Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
– Эхний популизм нь ерөөсөө төрийн бодлого ч байхгүй, салбарын бодлого хариуцсан яам ч үгүй учраас бүх юм болохгүй байна гэх туйлшрал, нөгөө популизм нь монгол төрийн уламжлалт “хар хайрцагны бодлого” алдагдсан учраас болохоо байлаа гэх шогшролт. Гэхдээ “хар хайрцагны бодлого” гээч нь амьдралд наалдацгүй домог төдий зүйл санагддагийг нуух юун –
ШИГТГЭЭ:
2015 оны 5 дугаар сард Хууль тогтоомжийн тухай хууль батлагдаж 2017 оны 1
дүгээр 1-нээс дагаж мөрдөхөөр болов.
Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдав
Эрдэс баялгийн салбар, түүний дотор Ашигт малтмалын тухай хуулийн эргэн тойронд сүүлийн жилүүдэд үүссэн нөхцөл байдал, уг хуульд хийх өөрчлөлтийн хүлээлт, мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үр дүн зэрэг нь төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг богино хугацаанд боловсруулж батлах шаардлагатай болсныг харуулав. Ингээд 2013 онд Уул уурхайн яаман дээр Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан ба уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоод, хувийн хэвшлээс тодорхой тооны төлөөлөл оруулсан байв. Мөн Ашигт малтмалын газар дээр эрдэмтэн, судлаачид орсон бас нэг ажлын хэсэг ажиллаж байсан гэж сонссон юм байна.
2014 оны 1 дүгээр сард Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг УИХ батлан гаргав. Төрөөс баримтлах бодлогын баримт бичигт: Төрөөс уул уурхайн төсөлд шууд хувь эзэмших оролцоог хязгаарлах, эрх зүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн тэгш төлөөлөлтэй Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулах, төрийн байгууллагын зарим үйлчилгээний чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх (мэргэшсэн мэргэжилтэнд, шинжээчид мэргэжлийн холбоодоос эрх олгох, тэдгээрээр дүгнэлт, зөвлөмж гаргадаг тогтолцоог буй болгох) зэрэг бизнесийн эрх ашигт нийцсэн заалтууд оров.
ШИГТГЭЭ:
Ер нь Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого шинэ зүйл биш байсан ба 2004-2012 оны хооронд хоёр ч Засгийн газар дамжин тийм баримт бичиг боловсруулж батлах гэж оролдож байв. Бодлогын баримт бичгийн хоёр ч төсөл энэ хугацаанд боловсруулж байсан ба нэгийг нь бодлогын яам, нөгөөг нь Уул уурхайн инженерийн сургуулийн эрдэмтэн багш нар боловсруулсан байсан шиг санагдаж байна. Харин тэдгээр төслийг цаашид хэлэлцүүлж батлуулалгүй тэгэсхийгээд орхисон.
ДУРСАМЖ:
Дээр дурдсан ажлын хэсэгт багтсан яамны болон агентлагийн ажилтнууд эрдэс баялгийн төрийн бодлогын анхны төслийг боловсруулж хувийн хэвшлийн төлөөлөлд танилцуулсан юм. Салбарын талаар статистик тоо баримт, мэдээлэл, судалгааны материал сайн боловсруулж нэгтгэсэн байсан боловч манайд тогтсон уламжлал ёсоор бодлогын баримт бичиг нь хөтөлбөр, төлөвлөгөөний чанартай тоо, орон зайн зорилттой заалт олонтой, нилээд нүсэр баримт бичгийн төсөл байсан юм. Нүхтэд ажлын хэсэг хоёр өдөр ярилцаж, мэтгэлцэж, зөвшилцсөний үндсэн дээр хөтөлбөр, төлөвлөгөөний чанартай заалтуудыг хасаж арай цомхон баримт бичгийн төсөл боловсруулахаар болсон билээ. Улмаар бодлогын баримт бичгийг дээр дурдсаны дагуу боловсруулж, Засгийн газар хэлэлцэн УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр хувийн хэвшлийн төлөөллөөс багтаасан ажлын хэсэг байгуулж ажилласан ба уг ажлын хэсэг УИХ-д суудалтай нам, эвсэлийн бүлэг, сонирхолын бусад бүлгүүдийн саналыг авах, хэлэлцүүлэг хийх зэргээр удтал хэлэлцсэний эцэст 2014 оны эхний улиралд бодлогын баримт бичиг батлагдав.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг Их хурлын гишүүн С.Одонтуяа ахалж байсан ба уул уурхайн бизнесээс хол, ашиг сонирхлын зөрчилгүй хүн байсан тул өөр өөр ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, зөвшилцөлд хүрэхэд тууштай тэвчээртэй ажиллаж чадсан билээ. Уг ажлын хэсэгт Ассоциацийн Ерөнхийлэгч Д.Дамба орж ажилласан бөгөөд гишүүдийн эрх ашиг, сонирхлыг тууштай хамгаалж, идэвхтэй ажилласнаар тодорхой үр дүнд хүрч чадсан юм. 2014 оны 1 дүгээр сард “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”–ыг олон сарын хугацаанд хийгдсэн талуудын хэлэлцүүлэг (УИХ дээр байгуулагдсан ажлын хэсгээр дамжин), мөн УИХ дахь намын бүлгүүдийн хэлэлцсэний дараа УИХ батлав.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
1990 онд монголчууд улс төрийн болон эдийн засгийн шинэчлэлийг зэрэг хийхдээ ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тухайд зөвхөн нэр томъёо, үндсэн зарчмын онолын мэдлэгтэйгээр шилжилтийг эхлүүлсэн болохоос яг яаж хэрэгжүүлдэг механизмыг мэдэх боломжгүй байсан, хэрэгждэг тогтолцооны талаар практик мэдлэггүй хэдий ч зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгмийг хөгжүүлж ирсэн бусад орнуудын төрийн бодлогоос Монголд нутагшуулах үйл ажиллагааг л эхлүүлэх, хэрэгжүүлэх чин эрмэлзэлтэй байцгаасан юм шиг байгаа юм. Харин энэ 30 гаруй жилийн хугацааны хөгжлийн түүх нь бидэнд энэ талаар маш их сургамж, зөв ашиглаж чадвал бас ч чамгүй мэдлэг үлдээсэн шиг санагддаг. Бид хаанаас юу авчирч, юуг нь монголчилж, яаж хэрэгжүүлсэн тухайгаа олон талаас нь тулхтай судалж, энэ судалгаанд үндэслэж урт хугацааны бодлогын шийдвэр гаргах цаг нь болжээ.
Манайд энэ асуудлаар бас хоёр төрлийн популизм байна аа. Нэг хэсэг нь ерөөсөө төрийн бодлого ч байхгүй, салбарын бодлого хариуцсан яам ч байхгүй учраас бүх юм болохгүй байна гэх, нөгөө хэсэг нь монгол төрийн уламжлалт “хар хайрцагны бодлого” алдагдсан учраас болохоо байлаа гэх, гэхдээ “хар хайрцагны бодлого” гэдэг нь чухам юу байдгийг ярьж буй хүмүүс нь тодорхой зүйл хэлдэггүй учраас амьдралд наалцгүй нэг домог юм шиг санагдаад байдгийг нуух ч юм алга.
Гэвч энгийнээр бодоход нэгэнт төр байгаа учраас бодлого байж л таарна, харин төр нь бодлого боловсруулахдаа үндсэн хуульд заасан үндсэн зарчим, тунхагласан үнэт зүйлсдээ нийцүүлж байна уу, үгүй юу гэдэгт хамаг учир байгаа болохоос бодлогогүй байна гэвэл, төргүй байна гэсэнтэй адил сонсогдоно. Тиймээс бид “төрийн бодлого” гэдэг ойлголтоо нэг мөр болгож бүгд нэгдсэн адил ойлголттой болж авах хэрэгтэй байна. Бодлогын баримт бичиг боловсруулж байна гээд уг баримт бичгийн төсөлд хөтөлбөр, төлөвлөгөө, хууль, журамд тусгавал зохих заалт, үг өгүүлбэр бүгдийг тусгах, эсвэл эсрэгээр нь хуулийн төсөлд бүгдийг оруулах гэж оролдон аль алиныг нь “хогийн тантан” болгох дөхдөг туйлшралаас салах хэрэгтэй байна.
Дийлэнх тохиолдолдолд төрийн бодлого гэдэгт төрөөс баталсан хууль, хууль хэрэгжүүлэхэд шаардагдах нийтээр дагаж мөрдөх журам, дүрэм, мөн стандарт зэрэг эрх зүйн үр дагавар буй болгож байдаг (биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг) баримт бичгийг ойлгодог юм байна. Дээр дурдсан хууль, журам, дүрэм шүүмжлэл дагуулахгүй, эсэргүүцэлгүй сайн хэрэгжиж байвал төрийн бодлого нь нийтийн эрх ашигт нийцсэн сайн бодлого байна гэж ойлгож болохоор. Харин нийгэм эдийн засгийн том чухал асуудал шийдвэрлэх, эсвэл эдийн засгийн аль нэг салбар, дэд салбарыг хөгжүүлэх урт хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, үйл ажиллагааны чиглэл,арга замыг нийгмийн ашиг сонирхолын өөр өөр бүлгүүдийн зөвшилцөл дээр тулгуурлан, тэдгээрийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангаж тодорхойлж боловсруулсан баримт бичгийг төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гэж үзэх шаардлагатай болсон байна.
Энэ тохиолдолдолд бодлогын баримт бичиг тунхаглалын шинжтэй заалтуудтай богинохон болох ба тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилт гэхээс илүү бодлогын баримт бичгийг боловсруулж дуусахад хүргэсэн зөвшилцлийн явц, үр дүн нь илүү чухал байх юм шиг.
Үргэлжлэл бий.