Б.Буяннэмэх
Эдийн засгийг авч яваа, экспортоос олдог валютыг бараг дангаараа бүрдүүлдэг гэж ирээд яривал уул уурхайгүйгээр бид улсынхаа өнөөдрийг төсөөлөх аргагүй нь бодитой үнэн. Товчхондоо уул уурхай бол бидний оршихуй. Газраа ухаж нөхөн сэргээгдэхгүй баялгаа ашиглаж байж оршихуй гэж тодотгоод яахав дээ гэсэн шүүмжлэлийг захын иргэн хэлэх нь мөн л бидний өнөөдрийн бодитой үнэн. Тэр дундаа манайх шиг иргэд нь уул уурхайн салбараа эсэргүүцдэг, улстөрчид нь уул уурхайн эсрэг мэдэгдэл хийж байж түмэнд хүлээн зөвшөөрөгддөг оронд ийм эргэлзээ, шүүмжлэл энгийн л үзэгдэл.
Гэхдээ хүн төрөлхтний төдийгөөс өдий хүртэл хөгжөөд ирсэн түүхийг харах нь ээ уул уурхай бол ганц бидний ч биш цэнхэр гарагийнхны оршихуй. Давтаад хэлэхэд яалт ч үгүй хүн төрөлхтний оршихуй болчихсон салбар бол уул уурхай. Бүсгүйчүүдийн чихэнд гялалзах эрдэнийн чулуун ээмэг, өглөө үдэшгүй хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, эрчүүдийн хөл бөмбөг хорхойсон үзэж суугаа телевизор, өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон элдэв цахилгаан бараа, автобус, галт тэрэг, онгоц, завь гээд бүгдийг уул уурхайгаас гарч буй бүтээгдэхүүнийг боловсруулж хийдэг. Хүүхдүүдийн маань амтархан иддэг “Oreo” жигнэмэгийн орцонд, витамин, саван, оо, шампуний найрлаганд уул уурхайгаас олборлосон эрдэс баялаг багтдаг гээд бодохоор бидний оршихуйд уул уурхай ямар том орон зай эзэлж буйг багцаалдчихаж болохоор.
Түүнчлэн, бидний эргэн тойрон тэр чигтээ байгалийн цацрагаар хүрээлэгдэж буй. Төрийн ордон ороход төхөөрөмжөөр шалган нэвтрүүлдэг. Метал эд зүйл авч яваа эсэхийг цацрагаар шалгаж байгаа нь тэр. Шүдээ үзүүлж, CT-д зураг авахуулах зэргийг цацрагийн тусламжтай гүйцэтгэдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг лаазалсан ундаа зэрэг бүтээгдэхүүнийг ижил граммтай савлахад цацрагаар хэмжих технологи ашигладаг. Энэ мэтээр гарцаагүй шалтгаан жагсаагаад байхад “Яагаад заавал уул уурхайгүй оршиж чадахгүй гэж” хэмээсэн эргэлзээ хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд байсан, одоо ч бий, цаашдаа ч үргэлжлэх бизээ.
Яагаад заавал оршихуй гэж тодотгоод байгаагаа үргэлжлүүлэн нотолъё. Таны дулаахан сууцны бүх л материал уул уурхай үгүй бол байхгүй. Уул уурхайгүй амьдарсансан бол хүн төрөлхтөн өнөөдөр өвсөн овоохойд аж төрөх байсан нь эргэлзээгүй үнэн. За тэгээд гэрийнхээ тавилга, эд хогшлыг анзаараарай. Ашигт малтмал олборлож боловсруулж хийгээгүй зүйл үгүй. Ганцхан модоор бүгдийг хийж бүтээнэ гэж сэтгэвэл хэтэрхий гэнэн төсөөлөл болно. Наад зах нь модыг холбож тогтоох хадаас гэхэд л уул уурхайгүй бол байхгүй. Эрчим хүчгүйгээр амьдралаа төсөөлөөд үз дээ. Эрчим хүчийг мөн л уул уурхай бүтээдэг.
Нүүрс, газрын тос, байгалийн хий гэх мэт уурхайлж олборлодог бүтээгдэхүүнээс эрчим хүч гаргаж авдаг. Ингээд бичихээр “Нар, салхинаасаа эрчим хүч гаргаж авч болно шүү дээ” гэсэн тайлбар хэлэх хүмүүс олноороо гарч ирэх байх. Салхин станцын сэнс, нарны самбарууд, цахилгаан дамжуулах шугамуудын суурь, түүхий эд, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашигт малтмал олборлож боловсруулсан түүхий эдээр хийдэг. Уул уурхай бидний оршихуй гэж тодотгоод байгаа шалтгаан энэ л дээ.