2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Олон улсын өмгөөлөгч Н.Орчлон: Мэри багшийн өгсөн 100 доллар миний амьдралыг өөрчилсөн

Дэлхийн хамгийн том хоёр шүүхийн байгууллагын нэг Голландын улсын Гааг хотын Олон улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг уншигч тантай уулзуулж байна. Түүнийг Үнэртэнд дурлагсдын группийн админ гэдгээр нь мэдэх хүн олон. Харин түүний ямар замаар, яаж яваад “дэлхийн өмгөөлөгч” болсон түүхийг мэдэх хүн хэр олон бол. Энэ эрхмийн амжилтын түүх сонирхол татаад байсан учир уулзах хүсэлт тавьж цаг тохирсон юм, өнгөрсөн долоо хоногт.

– Би Монголд мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан, одоо олон улсын өмгөөлөгч, ийм л энгийн л карьерын түүхтэй –

-Та нэг арга хэмжээ дээр “нэг л мэдсэн олон улсын шүүхийн өмгөөлөгч болчихсон байсан” гэж хэлж байсан. Гэхдээ “нэг л мэдэхэд” болдог зүйл байдаггүй, ард нь асар их хичээл зүтгэл байх учиртай. Хуульчийн ажлын карьерын товч түүхээр тань ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

-Би 1999 онд Монголд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, цагдаагийн мөрдөн байцаагчаар ажилласан хүн л дээ. 2003 онд АНУ-ын Миннесотагийн их сургуульд хууль зүйн магистраа хамгаалж, АНУ-д олон нийтийн өмгөөллийн албанд өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан. Тэгээд буцаад Монголдоо ирж ажиллаж байгаад, 2005 онд Голландын улсын Гааг хотын Олон улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгчийн ажлын шалгаруулалтад тэнцсэн. Одоо ч тэр газраа 17 дах жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Яг үнэндээ би их сургууль төгссөнөөс хойших энэ 24 жилд нэг их олон төрлийн ажил хийгээгүй хүн шүү дээ. Монголд мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан, одоо олон улсын өмгөөлөгч. Энгийн л карьерын түүхтэй хүн.

-Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилд орох шалгуур нь юу байдаг юм бол?

-Манай Гаагын олон улсын шүүхийн хувьд мэргэжлийн өмгөөлөгчийн ажлын байранд хэд хэдэн шалгуур бий. Нэгдүгээрт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд олон улсын хууль, олон улсын хүний эрхийн хууль, олон улсын эрүүгийн хууль, олон улсын зэвсэгт мөргөлдөөний хууль гэх зэрэг чиглэлээр сурсан, магистраас доошгүй эрдмийн зэрэгтэй байхыг шаарддаг. Миний хувьд тухайн үедээ эрүүгийн эрх зүйн чиглэлээр тав орчим жил ажилласан туршлагатай, Монголд бакалавр, АНУ-д магистр хамгаалчихсан байсан.

-Анх Олон улсын шүүхийн өмгөөлөгчийн ажилд хэрхэн анкет илгээж, тэнцэж байснаа сонирхуулаач?

-АНУ-д хууль зүйн магистр хамгаалчихаад 2003 онд эх орондоо буцаж ирж ажилласан. Хоёр жил ажиллаад АНУ-д эзэмшсэн боловсролоо ерөөсөө ашиглаж чадахгүй байсан учраас өөрийгөө илүү хөгжүүлье, олон улсын хэмжээнд хүчээ сорьё гэж зорьсон. Тэгээд Олон улсын хуулийн чиглэлээр ажиллах боломжтой олон байгууллагуудаар ажил хайсан, анкетаа илгээсэн.

Нэг удаа, Австрийн Вена хотноо байрладаг Олон Улсын Атомын Эрчим хүчний агентлагт хуульч авна гэсэн зарын дагуу хандтал хэдэн сарын дараа шуудангаар “Эрхэм Орчлон.Наранцэцэг танд” гэсэн дугтуйлчихсан захидал ирсэн. Захидалд “Ажлын шалгаруулалтад оролцсонд баярлалаа. Гэхдээ манай ажлын байранд таны мэдлэг, туршлага арай хүрэхгүй юм байна” гэсэн утгатай. Хэдийгээр тэнцээгүй ч Монголд байгаа намайг хүндлээд Австрийн Вена хотоос ирсэн тэр захидлаас би маш их урам авсан. Дараагийн удаа “yes” гэсэн хариу авна гэж илүү их эрчимтэй ажил хайсан.

Ингээд 2005 оны эхээр Голландын улсын Гааг хотын Олон улсын Эрүүгийн шүүхийн ажлын байрын зарын дагуу анкетаа илгээсэн, бичгийн хэд хэдэн шалгалтууд өгч, найман сарын дараа тэнцсэн хариу авсан.

-Олон хүн боломж байгааг мэддэг ч алхам хийдэггүй. Та сая тэр хүмүүст итгэл, урам өгөхөөр гоё түүх ярьж өглөө. Анкетаа олон улсын байгууллагууд руу илгээж байхдаа өөрийнхөө яг ямар чадвар, мэдлэгт итгэлтэй байсан бэ?

-Би яг Монголд боловсорсон хүн. Гэр хороололд, эгэл бор айлын хүү, хэл сурах боломж маш бага бас тэтгэлэг өнөөгийнх шиг элбэг биш байсан. Өөрийнхөө хичээл зүтгэлээр АНУ-ын хуулийн эхний 19-д багтдаг топ сургуульд тэнцсэн. Энэ бол миний амьдралыг маш том өөрчилсөн. Мөн өөртөө итгэл итгэлийг өгсөн.

-Тэгэхээр таны эзэмшсэн гадаад хэл энэ том боломжийн суурь байж. Гадаад хэл хэрхэн сурсан түүхээ хуваалцаач, манай уншигчидтай?

-Биднийг бага байхад хэл сурах боломж маш бага байсан. Англи хэл заадаг багш, сургалтын төв гэж байсангүй. Би 18 настай, Ерөнхий боловсролын сургууль төгсөх жилээ англи хэл анх үзсэн. Тэгээд оюутан болоод Христийн шугамаар Монголд ирсэн англи, канад багш нараас хэлийг илүү гүнзгий сурах боломж олдсон.

Сургуулиа төгсөөд мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа ч цагдаагийн хүнд ажлын хажуугаар англи хэлээ сурч, шалгалтдаа бэлдсээр байсан. Мөрдөн байцаагчийн ажил хүнд шүү дээ. Өвлийн хүйтэнд зуны гуталтай, гэр хороололд гэмт хэрэгтэн хөөнө, авсан цалингаа гуанзны өрөнд өгөөд л таардаг байлаа. Амьдрал ийм л хүнд байсан.

Тухайн үед TOFEL –ийн шалгалтын 100 доллар гэдэг бол маш их мөнгө. Англи хэлний багш Мэри маань надад 100 доллар өгч би шалгалтаа өгч, тэнцэж байлаа. Тэр 100 доллар миний амьдралыг өөрчилсөн.

-Олон улсын шүүхэд ажилд тэнцэхэд “Монгол хүн” гэсэн давуу тал байх боломжтой юу?

-Ямар ч давуу тал байхгүй. Зарим хүмүүс олон улсын байгууллага учраас бодлогоороо нэг монгол ажилтан авсан байх гэж харах гээд байдаг. Тийм зүйл огт байхгүй. Энэ ямар нэгэн хурал, арга хэмжээ биш мэргэжлийн ажил шүү дээ. Шүүх хурал гэдэг чинь зүгээр нэг хуралд суухаас өөр. Би яг шүүх хуралд ордог өмгөөлөгч хүн. Тэнд бусад өндөр хөгжилтэй орны хуульчтай яг ижил түвшинд мэтгэлцэх шаардлагатай.

Ер нь олон улсын тэр дундаа шүүхийн үйл ажиллагаанд оролцдог хуулийн мэргэжлийн хүмүүс европ, америкийн цөөхөн хэдэн өндөр хөгжилтэй улсын хуульчид давамгайлдаг. Учир нь тэдгээр улсын иргэнд сайн боловсролтой, мөн ажлын туршлага маш сайтай байдаг учраас ажлын байранд тэнцэхэд нөлөөлдөг.

Өөр нэг зүйл нь манай олон улсын шүүхийн албан ёсны хэл нь франц, англи хэл. Энэ утгаараа унаган англи, франц хэлтэй хүмүүст илүү давуу талтай. Ерөнхийдөө ганц монгол гэхгүй азиуд маш бага байдаг. Бидэнд хоёр хэлийг мэргэжлийн өндөр түвшинд мэддэг байх нэмэлт шаардлага үүсдэг гэсэн үг.

ОрчлонМанай ажилд хятад, япон, солонгос улсаас нэг нэг л хүн байдаг. Тэд мөн яг хуулийн мэргэжлийн ажил биш хүний нөөц, захиргаа гэх мэт нэгжүүдэд байх жишээний. Яг олон улсын хэрэг маргаан дээр ажилладаг азиуд гэвэл маш цөөхөн хүн бий. Түүнээс биш “би монгол юм чинь ажилд орчихно” гэсэн бодол, сэдэл ямар ч боломжгүй. Тэгэхээр азиудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол хэл. Маш өндөр түвшинд сурах шаардлагатай.

-Таныг олон улсын шүүхэд ажилласан энэ 17 жилийн хугацаанд хэн нэгэн монгол хүн ажилд орох хүсэлт өгч байсан уу?

-Байгаагүй. Би Монголд ирээд сургуулиудаар явж маш олон залууст олон улсын түвшинд гарч дадлага хий, ажилла, өрсөлд гэж ятгадаг. НҮБ-ын маш олон байгууллагад дадлага хийх эрх манай улсын иргэдэд нээлттэй байгаа шүү дээ. Үүнийг монголчууд ерөөсөө ашигладаггүй. Цалинтай дадлага хийх боломж ч байдаг. Яахав мэргэжлийн өндөр түвшний ажилд шууд тэнцэхгүй байж болно ядаж очиж дадлага хийгээч. Би энэ бүгдийг ярьсаар байгаад сүүлдээ залхсан даа.

-Залуучуудад байгаа боломжийн талаар та илүү дэлгэрүүлж яриач?

-Яг өнөөдөр хүн төрөлхтөн шинжлэх ухаан, техникийн онцгой өндөр түвшинд хүрсэн байна. Мэдээллийг асар хурдтайг, нээлттэй авах бүрэн боломж ийм нийгэм өмнөх үеийнхэнд байгаагүй. Дэлхийн хаана юу болж байгааг, хаана ажиллах уу, сурах уу, юу сурах уу гээд өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой ийм цаг үед хүрэхийн тулд хүн төрөлхтөн хэдэн мянган жилийг туулсан.

Саяхан л намайг хүүхэд байхад л ийм боломж байгаагүй шүү дээ. Олон улсын чанартай ажлын байрны зар өндөр үнэтэй сэтгүүл дээр л гардаг, тэр сэтгүүлийг худалдан авах чадвартай хэсэгт л боломжтой байсан. Гол нь өнөө цаг үед бүх боломж нь байна. Та өөрөө л хүсэж, мэдэж, чадах юм бол монгол байх эсэхээс үл хамаараад маш их боломж нээлттэй байна.

-Залуучууд энэ боломжийг ашиглахгүй байгаа шалтгааныг та юутай холбох вэ?

-Манай залуучууд амбицгүй байна. Өөрсдийгөө дэлхийн хүн, дэлхийн иргэн гэж харахгүй байна. Дэлхийд болж байгаа олон том асуудлыг өөрсдийнхөө асуудал гэж харахгүй байна. Бид хэдий жижигхэн ард түмэн боловч дэлхийн асуудлыг шийдэхэд оролцох ёстой. Учир нь бид хүн төрөлхтний нэг хэсэг шүү дээ.

Тиймээс залуучууд энэ хөмөрсөн тогооноосоо гарах хэрэгтэй. “Монголоос явах хэрэгтэй залуучуудаа” гэж би их хэлдэг. Монголын мэдлэгтэй чадвартай хүмүүс нь, залуучууд нь гараад явчихлаа “тархины гоожилт” болж байна гэдэг. Нэг талаар үнэн гэхдээ нөгөө талаар бүгд явж, үзэж харж байж Монгол улс нь хөгжинө. Олон улсад өөртэй нь адилхан залуу ямар байна түүнийг хараад, түүнтэй өрсөлдөөд үз.

Муу байгаа бол өөрийгөө сайжруул, адил байгаа бол илүү гар. Өөрийнхөө өрсөлдөх ёстой хүрээндээ өрсөлд, гар, яв, үз, нүд тайл гэж хэлнэ. Гэтэл залуучууд энэ бүхнийг боломжгүй гээд харчихдаг. Гэхдээ боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Би өөрөө үүний нотолгоо. Надад ямар ч давуу тал байгаагүй.

Би яг л та нар шиг Монголд гэр хороололд өссөн, улсын дунд сургууль, их сургууль төгссөн, тэндээ ажиллаж байсан, адилхан нөхцөл байдад хэл сурсан, бага байхдаа хэзээ ч гадаадад амьдраагүй, гадаад хүүхдүүдийн дунд байгаагүй, бусдаас илүү онцгой чадвар надад байхгүй. Тэгэхээр Орчлон чадаж байгаа бол энэ ярилцлагыг уншиж байгаа хүн та чадна л гэмээр байна.

-Та нэг газраа 17 жил өмгөөлөгчөөр ажиллаад зогсохгүй, “Үнэртэнд дурлагсад группийг” олон жил ажиллуулж байна. Таны амжилтад нөлөөлдөг гол зан чанар юу вэ?

-Миний ээжээс надад өгсөн маш том бэлэг бол ямар ч зүйлд тууштай ханддаг зан чанар юм. Тууштай байдал гэдгийг манайхан мэддэг хэрнээ мэддэггүй санагддаг. Тууштай байдал гэдэг бол өөрийнхөө хүрэхийг хүсэж буй зүйлээ арван жил хий. Ерөөсөө ингээд л ойлгочих. Би үнэртэний группийг Монголд яг арван жил авч явж байна. Би Олон улсын шүүхэд яг арван жил ажиллачихаад фэйсбүүк дээрээ “10 жилийн ойн” пост оруулж байсан. Ямар ч зүйлээс та бодитой үр дүн хүсэж байвал арван жил гээд л бодчих. Яахав, 20 настай залууд арван жил хэт урт санагдаж магад, гэхдээ энэ бол бага хугацаа юм шүү.

-Та жил бүр эх орондоо ирдэг. Монгол улс хөгжиж байна уу. Таны дүгнэлтийг сонсмоор байна?

-Хөгжил гэж юуг харахаас хамаарна л даа. Монголд өндөр өндөр байшин баригдаж байна тэр талаасаа ирэх бүрд л хөгжиж байна. Гэхдээ энэ бол нийт хүн амын 99 хувьд хамаагүй хөгжил, нэг хүний л бизнес хөгжиж байна. Би бол илүү хүний хөгжил талаас нь хөгжлийг хармаар байна. Манай залуучууд цагийг маш их дэмий өнгөрөөж байна. Өөрийгөө хөгжүүлэх цаг хугацааг дэмий алдаж байна. Мэдээж өөрийгөө хөгжүүлж байгаа залуучууд байна. Гэхдээ цөөхөн.

Дэлхийд нээлтээ хийж байгаа кино яг нэг өдөр Монголд нээлтээ хийж байгааг үзчихээд өндөр хөгжилтэй орноос хоцрохгүй байгаа мэт хуурамч сэтгэл ханамж авдаг. Iphone-ийн хамгийн сүүлийн загварыг барьчихаад дэлхийтэй хөл нийлүүлж байна гэж боддог. Энэ бол хуурамч сэтгэгдэл. Яагаад гэвэл бид үүнд ашиглагдаж байгаа нэг ширхэг хуванцрыг нь ч хийгээгүй.

-Хувь хүний хөгжил талаас та залуучуудад зөвлөгөө өгөөч?

-Хүн өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой. Бусдаас илүү байж, мэддэг, чаддаг юмтай байх нь чухал. Сүүлийн үед манай залуучууд хоосон сошиалд автаад байна. Үзээд юу ч сурахгүй контент хүнд ямар ч хэрэггүй. Сошиал хэрэглэж болно гэхдээ хүн тэндээс юм сурч байх ёстой.Тэгэхгүй ямар хэрэггүй видео, ха ха гэж инээсэн зүйлс бол хэнд ч хэрэггүй. Мэдээж сошиал медиа өөрийгөө харуулах том хэрэгсэл болно. Гэхдээ өөрөө юу ч мэдэхгүй, чадахгүй, бусдад өгөх мэдлэг байхгүй юу ч хийх хэрэггүй. Бусдаас илүү хөгжсөн хүн бусдад өгөх мэдлэгтэй байдаг.

Бас нэг зүйл, одоо хүртэл Монголчууд англи хэлийг гадаад хэл гэж бодоод байна. Энэ бол маш хоцрогдсон байгааг харуулж байна. Би энэ жишээг ярих их дуртай. Өвөрмонгол хэлийг монгол хүн огт сурдаггүй. Шууд л ойлгодог. Орчин үеийн хүнд англи хэл яг үүнтэй адилхан. Англи хэл бол ерөөсөө гадаад хэл биш.

Дэлхийн хүн бүрийн ярьдаг, ойлгодог хэл. Одоо хүртэл англи хэл сураагүй бол та цагаа шал дэмий зүйлд зарцуулж байна гэж хэлье. Онгоцны буудал дээр тэр олон улсаас ирсэн, өөр өөр орны, өөр өөр соёлтой хүмүүс ямар ч асуудалгүй онгоцоо олоод, үйлчилгээ аваад байгаа юм. Үүнийг би онгоцны буудлын парадокс гэж нэрлэдэг юм. Энэ бол англи хэл шүү дээ.

Орчин үеийн залуу хүн та өөрийгөө нэг завь дээр сууж байна гэж бодвол, нэг залуур нь хэл, нөгөө нь мэргэжил боловсрол гэж бод. Аль нэг нь байхгүй бол урагшлахгүй гэсэн үг. Мөн сэлгээ морьтой ч зүйрлэж болно. Нэг мориор зорьсон газраа хүрч чадахгүй, сэлгээ морио хосолж унаж байж зорьсондоо хүрнэ. Харин одоогийн хүүхдүүдэд цэцэрлэгээсээ англи хэл сурах боломж нь байна. Цаашлаад дэлхийн бүх хэлийг сурах боломж нээлттэй, үнэ төлбөргүй хичээлүүд хэдэн саяараа интернэтэд байна шүү дээ.

-Цаг гаргаж ярилцсанд, амжилтын түүхээ хуваалцсанд тань маш их баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img