2024-10-18, Баасан
-1 C
Ulaanbaatar

Хямралын үед бизнесээ аварч үлдэх 8 зөвлөгөө

Эдийн засаг хямарсан үед компаниуд хүнд байдалтай нүүр тулдаг. Тэр дундаа жижиг, дунд компаниудад хямрал гүнзгий нөлөөлдөг. Ийм үед компаниуд яавал тэсч үлдэх талаар Глобал стратеги менежмэнт институтийн захирал Ц.Оюунжаргалын 8 зөвлөгөөг хүргэе.

  • Хямралын үед компаниуд стратегиа эргэж харах ёстой. Учир нь эдийн засгийн өсөлтийн үед боловсруулсан дунд хугацааны стратегиараа явах боломжгүй. Өмнө нь эдийн засаг өснө, тэлнэ гэсэн төсөөллөөр зохиож байсан учраас эргэж харахаас аргагүй гэсэн үг. Хэцүү үед компаниуд тодорхой зарчмуудыг барьж ажиллахаас аргагүйд хүрдэг. Зардлаа хэмнэх бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн түрүүнд хүчтэй цохигддог. Учир нь хямралын үед ганцхан бүтээгдэхүүнээс хамаарах ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг. Бүтээгдэхүүнээ аль болох төрөлжүүлбэл зүгээр.
  • Эдийн засгийн өсөлтийн үед гаргаж байсан бүтээгдэхүүн хямралын үед хүссэнээр нь борлогдохгүй байх эрсдэл өндөр. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлттэй үйлчлүүлэгч, зах зээлд зориулсан бүтээгдэхүүн гаргахад анхаарах хэрэгтэй. Шинээр бүтээгдэхүүн гаргаж болно. Эсвэл өмнө нь гаргаж байсан бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг жижигсгэх хувилбар байж болно.
  • Олонхи компани эдийн засгийн өсөлтийн үед байсан үнийн бодлогоо хэвээр бариад байгаа нь зөв биш. Зайлшгүй эргэж харах ёстой. Худалдан авах чадвар асар их буурсан энэ үед өндөр үнээрээ явбал зах зээлээс гарах, шинээр гарч ирж буй, хурдтай, ухаалаг бодлого явуулж байгаа компаниудад шахагдах эрсдэл бий. Боломжуудыг хараад, худалдан авах чадварт нийцсэн шинэ юм уу шинэчилсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал. Мэдээж нэг төрлийн бизнес, нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамаарахгүй байх хэрэгтэй. Ер нь хямралын үед тэсч үлдэх стратегийг л ярих учиртай. Үүнээс гадна стратегийн зөвлөх хүний хувьд компаниуд хямарсан ч гэлээ тодорхой хэмжээнд өсөлтийн стратеги баримтлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
  • Өнөөгийн хэцүү нөхцөлд зардлаа хэмнэх үүднээс дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, IT-жуулбал илүү зөв гарц болно. Захиалга борлуулалтаа интернэтээр авч, хийх гэх мэтээр үйлчлүүлэгчтэйгээ ч IT орчинд харилцвал сайн.
  • Нэг төрлийн бизнестэй бол бүтээгдэхүүнээ ангилах хэрэгтэй. Ер нь аливаа бизнес, бүтээгдэхүүнийг саалийн үнээ, од, асуултын тэмдэг, dog буюу нохой гээд ангилдаг. Саалийн үнээ, од бүтээгдэхүүнтэй байж хямралыг давна. Саалийн үнээ, од болох нь мэдэгдэхгүйг нь асуултын тэмдэг бүтээгдэхүүнд оруулдаг. Бүтээгдэхүүний ангиллаа ингээд хийчих хэрэгтэй. Тэгээд алдагдалд хүргээд байгаа dog бүтээгдэхүүн, бизнесээсээ хурдан салах хэрэгтэй. Асуултын тэмдэг бүтээгдэхүүний хувьд саалийн үнээ, од болох уу гэдгийг нь цаг алдалгүй шийдэх ёстой. Dog бол шууд татгалзаад цаашлах ёстой. Групп компанийн хувьд ч ялгаагүй. Алдагдалтай бизнесээсээ татгалзаж байж хямралыг тэсч гарна.
  • Компаниудын амжилттай ажиллах зарчмын нэг нь маркетинг бас маркетинг байдаг. Хэд хэдэн компани бүх ажилчдаа борлуулагч болгоно гэсэн уриан дор ажилласан амжилттай кейс бий. Компанийнхаа бүтээгдэхүүнийг борлуулбал цалин дээр нь тодорхой хэмжээний бонус нэмдэг урамшууллын тогтолцоо бий болгочихвол маш үр дүнтэй арга.
  • Компани сайн эсвэл саар явах уу гэдэг нь шийдвэр гаргадаг хүнээс өндөр хамааралтай байдаг. Тэр хүний алсын хараа, манлайлах ур чадвар, менежмэнтийн чадвартай шууд холбоотой. Орчин цагийн менежмэнтийн ухааныг үндэслэгч Питер Дракерын нэг үг бий. Тэр хүн “Менежерийн хамгийн гол ур чадвар бол зөв хүнийг сонгож зөв албан тушаалд тавих явдал” гэж хэлсэн байдаг. Сайн, саар компаниудыг харахаар алдаа, оноонууд нь эндээ л байгаа харагддаг.
  • Багаа сайн бүрдүүлэх ёстой. Ганц сайн хүнээр хол явахгүй. Удирдлагын баг маш чадварлаг байх учиртай. Удирдлагын багийг бүрдүүлэхэд гурван F-ийн зарчим гэж бий. Монголчилбол дотнын найз, гэр бүлийн гишүүн, ухаалаг биш хүнээс хол яв гэсэн зарчим. Ингэж байж илүү мэргэжлийн удирдлагын баг бүрдэнэ. Зарим компани хүнд зориулж албан тушаал бий болгоод байдаг талтай. Эхлээд стратегиа боловсруулж бүтцээ гаргачихаад албан тушаалын шалгуур үзүүлэлт болгоныг гаргах ёстой. Тэгж байж хүний асуудал яригдах учиртай.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img