2024-12-04, Лхагва
-22 C
Ulaanbaatar

Д.Базардорж: Ерөнхий сайдын айлчлал зорилго Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнд хүргэхэд чиглэгджээ

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардоржтой ярилцлаа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчлаад ганзага дүүрэн ирлээ. Судлаачийн хувьд түүний айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

айлчлал-БНХАУ-д хийх айлчлал болгонд л манай удирдагчдын ганзага дүүрэн байдаг. Бодит байдалд хэр нийцдэгийг хэлж мэдэхгүй юм. Ингэснээрээ би Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнг үгүйсгэх гэсэнгүй. Харин хэрэгжиж бодит ажил хэрэг болох нь тийм ч баталгаатай биш.

Монголын талын хүсэл зорилгын шинж давалгайлсан уулзалтууд, яриа хэлцлүүд их хийгдэв хэмээн харж байгаагаа л илэрхийлэх хэмээсэн хэрэг. Ерөнхийдөө Монгол Улсын хөгжлийн зорилтыг хангах, тэр дундаа энэ Засгийн газраас дэвшүүлж, хүч хаян хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлог”-ыг үр дүнд хүргэхэд энэ айлчлалын зорилго чиглэгджээ хэмээн харснаа тэмдэглэе.

-Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал манай хоёр орны харилцаанд ямар ахиц, дэвшил авчирав?

-Юуны өмнө өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж байгаагаараа улс төрийн харилцааны чухал ач холбогдолтой. Манай хоёр улсын харилцаа цар тахалын өмнөх жилүүдэд түүхэн дээд хэмжээнд хүрч, өргөжин хөгжсөн. Цар тахал яахын аргагүй хоёр улсын харилцааны түүхэнд нэгэн зааг болон үлдсэн. Түүнээс хойш харилцаа, хамтын ажиллагааг эргэн сэргээх чиглэлд хоёр тал хамтран ажиллаж байгаа билээ. Үүнийг энэ айлчлал улам тодотголоо.

Учир нь, өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчал хийх үеэр хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргасан юм. Тэнд, урьд өмнө манай хоёр улсын харилцаанд огтхонч хэрэглэгдэж байгаагүй хэд хэдэн шинэ нэр томьёо агуулагдсаныг бид анхаарах ёстой. Юу гэвэл, “Шинэ эрин үе”, “Улс хоорондын харилцааны үлгэр жишээ загвар” гэх Хоёр улсын харилцааны төлөвийг илэрхийлэх агуулга оршин буй тул би энд зориуд дурдаад байгаа хэрэг.

“Шинэ эрин үе” гэж юуг хэлээд байгаа юм, цар тахалын дараах үеийг л болов уу гэх таамаг хандлага нийгэмд түгээмэл. Огтхон ч тийм биш, харин Ши Жиньпин даргын засаглалын жилүүдэд БНХАУ-ын хөгжлийн хүрсэн түвшингээс үүдэн гарч ирсэн нэр томьёо. Үүнээ нягт харилцаатай, эсхүл харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт ойр дотно хөгжүүлж буй улс орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдэд хэрэглэж байна. “Улс хоорондын харилцааны үлгэр жишээ загвар” гэж бас юуг хэлээд байгаа юм, ямар утга агуулгатай юм.

Мөн л БНХАУ-аас гаргаж ирж, цөөн хэдэн дотно, нягт харилцаатай улс орнуудтай харилцах албан харилцаанд хэрэглэж эхлээд байгаа нэр томьёо. Өөрөөр хэлбэл, цар тахалаас хойш БНХАУ-ын удирдлага Монгол Улсыг ихэд чухалчилж байгаагийн илрэл, Монгол-Хятадын харилцааг улам бүр өргөжин хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илрэл гэж ойлговол зохимжтой.

Харин эдгээр нэр томьёо заавал яагаад албан баримт бичгүүдэд тусах ёстой тухайд бол арай өөр зүйл хэлж болно. БНХАУ бол дэлхийн дэг журмыг тогтоох, сахиулахад нөлөө үзүүлэхүйц их гүрэн. Монгол Улс тийм биш нь хэнд ч ойлгомжтой, харин нэгэнт тогтсон дэг журамд зохицсон гадаад бодлого явуулдаг улс шүү дээ.

Иймээс их гүрний зүгээс санал болгосон эдгээр нэр томьёо ялангуяа цар тахалаас хойших хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрүүд болон хариуцлагатай албан тушаалтнуудын уулзалт ярианд давтамж ихтэй илэрч байгааг ойлгох хэрэгтэй. Хоёр улсын төрийн тэргүүдийн гаргасан тэрхүү хамтарсан мэдэгдэл бол цар тахалын дараах Монгол, Хятадын харилцааны онцлого, чиглэлийг тодорхойлж өгсөн билээ.

Энэ хүрээнд Ерөнхий сайдын айлчлал хэрэгжиж, тэрхүү хамтарсан мэдэгдэлд чухалчлагдсан дэд бүтцээр харилцан холбогдох ба эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэгдсэн. Эдгээр бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын чухал чиглэлүүд шүү дээ.

айлчлалИймээс БНХАУ-ын төр засгийн дээд удирдлагуудтай уулзаж ярилцахаас гадна энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай ээлж дараалан уулзлаа. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талын шийдвэр гаргагчид ба хамтран ажиллах төлөөлөгчидтэй хоёр шатанд уулзаж, асуудлыг хэлэлцэв. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцов зэрэг нь нэлээд ажил хэрэгч айлчлал боллоо хэмээн хэлж болохуйц байдалд өнгөрлөө.

-Ерөнхий сайд саяын айлчлалаараа Хятадын Шинжлэх ухааны академид зочилсон. Хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах вэ. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юу?

-Хоёр улс угаасаа л шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн л дээ. Өнөөдөр манай улсын шинжлэх ухааны салбарт хамгийн өргөн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж байгаа улс бол БНХАУ юм. “Шинэ сэргэлтийн бодлог”-ыг хэрэгжүүлэхэд Монголын талд нэн шаардлагатай шинжлэх ухаан, технологийн тодорхой салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд энэ удаагийн айлчлалаараа илтгэсэн.

Хоёр улсын тогтолцооны адилгүй байдлаас шалтгаалан ялангуяа нийгмийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахад хязгаарлагдмал байдаг л даа. Тиймээс ч Ерөнхий сайдын зочилсон Хятадын Шинжлэх ухааны академи гэдэг нь гагцхүү байгалийн болон технологийн салбарт эрдэм шинжилгээ, сургалт судалгаа эрхэлдэг төв байгууллаг юм. Үүнтэй зэрэгцэн Хятадын Нийгмийн Шинжлэх ухааны академи гэх ХКН-ын удирдлага дахь тусдаа байгууллага бий.

Ерөнхий сайдын айлчлал дахь шинжлэх ухаан технологийн талаархи яриа хэлэлцээрт тэр академи хамаараагүй гэж ойлгож байгаа.

-Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт энэ онд эцэслэх томоохон төслүүдийг шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Тухайлбал, хилийн боомтуудын холболт, Эрдэнэбүрэнгийн УЦС, Чойбалсангийн цахилгаан станц зэрэг олон жил хүлээлт дагуулсан төслүүд дурдагджээ. Хэзээнээс бодитой хэрэгжиж эхлэх бол?

-Аль, аль нь өнөө хэр эцэслэн шийдэгдэж чадаагүй олон жил сунжран яригдаж байгаа асуудал шүү дээ. Хоёр талын яриа тохирооноос илүүтэйгээр манай улсын дотоод уур амьсгал их нөлөөтэйг хэн хэнгүй л мэднэ. Эцэслэгдээд бодит ажил хэрэг рүү орвол сайн л хэрэг.

Ер нь манай улс БНХАУ-тай улс төрийн талаар маш сайн ойлголцолтой байх нь чухал, үүнийгээ ч баримталсаар байна. Гэхдээ хэт ихээр. Зарим тохиолдолд аль алины ашиг сонирхол мөргөлдөх үе илэрч байгаа, харилцан ойлголцоход хүндрэлтэй түүхэн өгөгдлүүд сөхөгддөг.

Тэр тоолонд буруугаа нийгэм рүүгээ, иргэдийнхээ эрх чөлөө рүүгээ, уламжлал соёл руугаа чихээд яваад байх утаггүй л дээ. Харин БНХАУ-ын зүгээс дэвшүүлж буй “Улс хоорондын харилцааны үлгэр жишээ загвар” гэх хандлагийг сайтар ашиглаж цаг үеийн шалтгаанаар улирч гарч ирэх асуудлуудад тогтвортой харилцааг үүсгэж чадах нь чухал.

айлчлалЧингэвэл бидэнд хэрэгжүүлж үл чадах төсөл хөтөлбөр гэж үгүй болно шүү дээ. Бид хожим гэж алгуурлалгүй өнөөдрийн өдрүүдэд их бага хэмжээгээр харилцаанд хүндрэл учруулсаар байгаа зарим асуудлыг сөхөж, ярьж шийдвэрлэх боломж харьцангуй сайтай байна, санаачлагатай илүү нээлттэй баймаар байна. Харамсалтай нь Ерөнхий сайдын айлчлалаар тийм байдал илэрсэнгүй. Тэр байтугай нислэг, зорчигч тээврийн төмөр замын шугамыг нээх зэрэг нүдний өмнө шийдлээ хүлээсэн асуудлын талаар нааштай чимээ сонсогдсонгүй.

Бид айлчлалын тухайд арай л дэлгэрэнгүй мэдээллийг Хятадын хэвлэл мэдээллээс авч байна. Тэнд хоёр улсын харилцаатай холбоотой гэрээ, хэлэлцээрүүд нээлттэй байна. Харин манайд хав дараастай, олдодгүй шүү дээ. Одоо болтол бид ноднин Ерөнхийлөгчийн айлчлалаар байгуулсан баримт бичгүүдийг монгол хэлээр олж үзэж чадаагүй л явна. Ийм жишээ олныг дурдаж болох ч ингэсгээд орхиё доо. Заримдаа манайх нээлттэй улс уу, Хятад нээлттэй улс уу гэх бодол төрдөг шүү.

-Ганцмод-Гашуунсухайт боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болж байна. Талууд ямар тохиролцоонд хүрэв. Манай улс далайд гарцгүй орон. Тэр утгаараа урд хөрш рүү гарах гарцаа нэмэгдүүлэх тал дээр ямар яриа өрнөсөн бэ?

-Ганц энэ удаагийн айлчлалаар энэ асуудал хөндөгдөж байгаа хэрэг биш. Өмнө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны гол гол баримт бичгүүдэд энэ талаар дурдагдсан нь цөөнгүй. Гэвч нэг л болж өгөлгүй цар тахалтай, улмаар өнөөдөртэй золгосон. БНХАУ бол бидэнд асар том сорилт, бас асар их хөгжлийн боломжийг хамтатгадаг их гүрэн.

айлчлалБоомт нэмэх, эсхүл боомт түүнтэй холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг ярихад манайд аюул сорил гэдэг талаас их харсан, хий хоосон цаг үед үл нийцэх айдас, хардлага улс төрийн явуургүй лобби гэдэг нь тод болсоор байна. Эсрэгээрээ хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн боломж гэдэг талаасаа харж байж л бид хөгжинө, эдийн засгаа томруулна, ард иргэдээ хангалуун амьдруулна.

Иймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хятадтай боомтын салбарт улам бүр нягт ажиллах, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар нэн сайн холбогдох явдал үнэхээрийн чухал юм байна, энэ бол манай улсын хөгжлийн тэр дундаа эдийн засгийн өсөлтийн том хаалга мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Иймээс ч “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхэлсэн, энэ чиглэлд элдэв эргэлзээгүйгээр эрчимтэйгээр орсон, орохоос ч өөр арга байгаагүй. Бид замаасаа эргэж буцахгүй л бол хоёр талын энэ чиглэлийн харилцаа аажимдаа цаг улирлыг дагаад томроод өргөжөөд эдийн засаг, худалдааны харилцааг тэлэх суурь болоод явах нь эргэлзээгүй шүү дээ. Урьдын айлчлалаар энэ асуудлыг ярисан, өнөөдөр ч мөн адил ярисаар байна. Ганц энэ боомтын тухайд биш, өөр нэлээд хэдэн боомтын асуудал энэ ангилалд бий шүү дээ. Иймээс энэ шинэ зүйл биш.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img