Дэлхийн хүн амын бараг 40 шахам хувийг ердөө хоёрхон орон эзэлдэг. Нэг нь азийн “Луу” гэгддэг Хятад. Нөгөө нь Азийн “Заан” хэмээгдэх Энэтхэг. Цэнхэр гарагийн хамгийн их хүнтэй Хятад улс 56 үндэстэн угсаатанаас бүрдсэн 1 тэрбум 441 сая хүнтэй байхад том жижиг нийлсэн 2000 ястан үндэстэн, 1 тэрбум 385 сая хүн Энэтхэгт улсад амьдарч байна.
Маш эртний соёл иргэншилт энэхүү хоёр улс хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэт хувь нэмэр оруулж, хүмүүний буурал түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн төдийгүй ядуурал өлсгөлөнд нэрвэгдэж сая сая хүн амиа алдсан хүнд бэрх он жилүүдийг мөн л “хоёулаа” цаг хугацааны өөр өөр үед туулсан билээ. Асар их хүнтэй, хуучин өв соёл, зан заншилаа хадгалсаар байгаа Азийн “Луу- Хятад”, Азийн “Заан- Энэтхэг”-ийн өнөөдрийн байдал, хүн амын амжиргааны түвшин, эдийн засаг, ядуурал, нийгмийн хөгжил дэвшилийг харьцуулан мэдэх гэдэг эрдэмтэн судлаачдад бүү хэл, эгэл жирийн бидэнд ч гэсэн тун чиг сонирхолтой.
Одоогоос хэдэн арван жилийн өмнө, хамгийн хямд бараа бүтээгдэхүүнийг Хятад улс маш ихээр үйдвэрлэж байхад, Энэтхэг ч ялгаагүй төсөрхөн үнэтэй, хэврэгхэн гар урлал, тод өнгөлөг бүс бараагаа дэлхийн зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байв. Зөвхөн сүүлийн 20 жилийн нь түүхийг өнгийж харъя.
Хятад, Энэхэг улсын аль аль нь эдийн засгийн дотоод бодлогтоо эрс өөрчлөлт хийж, гадны хөрөнгө оруулалтыг татах бодлого эрчимтэй явуулж олон улсын зах зээлд тод гялалзаж чадсан юм. “Луу”, “заан” хоёрын дотоодынхоо эдийн засгийн өсөлтийг тогвортой барьж чадсан гол нууц нь, энэ хоёр улсыг хүчирхэгжүүлсэн “шидэт саваа” нь ерөөсөө л гадаадын хөрөнгө оруулалт. OECD буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага болон бусад эх сурвалжийн мэдээллийг шүүрдэж үзэхэд Хятад улс сүүлийн 20 жилийн дотор хямд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс – орчин үеийн нарийн технологи, техникийн бараа бүтээгдэхүүн, эд ангийг үйлдвэрлэгч,ханган нийлүүлэгч дэлхийн дөрвөн том улсын нэг болж хувирч чадсаныг харж болно.
Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж бараг 10 хувь хүртэл өсөж, нийт хүн амын орлого байнга тогтвортойгоор дээшилж, ядуурлыг огцом бууруулж чадсан юм. Ахиад онцлоход энэ амжилтын цор ганц гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулагчдын дунд хамгийн эрэлт ихтэй, нэн түрүүнд сонголт хийдэг орнуудаас хоёрт БНХАУ багтсаныг энэ дашрамд тодотгоё.
Энэтхэг улсын өнгөрсөн 20 жилийг Хятадтай харьцуулж үзье. Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт дунджаар 6 хувь хүрч байсан хэдий ч хэдхэн жилийн дотор 8.6 хувь хүртэл өссөн амжилт гаргаж байсан түүх өнгөрсөнд бий. Азийн “заан” гэгддэг энэ орон олон улсын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргаад зогсохгүй хүн, ажиллах хүчээ экспортолдог өвөрмөц онцлогтой улс.
Англи хэлний давуу тал дээрээ түшиглэсэн энэтхэгчүүд хүн амынхаа нөөцийг чадварлаг ашиглан IT, компьютер программын чиглэлээр төрөлжүүлэн сургасан мянга мянган мэргэжилтэн, ажилтануудаа эскпортолж яваа юм. Тодруулж хэлбэл энэтхэгчүүд олдог валютынхаа багагүй хувийг олон улсын технологи мэдээллийн салбараас татдаг.
Өдгөө Хятад улс дотоодын зах зээлдээ ихэд анхаарч томоохон хөрөнгө оруулалтыг зоригтой хийхийн зэрэгцээ орон нутагтаа шинэ техник, технологи нэвтрүүлж хөгжүүлэхэд чамлахааргүй хөрөнгө мөнгө хаяж яваа. Харин Энэтхэг улс санхүүгийн зах зээлдээ голлон анхаарч, ажиллах хүч, хөдөлмөрийн нөхцөлийн гэрээ талдаа жишиг болохуйц түүх бүтээж байна. Наад захын жишээ гэхэд л аль нэгэн гадаадын компаниудтай гэрээ хэлэлцээр хийхдээ хоёр талынхаа хууль дүрмийг чамбай нягт cудалдаг.
Ингэж судалсны эцэст гэрээний зүйл заалтаа яг таг тохирч гадны хөрөнгө оруулагчидтай гар барьдаг. Тийм учраас худалдаа бизнесийн явцын дунд аль нэг талдаа алдагдал, хохирол учруулах эрсдэл гардаггүй давуу талтай. Бизнесийн гэрээгээ алдаатай хийвэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсох, их бага хэмжээний төвөг, хохирол амсах гэх мэт өчнөөн эрсдэлтэй нүүр тулдаг. Энэтхэгчүүдийн хувьд ийм эрсдлээс сэргийлж чадахуйц арга, туршлага хуримтлуулсан учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татаж амжилттай хөгжсөн том кейс болж байгаа билээ.
Америк тэргүүтэй бусад орны шинжээчид Азийн энэ хоёр гүрэн дэлхийн шинжлэх ухааны ямар ямар салбарт хэр хувь нэмэр оруулж байгааг тодорхойлон гаргасан нь бий. Хятад улс биологи, дорнын уламжлалт анагаах ухаан, ардын эм зүй, нанотехнологи, сансар судлал, эрчим хүч, цэвэр технологийн салбаруудад давамгайлж байхад, Энэтхэг улс бөс барааны экспорт, зарим бүтээгдэхүүний загвар бүтээлт, эмийн үйлдвэрлэл, нисэх онгоц, авто машины эд ангиудын ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл тал дээр илүү төрөлжин хөгжиж байгаа аж.
Азийн “Луу- Заан” хоёрын эдийн засгийн өсөлт, техник технологи шинжлэх ухааны салбарууд дахь өндөр төвшний үйлдвэрлэл нь ойрын ирээдүйнх нь үсрэнгүй алхам, шинэ нээлтийн үндэс суурь болж буйг барууны шинжээчид онцолж байна.