2024-12-22, Ням
-17 C
Ulaanbaatar

Баяртай Маргалла-Могойн толгодын цайз:  Буутай цэргээр хамгаалуулсан Исламабадын өдрүүд

Манай нийтлэлч Д.Аззаяагийн “Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз” тэмдэглэл уншигч танд цувралаар хүрч байна. Бидний огт мэдэхгүй, соёл шашин тэс өөр, алс холын Пакистаныг гаднаас нь биш дотроос нь өнгийж бичсэн түүний нийтлэл шинэ мэдрэмж , ховор содон мэдээллээр дүүрэн болжээ.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
Сургуулийн зам их сонин. Машины орох гарах замууд мушгиралдан мурилзах учир дайраад орж чадахгүй, гараад хурдлан зугатах ямар ч боломжгүй. Машины зогсоолоос нэлээд алхаж байж сургуулийн хаалга хүрнэ. Сургууль ордог замаар алхаж байтал барагтай хүн анзаарамгүй тэртээ өндөр дээврийн зузаан хананы үл ялиг завсраар бууны ам цухуйж, нөхөр бид хоёрын алхааг даган хөдөлж байх нь тэр. Алхам бүрийг тань бууны ам даган хөдөлж байна гээд төсөөл дөө. Ийм үед хачин муухай таагүй мэдрэмжид эзлүүлж, дотор эвгүйцэн өөрийн мэдэлгүй харуулын зүг хараад байх юм билээ.
Сургуулийн хаалгаар орохын өмнө бидэнтэй халимаг үстэй өндөр цагаан хүүхэн таарч, харааны цагаан шилээ засангаа зэрвэсхэн хараад өнгөрөв. “Энэ лав солонгос хүүхэн байх аа” гэж нөхөртөө хэлтэл өнөө хүүхэн гэнэт зогтусан  эргэж хараад “Та нар монгол уу” гэх нь тэр. Би гайхаж баярласандаа золтой л үсэрчихсэнгүй. Франц хэлний багш, нөхөр нь олон улсын улаан загалмайн хороонд ажилладаг, ганц хөөрхөн охинтой нэгэн монгол айлтай ийн учрахад ах дүү нартайгаа уулзсан мэт сэтгэл дүүрэн, өдөржин баяртай байж билээ.
Өөр бас нэг монгол хүний сураг дуулдав. Машинаар хоёр цаг гаруй явах Музаффарабад гэдэг газарт бидний эртний танил эмэгтэй ажиллаж байгааг олж мэдсэн юм. Ийн бидний хэдэн монгол хоорондоо уулзан учирч, ойр дотно байж, жаргалтай, хөгжилтэй, түгшүүр зовлонтой цаг хугацааг хамтдаа туулсан юм даа. Цагаан сараар буузаа хийж, хамтдаа шинэлж, оргилуун дарсаа хундагалан шинэ оноо цугтаа угтаж, зуны дэлгэр цагаар Монголдоо цуглана. Тэд маань өөр өөр оронд ажиллахаар цувран одож, сүүлдэж ирснээрээ манайх бууриа сахин Исламабадад үлдсэн юм.
Байрандаа нүүж ороод төвхнөж ч амжаагүй байтал хамгаалалтын албаныхан бидэнтэй уулзаж, армид алба хааж явсан, буу дүрэмт хувцастай хоёр эрийг авчрах нь тэр. Тэд манай хашаанд 24 цагийн турш ээлжлэн харуулд гарч, хашааны хаалга үүдийг байнга цоожилж, гарах орох тоолонд үүд нээж хааж, өдөртөө байшинг тойрон нягталж, гарсан зочин гийчин бүхнийг байцаан шалгаж байж гэрт оруулдаг болов оо.
Улс орны байдал тогтворгүй, байнга үймээн бужигнаан дэгдэж, амиа золиослогчид энд тэнд бөмбөг дэлбэлж, өдөр ирэх бүр тайван бус болж буй нь мэдрэгдэнэ. Заримдаа гадны хүнд халдаж амийг нь хүртэл хороосон явдал гарч байсан учир хатуу хамгаалалт гаргаж байгаа аж. Өндөр нуруу, цайвар царай, урт сахалтай идэр насны шөрмөслөг залууг Миэгүл гэнэ. Өнөөх нь Панжаби мужаас ирсэн нэгэн. Арай намхандуу нуруутай, өтгөн хөмсөг, ширвээ хар сахалтай, тос даасан хүрэн царайтай мөнөөх эрийн нэр алдар нь Тара. Тэд хоёул гэр бүл, эхнэр хүүхдээ тэжээхийн тулд хар халуунд гандаж хөхөртлөө гадаа өнжинө. Нутаг ус, гэр орон нь холын хол. Жилдээ ганцхан удаа харина. Тэр өдрөө баахан баадантай юм үүрч, баяр хөөр гэрэлтүүлсээр гэрийн зүг одно. “Эхнэр хүүхдэдээ өгөөрэй” хэмээн гар цайлгах бэлэг, жаахан рупи өгөхөд хоолой нь зангирч, нүдээ түргэн түргэн цавчиж, гараа зүрхэн тушаагаа тавина.
Пакистан сургуульБайрныхаа ар талаас ордог аятайхан өрөөнд ор дэр, ойр зуурын хэрэглээг нь бэлдэж өгч оруулсанд маш их баярлаж билээ. Арын зай талбайд тариг гээд хүнсний ногооны үрслэг авч өгсөн чинь урамтай нь аргагүй суулгаж, зэрлэгийг нь уйгагүй тонгойн зулгааж, усалж арчилсаар төрөл бүрийн салатны ногоо багсайтал нь ургуулж, ургуулсан ногоогоо хүнсэндээ хэрэглэдэг болов. Ургацын дээжээсээ таваг дүүртэл нямбайлан өрөөд надад хааяа өгнө. Гадаа үүдний хашааны буланд жижигхэн газан плитка тавьж, сонгино сармис ханхалуулан ногоогоо хуурна. Халуун чинжүү, карри зэрэг амтлагчаар хачирласан хоолоо “наан”, эсвэл “чапати” нимгэн талхаа урж аваад тавгаа цэмбийтэл арчих мэт хамж иднэ. Мах үнэтэй учир хааяа нэг тахианы мах иднэ. Бид заримдаа бууз, хуушуур өгөхөд халуун чинжүүтэй хольж ихэд амтархан иднэ. Пакистанчууд пури, роти, тандур гээд хорь гаруй төрлийн талхаа маш сайн мэдэж ялгана. Надад бол том, жижиг хэмжээтэй болохоос биш бүгд л хуурай гамбир.
Миэгүл Тарагаас илүүгээр мөргөлөө тун нямбайлан үйлдэнэ. Залбирлын хуйлаастай хивсээ алгаараа сайтар илж дэлгэж тавина. Гутал оймсоо тайлж, хөл, гар, нүүрээ булхан угааж, мөргөлийнхөө нэхмэл цагаан куфи-тоорцог малгайгаа тавьж, нүдээ анин амандаа үглэнэ. Түүнийг мөргөх бүрийд би холоос ажигладаг байв. Ерөнхийдөө зургаан үйлдлээр мөргөж залбирах юм билээ. Эхлээд хоёр алгаа дэлгэж эрхий хуруугаа чихнийхээ араар оруулж залбирч дуусаад, зүүн гараараа элгээ тэвэрч баруун гараа зүүн дээрээ давхарлан тавьж залбирна.
Дараа нь хоёр гараараа өвдгөө атган тонгойж мөргөнө. Үүний дараа нуруугаа цэх болгон залбирч дуусаад газар өвдөглөж, гарын алга толгойгоо газар хүргэж сунаж мөргөөд залбирдаг. Ийн өвдөглөн залбирсаар мөргөлийн цагаа дуусгана. Мөргөлөө үйлдэж байх яг энэ үед нь гаднаас гэрт орно гэдэг тун бэрх. Хашааны хаалга дангинатал цоожлоостой. Миэгүл залбираад л мөргөөд л байх. Залбирлын үедээ хашааны хаалгаа онгорхой орхиж бай гэж байнга хэлнэ. “Жи жи” л гэнэ. Тэгсэн хэрнээ таг цоожилж орхино. Энэ нь мэдээж цаанаасаа хатуу заавар өгснийх.
Өглөө эрт, хөл хөдөлгөөн хараахан эхлээгүй хэсэгхэн мөчид Исламабад хотод  нам гүм жинхэнэ үзэсгэлэнгээ гайхуулна. Сэрүүн агаар сэвэлзэж, шувууд жиргэж, цэв цэнхэр тэнгэр хараа булаана…
Morning in IslamabadХаа нэгтээхэн алтан судал татах намрын шаргалхан зурвас, өтгөн ногоон модот цэцэрлэгийн дундах цав цагаан сүм… Ай мөн сайхан. Хотын хойд талд дүнхийх Хималайн нурууны бэл Маргалла уул, тэртээх толгодын оройд сууж хоносон өтгөн манан сэвсийтэл хуйлран хөглөрч байхыг харан зогсоход яагаад ч юм Хималайн нурууны хаа нэгтээх нууцлагдсан, өнөөх Шангри ла гэдэг чинь энэ биш үү хэмээн хэн нэгнээс асуумаар.
Дөрвөн улирлын турш тэгш дүүрэн жаргалтай бурхан бумбын орон Шангри ла хэмээх газрыг Хималай нурууны хаа нэгтээ байгаагаар сэтгэл зүрхэндээ төсөөлөн эрдэг хүмүүний хувьд хайсан газраа энэ мөн гэж харуулмаар тийм үзэсгэлэнтэй. Маргалла уул толгодын тогтоц нь хавирган сар мэт хэлбэртэй бөгөөд Могойн толгодын цайз гэсэн утгатай эртний перс үг гэнэ.
Өглөөний сэрүүнд жихүүцэн даарсан бололтой, биеэ патугаар ороож, толгой дээрээ том том баадан тавьсан улс хүнгүй шахам нарийхан гудмаар хурдан хурдан алхан өнгөрнө. Пату гэдэг нь дан хөнжлийн дайтай өргөн том, нимгэвтэр шаль. Сэрүүний улиралд эр эмгүй биеэ ороож яваад унтахдаа нөмөрнө. Толгойноосоо эхлээд бүх биеэ ороочихоод явж байгаа хүмүүсийг анх хараад эр, эм аль нь болохыг ялгаж чадахгүй хөглөж байлаа.
Нутгийнхан бол ганц хараад л “Аан Афганаас ирсэн хүн байна”, “Маргалла уулыг давж ирдэг ажилчид шив дээ”, “Энэ хүн Сайдпур тосгоных бололтой” гэж хэлэх жишээний. Явуулын хүмүүс, тэр дундаа нэг газраас нөгөө нутагт ажил хайн бядан явагчид нийслэл хотдоо байр түрээсэлж амьдрах гэдэг бүтэшгүй. Гар дээр буух мөнгө, түрээслэх байрны үнэ газар тэнгэр шиг ялгаатай.
Гэр бүл үр хүүхдээ тэжээхийн тулд гэгээ тусахтай зэрэгцэн нүцгэн хөлөндөө углааш углаж аваад хад чулуут, бартаатай өгсүүр уулын замыг хөлийн хурд, биеийн хүчээр даваад хот орж өдөржин ажиллана. Үдшийн бүрийтэй зэрэгцэн бороо салхинд туугдан бүдчин уруудсаар шөнө дундын алдад гэрийнхээ барааг харж, биеийнхээ чилээг түр гаргаж, эргээд л ажилдаа яарна.
Нэгэн удаа нөхөр маань хөдөө ажлаар явж ирээд үнгэгдсэн дэвтрийн цаасан дээр бичиг үсэг дөнгөж сурч байгаа хүн болов уу гэж бодмоор майраг тайрга бичсэн бичиг харуулж нэгэн өрөвдөм явдлын тухай ярьсан нь өнөө ч санаанаас гардаггүй. Тосгоны ядуу тариачин эрийн хөгшин эх нь өөд болж хөдөөлүүлэх газраа очиж чадахгүй асгартал уйлж байсан гэнэ. Нутаглуулах газар нь харагдаад байх ч очиж чаддаггүй, явах замыг нь юутай хээтэй бүгдийг нь газрын эзэн таг хашаалж аваад бүдүүн могой ч шургах зай завсаргүй болгож орхиж. Эхийгээ нутаглуулахын тулд хэдэн арван км үргэлжлүүлэн татсан хашааг даган машинаар явах мөнгийг төлж дийлэхгүй учир хөөрхий эр аргаа баран цөхөрчээ.
Хүнлэг чанартай, нүдэнд дулаахан нэгэн хөрш маань төлөв төвшин, өндөр боловсролтой, үг дуу цөөн, чимээ имээгүй хүн. Долоо хоногт нэг удаа хашааныхаа гадна аварга том ширмэн тогоо гаргаж, тогооч нараараа хоол хийлгэнэ. Тосонд хуурсан мах, сонгино, сармис, нутгийн янз бүрийн амтлагчтай холилдсон хоолны хүчтэй үнэр гэрийн онгорхой цонхоор ханхийнэ. Нэг харах нь ээ хаанаас ийм олон хүн гэнэт гараад ирэв гэмээр өчнөөн хүн түмпэн, аяга сав барин цуваа болчихсон зогсч байх. Зарим нь аягаа барьж хурдлан гүйнэ.
Нэг ч гэсэн хүний өмнө орж хоол авахыг мэрийж байгаа нь илэрхий. Зэс шанага барьсан хоёр залуу тогтоотой хоолноос хутгаад л, таваглаад л шуурхай нь аргагүй тараана. Хөрш маань ганц өөрийнхөө гудамжиндаа биш том жижиг марказууд-зах, худалдаа наймааны олны хөлийн газруудад хоол хийлгэж, ядуу зүдүү хүмүүсийг байнга хооллоно. Тэд ч хаана хэзээ байхаа бас мэднэ.
“Чимээгүй салхи” номноос авав.
Үргэлжлэл бий.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img