Хүний замыг заана гэдэг хүндтэй хувь заяа. Хүүхэд ээжийнхээ нүдээр хорвоог хардаг гэдэг. Дөнгөж төрсөн нялх амьтан сайн муу, сайхан муухайг хэрхэн ялгах билээ. Ээж нь л чигийг заагч алтан гадас болдог. Энхрий үрээ хуурайлангаа “Гадаа хүйтэн байна, хүү минь даарчих вий дээ” гэхэд хүү нь хүйтэн болон даарах мэдрэмжийг таньж авна. Сайн, муугийн тухай ойлголтыг хүүхэд ээжээрээ дамжуулан тодорхойлдог. Ээж нь сайн хүн гэсэн бол хүүхдийнх нь хувьд сайн хүн. Ээж муу хүн гэж ярьсан бол тэр хүн хүүхдийн хувьд муу талын баатар байх вий.
Олон жилийн өмнө зурагтаар нэгэн эмэгтэйн ярихыг сонссон маань мартагддаггүй. Тэр ээж “Би хүүхдэдээ юу зааж сургахаа ч мэддэггүй” гэж уйлж байсан сан. Ээж байхад эрдэмтэн мэргэн байх хэрэггүй гэдгийг сүүлд ойлгосон. Зүгээр л өөрөө зөв хүн байхад хүүхэд нь амьдралд хандах зөв хандлагыг хуулбарлаж авдаг. Хүүхэд өөрөө ч мэдэлгүйгээр бидэнд багшилж байдаг. Ээж маань намайг цэгцтэй сургах гэж зөндөө л үглэсэн. Харин охин маань хувцсаа тайлаад шидчихэж байгааг хараад би хүмүүжсэн. Охин маань дүүгээ өндөр дуугаар зандарч, цохиж авч байгааг хараад би өөрийнхөө “сүүдрийг” олж харж билээ. Түүнээс хойш хүүхэдтэйгээ хүчирхийллийн бус аргаар харилцах гэж их л хичээсэн дээ. Үнэндээ охин маань миний амьдралд тохиолдсон хамгийн том хүмүүжүүлэгч. Тэвчээртэй байхад тэр л намайг сургасан. Хүүхэд шөнө хэдэн ч удаа уйлсан ээж бүүвэйлж тайвшруулах учиртай. Мянган удаа өмдөө норгосон ч мянган удаа угааж цэвэрлэх л үүрэгтэй гэдгээ ухамсарладаг бус уу.