2024-11-22, Баасан
3 C
Ulaanbaatar

Украины хаврын сөрөг давшилт яагаад эхлээгүйн тухайд

Украины иргэд хаврын турш тус улсын зэвсэгт хүчин хэдийнээс зарласан сөрөг давшилтаа эхлэхийг хүлээсэн билээ. Украины удирдлага шийдвэрлэх давшилтын ойролцоо товыг ч хэлээгүй боловч ялангуяа сүүлийн хэдэн сард үүнд үндсэндээ бэлэн болсон гэж мэдэгдэж байв. Өнгөрсөн оны намар Украины армийн Харьков болон Херсоны мужуудад хийсэн маш шуурхай, шийдмэг довтлолгоо амжилтад хүрсний дараа дэлхий даяар ч ихээхэн хүлээлт үүссэн. Гэвч зуны зургадугаар сар гараад байхад удаан хүлээгдсэн сөрөг давшилт эхлэлгүй хойшлогдсон хэвээр. Юунаас болж тэр вэ? Энэ талаар Их Британийн “ВВС” агентлаг ийн бичжээ.

Орос, Украины талууд өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа өрнөөгүй өвлийн “завсарлагыг” өөр өөрийнхөөрөө ашигласан. Кремль Украины эрчим хүчний дэд бүтцийг устгахыг оролдон пуужингийн жинхэнэ террор явуулсан бол Киев хамгаалалтын шугамуудаа бэхлэх, цэргийн шинэ анги нэгтгэлүүдийн бие бүрэлдэхүүнийг сургах, өрнөдийн орнуудаас зэр зэвсэг хүлээн авч хуримтлуулахад онцгой анхаарчээ.

Хавар гэхэд талууд Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий удирдах газрын дарга, генерал К.Будановын тодорхойлсноор “шийдвэрлэх сөргөлдөөнд” бэлтгэлээ базаасан байх учиртай байлаа. Ер нь Украины Тагнуулын ерөнхий удирдах газар төлөвлөж буй сөрөг давшилтын талаар мэдээлэл өгдөг төрийн бараг л гол байгууллага болсон гэж хэлж болно.

Бүр нэг, хоёрдугаар саруудад тус газрын дарга К.Буданов хавар чухал үйл явдлууд өрнөж, Украины зэвсэгт хүчин идэвхтэй үйл ажиллагаа явуулах тухай мэдэгдсэн юм. Мөн гуравдугаар сарын эхэнд “USA Today” сонинд ярихдаа, “Энэ хавар Украин, Оросын хооронд дайны хувь заяаг шийдэх хамгийн чухал тулалдаан болно. Зун гэхэд Украины зэвсэг хүчин Орост эзлэгдсэн Крым руу ч нэвтрэн орж болзошгүй” гэж байв.

Тэрээр дөрөвдүгээр сарын дундуур “Новое время” сэтгүүлийн сурвалжлагчидтай ярилцахдаа, сөрөг давшилтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буй талаар мэдээлсэн юм. Харин мөн үеэр Украины Ерөнхий сайд Д.Шмыгаль “The Hill” хэвлэлд мэдэгдэхдээ, Украины зэвсэгт хүчний давшилт хавар бус, зун эхэлж болзошгүй гэжээ.

Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, энэ жилийн хавар өргөн цар хүрээтэй цэргийн манёвр хийхэд тийм ч тааламжтай үе байгаагүй аж. Украины зүүн, өмнөд хэсэгт гурав, дөрөвдүгээр саруудад бороо их орж, хүнд хуягт техникийн шуурхай хөдөлгөөнд нэлээд саад учруулжээ.

Нөгөөтэйгүүр, Украины зэвсэгт хүчинд өрнөдийн танк, агаараас хамгаалах систем, их буу зэргийн нийлүүлэлт ч хойшлогдон саатах явдал цөөнгүй гарсан аж.

УкраинҮүнээс гадна дөрөвдүгээр сарын дундуур АНУ-д Пентагоны нууц мэдээллүүд алдагдсантай холбоотой дуулиан дэгдсэн билээ. Алдагдсан нэлээд файл Орос, Украины дайны талаарх мэдээлэл агуулж байсан юм. Тэдгээрт Украины сөрөг давшилтын чиглэл, хугацааны тухай тодорхой өгүүлээгүй ч Украины зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн бэлтгэл, өрнөдөөс нийлүүлж буй зэр зэвсгийн талаар нэлээд тодорхой мэдээлэл байв.

Хэдий тийм ч К.Буданов дөрөвдүгээр сарын сүүлээр “РБК-Украина”-д ярилцлага өгөхдөө,”Бид хүссэн хүсээгүй Украины орчин үеийн түүхэн дэх хамгийн чухал тулалдааны босгон дээр байна. Тулалдаан хэзээ эхлэх нь мэдээж нууц. Гэвч тун удахгүй гэдгийг хүн бүр ойлгож, мэдэрч байгаа биз ээ” гэсэн юм.

Украины Батлан хамгаалахын сайд А.Резников тавдугаар сарын эхээр, сөрөг давшилтын бэлтгэл ажил эцсийн шатандаа орсон ч давшилтын үр дүнд хэт их зүйл хүлээхгүй байсан нь дээр гэж нэлээд болгоомжтой, дипломат үг хэлжээ.

Төдөлгүй Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэхдээ, Украин холбоотнуудаасаа авахаар тохирсон бүх зэр зэвсгээ авч базаасны дараа л сөрөг давшилтад орно гэсэн юм.

Украины болзошгүй давшилтын асуудал тус улсын хилийг хэдийн давж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдвүүдийн нэг болжээ. Тэдгээрт давшилт эхлэх боломжит огноо, чиглэлийг хэлэлцэж, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт барьсан оросуудын аварга том хамгаалалтын бэхлэлтүүдийн сансраас авсан зургуудыг нийтлэх болсон билээ. Ингэхдээ, Украины зэвсэгт хүчин довтлоход бэлэн эсэх талаар ч санал бодол хуваагдсан байна.

УкраинДөрөвдүгээр сарын сүүлчээр НАТО-гийн Европ дахь нэгдсэн зэвсэгт хүчний Ерөнхий командлагч генерал К.Каволи Украиныг дайралт хийх бүрэн чадвартай гэж дүгнэсэн бол НАТО-гийн дээд албан тушаалын нэгийг хашиж байсан, өдгөө Чехийн Ерөнхийлөгч, генерал П.Павел “Guardian” сонинд тавдугаар сарын 7-нд ярилцлага өгөхдөө, “Сөрөг давшилтад орохдоо Украин яарсны хэрэггүй гэж бодох юм. Учир нь хэрэв энэ нь амжилтад хүрэхгүй бол дор хаяж энэ жилд дахин тийм боломж гарахгүй нь лав” гэсэн юм.

Тэгвэл Украины Батланы хамгаалахын сайд А.Резников Францын “Ouest-France” сонинд тавдугаар сарын 29-нд өгсөн ярилцлагадаа юу гэж хэлснийг дор эшлэе.

“Миний итгэл үнэмшил, зөн совин надад энэ жил, ялангуяа зуны улиралд Украины зэвсэгт хүчин нэлээд ахиц дэвшил гаргах боломж байгааг хэлж байна. Айсуй сөрөг довтолгооны үеэр бид эх орныхоо өмнөд болон зүүн хэсэгт тулалдааны талбарын хоёр гурван газар дайсны хамгаалалтыг сэт цохин урагшилж чадна гэдэгт итгэнэм. Энэ нь оросуудыг манай нутаг дэвсгэрээс дахин үлэмж ухраахад хүргэнэ”.

Гэвч зургадугаар сар гараад байхад фронтын аль ч хэсэгт довтлох зорилгоор тусгайлан байгуулсан Украины зэвсэгт хүчний шинэ 20 бригадын цар хүрээтэй шилжилт хөдөлгөөн эхэлсэн тухай Украин, Орос, өрнөдийн ямар ч эх сурвалжид мэдээлээгүй хэвээр.

УкраинЕр нь Украины зэвсэгт хүчний Жанжин штабын сөрөг давшилтын төлөвлөгөө яагаад өөрчлөгдсөн юм бол? Энэ талаар Украины цэргийн шинжээч, түүхч М.Жирохов “ВВС” агентлагт ингэж ярив.

“Украины зэвсэгт хүчний Жанжин штаб хаврын сөрөг давшилтын анхны төлөвлөгөөгөө үүссэн тодорхой нөхцөл байдлын улмаас өөрчлөхөд хүрсэн билээ. Миний бодлоор манай давшилтын талаар дэндүү эрт мэдээлж эхэлсэн. Үүнээс болж манай улсын нийгэм, мөн манай холбоотнууд давшилтаас хэт ихийг хүлээх болсон юм.

УкраинСөрөг давшилтын эхний төлөвлөгөө нэлээд даруухан зорилготой байсан ч олон нийтийн хүсэл, хүлээлтийн дарамт дор Украины зэвсэгт хүчний удирдлага давшилтыг илүү өргөн цар хүрээтэй болгохоос өөр аргагүйд хүрч, фронтын илүү өргөн хэсгийг хамарсан цохилтуудын загварыг боловсруулах шаардлагатай болсон гэлтэй. Ажиллагааны төлөвлөгөөг өөрчлөн боловсруулах, тэр тусмаа илүү үр дүнд хүрэх илүү өргөн цар хүрээтэй болгоно гэдэг амаргүй үйл явц.

Дээр нь нэмэлт зэр зэвсэг татан авч, нэмэлт бие бүрэлдэхүүн, техник бэлдэх шаардлага гардаг нь ойлгомжтой шүү дээ.

Давшилтыг хойшлуулсан өөр нэг шалтгаан гэвэл, тавдугаар сарын турш бараг өдөр бүр үргэлжилсэн Оросын пуужингийн цохилтууд.

Энэ хугацаанд Украины зэвсэгт хүчний Хмельницк, Тернополь, Николаев дахь зэвсгийн томоохон агуулахуудыг устгасан гэж Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу мэдэгдэж байв. Нийгмийн сүлжээнүүдээр тархсан, тавдугаар сарын 13-нд Хмельницкэд болсон хүчтэй дэлбэрэлтийг харуулсан олон видеог харахад танкийн сум, онгоцны бөмбөг, эсвэл зенитийн пуужин бүхий маш том агуулах устсан байж болзошгүй. Оросын зэвсгийн агуулахууд руу хийсэн пуужингийн дайралт нэлээд үр дүнтэй болсон гэлтэй. Иймд зэвсгийн нөөцөө нөхөн сэлбэхэд мөн л тодорхой хугацаа шаардагдана.”

УкраинТэгвэл Украины зэвсэгт хүчний чөлөөнд гарсан хурандаа, цэргийн шинжээч П.Черник “ВВС” агентлагийн сэтгүүлчтэй ярилцахдаа, “Украины хотуудын эсрэг үйлдсэн Оросын пуужингийн террор манай пуужингаас хамгаалах хүчнийг сулруулж, агаараас хамгаалах системүүдийг фронтын шугам руу татах явдлыг удаашруулсан. Иймд, Оросын энэ ажиллагаа ямар нэг хэмжээгээр амжилттай болсон гэж үзэж болно.

Үүний сацуу сөрөг давшилт хойшилсны өөр нэг шалтгаан гэвэл, манай улсын зэвсэгт хүчний Жанжин штаб дэлхийн II дайнд гарз хохирол, цэрэг байлдагчдын амь насыг үл хайхран уулгалан дайрах бус, маш нарийн тооцож боловсруулсан олон хувилбарт ажиллагааг бэлдэж буй тул үүнд нэлээд цаг орж байгаа. Ийм зүйл дээр яаран шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй” гэжээ.

Харин цэргийн шинжээч М.Жирохов ийм байр суурьтай санал нийлэхгүй байна. Тэрээр, “Боломж нээж өгсөн цонх маш хурдан хаагддаг жамтай. Сөрөг давшилт зургадугаар сарын эхээр эхлэхгүй бол байдал улам бүр дордож мэднэ. Учир нь Оросын арми санаачлагыг булаан авч өөрсдөө давшилтад орох эрсдэлтэй” гэсэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img