2024-12-27, Баасан
-20.8 C
Ulaanbaatar

Өглөө нарнаас шөнийн одод түгтэл гайхашруулах “Шкарет Парк”

Тэнгэр өөд хяламхийх эр “Онгоц нисэх болов уу даа” хэмээн эргэлзсэн ч бидний ачааг сэвхийтэл өргөж машиндаа хийн арын хаалгаа падхийтэл хаав. Үргэлж л шатаж байдаг хурц наран сураг алдарч, тэнгэр гэдэг яг сүүн шил мэт цайрч, бороо уйлагнан тасралтгүй орох нь өнөөх айхавтар хуй хар салхи гэгч болж буй аж. Туксгла Гутиериз хотын нисэх онгоцны буудал пиг. Суух нь сууж, холхих нь холхиж, зарим нэг нь шалан дээр дугхийнэ.

Нислэгийн хуваарь харуулах самбарууд эхнээс харлан унтарч, нислэгүүд цуцлагдаж эхлэв ээ, хөөрхий. Бужигнах хүмүүсийг автобусаар зөөж, тохилог сайхан буудлуудаар таараасан хэдий ч явахын түүс болсон хүнд өдөр гэдэг уртаас урт. Буудлын аварга том цонхнуудын шилийг зад угаах сүүн өнгөт бороог ширтэн хоёр хонож байтал ашгүй бороо намдав. Хар салхи аюул багатай дайрч өнгөрлөө гэсэн үг.

Ингээд мянган мянган жуулчдын сэтгэлийг татах орчин цагийн гял цал Канкун хотыг зорилоо. XVIII зуунаас эхлэн газрын зурагт гарч ирсэн түүхтэй энэхүү хот нь Мексикийн зүүн хойд зүгт Юкатаны хойг дээр байдаг юм.

Cancun

Карибийн тэнгистэй хиллэх Канкун нь 2022 онд 8.56 сая зочин хүлээн авсанаар жуулчдын тоогоор дэлхийд дээрээсээ хоёрт орсон юм. “Могойн үүр”, “Алтан могойн өлгий нутаг” хэмээх эртний майя хэлээр нэрлэх болсон энэ хотыг дээрээс нь харахад мандах нарны тусгалд далайн эрэг хөвөөгөөр алтаар туяарах уртаас урт алтан могой мурилзах мэт үзэгддэг гэсэн үг сонссон тул олж үзэхийг хичээв. Хэчнээн хичээсэн ч хөглөрсөн үүлсийн дээгүүр явсаар олигтой харж чадалгүй буулаа.

Хайран хоёр хоног дэмий алдсандаа сэтгэл үл тогтож, өөрийн эрхгүй яаран яаран онгоцноос бууж, буудалдаа ирж, шүршүүрт гялс орж аваад л хар гүйхээрээ гарав. Алдарт “Ривьера Майя” буюу майя-ийн эрэг гэх газар байрлах гайхамшигт “Шкарет Парк”-ийг үзэхээр яаран сандарч буй нь энэ.

Таксинд сууж толигор замаар торолгүй давхисаар 30 минутын дараа, парк онгойхтой зэрэгцэн ирсэндээ баярлав. Үйлчилгээ гэдэг үнэн хурдан шалмаг, гарт цаасан бугуйвч зүүж өгөхөд тайлбарлагч хүүхэн газарчлан дагууллаа. Сүүдрэвч адил ургасан халуун орны ороонго модод өтгөн навчсын сүүдрээр явсаар ортол, өргөн сайхан талбай цэлийтэл угтав.

Дөнгөж оруут л Мехсикийн үндэсний хөгжимчид, сүр жавхлант “Мариаячи” нартай халз тулгарсан юм. Мариаячи гэдэг нь устаж үгүй болсон Кока индиан үг. Манайхаар бол ардын дууны “хамтлаг” юм билээ. Хамгийн багадаа дөрөв, түүнээс дээш гишүүнтэй байх ёстой. Үндэснийхээ олон янзын гитар, бүрээ, хийл, шагшуур зэрэг хөгжимөөр чадварлаг тоглохыг нь сонсоод л баймаар хачин гоё.

mariachi

Мехсикийн хотоор явахад байнга “мариаячи”-тай таарна. Нэг орой гудамжинд нэлээн халамцуу эртэй таарав аа. Эхнэрийнх нь төрсөн өдөр болж “ чамгүй баярласан” залуу ойрхон байсан “мариаяч”-ийг урьж гэргийнхээ өмнө эгнүүлэн зогсоогоод хайр дурлалын жигтэйхэн уянгалаг урт дууг дуулуулсан юм. Эхнэр нь ч баярлаж догдолж байна гэж жигтэйхэн.

“Мариаячи” нар үнэн дэгжин, цав цагаан цамц, мөнгөн утсаар гоёмсог хээ хуар гарган хатгасан тас хар пиджак, цагаан өргөн судалтай гуяа барьсан өмд, гялгар хар шаахай, аварга том ганган сомбреро малгайтай. Яралзсан цагаан шүдтэй, гялалзсан хар нүдтэй дуучид өтгөн хөмсгөө өргөж, ширвээ хар сахлаа хөдөлгөөд л дуулж хөгжимдөхийг ёстой нэг үзүүлж өглөө. Тэднийг харсан шигээ зогстол, өнөөх эхнэр, нөхөр биднийг гэнэт бүжигт урьж сандаргав.

Гудамжны гэрэлд, “мариаячи”-ийн цангинаанд хөөрсөн хүүхэн, халсан залуу бидэн хэд тэгш хөх чулуу шигтгэсэн задгай сайхан талбайд бүжиг эргэв ээ. Мехсикт он удаан жил амьдарсан Наран найз маань ёстой чиг эвлэг уран, нутгийн улсаас дутахгүй бүжинэ. Өчнөөн дуулж хөгжимдөөд гуч орчим доллар авсан “мариаячи” нар өөрсдийнхөө хүсэлтээр нэмэн нэмэн чин сэтгэлээсээ дуулж өгсөөр байж билээ.

Экологи болон археологийн үнэт олдвортой “Шкарет Парк”-т зөвхөн нэг жилд саяас илүү хүн ирдэг аж. Энэ олон хүнийг татаж буй хоёр шалтгаан бий. Эхнийх нь цэцэрлэгт хүрээлэнг “амьтай”, “амьдралтай”, эрчимлэг болгож байгаа хүмүүс, удаах нь маш сайн үйчилгээ. Хов хоосон нүцгэн зэлүүд газарт ганц нэг сүрлэг хөшөө босгохыг очиж харах тэгтлээ сэтгэл булаахгүй. Олон бээр газраар сульдаж ядартлаа давхиж давхиж ирчихээд замын алжаалаа тайлж чадалгүй ганц хадан хавцал хараад эргээд буцах ч дурсамж, мэдрэмж халгиах агшин болж зүрхэнд үлдэхгүй.

park-shkaret

“Шкарет Парк” бол энэ бүхнээс тэс өөр. Сэтгэл булааж, мэдрэмж халгиах газар. Тусгаар тогтносон багавтар хот улс. Өөр өөр төрлийн 11 ресторан, олон арван жижиг дэлгүүр, үзэсгэлэн, зах худалдаа, кафе, хоол цайны газрууд, дуу хөгжим бүжгийн тоглолтууд, агаар, ус, хад, уулын спортууд, эртний орчин цагийн соёлыг үзэж харах орчин, амьдрал ахуйд хэрэгтэй оёж хатгахаас эхлэн загас шувуу цэцэг шавьжийг ойлгож мэдэх хичээл сургалт, эрдэм шинжилэгээний бэсрэг ботаникийн хүрээлэн…

Мэдлэгт өнгө нэмж, бие сэтгэлд сэргээш болсон ийм орчин руу жуулчид сая саяараа татагдах нь зүйн хэрэг. Ховор сайханд ордог улаан өнгөт макао тоть шувуудын генийг 1993 оноос судлан нөхөн үржүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж жил бүр 80-100 макао тоть төрүүлж 2009 мөн 2013 онд дэлхийн геннисийн аваргын амжилт тогтоож байж. Сонирхол татах 50-иад газарт урлаг уран сайхны тоглолттой тул аль руу нь явж, юугаа үзэхээ зөв шийднэ гэдэг бас л хүндхэн ажил.

park-shkaret

Газар доогуур урсах гол, агуйн гол горхиор завь салаар хөвөх, байгаль эхийн харамгүй хайрласан хүрэн хавцлын хүчит хүрхрээ, оюу өнгөт цөөрөмд орох, зөгий, цахирмаа цэцэг, эрвээхэйн жижиг аж ахуйнууд, ховорхон таарах уран хүзүүт урт хөлт фланминго – ягаан нал шувуудын ферм, халуун орны гоёмсог улаан ногоон тоть шувуудыг хооллох хэсэг, бурхан тахилт сүм хийд, зөвхөн өмнөд Америкт амьдрах ховор нандин ан амьтад, шугуй ширэнгийн аялал, эртний майяагийн үлдэгдлүүд, шүрэн эрэг, сарьсан багваахайн агуй гэхчилэн үзэж сонирхох зүйлс өчнөөн төчнөөнөөрөө. Харин хурдан завиар сүнгэнүүлэх, шүхрээр буух, далайн гүнд шумбах, вино амтлах, далайн гахайтай сэлэх, шөнийн концерт үзэхэд нэмэлт үнэ төлдөг юм билээ.

маяа

“Майячуудын тосгон”-оор орлоо. Том том үетэй, бүдүүн хулс зангидаж, сүрэл өвсийг шигүү өрсөн дээвэртэй, халуун орны сууцаа угсруулан барьж гудамж үүсгэжээ. Яг л тосгон. Авсаархан газартаа цөөхөн тооны ямаа малаа агуулж, үс ноосоо ээрч, малгай алчуур зэргийг нэхэж хатгаж, оёсон эд зүйслээ мухлагт зарж борлуулах арваад хүнтэй жижиг үйлдвэрлэл энд зогсолтгүй ажиллана.

Цаашлаад шоколадын түүхээр хичээл зааж байхтай таарав. Эртний маяачууд шоколад хэрхэн хэрэглэж байсан тухай үзүүлэх нь соньхон. Хамар ам нь шоколад болсон хэдэн хүүхэд, хормогч зүүсэн гадны залуус ширээн тойрон зогсч элдүүр нүдүүр болоод тун завгүй. Үзмэн ягаан, боронзондсон зэс адил өнгөт, хушга мэт зөөлөн бор, кофе шиг хар хүрэн какаоны шошнуудаар том том сүлжсэн сагс, тааран уут шуудайг дүүргэнэ. Аварга шошийг барьж үзтэл чамгүй хүнд юм. Дунджаар 400 гр байдаг гэнэ. 100 гаруй жил наслах какао мод их гоё. Эх бие нь бор хүрэн, навч нь өндөг шиг зуувандуу, тосолсон мэт гялгар, улбар өнгөтөй байснаа ногоон болж хувирах нь гайхмаар.

Аль тэртээх 4000 жилийн өмнө амьдарч байгаад ул мөргүй алга болсон Олмек гэгч улс хамгийн анх какао модыг Юкатан хойг, яг эндээс олжээ. Ацтек болон Маяачууд какаог бурханы өгсөн хишиг гэдэгт итгэж байж. Маяа улс какаоны шошийг мөнгөн тэмдэгт болгож, хоол хүнс бараа худалдаж авдаг байсан аж. Шоколадаа халуун хүйтнээр нь ууж, халуун ногоо чили, зөгийн бал, ус, эрдэнэшиш хүртэл хольж янз янзаар амтархаж байсан түүхийг сонсов. Ацтекийн соёлд какаоны шош нь алтнаас илүү үнэд хүрч явсан түүхэн үе байж.

Манай тооллын өмнөх 1650 оны үеийн “Пок- А-Ток” гэх эртний спорт тоглоход хачин сонирхолтой юм. Хөл бөмбөг шиг хэрнээ хөлөөрөө өшиглөхгүй, ташаа гуя, өвдгөөрөө тоглоно. Тэгсэн мөртлөө сагсан бөмбөг мэт хананд зоож тогтоосон чулуун цагирагт 4 кг хүнд рензин бөмбөг оруулах дүрэмтэй. Биендээ шивээстэй, индианы ёс жаягаар нүүрээ будсан эрүүл чийрэг хүчит залуус өтгөн урт хар үс, өнгийн өд сагсалзуулан тоглох нь нэг л сүрдэм. Харахад спорт тэмцээн мэт боловч эртний Маяачуудын шашин зан үйл буюу бурхан чөтгөрийн мөнхийн тэмцлийн илэрхийлэл юмсанж. Тэмцээний дараа бурхдаа баярлуулах, их ургац авахын төлөө эрүүл саруул, цэл залуухан эрсийн амийг таслан, цусыг нь урсгаж тахилга өргөдөг аймшигт түүхтэй.

Нэрт жүжигчин, найруулагч Мел Гебсоны алдарт “Апокалипто” кинонд энэхүү Юкатан хойгийн ширэнгэнд амьдардаг Ирвэсийн савар нэртэй залуугийн амиа авч үлдэхийн төлөөх тэмцлийг өгүүлдэг. “Апокалипто” киног үзэж суух үед зүрх савласаар байгаад таардаг. Одоо яах бол гэж сэтгэл түгшсэн үйл явдлаар дүүрэн энэ кинонд Мехсикийн зарим чадварлаг жүжигчид сайн тоглосон билээ.

Латин Америкийн улсууд нутгийнхан ирвэсийг их шүтдэг нь эртний улбаатай. Эөрт үеэсээ л ацтекууд ирвэсийг дайны бурхан, хүч чадлын бэлгэдэл болгож байж. Маяачууд ирвэс гэдэг амьтан уур хилэн, хүч чадал, аймшиггүй эрэлхэг зоригтой аливааг урьдаас зөгнөн мэдэх идтэй гэдэгт гүн итгэдэг байжээ.

Шкарет Парк”

“Шкарет Парк”-т өрнөх олон сайхан тоглолтоос “Нисдэг эрс” бүжгийг орхихын аргагүй. Лимбэний зөөлөн эгшиг бөмбөрийн товшоонд таван эр цувран бүжиглэсээр талбайд байрлуулсан олсыг ороож гишгүүр хийсэн 30 метрийн өндөр шон дээр ирэв. Тод улаан өмд, урт тууж унжуулсан эрээн малгайтай, цагаан цамц дээрээ улаан хатгамлаар цээжээ таллан ороосон ганган бүжигчид өнөөх өндөр шон өөд цувран авчирч нэг нь орой дээр нь лимбэ үлээж бөмбөрөө цохин суугаатхав. Дөрвөн бүжигчин хөлөө олсоор уяж, толгойгоо доош харуулж агаарт нисэн эргэлдэж аажим аажмаар доошилсоор нэг л мэдэхэд хөлөөрөө газардчихлаа. Таван эр бөмбөрөө цохиж лимбээ үлээж алхаа гишгээгээ тааруулан намбатай гэгч цувран бүжиглэсээр одох нь гайхам сайхан.

Өдрийн ид халуун эхлэнгүүт хамгийн том задгай Ла Кокина ресторанд орж аваад тусгай хайсалсан талбайтай холбогдсон сайхан гэгч суудал олсондоо олзуурхсан гэж. Тэнд өдрийн хоол идэж суухдаа хамгийн ойроос морьдын тоглолтыг харахаар хүлээв. Удалгүй дуу хөгжим хангинаж үзэсгэлэнт ацтек морьдоо унаж орон орны туг далбаа хийсгэсан мехсик үндэсний хувцастай залуус давхилдан гарч ирлээ. Торгон цагаан элс цацартал давхих, ацтек хилэн хар азарганы сүрлэг, сэтгэл хөдөлгөмийг ярих юм биш. Зайдан морины давхиа дунд нь мордоод л, буугаад л, алд алдын суран бугуйлаар ёстой тоглож өгдөг улс аж. Ацтек морьдын алхаа гишгээ гэдэг гайхам, мехсик хийцийн эмээл гэдэг дуу алдам дэгжин ажээ.

Хуниатай өргөн том хормойтой үндэсний хувцас, сийрсэн малгайтай хөөрхөн бор хүүхнүүд эмээл дээрээ хөндлөн хажуулдан мордож донжтой гэгч давхилдахад үзэгчидийн сэтгэл догдлон алга ташицгаана. Адуунд эрэмгий өнөөх бүсгүйчүүд өтгөн хар үсээ задгай тавьж, дурламж хэлбэртэй уруулаа час улаанаар будсан нь зохисон гэж ванлий.

Тоглолтын төгсгөлд цагаан морьтой залуу, уламжлалт ёсоор улаан башир цэцэг барьж талбай тойрон давхиж байснаа өнөө цэцгээ хамгийн эхний эгнээнд сууж байсан цорын ганц ази надад өгчихөв. Сандарч, догдолсон мэдрэмж зэрэгцэж, хүмүүсийн алга ташилт хачин тод сонсогдож… Башир цэцэг, морьтон залуу, моринд эрэмгий үзэсгэлэнт бүсгүйчүүд аяллын минь бас нэгэн содон өнгө болж дурсамжийн ертөнцөд үлдлээ.

Орой ч болж хамгийн сүүлчийн хөтөлбөр болох концерт үзнэхээр театрт орлоо. Эртний маяагийн пирамид хэлбэртэй сүрлэг том театр ажээ. 6000 хүний суудал аль хэдийн дүүрчээ. Хоёр цаг гаруй үргэлжилэх нүсэр концертонд 300 дуучин бүжигчин жинхэнэ “амьд” тоглолтыг утгаар нь мэдрүүлэв. Морь малаа унаж, амьтан араатнаа хөтлөж, жигүүртэн шувуудаа нисгэж туулж ирсэн бүх үүх түүхээ, нүдэнд харагдаж, сэтгэлд үлдтэл харуулж мэдрүүлж чаддаг авяаслаг улс аж. Пирамид хэлбэртэй аварга театраас гартал Мехсикийн шөнийн тэнгэрт одод түгж, явган замаар маяачуудын галт бамбар шатан ноцон асаж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img