтэй, гэр бүлийн аз жаргалын бэлгэдэл, эд баялаг, баяр баясал авчирдаг гэж сонссон болохоор худалдан авахдаа гар татсангүй. Үнэ нь ч боломжийн, бодитой санагдав. 40 юаньд хөөрхөн хийцтэй ээмэг аваад зүүчихлээ. Мэдээж хэмжээ, хэдэн жил болсон гэх зэргээрээ үнэ нь ялгаатай л даа. Гэхдээ л “ориг” сувдны хамгийн хямд үнэ Хайнанийх гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Хайнаны нэрийн хуудас болсон болрын үйлдвэр ч аяллын маршрутад багтав. Болор нүдний шил, гоёл, болор эдлэлийг эндээс элдэв дамжлаггүй бодитой үнээр авах боломжтой гэж сонссон болохоор бас ч гэж хөөрхөн худалдаа хийлээ. Болрын том ордтой газар болохоор үнийн хувьд хямд байх нь тодорхой.
Дэлхийн миссийн ордон, шүрэн хад, өнгө алаглах загас…
Хайнанийг зорьсон хэн бүхний очихыг хүсдэг газрын нэг нь акулын тосны эмийн бүтээгдэхүүний дэлгүүр. Нутгийн гаралтай бүтээгдэхүүн учраас үнэ нь ч хямдхан юм.
Манайхны америкийнх гэж хэдэн зуун доллараар авч уугаад байдаг акулын мөгөөрсөөр хийсэн тос хэдэн зуухан юань байх жишээтэй. Гүн далайд амьдардаг акулын мөгөөрс, тосоор хийсэн эмийн бүтээгдэхүүнүүд нойргүйдэл, ядаргаа, зүрх судасны өвчинд онцгой тустай гэж худалдагч нь тайлбарлав. Ой тогтоолтыг сайжруулж, цусан дахь өөх тосыг гадагшлуулдаг гэнэ. Монголчууд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэж авч хэрэглэх тохиолдол их байдаг гэж танил эмчээсээ сонссон юм байна.
Дэлхийн миссийн ордон, шүрэн хад, өнгө алаглах загас, сонин содон ургамалтай далайн гүний зугаатай аялал, эмчилгээний халуун рашаан, нар ээсэн далайн эрэг, дүүжин ор, торгон элс, дал модны сүүдэр… Анх очиж байгаа болоод ч тэрүү Хайнаний сонин сайхан барагдахгүй юм шиг санагдсан. Нэг сайхныг үзэж ханаагүй байхад л нөгөө сайхан. Өдрийн турш үргэлжлэх гайхалтай агшнууд намайг уйдаасангүй. Баяртай Хайнань, би дахиж ирнэ ээ. Ажлаас гэр, гэрээс ажил гэсэн дассан хэмнэлийг минь эвдэж, газрын диваажин гэж байдагийг мэдрүүлсэнд, үргэлжийн стреестэй байдаг бужигнасан орчноос салгаж, байгалийн нэг хэсэг гэдгийг минь эд эс бүхэнд минь шивнэсэнд баярлалаа.