2024-12-26, Пүрэв
-20 C
Ulaanbaatar

Европт ноолууран өмд хамгийн тансаг бэлэг болжээ

Манай улсын нэрийг дэлхийд гаргасан брэнд бол яалт ч үгүй ноолууран бүтээгдэхүүн. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор Д.Энхтуяа монгол ноолуурын давуу тал, онцлогийг хэрхэн тайлбарласныг хүргэе. Тэрбээр “Монгол ноолуур” номын зохиогч юм.

• 2000 оноос хойш хийсэн судалгаагаар монгол ямааны ноолуур Азийн сонгодог ямааны ноолуур мөн гэдгийг бид баталсан. Азийн сонгодог ямааны ноолуур гэдэгт Монгол, Хятад хоёр л орж байгаа юм. Гистологи бүтэц гэдэг үзүүлэлтээр нь ингэж тодорхойлсон. Ямааны ноолуур гадна талдаа хайрсан давхаргатай. Хайрсны өндрөөс шалтгаалж байгаа юм. Ямааны ноолуур гялалзсан өнгөтэй байдаг шүү дээ. Хайрс нь өндөр бол нарны гэрэл ойж, гялалзсан өнгөтэй болдог. Зөөлөн байна гэдэг нь хайрс нь нимгэн гэсэн үг. Манай ямааны ноолуур 16 микрон гэж байхад Австрали 14 микронтой хонины ноос гаргачихаад байгаа юм. Бүр нарийхан болчихоод байна. Тэгсэн ч ширүүн байдаг. Тэр нь хайрсны бүтцээс шалтгаалж байгаа юм.

Монгол ямааны ноолуур бусад ноолуураас юугаараа онцлог гэхээр мэдээж голч нь 16 микрон байдаг. Хятад ноолуураас манайх урт байдаг. Хятад ноолуур 26-32 мм гээд стандарт байдаг. Гэтэл манай ноолуурын стандарт 38 мм-ээс дээш гэж заадаг. Энэ хамгийн давуу тал. Урт учраас нарийн ээрмэл хийх боломжтой. Дээр дурдсан хайрсны бүтцээс шалтгаалаад, ээрэх явцад уян чанар нь өөр байдаг.

• Хятадын ноолуур бараг 99 хувь нь цагаан. Дэлхийн зах зээл дээр нэг хэсэг цагаан ноолуур маш үнэлэгдсэн. Янз янзын өнгөөр будаж болно гэж үздэг байсан. Монгол ноолуур байгалиасаа дөрвөөс таван өнгөтэй. Өнөөдрийн зах зээлийн хэрэгцээнд будаг ороогүй натурал бүтээгдэхүүн гэдгээрээ маш давуу тал болж байна. Говь, Ээрмэл, Кашмер холдинг гээд үйлдвэрүүд органик гэж ярьдаг будаг оруулаагүй, өөрийнх нь өнгөөр хийсэн бүтээгдэхүүн гаргадгаараа давуу талтай. Зөвхөн ноолуур ч бус хонины ноос ч гэсэн өнгөний хувьд давуу талтай. Эрдэнэт хивс Австралиас хонины ноос аваад хивс хийж л дээ. Тэр нь дандаа цагаан өнгө байхад манайх хар, саарал, улаан буурал гэх мэтээр натурал өнгөтэй, будаггүй хивс гаргаад, тэр нь бас дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байсан. Тэмээний ноос байна. Сарлагийн хөөвөр бүр гурван өнгөтэй. Хөвөн цагаан өнгөтэй гэж ойлгодог байсан бол одоо өнгө өнгийн хөвөн хүртэл тарьж байна шүү дээ.

Ноолуурын үйлдвэрлэлд хамгийн чухал болж байгаа зүйл нь тогтвортой байдал. Дэлхий нийтээр нэхмэлийн үйлдвэрлэлд маш их ус зарцуулдаг. Түүн дээр будаг орж ирнэ. Ус хэмнэх, химийн бодис бага зарцуулах асуудал яригдахаар натурал өнгө чухал болоод байгаа юм. Дэлхий нийтээр эрүүл хэрэглээг чухалчлах болсон. Эрүүл хүнснээс гадна эрүүл хувцас бүтээгдэхүүн хэрэглэх гэж хичээдэг.

Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна. Европт хүний хуучин хувцсыг хаана хаях вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Химийн будагтай хувцас хаяхад хөрс бохирдуулна гэж үзэх болсон. Натурал ноос ноолууран хувцас бол хөрсөндөө шингэнэ.

• Монгол малын зүс олон янз. Цагаан ямааг бодвол хар ямаанаас гарах ноолуурын хэмжээ их байдаг. Өвлийг өнтэй давахад бараан зүсмийн мал илүү. Цагаан ямаа цөөрч байгаа. Ноолуур багатай, үс нь тачирхан, зуд турхан болоход тэсвэр багатай учраас.

Эрчмийн хар ямаа байна. Хөвсгөлийн Эрмийн нурууны орчмоор нутагладаг иргэд өсгөн үржүүлдэг энэ ямаа ноолуурын чанараараа гайхагддаг. Ноолуур нь нарийн, урт байдаг давуу талтай. Хүмүүс ямааныхаа үүлдэр омгийг сайжруулах гээд тэндээс ухна авах жишээтэй. Дөрвөлжингийн халтар гээд ямаа байна. Завханы Дөрвөлжингийнх. Сайн гэгддэг үүлдэр омгийн ухна авч тавьж байна. Эдгээр нь ямааны зүс хар бараан болоход нөлөөлж байна. Говь гурван сайхан, Донын хар ямаа гэхэд л бас ноолуур ихтэй. Манайд ноолуур бэлтгэлийн систем байхгүй болсон. Нарийныг нь өндөр үнээр авна, бүдүүнийг нь хямд үнээр авна гэхгүй болохоор их ноолуур өгдөг үүлдрийг илүүд үзэх болжээ. Улаан хүрэн зүсмийн ямаа бас байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд голчлон үржүүлдэг улаан зүсмийн ямаа бас алдартай. Тэндээс ухна тавьсан газар бас улаан ямаатай байна. Үржил селекцийн ажил малчдын зоргоор явагдаж байгаа.

Яг үнэндээ Баяндэлгэрийн улаан ямаа Сүхбаатартаа л сайн өсөхөөс биш өөр газар очоод үр шимээ сайн өгөхгүй л байгаа. Залаа жинстийн цагаан ямаа гэхэд л Баянхонгортоо, дулаан газартаа л ашиг шимээ өгөхөөс бус Хөвсгөлд амьдрах чадвар муутай.

Яагаад Монгол, Өмнөд Монголд ноолуур байгаа гэхээр уур амьсгалтай холбоотой. Арваннэгдүгээр сард хүйтэн сэрүүн ороход арьсан доторх ноолуурын булчирхай ажиллаж, ноолуур ургаж эхэлдэг юм.

• Гэр ахуйн ноолууран сүлжмэл эдлэл бий болсон. Дэр бол маш хэрэгцээтэй. Насжилт нэмэгдэж байгаа. Настай хүний биед халуун, хүйтэн жин тавихад ноолууран бүрээстэй бол тааламжтай. Одоогоос таван жилийн өмнө бид төсөл хэрэгжүүлж байхад маш их борлогдсон зүйл нь ноолуураар бүрсэн хүн шиг том грилк. Европт ганцаараа амьдардаг настай хүмүүс олон. Ганцаараа хүн дулаан юм налж, тэвэрч суух хэрэгцээ байдаг юм билээ.

Манайхан Германы оюутнуудтай хамтарсан эсгийний сургалт хийсэн юм. Монголчууд эсгийгээр гутал, тавчик хийнэ шүү дээ. Нөгөөдүүл болохоор налж суухад тухтай гээд тэмээний бөх шиг том том юм хийж тавьсан. Орчноосоо тусгаарлагдаж, юм сэтгэн бодоход тухтай гээд сандал дээр суугаад, толгойдоо чийдэнгийн бүрхүүл шиг юм углаад сууж байх юм байна. Ноолууран бол бүүр сайхан дулаахан мэдрэмж төрүүлнэ гэнэ. Европ хүний сэтгэлгээ өөр юм билээ. Хачин санагдаж байсан ч Европт очиход үнэхээр тийм зүйлс хэрэгцээтэй юм билээ.

Нидерландтай хамтарсан гэр ахуйн ноолууран эдлэлийн төсөл хэрэгжүүлсэн юм. Парисын том дэлгүүрээр орж үзэхэд манай энд байгаа ноолууран орны бүтээлэг, гэрийн халаат энэ тэр манайд зарагддагаас таваас зургаа дахин үнэтэй байсан. Манайхаас 250 еврогоор орны бүтээлэг хийлгээд аваад явдаг байхад тэнд 1200 орчим байх жишээтэй. Европт ноолууран өмд хамгийн тансаг бэлэг гэсэн. Ноолуур гэдэг юмыг тэгж л үнэ цэнийг нь мэдэрч байна даа.

• Дэлхийн дулаарлаас болоод хүмүүс нимгэн хувцас сонирхох болсон. Ноос ноолууран эдлэл чийг шингээж аваад, дулаан ялгаруулдаг учраас австралиуд шууд бие дээрээ өмсдөг хувцас хонины ноос, ноолуураар хийгээд байна л даа. Хонины ноос ширүүн талдаа болохоор ямааны ноолуураар хийх болсон. Ноолууран хувцасны тааламжтай байдал, тав тух, эрүүл ахуйн судалгаа хийж байгаа. Өвлийн хүйтэнд синтетик материалтай хувцас өмссөн үед нуруунаас хайрдаг шүү дээ. Ноосон хувцас тэгж хайрахгүй. Сурагчийн дүрэмт хувцсанд 40 хувийн ноос орсон нь цаанаа учиртай. Манай нэг багшийн хэлсэн үг фэйсбүүкээр явж байна лээ. “Гадаад формын хувцас гялгар ууттай л адил” гэж. Зөндөө юм болж байж л дүрэмт хувцсанд ноос оруулсан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img