2024-12-27, Баасан
-26 C
Ulaanbaatar

Н.Цэенпил: Нурсан хашаа маань урсаад шонгийн модонд тээглэж зогссоноос хойшхийг санахгүй байна, эмээ нь

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд болсон үерийн улмаас 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 тээврийн хэрэгсэл эвдэрч, 13 айл өрх орон гэргүй болсон харамсалтай тоо байна. Хашаандаа хоёр гэрээрээ амьдардаг байсан 83 настай Н.Цэенпил эмээтэй ярилцлаа. Тэрээр одоогоор 127 дугаар сургууль дээр байгуулагдсан түр байранд байрлаж байгаа бол хүүхдүүд нь үерт өртсөн гэрийнхээ шаврыг ухаж цэвэрлэж байгаа аж.

-Таны бие одоо ямар байна. Дажгүй юу?

-Эмээ нь одоо дажгүй ээ. Сайхан хүмүүсийн тус дэмээр халуун хоол, цай идэж уугаад энд байж байна. Өчигдөр бол нэг хэсэг цочролд ороод хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйлийг огт ойлгохгүй байсан.

-Та яг юу болсон талаар ярьж өгөөч?

-Гэртээ сууж байсан чинь гэнэт л улаан юм урсаад ороод ирсэн. Бага насны дөрвөн хүүхэдтэйгээ эмээ нь гадаа гараад “Амь авраарай” гээд орилоод зогсож байтал харин хажуугийн дэлгүүр ажиллуулдаг айлын залуу гарч ирээд бид хэдийг байшин дээрээ гаргасан. Гудамжаар үерийн устай машин тэрэг, хашаа, байшин урсаад ёстой харахын эцэсгүй аймаар байсан. Нөгөө хоёр гэр маань нүдэн дээр л жайжийгаад унасан. Хашаа нураад урсах гэснээ шонгийн модонд тээглээд зогссон. Тэгээд л эмээ нь сайн санахгүй байна. Урд шөнө хороололд айлд очиж хоноод өнөөдөр гэртээ ирсэн чинь хорооны хүүхдүүд холбогдоод энд ирээч гэсэн. Тэгээд л ирлээ. Эмээ нь 83 настай ч гэсэн даралт ихсээд байдаггүй. Бас гайгүй.

-Таныг энд байвал хүүхдүүд нь сэтгэл тайван ажлаа амжуулах байх аа…

-Харин тийм ээ. Эмээ нь өглөө гэрээрээ ороод ирсэн. Жайжийгаад уначихсан гэр дотор хамаг юм өмхий шавранд дарагдчихсан байдалтай байна лээ. Одоо хүүхдүүд тэр шавраа ухаж байгаа.

-Хүнд хэрэгцээгүй зүйл гэж байхгүй. Гэрээ үерт алдсан болохоор эмээд маш их харамсалтай санагдаж байгаа байх…

-Байгалийн давагдашгүй юмыг одоо яах вэ. Амьд мэнд үлдсэн байхад олныхоо тус дэмээр болно доо.

-Гэхдээ л эмээд аваад үлдсэн бол гэсэн эд зүйл байгаа байх даа…

-Хэдэн дээл маань чемоданд байсан юм. Заза, тэр ч яах вэ. Болно доо.

-Эмээ аль нутгийн хүн бэ?

-Эмээ нь Говь-Алтайнх. 1954 онд хотод ирж амьдарсан.

-Та энэ Дарь-Эхийн хашаандаа хэзээнээс эхэлж амьдарч байгаа вэ?

-2008 оноос эхлээд л эндээ амьдарч байна.

-Өмнө нь бороо ус ороход ийм зүйл болж байсан уу?

-Эмээ нь одоо санахгүй юм. 1960 хэдэн онд нэг үер болж байсан. Бас сүүлд нэг үер болсон. Гэхдээ тэр үед ажил төрөл хийгээд явдаг байсан болохоор ингэж цочрол авах хэмжээнд мэдэрч байгаагүй юм байна. Харин энэ удаа яг л гэртээ нялх хүүдүүдтэй байсан болохоор ёстой аймаар санагдсан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img