Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
Хөдөөний амьдрал хэцүү хатуу ч, харах авах сайхан зүйлс бишгүй их. Улаан буудай, чихрийн нишингэ, хөвөн, цагаан будаа, эрдэнэшиш тарьсан талбайг харахад ногоон өнгө ямар сонин юутай гайхамшигтай, хоорондоо ямар их ялгаатай олон төрөл байдгийг олж мэднэ. Энхэл донхол, шороо пургих замаар явж байхад чинээнд нь тултал овоолсон ачаатай илжиг луус, туранхай хэрзгэр одос үхэр, хүзүүндээ том том хонхтой жижигхэн сонин ямаан сүрэг таарах нь нүднээ содон.
Замд таарсан ямаан сүргийн чих нь дуу алдам хачин урт, яг л далбайтал унжсан навч адил харагдах нь соньхон. Сэрвээн дээрээ ганц овгор бөхтэй бөгтөр үхэр, галынхаа чулуу мөчрөө цуглуулан баглаж толгой дээрээ тавьсан хүрэл цутгамал мэт эр, цонх гэхээс илүүтэй нүх гэмээр салхивч төдийхөн гаргасан туйпуун, шавар тагзтай үй олон байр байшин таарах нь манай хөдөөнөөс тэс өөр дүр зураг.
Шавар тагзтай байшингуудыг нь босгоход ер төвөг удахааргүй. Хүрз, тэрэг, шороо, ус, хэдэн хулс байхад л шомбойлгочихно. Хулсаараа нуруу босгож зангидна. Өвс, үндэстэй нь хүрзэдсэн шороогоо устай хольж, хөлөөрөө нухаж дэвсээд яг буузны гурил шиг эвлүүлнэ (шигшсэн овъёос бас хольдог юм билээ). Баримлын шавраар тоглох мэт шавраа хэсэг хэсгээр тасалж алгаараа бөөрөнхийлөн, хавтгай хэвэнд оруулаад тоосго мэт өрнө. Өрлөгийнхөө өө сэвийг чийгтэй алгаараа илбэн эгээ л нийвийдсэн мэт тэгшлээд л амьдрах сууц бэлэн.
Зуурмаг нь таарсан сайхан шавраараа байр сав, хашаа, малын саравч, шат, гал зуух, пийшин, будаа тариагаа хадгалах торх, малын тэвш, аяга сав хатаах тавиур гээд хэрэгтэй бүгдийг хийчихдэг үнэхээр элдэвтэй улс. Бас хатаагүй шавар дээрээ хурууныхаа үзүүрээр цэцэг, навч, хээ угалз зурж, шил чулуу шигтгэж, өнгөөр ялган чимэглэчихнэ. Донж маяг нь таарсан зүйлс ямар хөөрхөн харагддаг билээ, яг л тийм мэдрэмж төрүүлнэ . Нарны илч гэдэг байгалийн өндөр хэмийн шатаах зуух л гэсэн үг. Нойтон байшинг дор нь ган болд мэт болтол хатаана. Гэхдээ бороо чийг, хүчтэй салхи, цаг хугацааны явцад шавар байранд ан цав гарч, эвдэрч нурах, чийг татаж, хөгцөрч мууддаг аюултай юм билээ.
Анх биднийг Пакистанд 2006 онд ирэхэд 156.7 гаруй сая хүн бужигнаж байсан бол өдгөө аль хэдийнээ 228 сая гарч, ёстой л түм түжигнэх болж. Ийм их хүн амтай газар архи дарс худалдах ямар ч дэлгүүр байхгүй, архи хориотой. Хотоос зайдуухан байрлах ганц дэлгүүрт “Халал” биш бүх хоол хүнс зарна (халал гэдэг зөвшөөрөгдсөн гэсэн үг). Зөвшөөрөгдөөгүй хүнсний бараа бүтээгдэхүүнтэй энэ дэлгүүрийн лангуун дээр гадаадынханд зориулсан тул төрөл бүрийн архи дарс, шар айраг, гахайн мах, утсан мах, хиам бяслаг өнгө алаглан харагдана.
Европ, япон, хятад, америкчуудын идэж дассан нутгийн хоол, нарийн ширийн амтлагч, төрөл бүрийн сүмс, чихэр жигнэмэг, дарстай шоколад, тамхи, гэр ахуйн хэрэгцээний жижиг сажиг олон бараа ч энд бий. Ганцхан байх энэ дэлгүүрт дурын нэгэн орж чадахгүй. Нэр заасан хэдхэн байгууллага, тэдний ар гэрийнхэн л орно. Хааяа дэлгүүр орохдоо бөөн хүний захиас авч, тус тусад нь ялгаж салгаад, машиныхаа ард, суудлын завсар гээд зай болгоныг чигжин дүүргэсээр ирнэ.
Том зочид буудлуудын зоогийн газар, гадныханд зориулсан хэдхэн газарт пиво, архи, дарсаар үйлчилнэ. Гэхдээ заавал нэг хуудас маягт бөглөж байж уух эрхээ авна. Хэрэвзээ хуудсаа бөглөж өгөхгүй бол юм авч ууна гэдэг бүтэшгүй хэрэг. Үйлчлэгч чамайг мэдэхийн дээдээр мэдэж, танихын сайнаар таних ч, бичиг байхгүй бол хөдлөхгүй, хөшиж орхино. Овог нэр, паспортын дугаараа бичиж “Миний бие согтууруулах ундаанд донтож архины хамааралтай болсон тул биеэ тайвшруулах зорилгоор архи уух шаардлагатай” гэсэн утга бүхий бичигт гарын үсгээ зурж байж нэг юм архи дарс авч хүртэнэ.
Хаа нэгтэйхэн ганц хундага улаан дарснаас хэтэрч үзээгүй над мэтэд ингэх нь хэтэрсэн сүржигнэл мэт санагдах авч, архи дарс нь үнэхээр шашин хуульд нь харш, хориотой хойно бас аргагүй ч юм даа хэмээн ойлгохыг хичээнэ. Пакистанчууд лалын шашныхаа жаяг дэгийг сахин дагаж, сарны хуанлийн тооллоор бүх үйлээ дагаж мөрдөнө. Хүн амынх нь 96.5 хувь лалын шашинтай (үлдсэн хэсэг нь хиндү, христ, бахрай, заратуштр гэх мэт байна). Өдөрт заавал таван удаа үүрээр, үд дунд, үдээс хойш, орой, шөнө мөргөл үйлдэнэ. Баасан гарагийн мөргөлөө хийх гэж ихэнх хүмүүс сүмдээ Заавал өөрийн биеэр очдог тул энэ өдөр алба ажил бүтэхэд нэлээн ярвигтай.
Энд ирээд удаагүй байхдаа, хоол хүнс цуглуулан явж байгаад баасан гарагийн мөргөлтэй анх удаа таарсан юм. Мөргөлчид сүмийнхээ гадна талбайд мөргөлийн хивсээ шугамдсан мэт тэгшхэнээр хэдэн эгнээ үүсгэн дэвсжээ. Гутлаа тайлсан хөгшин, залуу олон арван эрс өвдөглөн сууж нэгэн зэрэг тонгойж залбирах нь сүрдэм гэж. Ийм мөргөл үйлдэлтэй таарах болгонд яагаад ч юм харь орон, хүний нутагт байгаагаа улам мэдэрч, нутгаа хачин ихээр санана. Охид бүсгүйчүүд нь гэртээ мөргөл үйлдэх учир сүмд үл орно.
Үүрийн гэгээ тусахтай үгүйтэй байхад цагаан хоолойгоор цангинан уянгалуулсан мөргөлийн дуунд би дандаа сэрчихнэ. Нойрмоглон байж цагаа харахад дөрвөн цаг өнгөрч таван цаг дөхөж байх. Тэгээд эргэж унтах гэж хичээх тусам хясах мэт нойр минь хулжиж одно. Нөхөр хүүхдээ сэрээлгүй сэмхэн босож, ойр зуурын олон ажлаа амжуулдаг байснаа сүүлдээ залбирлын аялгуунд сэрж л байдаг унтаж л байдаг болчихсон байж билээ.
Туркд амьдардаг найз маань нэгэн хөгжилтэй явдал ярьсан нь одоог хүртэл санаанаас гардаггүй юм. Тэдний гэрийн ойролцоо нэгэн сүм байж л дээ. Сүмтэй залгаатай асар том өндөр цамхаг шиг багана, түүний орой дээр жижигхэн байр байж. Жижиг байрны дээвэр дээр олон цагаан хоолойг холбон байрлуулсан байхыг хараад турк хөрш нь хуруугаараа зааж “Хар даа, ийм урт шатаар, тийм өндөрт гарч, тэр жижигхэн байшинд орж суугаад мөргөлөө уншдаг шүү дээ. Үүрийн бүдэг бадаг гэгээнээр мөргөлөө уншихаар шатаар өгсөх лам нарыг харахад үнэхээр ер бусын өөрийн эрхгүй л бишрэн мөргөмөөр цаанаа увдистай, сэтгэл сонин болдог” хэмээн ярьсан юмсанж.
Найзад маань энэ бүхэн тун сонин сайхан санагдсанд нөхрөө ятгасаар байж хоёулаа үүр цүүрээр хөтлөлцөн ирж, өнөөх шатны хажууд суугаад лам нарыг хүлээн суужээ. Хүлээгээд л байж, бараа сураг алга гэнэ. Гайхшаа баран байтал гэнэт залбирлын дуу уянгалан хадах нь тэр. Ямар юмныхаа тэр олон метр өндөр шатаар өгсөж уруудах вэ дээ, дуу хураагуурынхаа товчийг сүмийн өрөөнийхөө дотроосоо дарчихаад залбирч суудаг болохыг олж мэдэж. Үгэнд нь итгээд сүмийн шатны хажууд хүлээж суусныг сонссон турк найз нь нүүрээ улайтал инээж, элгээ даран эвхэрч унасан гэдэг.
Манайх хотын төвд Ф-7/3 гэдэг газар гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж байж байрандаа нүүж орлоо. Лондонд амьдрах хүүгийнхээ байшинг бидэнд хөлслүүлсэн мадам Зималын ааш гэдэг хайлсан тугалга. Жигтэйхэн баяртайгаар гэртээ урьж, нутгийнхаа цайгаар заавал дайлна гэв ээ. “Дараа болъё, такси хүлээж байна, одоо сургууль явж хүүхдүүдээ бүртгүүлэх ёстой” гэж учирлах ч “Удахгүй, удахгүй” хэмээн гэртээ оруулах гэж зүтгэв. Эцэст нь нөхөр маань “Настай хүн хэлж байхад ороод гаръя” гэлээ.
Мадам Зималын байшин яг хажуугийн зэргэлдээх байр. Тэрээр таягаа тулан гантиг шалаа тас тас дуугаргасаар явж хатан хааны сэнтий гэмээр, зааны толгойтой нүсэр их сийлбэртэй хүрэн зандан суудалдаа ямбатай нь аргагүй сууж тухлав. Гарынхаа бугуйнаас эхлэн тохойгоо хүртэл зүүсэн олон арван гоёмсог бугуйвчаа шажигнуулан дуугаргаж, тогооч, цайны хүүг ширүүн харж, дуржигнуулан заавар өгнө. Гэрийн хэдэн үйлчлэгч “-жи жиза за, мадам Зимал” гэхээс өөрийг үл хэлэн дохилзож, хөнгөн шингэн гэж жигтэйхэн шогших шахам үйлчилнэ.
Ширээ дүүрэн нарийн боов, амттан шимттэн, хатаасан жимс хольсон самар авчирч тавиад, нутгийн цай чанах юм болоод явчихав. Бэлэвсэн хөгшний нөхөр нь том генерал байж. Олон улсын чуулга уулзалт дээр байгаа бололтой гадна дотны нэртэй хүмүүстэй хамт авахуулсан зургуудыг том томоор нь ханаар дүүрэн өлгөчихөөд өдөр бүр эр нөхрөө бахдан бахдан ширтэж суудаг нь илэрхий. Өтгөн аагтай, сүү, чихэртэй, цагаан гааны нэг төрөл кардамоны үр амтагдсан цайгаа амтархан уух мадам Зимал нимгэн цагаан алчуур ханцуйнаасаа сугалан гаргаж, дух, хамрынхаа үзүүрээр дааварлах хөлсөө арчиж, ихэд тааламжтай сэтгэл хангалуун бололтой харагдана.
“Чимээгүй салхи” номноос авав.
Үргэлжлэл бий.
Маш сонирхолтой байлаа