2024-10-18, Баасан
-8 C
Ulaanbaatar

Температур 1 градусаар нэмэгдэх нь ДНБ-ий өсөлтийг 0.48 хувиар сааруулдаг

Монгол банкнаас “Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, эдийн засагт үзүүлж болох нөлөө, учирч болох эрсдэл: Монгол улсын жишээ” гэсэн судалгааг хийжээ. Уг ажил нь Монгол Улсын хэмжээнд тоон мэдээлэл дээр үндэслэн уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг дахь нөлөөг судалсан анхны судалгаа болсноороо онцлог аж. Л.Даваажаргал, Б.Ананд, Э.Хосбаяр нар судалгааны тайландаа “Температур 1 градусаар нэмэгдэх нь ДНБ-ий өсөлтийг 0.48 хувиар сааруулдаг бөгөөд 7-8 улирлын дараа нөлөө нь илэрч, нэг удаагийн шок гурван жилийн дараагаас тогтворжих төлөв ажиглагдлаа. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол нэмэгдсэнээр ургацын бууралт, бэлчээрийн доройтол, цөлжилт болон бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөөлөл илэрч болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд манай улс ногоон эдийн засагт шилжих шилжилтийг хурдасгаж, байгальд ээлтэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт буюу ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн онцолжээ.

Хэрэв хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол жил бүр дунджаар дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг алдах магадлалтай аж. Харин үүний 1 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад зарцуулснаар тус эрсдэлээс зайлсхийх боломжтой гэнэ.

Сонирхуулж хэлэхэд дэлхийн дундаж температур XX зуун гарснаас хойш мэдэгдэхүйц нэмэгдэж, сүүлийн 30-40 жилийн хугацаанд өсөлтийн хурд өнгөрсөн хорин мянган жилд байгаагүйгээр хурдацтайгаар нэмэгджээ. Мөн дэлхийн дулаарал аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1 орчим градусаар өссөн байна. Үүний 0.12 градусын дулаарал нь 2006-2015 оны хооронд буюу ердөө 10 жилийн хугацаанд бий болжээ. Энэ хурдаараа цааш үргэлжилбэл 2040 он гэхэд дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн өмнөх үеэс 1.5 градусаар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.

Дэлхийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ аж үйлдвэрлэлийн нэгдүгээр хувьсгалаас хойш буюу 1750 оноос XXI зууны эхэн үе хүртэл 50 дахин нэмэгдэж, жилийн дундаж өсөлт нь 1.5 хувьтай тэнцэж байж. Эдийн засгийн энэ өсөлтийн цаана үйлдвэрлэл, технологийн дэвшил хурдацтай явагдаж, түүхий эд, байгалийн баялгийн нөөцийг үлэмж хэмжээгээр ашиглах болсноор үүнийг дагасан нийгэм, эдийн засгийн зардал улам бүр өсөн нэмэгджээ. Тухайлбал, дэлхийн аж үйлдвэрийн хувьсал эхэлснээс хойш хүлэмжийн хий эрс нэмэгдэж, 1800 онтой харьцуулахад 1200 дахин, 1900 оноос 18 дахин, 2000 оноос 1.4 дахин өссөн статистик гарсныг уг судалгаанд онцолсон байна.

Судалгааны тайланд “Ялангуяа нүүрс, нефть, газрын тос гурав хүлэмжийн хийн голлох үүсгэгчид. Эдгээр нь дунджаар нийт хүлэмжийн хийн 94 хувийг бүрдүүлж байна. Үүн дотроо хамгийн өндөр жинг эзэлж буй нүүрсхүчлийн хий ялгаруулалтаар АНУ болон Европын улсууд 1990 онд оргилдоо хүрч, түүнээс хойш буурах хандлагатай болжээ. Харин Азийн улсууд эсрэгээрээ нэмэгдсэн. Тухайлбал Хятад улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засгийн гайхамшгийг бүтээхийн зэрэгцээ нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлж, өдгөө нийт хорт хийн 50 гаруй хувийг дангаараа бий болгоод буй. Мөн Өмнөд Азийн бүс нутаг нь уур амьсгалын өөрчлөлтөд томоохон хувь нэмэр оруулдаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий бүс нутгийн нэг хэвээр байна” хэмээн онцолжээ.

Дэлхийн банкны тооцооллоор уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2030 он гэхэд 100 сая хүн нэмж туйлын ядууралд орох магадлалтай байгаа аж. Дэлхийн дулаарал эрчимтэй явагдсанаар өлсгөлөн, цэвэр усны хомсдол, далайн эрэг дагасан үерийн аюул зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд олон сая хүн нэгэн зэрэг өртөх аюул нүүрлээд буйг Дэлхийн банк анхааруулжээ.

Дулаарал явагдсаны улмаас өндөр уулсын мөнх цас хайлж, олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, ургамлын зүйлийн бүрдэл нь хомсдож байгааг судлаачид онцолсон байна. Манай улсын хувьд гэхэд л Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос 2002 оны хооронд 30 орчим хувиар багассан тоо гарч. Манай орны тухайд газарзүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 25 орны нэгд багтдаг байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдаж буйг судлаачид тайландаа тодотгожээ. 2020 оны байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 га талбай доройтсон бөгөөд 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 хувь хүчтэй доройтсон гэсэн ангилалд оржээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн явцад сүүлийн 50 жилд ургамлын ургалтын хугацаанд ордог хур тунадасны хэмжээ 33 мм-ээр буурч, агаарын температурын өсөлтөөс шалтгаалж гадаргын ууршуулах чадавх буюу ууршилц 100 орчим мм-ээр нэмэгдсэн нь цөлжилт явагдах байгалийн гол хүчин зүйл болоод байгааг ч судалгаанд дурдсан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img